Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Нойтон аргаар баяжуулсан төмрийн хүдэр илүү үнэд хүрнэ

Г.Идэрхангай

2012 онд 6.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь анхны тохиолдол

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг төмрийн хүдрийн уурхай болон үйлдвэрийн ажил байдалтай танилцахаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл нар Засгийн газрын хуралдаанаа дуусгаад шуудхан хөдөллөө. Сайд нарыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын холбогдох албаны хүмүүс дагалдсан юм.
Зам зуур хаврын цасан шуурга тавиад, байгалийн бэрхшээл саадыг үзүүлэвч  шуурхайхан давхисан цуваа төдөлгүй Дархан-Уул аймагт хүрч очин, тэр оройноо Төмөрлөгийн үйлдвэртэй танилцав.

1990 онд сууриа тавьсан хэдий ч анхны ган хайлалтаа хийснээс хойш 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Ерөнхий захирал П.Эрдэнэцогт  албаны хүмүүст ерөнхий товч танилцуулга хийлээ.

Стратегийн ач холбогдолтой Төмөртэй болон Төмөртолгой, Хуст-Уул гэсэн төмрийн хүдрийн гурван ордын лицензийг албан ёсоор эзэмшээд төдийлөн олон жилийн нүүр үзээгүй  байгаа төрийн өмчит тус үйлдвэр өнөөдрийг хүртэл хүчин чадлынхаа ердөө 50-60 хувийг ашиглаж иржээ. Жилдээ 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой хэрнээ  50-60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн нь хаягдал төмрийн олдоцоос бүрэн хамааралтай хэмээн П.Эрдэнэцогт захирал тайлбарлав.

Тэрээр “Өнгөрсөн жил бид 75 мянган тонн хаягдал төмөр худалдан авч боловсруулсан. Гэхдээ  57 мянган тонн бүтээгдэхүүн л борлуулсан. Энэ нь Монголын барилгын салбарын зогсонги байдалтай холбоотой” хэмээн танилцуулгаа  үргэлжлүүлсэн.  Гэхдээ  дан “муу мэдээ” дуулгасангүй. 2009 онд үйлдвэр гурван тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2012 онд 6,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь түүхэндээ байгаагүй ашиг гэж олзуурхан мэдээлсэн юм.    

2009 онд Төмөртолгойн орд дээр ил уурхайгаа байгуулан ашиглаж эхэлсэн бол 2010 онд Хуст-Уулын төмрийн ордод нарийвчилсан хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэн баталж, мөн ондоо Төмөртолгойн уурхай дээр баяжуулах шугам угсарч, төмрийн хүдрийн баяжмал  үйлдвэрлэсэн зэрэг бүтээн байгуулалтын ажлууд бий гэдгээ үйлдвэрийн захирал дуулгав.  

Харин Төмөртэйн ордын хувьд 2011 оны аравдугаар сард ашиглаж эхэлсэн ч ердөө сар гаруйхны дараа ажлаа зогсооход хүрчээ. Учир нь өвлийн цагт уурхайн уул техникийн ажлыг явуулахад маш хүнд байж.  2012 оны дөрвөн сараас есөн сар хүртэлх хугацаанд ч Төмөртэй орд дээр олборлолтын ажил хийгдээгүй бөгөөд одоо ч нөхцөл байдал хэвээр байгаа аж.  

2012 оны тухайд тус үйлдвэр уурхай дээрээсээ 2,3 сая тонн төмрийн хүдэр олборлосноос нэг сая найман зуун мянган тонн хүдэр Төмөртэй орд дээр овоолго хэлбэрээр байгаа,  экспорт огт хийгдээгүй гэж П.Эрдэнэцогт захирал хэллээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг стратегийн ордоос “тасарч” үлдсэн гэж шуугидаг, хөрш зэргэлдээх Баянголын төмрийн хүдрийн уурхайтай холбоотой зүйлийг түүнээс тодруулахад, “Болд төмөр ерөө гол” компани төмрийн хүдрээ хэдэн төгрөгөөр экспортолж буйг сайн мэдэхгүй. Хятадын “Эксим” банкнаас авсан зээлийнхээ барьцаа болгон хилийн гадна хорь гаруй сая тонн хүдэр овоолчихсон. Эрдэс баялгийн зөвлөл 130 сая тонн нөөцтэй гэж баталсан, гэхдээ өөрсдөө нэмэлт хайгуулаар 400 гаруй сая тонн нөөц тогтоочихсон гэдгийг бид мэднэ” хэмээсэн юм.

