Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Алс Дорнодын хөгжилд 10 их наяд рубль зарцуулна

Орос улс Алс Дорнодын бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх өргөн цар хүрээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев 2025 он хүртэлх энэхүү хөтөлбөрийг батлаад байгаа юм. ОХУ-ын Хөгжлийн яамны сайд Андрей Белоусовын мэдэгдсэнээр хөтөлбөрийг 2013-2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаас гадна улсын төсвөөс нийт 10 их наяд рубль буюу 316 гаруй тэрбум ам.долларыг төсөвлөжээ.

Үүнээс 980 тэрбум рубль /улсын төсвийн 260 тэрбум рубль/-ийг Транссибирь, БАМ-ын төмөр замыг сэргээн засварлахад зарцуулах аж. Эдгээр замыг шинэчилснээр 2015 он гэхэд жилд 38 сая тонн, 2020 онд 54 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөсөн байна. Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд агаарын тээвэрлэлтэд 101 тэрбум, авто замын бүтээн байгуулалтад 60 тэрбум, тээврийн дэд бүтцэд 25 тэрбум, эрчим хүчний 12 байгууламж шинээр барихад 33 тэрбум рублийг тус тус зарцуулахаар баталжээ. Бусад төслүүдийн хөрөнгө санхүүжилтийн талаар одоогоор мэдээлээгүй байна.  

Алс Дорнодыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай хуулийг Төрийн ДУМ батлахаар зэхэж байна. Энэ бүс нутаг дахь төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчдад татварын ихээхэн хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг ч боловсруулаад буй. Үйлдвэрлэлийг шинээр эхлэх төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчид эхний таван жилийн ашгийн татвар төлөхгүй гэж шинэ хуулийн төсөлд тусгажээ. Дараагийн таван жилийн татвар одоогийн 20 хувиас буурч, 10 хувь болох аж. Гэхдээ эдгээр татварын хөнгөлөлт нь газрын тос, хий болон тамхи, согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хамаарахгүй юм.

Э.Од