Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

В.В. САМОЙЛЕНКО: РЖД стратегийн түнш байж чадна. Тийм ч сонирхолтой байгаа

ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленкотой ярилцлаа.

Тавантолгойн орд газрыг ашиглах төсөлд оролцох РЖД-ийн нөхцөл юу вэ?

Одоохондоо энэ тухай ярихад түвэгтэй л дээ. 2010-2011 онд Тавантолгойн хэлэлцээр хийгдэж байх үед РЖД Монголын Засгийн газраас гаргасан нөхцөлийн дагуу консорциум байгуулж, оролцох хүсэлтээ гаргасан. Гэтэл нөхцөл өөрчлөгдсөн. РЖД дахин шинэ нөхцөлд тохируулж хүсэлтээ өөрчилсөн. Дахиад л нөхцөл өөрчлөгдсөн. Тэрхүү шинэ нөхцөлд нь бас л тааруулсан. Иймэрхүү байдал үргэлжилсээр, тодорхой шийдвэр гаралгүй явсаар 2011 оны долдугаар сард энэ бүхэн ямар нэг үр дүнгүйгээр тэгсхийгээд зогссон. 

Цааш юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Тодорхой зүйл хэлэхийн тулд үндсэн чиглэлийг мэдэх хэрэгтэй. Монгол улсад Тавантолгойн орд газрыг ашиглах төлөвлөгөө байгаа эсэх, ордыг бүхэлд нь ашиглах уу, аль эсвэл Зүүн, Баруун Цанхи гэж хуваах уу? Ордыг ашиглахдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эсэх, хэдий хэмжээний нүүрс олборлох, түүнийгээ хаашаа, ямар маршрутаар тээвэрлэх зэрэг асуудлыг тодорхой мэдэж байж эдийн засгийн үр ашгаа тооцоолно. Одоогийн нөхцөлд ямар ч Засгийн газар, ямар ч компани байлаа гээд эдийн засгийн хувьд үр ашигтай байх талаас нь энэ төсөлд хандана гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Бид ч гэсэн Тавантолгойн төсөлд эдийн засгийн үр ашиг талаас нь хандах болно.  

РЖД-ийн Ерөнхийлөгч В.И.Якунины Монголын Ерөнхий сайдад хаягласан захидлын талаар тодруулж өгнө үү?


Энэ захидалд хоёр асуудлыг тусгасан. 2010 онд РЖД “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх талаар нэлээд нухацтай, иж бүрэн хөтөлбөр боловсруулсан юм. Энэ хөтөлбөр “Улаанбаатар төмөр зам”-ын нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Энэ хөтөлбөрөөр бол “Улаанбаатар төмөр зам” нь Монголын уул уурхай болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргээд зогсохгүй Орос-Хятадын хооронд дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн нөхцөлийг хангасан жинхэнэ орчин үеийн тээвэр логистикийн коридор болж болох байсан.

2014-2015 он гэхэд Орос-Хятадын худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.доллар болгохоор төлөвлөж байгаа. Цаашлаад 200 тэрбум ам.долларт хүргэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хооронд их хэмжээний бараа бүтээгдэхүүний урсгал бий болох бөгөөд цаашид улам нэмэгдэх юм. Тиймээс тээврийн хэрэгсэл, дэд бүтцийн асуудал урган гарч ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэхдээ Сингапур, Малайз, Бирм зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудаас Хятадыг дамжин, Хятадын өмнөд хэсгээс Монголын газар нутгаар дайрч Орос, цаашлаад Баруун Европт хүргэх, мөн буцаан зөөвөрлөх жинхэнэ тээвэр логистикийн судас болгон хувиргахыг хүсч, бид онцгой анхаарал хандуулж байгаа юм.

Ийм болгоход ч бэлэн байгаа. Манай эрдэмтдийн тооцоолсноор Монголын нэг жилд тээвэрлэх дотоод ачаа тээвэрлэлтийн хэмжээ ойрын жилүүдэд 50 сая тонн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр 40 сая тоннд хүрэх боломжтойг В.И.Якунины захидалд бичсэн. Өөрөөр хэлбэл, өсөлт 90  сая тоннд хүрнэ. Одоогоор “Улаанбаатар төмөр зам” жилд дээд тал нь 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байгаа.

Захидалд туссан хоёр дахь асуудал нь РЖД компанид Монгол улсын Зам тээврийн яамнаас шинэ төмөр барьж байгуулахад оролцох талаар ирүүлсэн урилгын тухай юм. 2009 онд хоёр орны Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалд РЖД болон “Дэд бүтцийн хөгжил” компаниуд нь Монгол дахь шинэ төмөр зам барих төслийн стратегийн түншүүд гэж тодорхой заасныг хэлэх хэрэгтэй. Эдгээр төлөвлөгөө, хөтөлбөрүүд олон удаа солигдож, тэр хэрээр нөхцөлүүд өөрчлөгдсөөр  байна. 

2013 оны хоёрдугаар сарын 14-нд Монголын Зам тээврийн яам тендер зарласан. Шинэ нөхцөлийн дагуу шинэ төмөр зам барих ажлын 51 хувийг төрийн өмчийн “Монголын төмөр зам” ХК-д даатгаж, үлдсэн 49 хувьд оролцох саналыг гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгосон байна лээ. Энэхүү шинэ төмөр замын 49 хувьд оролцох тендерийг зарлахдаа зөвхөн РЖД бус хүсч байгаа ямар ч компани оролцож болохоор нөхцөл заасан. Тиймээс РЖД их л сайндаа тун бага хувийг авах нь тодорхой. Ердөө “цүнхний хөрөнгө оруулагч” гэсэн үг. Танайх уул уурхай, эдийн засгийн мэргэжлийн сэтгүүл учраас энэ бол зүгээр л мөнгөө оруулсан хөрөнгө оруулагч байх болно гэдгийг ойлгож биз ээ.

Гэтэл РЖД нь Монгол улсын нийт хүн амаас ч их, гурван сая хүн ажилладаг, тоймгүй их хэмжээний ачаа тээвэрлэдэг, жил бүр олон зуун км төмөр зам барьдаг асар том компани. Тийм учраас энэ компани стратегийн түнш байж чадна. Тийм ч сонирхолтой байгаа. Ийм тохиолдолд нөхцөл болон оролцоо өөр байх ёстой шүү дээ. 2009  онд тохирсон тэр нөхцөлүүдийг л хэлж байгаа юм. Тиймээс энэ бүхнийг бодолцож үзээд РЖД санал болгож байгаа нөхцөлөөр оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ бол шинэ төмөр зам барихад РЖД оролцох сонирхолгүй байна гэсэн үг биш юм. РЖД бол хөрөнгө оруулалтын компани биш. Төмөр зам барьдаг, ашигладаг компани юм.



Ярилцлагыг бүрэн эхээр нь The Mongolian Mining Journal  сэтгүүлээс уншаарай.