Засгийн газрын 153 дугаар тогтоолоор Дархан Сэлэнгийн бүс нутгийн төмрийн орд газруудад түшиглэн “Уул уурхай-Хар металлургийн цогцолбор” байгуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт техник технологийн шинэчлэл хийхээр тусгагдсан. Үүний дагуу  тус үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөн, 2010-2015 онд Металургийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр дотоодын хөрөнгө оруулагч “Кью Эс Си” компанитай хамтран ажиллаж, одоогийн байдлаар 81.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгааг үйлдвэрийн удирдлага мөн онцоллоо.

Юутай ч Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэхүү цогц ажлын хүрээнд Төмөртэйн уурхайд Хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөртолгойд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барихаас гадна өөрийн  үйлдвэр дээрээ нойтон аргаар баяжуулах үйлдвэр, гангийн үйлдвэрийн өргөтгөл зэргийг барихаар төлөвлөжээ. Агуулга өндөртэй төмрийн хүдрийг хуурай аргаар, агуулга багатайг нь нойтон аргаар баяжуулалт хийх нь төмрийн агууламжийг нэмэгдүүлдэг байна. Агуулга багатай төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулснаар борлуулалтын үнэ нэг тонн тутамд 40-50 ам.доллараар нэмэгдэх боломжтой болох гэнэ.  

Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаныхаа маргааш нь Уул уурхай сайд Д.Ганхуяг, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл болон Ашигт малтмалын газрын удирдлага  Сэлэнгэ аймгийн  Ерөө сумын нутагт орших  ”Болд төмөр ерөө гол” компанийн  Баянголын төмрийн хүдрийн уурхайг зорьсон юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ үед  нийслэлээс ирж,  Дархан Сэлэнгийн бүсэд ажиллаж байгаа Шинэчлэлийн Засгийн газрын баг бүрэлдэхүүнд “бүл нэмсэн”. Тэрээр яамаа ганцаар төлөөлөн иржээ.
                      


Хятадын зах зээлд илүү үнэ хүргэе гэвэл бүтээгдэхүүний зэрэглэлээ өндөр болгох ёстой

2007 оноос хойш Баянголын ордын төмрийн хүдрийг түүхийгээр нь экспортолж байгаа, гадаадын хөрөнгө оруулалттай “Болд төмөр ерөө гол” компанитай холбоотой хэл ам өнөөг хүртэл  тасрахгүй байгаа. 

Уг нь  Ерөө, Хүдэр сумын нутаг дахь төмрийн хүдрийн бүлэг ордыг  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийн гол бааз болгох 1990 оны Сайд нарын Зөвлөлийн тогтоол байдаг ч үнэн хэрэгтээ энэхүү стратегийн бүлэг ордын нэг хэсэг болох, 100 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Баянголын ордыг Хятадын хөрөнгө оруулалттай компани эзэмшин, тэр хавьдаа өөрийн “вант улс”-ыг байгууллаа гэсэн шүүмжлэл, иргэний хөдөлгөөнүүдийн хүчтэй тэмцэл өрнөсөөр байгаа юм.

Уурхайн үйл ажиллагаатай  танилцахаар албаны болон албаны бус хүмүүс бишгүйдээ очдог ч  яг салбар тэргүүлсэн Сайдын хувиар  ажил хэрэг болгон хүрэлцэн очсон нь анхны тохиолдол гэж  компанийн ажилтнууд ярьж байлаа.  

Уурхайгаас төмрийн хүдрийг хүнд даацын машинуудаар  зөөвөрлөж байсан шороон зам дагуу өдгөө “Баянгол төмөр зам” нэртэй 98 километр төмөр зам тавигдаад хэдэн жилийг үдэж байна.

“Төмөр зам барих үнэхээр амаргүй юм билээ. Маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсан. Хэл ам ч их байлаа. Нутгийн ардууд зарим нь биднийг дэмжиж байна, зарим нь шүүмжилж байна. Гэхдээ Монголдоо хожим хэрэгтэй бүтээн байгуулалт хийсэн гэж бодож байгаа” хэмээн  компанийн төмөр замын ажилчид хэлж байв.

