Киргиз улсын Celsius Coal компани Хятад руу коксжих нүүрс экспортлохоор болжээ. Тус компани нь коксжих нүүрсний Uzgen хэмээх ордыг эзэмшдэг бөгөөд боломжтой нөөц нь 250 сая тонн, цаашид ч нэмэгдэх боломжтой ажээ. Уг орд нь гангийн үйлдвэрлэлийн гол зах зээл болох Хятадын Шинжаан мужийн хилийн ойролцоох дэд бүтэц сайн хөгжсөн бүсэд байрладаг тул олборлолт болон тээвэрлэлтийн бага зардлаар нийлүүлэлт хийх боломжтой юм байна.
2015 онд 1-2 сая тонн коксжих нүүрс экспортлох бөгөөд яваандаа жилд таваас найман сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж байна. Celsius Coal компанийн Гүйцэтгэх захирал Alexander Molyneux “Манай компани Монголын “Аспайр Майнинг”, “Guildford” зэрэг компаниас илүү их нүүрс экспортлох боломжтой” хэмээн ярьсан байна.
Дашрамд дурдахад Alexander Molyneux нь Овооттолгойн нүүрсний ордыг эзэмшигч “Саусгоби Сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн жил халагдсан юм.
С.Болд