Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нүүрсний салбарт Монголтой хамтрах Хятадын сонирхол

“Уул уурхайн салбар дахь Монгол, Хятадын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 18,19-нд  зохион байгуулагдаж байна. Хурлын хамгийн сонирхолтой илтгэлийг Өвөр Монголын Их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор, Монгол судлалын хүрээлэнгийн зөвлөх хатагтай Налин “Хятад, Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, нүүрсний салбар дахь хамтын ажиллагаа, боломж ба бэрхшээл” сэдвээр тавьсан юм. 

1978-1988 онд БНХАУ-ын нэг хүнд ногдох орлого нь дэлхийн хамгийн ядуу буурай бүс нутаг болох Африк улсынхаас ч доогуур байв. Харин өнөөг хүртэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засаг нь 20 дахин нэмэгдэж, 2012 оны байдлаар нэг хүнд ногдох орлого 12 мянган юань болжээ. Энэхүү үзүүлэлтээрээ дэлхийн хоёр дахь том эдийн засагт тооцогдож байгаа бөгөөд 2020 онд АНУ-ыг гүйцэж түрүүлсэн юм. 2040 он гэхэд АНУ-ын одоогийн эдийн засгийн хэмжээнээс гурав дахин томрох төлөвлөгөөтэй байна.

Өнөөдөр Хятад дэлхийн нүүрсний хамгийн том зах зээл болоод буй. 2011 онд 166 сая тонн нүүрс импортолж өмнөх жилээс 32 хувиар өссөн бол энэхүү үзүүлэлт нь 2012 онд 41 хувь, 2013 оны нэгдүгээр сарын байдлаар 56,3 хувиар тус тус өсөн нэмэгджээ. Нүүрс нь Монгол улсын экспортод голлох байр суурь эзлэх болсон бөгөөд 2010 онд Хятадын нүүрсний нийт импортын 10 хувь, 2011 онд 11,3 хувийг дангаар бүрдүүлж байв. Гэвч Монголоос Хятадад нийлүүлэх нүүрсний экспорт 2012 онд 19,4 сая тонн болон буурсан бол цаашид ч буурах төлөвтэй байна. Үүнийг тэрбээр, доорх гурван хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна.

1.         Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас 2012 онд нүүрсний үнэ Хятадад 20 хувь, Монголд 15 хувиар буурчээ. Дотоодын зах зээлийн үнээсээ өндөр үнээр Монголын талаас нүүрс нийлүүлэх нь ашиггүй гэж үзсэн.

2.         Монголын Засгийн газар 2012 оны тавдугаар сард “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийг батлан гаргаснаар Монгол улс дахь Хятадын хөрөнгө оруулалт багассан.

3.         “Эрдэнэс Тавантолгой” компани “Chalco”-той байгуулсан гэрээг засаж, нийлүүлэх нүүрсний үнээ нэмэгдүүлэх сонирхолтой.

Хэрэв Монголын Засгийн газар Тавантолгойн орд газрын Зүүн Цанхид “Chalco”, баруун Цанхид “Шинхуа” компанитай хамтран ажиллах санал тавибал Хятадын Засгийн газар дэмжихгүй.

Одоо дэлхийн нүүрсний зах зээлийн хамгийн том нийлүүлэгчдийн нэгдүгээрт АНУ, удаахад нь Орос тооцогдож  байна. АНУ нэг тонн коксжих нүүрсийг 80 ам.доллар, эрчим хүчний нүүрсийг 60-65 ам.доллараар Хятадад нийлүүлж байгаа аж. Мөн эдгээр орноос гадна Австрали, Индонез, Вьетнам зэрэг улс мөн энэ зах зээл дэх нүүрсний нийлүүлэлтээ эрчимтэй нэмэгдүүлж байна. Жишээ нь Индонез улс гэхэд 2008 онд 10 сая тонн нийлүүлж байсан бол 2012 онд 67 сая тонн болтол нэмэгдүүлжээ. Эдгээр орнуудтай харьцуулбал газар зүйн хувьд Хятадтай хамгийн ойр байршилтай, нүүрсний ихээхэн нөөцтэй орд илрүүлээд буй Монголын нүүрс Оросын хувьд томоохон өрсөлдөгч болж байна. Тавантолгойн орд газраас Оросын хил хүртэл 1000 гаруй км, харин Хятад бол 200 км буюу хамгийн ойр, басхүү томоохон зах зээл юм. Тэгээд ч оросууд өөрсдөө нүүрсний ихээхэн нөөцтэй орд илрүүлсэн учир Монголоос нүүрс авахгүй. Нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 10 орны нэгд тооцогдох Монгол улс, эрэлт хэрэгцээ нь эрчимтэй өсөн нэмэгдэж буй Хятад улстай нүүрсний салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж их бий. Тавантолгойгоос нүүрс нийлүүлэх, CTL буюу нүүрс шингэрүүлэн түлш гаргах технологийг хэрэгжүүлэх зэрэгт Монгол улстай хамтран ажиллах сонирхол Хятад улсад бий гэсэн юм.

Э.Од