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар болон харьяа агентлагийн удирдлагуудыг “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан, “Монгол ган нэгдэл” компанийн захирал Л.Баяраахүү нар угтан авч, уурхайн үйл ажиллагаатай танилцуулав.

Жирийн машин техник явамгүй өндөрлөг өөд өгссөөр битүү модорхог, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн уулын оройд гарч ирлээ. Энэ уулын дор өнөө гайхал төмрийн хүдэр хэдэн сая тонноороо бий дээ. Бүгд урд хөрш рүү явна гэж бодохоос хайран ч юм шиг. Гэхдээ энд уурхай хэдийнэ ажиллаад эхэлчихсэн, түүхийгээр нь зөөж байгаа.   

“Болд төмөр ерөө гол”-ынхон өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд уурхайн хэд хэдэн кэмп, оффисоос гадна ажилчдадаа зориулж, 32 айлын хоёр орон сууц, вагон депо зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж амжжээ.  

2004 оноос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт геологи хайгуул, уул уурхайн ашиглалт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Баянголын төмрийн хүдрийн төсөлд нийтдээ 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаагаа Б.Дэлгэрсайхан захирал танилцуулгадаа дурдлаа.

Төмөр замын бүтээн байгуулалт болоод төмрийн хүдэр тээвэрлэх зорилгоор ашиглаж байгаа Оросын ачааны 1000, Хятадын 2003 вагон, 12 ширхэг зүтгүүрийн худалдан авалт, зүтгүүрийн депо байгуулсан зэрэгт нийтдээ 461 сая ам.доллар зарцуулжээ.

Орон нутгийн хэмжээнд хийсэн ажлууд ч зөндөө бийг компанийн ажилтнууд онцлов. Үүний нэг жишээ нь, нийт ажиллагсдын 58 хувь нь буюу 600 гаруй ажилтан нь зөвхөн Сэлэнгэ аймгийн иргэд, үүнээс 400 орчим нь Ерөө сумынх аж. Одоогоор нэг ч хятад ажилчин байхгүй, бүгд дэд бүтцийн ажлуудыг хийчихээд нутаг буцсан гэнэ.  

“2007 оноос хойш 10 сая орчим тонн төмрийн хүдэр экспортолсон. Харин  2012 онд 3,9 сая тонн хүдэр олборлон, 3,4 сая тонныг нь экспортолсон. Энэ нь дэлхийн зах зээлд эргэлдэж буй төмрийн хүдрийн 0,6 хувийг эзэлж байгаа” хэмээн компанийн удирдлага танилцууллаа.

Баянголын төмрийн хүдрийн ордын нөөцийн баруун хэсэг нь 24 сая, зүүн хэсэг нь 58 сая тонны нөөцтэй аж. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг 2008 онд шинэчлэн батлуулж, ордын баруун, зүүн хэсгүүдийг 26-30 жилийн хугацаанд эхний ээлжинд ашиглахаар тусгажээ.

Одоогоор  тус компанийн төмрийн хүдрийг соронзон аргаар баяжуулах зургаан үйлдвэр ажиллаж буй бөгөөд эдгээр нь жилдээ 4,0 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай юм байна. Хүдрийг хаягдал багатай, эдийн засгийн хувьд үр ашигтай боловсруулах зорилгоор Нойтон баяжуулах үйлдвэрийн төслийг мөн хэрэгжүүлж буй ажээ.

Үйлдвэрийн төслийн хүрээнд Бетон зуурмагийн үйлдвэр, тоосгоны үйлдвэр, 105 км-т цахилгааны шугам байгуулах ажил ид явагдаж байна.  Тус компанийн удирдлагын зүгээс үйл ажиллагаагаа явуулахад төмөр замын өртөг өндөр байгааг дуулгасан. Тиймээс энэ талаар төрөөс зохицуулалт хийж болох эсэхийг сайдуудаас тодруулж байлаа. Цаашид  үйл ажиллагаагаа өргөтгөж борлуулалт сайтай байдаг хорголжин төмөр, ширэм үйлдвэрлэх зорилготой байгаа аж.  

