Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Австрали-Японы төмрийн үнийг жишиг болгожээ

Төмрийн хүдрийн экспортын “Алтайн хүдэр” компанийн Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал М.Доржхандаас төмрийн хүдрийн зах зээлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

Төмрийн хүдрийн зах зээл ямар байдалтай байна вэ?

Төмрийн хүдрийн зах зээл тогтворгүй байна. Хятадын эдийн засгийн өсөлтийг даган дэлхийн уул уурхайн том компаниууд төмрийн хүдрийн асар том төслүүдийг эргэлтэд оруулсан бөгөөд энэ явц одоо ч үргэлжилсээр байна. Гэтэл өнгөрсөн оноос эхэлсэн Европын эдийн засгийн хямрал болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүд, мөн Хятадын эдийн засгийн бууралтаас хамааран асар хурдацтай өсөлт буурч эхэлсэн.

Одоогийн байдлаар нийт 250 тэрбум ам.долларын өртөгтэй төмрийн төслүүд Австрали, Африкийн бүс нутгуудад хэрэгжиж байна. Энэ бүх төмрийн урсгалыг шингээх ганц зах зээл нь Хятад боловч одоо зах зээл нь удаашраад эхэллээ. Үүнээс шалтгаалж Хятадын ган үйлдвэрлэлийн хэрэглээ нийлүүлэлтээсээ хоцорч, төмрийн үнэ унах нь бараг тодорхой гэж шинжээчид үзэж байна. 2012 оны хоёр, гуравдугаар улиралд  Хятадын зүүн эрэг дэх төмрийн үнэ 50 хувиар огцом унасан. Хэдийгээр арваннэгдүгээр сараас сэргэж эхэлсэн ч 2010, 2011 оны үе шиг өсөлт дахин хэзээ ч давтагдахгүй гэж байгаа.

Төмрийн хүдэрт тавьж байгаа жишиг үнийн талаар танай компани ямар байр суурьтай байна вэ?

Одоогоор төмрийн үнэ Хятадын зүүн эрэг дээр 140 орчим долларт хэлбэлзэж байна. Гэхдээ энэ нь өндөр агуулгатай , их хэмжээгээр нийлүүлэгддэг, дэд бүтэц сайтай Хятадын зүүн эргийн үнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Монголын компаниуд хэзээ ч Хятадын зүүн эргийн үнээр бүтээгдэхүүнээ зардаггүй. Энэ үнээр зарах ч боломжгүй юм. Харин зах зээлийн ерөнхий өсөлт бууралт үнэд нөлөөлдөг. Гэтэл энэ зүүн эргийн үнээр жишиг үнийг тооцож, бид татвар төлөх болж байгаа нь бидний үйл ажиллагааг зогсоох гэсэн шаардлага гэж ойлгохоос өөр аргагүй байдалд хүрч байна. 

Жишиг үнийн систем зарчмын хувьд байж болох ч хэрэгжүүлэлтэд ямар үнийг жишиг үнээр авч байна, ямар бүтээгдэхүүнтэй жишиж байна гэдэг нь маш чухал юм. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнэ тогтоох Ажлын хэсгээс дөрөвдүгээр сард зарлаж буй жишиг үнийг Австралиас Япон руу нийлүүлэгдэж байгаа үнээр авсан байна.

Япон улсын ган үйлдвэрлэл олон жил хөгжсөн, өндөр чанарын төмөр авдаг, тээвэрлэлт нь далайгаар явагддаг гээд бүх талаараа Монголын төмрийн экспортоос тэс өөр. Үүнийг Монголын төмөртэй жиших нь хүндрэлтэй юм. Цаашлаад, төмрийн бүтээгдэхүүн ширхэглэл, агуулгаасаа хамаараад дотроо хэд хэдэн янз байдаг. Мөн их хэмжээгээр нийлүүлэгддэг учраас тогтсон бирж байдаггүй. Голчлон Хятадын зүүн эрэг дэх тухайн үеийн үнээр төмрийн үнэлгээ илэрхийлэгддэг.

Нүүрс ч энэ зарчмаар явж байгаа. Харамсалтай нь манай жишиг үнэ Монголоос гарч буй төмрийн онцлогт тохироогүй, хэт тулгасан шинжтэй төдийгүй гадаадын далайн эргийн үнийг шууд авч байгаа учраас Монгол улсаас экспортолж буй төмрийн үнээс хамаагүй өндөр. Үүний үр дүнд бид жишигдэх боломжгүй улсын экспортлогчдын үнээр хэт өндөр татвар төлөх болж байна. Бид татвар төлөхгүй гэсэндээ биш харин энэхүү татварын орчин нээлттэй, зөв, шударга байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Хуульд зааснаар бол тохирох жишиг үнийг олох боломжгүй бол тухайн бүтээгдэхүүний зарагдаж буй үнээр тооцно гэж байгаа.  

Төмрийн хүдрийн экспортод татвар тавих зэрэг арга замаар нөөцөө хамгаалах ёстой, нүүрснээс өөр бодлого баримтлах хэрэгтэй гэж Монгол улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн?

Өнөөдөр дэлхийн зах зээл тэр дундаа уул уурхайн салбарын хөдөлгөөн, Хятадын эдийн засгийн уналт Монголд материаллаг нөлөө үзүүлээд эхэллээ. Биржүүдэд байгаа Монгол компаниудын үнэлгээ түүхэндээ байгаагүй доод түвшиндээ хүрч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байна. Энэ мэтээр үргэлжилбэл асуудал улам л дордоно. Иймд үндэсний компаниуд буюу,  гадаад валютыг оруулж, эдийн засагт бодит дэмжлэг үзүүлж буй экспортлогчдоо дэмжих бодлого баримтлах нь шударга бөгөөд хууль ёсны гэж үзэж байна.