Өнгөрсөн гуравдугаар сард Хятад улс нийт 4,6 сая тонн коксжих нүүрс импортолсон нь хоёрдугаар сартай харьцуулбал 15 хувиар буурсан тухай тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Тус улсын коксжих нүүрсний импортын бууралт оны эхнээс ажиглагдаж эхэлсэн бөгөөд нэгдүгээр сард зургаан хувь, хоёрдугаар сард 24,5 хувиар тус тус буурсан байна.
Харин коксжих нүүрсний импортын үнийн хувьд хоёрдугаар сард дунджаар 180 ам.доллар байсан бол гуравдугаар сард 168 ам.доллар болон буурчээ. 2013 оны эхний улирлын байдлаар гол импортлогч орнууд Австрали, Канад, ОХУ, АНУ, Индонези болон Монгол улс байна. 2012 онд Хятад нийт 53,55 сая тонн коксжих нүүрс импортлон “дээд амжилт” тогтоож байсан юм. Тэгвэл энэ онд импортын хэмжээгээ 5 хувиар нэмэгдүүлэн 56,3 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй байна. Хятад нь дэлхийн коксжих нүүрсний импортын 15-25 хувийг эзэлдэг бөгөөд Япон энэ чиглэлд тэргүүлэгч улс хэвээр байна.
Гуравдугаар сарын сүүлээр “BHP Billiton Mitsubishi Alliance” компани нэг тонныг нь 172 ам.доллараар борлуулах гэрээ байгуулснаар дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний хоёрдугаар улирлын үнийг тогтоогоод буй юм.