“Монгол ган нэгдэл” компанийн захирал Л.Баяраахүү “Монгол улс одоогоор хуурай аргаар баяжуулсан 50 хувийн агуулгатай  төмрийн хүдрээ Хятадад 100 хувь экспортолж байгаа. “Монгол ган нэгдэл”-ийн төслийн нэгдүгээр шат амжилттай хэрэгжсэнээр Монголд олборлосон төмрийн хүдрийг нойтон аргаар 65-67 хувийн агуулгатай болгон баяжуулж экспортолно. Цаашдаа хорголжин төмөр үйлдвэрлэнэ” гэлээ.

Түүний хэлж буйгаар дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлье гэвэл монголчууд бүтээгдэхүүний зэрэглэлээ өндөр байлгах ёстой гэнэ. Одоогийн боловсруулж буй бүтээгдэхүүн зах зээлийн хамгийн доод түвшинд байдаг учраас хэдэн мянган тонноор нь экспортолсон ч үнэ хүрдэггүй аж.

“Хятадын гангийн үйлдвэрт дөрвөн зэрэглэлийн баяжуулсан хүдэр хэрэглэдэг бөгөөд импортын хүдэртээ нэгдүгээр зэрэглэлийн шаардлага тавьдаг юм байна. Энэ нь төмрийн агуулга 64 хувиас доошгүй байх ёстой ба нойтон баяжуулалт хийснээр нэгдүгээр зэрэгт хамаарах болно гэдгийг Л.Баяраахүү захирал танилцуулгадаа онцлов.

“Болд төмөр ерөө гол” компанийн үйл ажиллагаатай танилцах аялал тус компанийн вагон депог үзэж сонирхсоноор үргэлжлэв. Энэ үед  вагон депод байрлах шинэхэн  зүтгүүрээр аялж үзэх хүсэлтэй байгаагаа Н.Батбаяр сайд  илэрхийлснээр Төмөртэйн ордтой танилцсаны дараа буцаж ирэхээр тогтов.

Баянголын ордын Хандгайт өртөөнөөс Ерөө өртөө хүртэл 82 км газарт бүтээгдэхүүнээ тээвэрлээд, холбогдох газрын зөвшөөрөлгүйн улмаас түүнээс цааш зүтгүүр явах боломжгүй болдог  гэж  компанийн ажилтнууд учирлалаа.   

Монголд явж байгаа Оросын зүтгүүрүүдээс хоёр дахин бага үнэтэй, ашиглалтын зардал нь 25 хувь бага, бүрэн автомажсан уг зүтгүүрээр явж үзсэн нь танилцах багийнханд нэгэн “сюрприз” болсон гэж хэлж болно.    


Төмөртэйд их бүтээн байгуулалт эхэлжээ

“Уурхайн хувьд 100 гаруй жил ашиглах нөөцтэй нэлээд том орд” хэмээн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Хөгжлийн бодлогын хэлтсийн Уул уурхайн ахлах мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ бидэнд танилцуулга хийв. Тэрээр  өмнө нь Төмөртэй ордын ил уурхайн даргаар ажиллаж байгаад саяхнаас шинэ албанд очжээ. Стратегийн ач холбогдол бүхий энэ том уурхай өнөөдөр бодит байдал дээр  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харьяа нэг хэсэг, цехийн статустай ажиллаж байгааг тэрээр  нуусангүй. 

Уг нь 1990 онд тус үйлдвэрийг анх үүсгэн байгуулж байх үед Засгийн газрын 160 дугаар тогтоолоор Төмөртэй ордыг суурь баазаа болгож,  Хар төмөрлөгийн үйлдвэр байгуулна гэсэн том зорилт тавьсан байдаг.  Гэвч Хятадын хөрөнгө оруулалттай компанид лицензээ алдаж, 5-6 жил шүүхдэлцсэний эцэст 100 хувь төрийн харьяаны, 100 хувь монгол ажилчидтай уурхай болжээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт оршдог,  260 сая орчим тонн төмрийн хүдрийн нөөцтэй энэ томоохон ордод өнөөдөр бүтээн байгуулалтын ажил  хэдийнэ эхэлсэн байна.

