Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Элга ордын нүүрсийг Ванино боомтоор экспортолно

ОХУ-ын уул уурхайн тэргүүлэгч “Мечел Майнинг” компани өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Ванино боомтын 73,3 хувийг 492 сая ам.доллараар худалдан авсан билээ. Харин энэ оны нэгдүгээр сард тус компани нийт хувьцааныхаа 71,04 хувийг Киприйн “Sedmino Investments”, “Opern Trade” болон “Travine Traiding” гэсэн офшор гурван компанид худалдсан юм.

“Мечел майнинг” компани нь өөрийн эзэмшлийн Элга ордоос олборлох нүүрсийг Ванино боомтоор экспортлохоор төлөвлөж байгаа юм. “Оросын төмөр зам” /РЖД/ компанийн хяналтад байдаг Төрийн бус тэтгэврийн сан “Благосостояние” нь “Мечел Майнинг” компанид Ванино боомтын хувьцааг худалдан авахад тодорхой санхүүжилт үзүүлсэн байна. Тус сан нь Элга ордоос Ванино боомт хүртэлх дэд бүтцийн РЖД болон “Мечел Майнинг” компанийн хамтран эзэмших төслүүдийн хувьцааг таван тэрбум рублиэр худалдан авахаар төлөвлөж байгаа аж.

Мөн үүнээс гадна толгой компани болох “Мечел” нь уул уурхайн “Мечел майнинг” компанийн 25 хувийг худалдах асуудлаа эргэн авч үзэж, оронд нь Элга орд дахь төслийн тодорхой хувийг худалдахаар төлөвлөжээ. Энэхүү саналыг Хятадын “Noble Group”, “Baosteel”, Японы “Sojitz” болон Өмнөд Солонгосын “Posco”, “STX Group” компаниуд судалж байгаа аж. “Мечел майнинг”-ийн 100 хувийн эзэмшлийн “Якутуголь” компани нь ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт дахь нүүрсний цорын ганц томоохон үйлдвэрлэгч юм. Тус компани нь 2012 онд нийт 8,7 сая тонн коксжих нүүрс олборлосон байна. Элга ордыг бүрэн хүчин чадлаар ашиглаж эхэлснээр 2021 он гэхэд жилд 28 сая тонн коксжих нүүрс олборлох аж.  

Э.Од