Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Якунин яагаад ирэх гэв?


Оросын төмөр замууд нэгдлийн Ерөнхийлөгч ноён В. Якунин Монгол улсын Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн тухай мэдээлэл төрийн тэргүүнүүдийн айлчлалаас илүүтэйгээр анхаарал татаж байгаагийн учир юу вэ?

Юуны түрүүнд, энэхүү уулзалтын тов нь Монголын талын сонирхол гэхээсээ илүүтэй Оросын шамдуу хүсэлтээр тодорхойлогдоно. Товчхондоо, Монгол улс төмөр замын суурь бүтэц байгуулах шинэ компани байгуулах санаатай байгаа. Нэр нь “Шинэ төмөр зам” ХХК. Төмөр зам барих мөнгө байхгүй учир мөнөөх шинэ компанийн 49 хувийг гадаад, дотоодын компаниудад өгч, хөрөнгө босгох төлөвлөгөөтэй.

Ийм зорилгоор хоёрдугаар сард тендер зарласан билээ. Тендерт гадаадын 14, дотоодын 6 компани саналаа ирүүлээд байна. Тэд Монголын уул уурхайн төмөр замыг, тодруулбал маш сонирхолтой, ашигтай энэ замыг байгуулах мөнгө гаргая, оронд нь тэр “гоё” замын суурь бүтцэд хувь эзэмшинэ гэсэн үг. 

Уг тендерийг дүгнэж, мөнөөх 14+6 компани дундаас сонголт хийхээс урьтаж ноён Якунин Монголын Засгийн газарт бодлоо хэлэхээр яаравчилжээ. Өөрөөр хэлбэл, Монгол улсад шинээр байгуулах төмөр замын суурь бүтцэд Орос улс урьдын адил том хувь эзэмших ёстойг дуулгахаар яаравчилсан гэсэн үг. Тендер зарлаж олон компани урих тусам “Оросын төмөр замууд” нэгдлийн оролцоо хувь жижигрэнэ гэдгийг тайлбарлахыг тэрбээр хүсч байна. “Улаанбаатар төмөр зам” буюу Монголын хуучин төмөр замын талыг эзэмшиж буй загвараа, үгүй юм гэхэд 49 хувь байхаар шинэ төмөр замд оролцоогоо тодорхойлох гэсэн санаа юм.

Нэгэнт Монгол улс өргөн царигийн буюу Оросын царигийн бодлогыг 2010 онд баталсан юм бол “Оросын төмөр замууд” нэгдэл яагаад шинэ төмөр замын 49-хөн хувь дотор бусад компанитай хуваалцан байж өрсөлдөх ёстой юм бэ гэсэн логик түүний Ерөнхий сайдтай ярих сэдвийн гол агуулга байх биз ээ.

В. Якунины зөв. Тэрбээр үндэслэлтэй санал хэлж байна. Шинэ төмөр замаа барих мөнгө танайд байхгүй юу, тэгвэл санхүүжилт өгье май, хө. Яагаад бид танай суурь бүтцийн 49 хувь дээр дангаараа орж болохгүй гэж, Монгол улс өргөн царигийн бодлоготой шүү дээ, өргөн цариг дээр явдаг хөдлөх бүрэлдэхүүнийг зөвхөн Орос, Беларусь хоёр танайд нийлүүлж чадна шүү, хө. Нэгэнт Оросын боомтуудаар нэвтрэх танай шинэ төмөр замын зураг гарсан байхад транзит тээврийн хэлэлцээр энэ тэр хэрэгтэй юү, тэгвэл болноо хө, бид 49 хувийг эзэмших нөхцөлд.

Ийм үндэслэлээр В. Якунин “Оросын төмөр замууд нэгдэл”-ийн давуу талыг Ерөнхий сайдад тайлбарлана. Монгол улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад  зориулан 7 тэрбум ам. долларын санхүүжилт гаргах боломжтой гэдгээ Оросын тал нэг бус удаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, нөгөө мөрөөдлийн буюу Монгол орны зүүнээс баруунтаа, өмнөөс хойд чигт татах төмөр замыг тэр чигт нь санхүүжүүлэхэд бэлэн гэжээ. Энэхүү “бэлэн” загвар нь яг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувь заятай ихэр байх юм. “Улаанбаатар төмөр зам” нь суурь бүтэц ба хөдлөх бүрэлдэхүүний хувьд В. Якунины РЖД-ийн бүрэн хамааралд байгаа. Харин шинэ зам нь суурь бүтцийн хамааралтай болно гэсэн үг.

Хуучин төмөр замынхаа хувь заяаг шинэ буюу мөрөөдлийн зам дээрээ давтах болсон учиг сонин. Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тогтоол гаргаж, шинэ замынхаа суурийг төрийн өмчийн “ Монголын төмөр зам”-даа хариуцуулна хэмээн шийджээ.

Ингэхдээ Концессийн гэрээ буюу дэд бүтцийн өртөг ихтэй бүтээн байгуулалтыг хувийн компаниудаар бариулж аваад, тодорхой хугацааны дараа төрд буцаан авдаг зарчмыг “монголчлохоор” шийдсэн юм. Төр төртэйгээ Концесс байгуулж, харин барих мөнгийг нь гадаадын компаниудаар гаргуулах арга бодож олсон ба үр дүнд нь Монголын нутгийг хөндлөн ба уртааш хэрсэн 1800 км төмөр замын суурь бүтцийн 49 хувь аль нэг гадаадын компанийн өмчлөлд очих санхүүгийн схем гаргасан билээ.

Одоо тэрхүү схем дээр зодоон шинээр эхэлж байна. Яг Тавантолгой ордын Баруун Цанхийн олон улсын тендер хэмээх хариу нь гардаггүй, толгой гашилгасан бодлого шиг хоёрдугаар бодлогыг төмөр зам дээр гаргаад ирлээ. Баруун Цанхийн тендерээс болж Орос, Хятад улсуудтай муудалцах шахаж, Япон, БНСУ манайд маш их гомдсоноо ярьж дуусаагүй байхад дахиад төмөр зам дээр зодооны ринг шинээр байгуулахын учир юу вэ?

Л. Болормаа