Төмөртэй ордын кэмп рүү Ерөө сумаас 53 километрийн зайд өндөр хүчдэлийн 110 киловаттын хүчин чадалтай шугамыг уурхайн зардлаар, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр татаж байгааг О.Болор-Эрдэнэ онцоллоо. Энэ нь сумын төдийгүй улсын хэмжээнд үнэлэлт авах бүтээн байгуулалт гэнэ.

Тус уурхайн ажилчид 2013 он хүртэл бөөнөөрөө гэрт байрлаж байсан бол одоо төсөл хэлбэрээр хэрэгжүүлсэн орон сууцны хотхонтой болжээ. Өнгөрсөн оны долдугаар сард ашиглалтад орсон уг хотхонд  нэг удаадаа 240 ажилтан байрлах боломжтой бөгөөд халуун хүйтэн устай, эмнэлэг, цайны газар,  оффисоос бүрдсэн бяцхан суурин болжээ.

Түүнээс гадна “Болд төмөр ерөө гол” компанийн төмөр замаас салаалан Төмөртэй гэсэн овогтой бас нэгэн төмөр замын бүтээн байгуулалт Хүдэр суманд эхлэх гэж байгаа аж. 25 километрийн урттай төмөр зам ирээдүйд Хүдэр сум хүрч, цаашлаад аймаг хотуудыг холбох боломжтой. Энэ ажил 2013 оны зунаас эхэлнэ хэмээн уурхайн удирдлагууд бидэнд танилцуулсан юм.

Одоогоор байгаль цаг уур, нутгийн онцлогоос хамааран Төмөртэй уурхай өвлийн гурван сардаа түр зогсолт хийсэн ч удахгүй их ажил ундрах ажээ.

Төмөртэй уурхайн бүтээн байгуулалттай танилцсаныхаа дараа Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд Баянголын ордын вагон депо руу хүлгийн жолоо заллаа. Учир нь, “Болд төмөр ерөө гол” компанийн шинэхэн зүтгүүрээр аялах аялал биднийг хүлээж байсан юм.
Ингээд тус компанийн Хандгайт өртөөнөөс Цагаан хаалга хүртэлх 73 км төмөр замаар цаг гаруйн хугацаанд аялснаар Дархан, Сэлэнгийн бүсэд төмрийн хүдрийн уурхайнуудтай танилцах ажил өндөрлөсөн юм.  

“Аль ч оронд төмөрлөгийн салбар стратегийн салбар байдаг. Тийм ч учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, уурхайчдаа дэмжих шаардлагатай байна. Манай төмөр замын тээврийн зардал бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг.

Нөгөө талаас, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэрхэн хамтарч ажиллах, энэ талаар төрөөс ямар бодлого баримталж ажиллахаа зохицуулах шаардлагатай юм байна гэсэн хоёр үндсэн ажил гарч ирж байна. Энэ хүрээнд хийгдэх зохицуулалт дэмжлэгийг төр, хувийн хэвшил, иргэд олон нийт бүгдээрээ хамтран оролцож шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгэгдлээ сэтгүүлчидтэй хуваалцлаа.  

“Стратегийн ордуудыг гадна, дотны хувийн компаниуд хэсэгчлээд авчихсан тохиолдол бий. Цаашид энэ тал дээр  Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ?” гэсэн асуултад тэрээр “Хорь гаруй жилд хуулийн хэрэгжилт тааруу байсантай холбоотойгоор ийм асуудал үүссэн. Гэхдээ хувийн компаниуд улсад татвараа төлөөд, ажлын байр бий болгоод явж байгаа  тохиолдолд бид зөв гарцыг олох шаардлага тулгарч байна. Хууль зөрчсөн асуудлыг  хуулийнхаа дагуу шийдэхээс аргагүй. УИХ-ын тогтоолд бүлэг орд гэсэн тодорхойлолт  бий. Харин Стратегийн ордуудын хил хязгаарыг тогтоох гэсэн ухагдахууныг  Ашигт малтмалын хуульд тодруулж оруулах шаардлага гарч байна” хэмээн хариулсан юм.


  • morj (202.70.46.203)
    vnendee tumurtolgoin uurhain ene vildveriin gants saliin vneen shdee
    2013 оны 09 сарын 22 | Хариулах