Э.Оджаргал
1949 оны арванхоёрдугаар сард Мао Зэдун хилийн чанад дахь анхны айлчлалаараа Москваг зорьж байжээ. Үүнээс гурван сарын өмнө тэрээр БНХАУ-ыг байгуулах тухайгаа тунхаглан зарлаад байсан юм. Тухайн үед Хятад нь шинжлэх ухаан, технологи хөгжих нь байтугай аж үйлдвэр, дэд бүтэц бараг хөгжөөгүй, цэрэг армигүй, ядууралд туйлдсан орон байв. Харин Оросын хувьд дайны хор хохирлоос төдийлөн холдож амжаагүй байсан ч орчин үеийн аж үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн, цөмийн зэвсэгтэй, хүчирхэг амбицтай улс байлаа. Энэ үеэс хоёр том гүрний улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, цэрэг арми дахь нягт харилцаа эхэлсэн түүхтэй. “Сайн хөрш”-өөр эхэлсэн энэ хоёр улсын харилцаа өдгөө стратегийн түншийн хэмжээнд хүртлээ хөгжжээ.
БНХАУ-ын шинэ удирдагч Си Зинпин хилийн чанад дахь анхны айлчлалаараа ОХУ-ыг сонгосон нь хөрш орнуудын “мөнхийн нөхөрлөл”-ийг улам бататгаж, дэлхийн эдийн засаг дахь нөлөөллөө улам хүчирхэгжүүлж байна. Гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү айлчлалын хүрээнд нийт 35 гэрээ хэлэлцээр байгуулсан нь хэр их ач холбогдолтой түншлэл болохыг тайлбарлах нь илүүц биз ээ.
Хэдийгээр эдийн засгийн хүрээнд харилцан ашигтай хэлэлцээрүүдийг хийж чадсан ч дэлхийн зэр зэвсгийн зах зээл дэх Хятадын амбиц Москва-Бээжингийн харьцааг муутгахад нөлөөлнө хэмээн Барууны хэвлэлд айлчлалыг дүгнэн бичиж байна. Хятад нь зэр зэвсэг экспортлогч хамгийн том таван орны нэг болж, орос түншүүдийнхээ томоохон өрсөлдөгчөөр тодроод байгаа. Си Зинпин Орост айлчахдаа тус улсын Зэвсэгт хүчний шуурхай удирдлагын төвд зочилсон анхны гадаад иргэн болсон бөгөөд Хятадын тал “Су-35” сөнөөгч онгоц 24, шумбагч онгоц дөрвийг тус тус худалдан авах тохиролцоог Оросын талтай хийсэн юм. Цаашид ч хоёр улс энэ салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь дамжиггүй.
БНХАУ-ын шинэ үеийн удирдагчийн энэхүү түүхэн айлчлалд хамгийн их шуугиан тарьж, өнгө нэмсэн зүйл бол тэргүүн хатагтай, өдгөө 49 настай Пен Лиюаны шинэлэг, дэгжин дүр төрх байлаа. “Чамин ур хийцтэй, эртний үнэт шаазан” шиг хэмээн олон улсын ажиглагчдаас өндөр үнэлгээ аваад буй энэ эмэгтэй Хятадын ардын армийн хошууч генерал цолтой. Аливаа орны удирдагчдын олон улсад хийх айлчлалд улсынхаа өнгө төрхийг илэрхийлэгч нь тэргүүн хатагтай байдаг.
Ямартай ч манай хөрш, дэлхийн томоохон эдийн засагтай эдгээр гүрнүүдийн харилцаа өнөөгийн түвшинд хүрэхэд багагүй үл ойлголцол, хүндрэл бэрхшээлийг туулсан юм. Тэдгээр нь одоо ч бүрмөсөн арилаагүй. Гэхдээ эдийн засгийн хувьд харилцан ашигтай “мөнхийн” түншүүд болохоо дэлхий дахинд харууллаа. Орос болон Хятад улсын худалдааны нийт хэмжээг 2015 он гэхэд 100 тэрбум ам.доллар хүргэхээр зорьж буйг хоёр талын удирдагчид мэдэгдсэн юм.
БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зинпины ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд зурагдсан гэрээ хэлэлцээрүүд ямар салбарт чиглэсэн хийгээд хэдий хэмжээний хөрөнгө оруулалттай талаар тоймлон хүргэж байна.
1. ОХУ болон БНХАУ-ын харилцан ашигтай хамтран ажиллах иж бүрэн түншлэлийн харилцаа болон стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл
2. Найрамдалтайгаар зэрэгцэн орших, хамтран ажиллах тухай ОХУ болон БНХАУ-ын гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх 2013–2016 оны төлөвлөгөө
3. Иргэдийн харилцан зорчих явдлыг хялбаршуулах тухай ОХУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зөвшилцөл
4. Хууль бус цагаачлалтай тэмцэхэд хамтран ажиллах тухай ОХУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зөвшилцөл
5. Газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай ОХУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зөвшилцөл
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зинпин нар эдгээр баримт бичигт гарын үсэг зурсан юм. Эдгээрт Газрын тосны салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай болон газрын тос боловсруулах Тянжины Нефть химийн үйлдвэр байгуулах, газрын тосны хайгуул, олборлолтын төслүүд багтсан байна.
6. Газрын тос боловсруулах Тянжины Нефть химийн үйлдвэрийг барьж ашиглах тухай хэлэлцээр болон газрын тосны хайгуул, олборлох төслийн тухай ОХУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зөвшилцөл;
Оросын төрийн өмчит “Роснефть” компани Тянжины нефть химийн үйлдвэрт жилд 9,1 сая тонн түүхий нефть нийлүүлэх тухай тусгагдаж, үйлдвэрийг барих ажлыг “Восток-Нефтехимия” компани гүйцэтгэхээр заасан байна. “Восток-Нефтехимия” нь Оросын “Роснефть” 49 хувь, Хятадын Үндэсний газрын тос, хийн корпораци /CNPC/ 51 хувийн эзэмшилтэй хамтарсан уг компанийг айлчлалын хүрээнд байгуулсан юм. Газрын тос дахин боловсруулах Тянжины нефть химийн үйлдвэр нь 13 сая тонн хүчин чадалтай бөгөөд таван тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтаар үнэлэгдэж байгаа.
7. Нүүдлийн шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах тухай ОХУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зөвшилцөл;
8. Соёлын төвүүдийг харилцан байгуулах тухай 2009 оны аравдугаар сарын 13-ны өдрийн гэрээний нэмэлт протокол;
9. ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам болон БНХАУ-ын Төрийн удирдах төв газрын хооронд байгуулсан үр тариа болон түүнээс гарган авсан бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхэд тавих чанарын хяналт, эрүүл ахуйн шалгалт ба хорио цээрийн тухай гэрээ;
Үргэлжлэлийг The Mongolian Mining Journal сэтгүүлийн № 004 дугаараас уншина уу.