Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эргүүлэн авна



Засгийн газрын 2013 оны 132 дугаар тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгж хүсэлт гаргасан тохиолдолд уг хувьцааг нь эргүүлэн авах, төлсөн төлбөрийг буцаан олгох ажлыг нэг удаа зохион байгуулахаар болжээ.

Өнгөрсөн жил УИХ-ын тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлж, хүсвэл хувьцааг нь Засгийн газар худалдаж авахаар болсон. Ингэснээр 1,5 сая орчим иргэн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа өгсөн бөгөөд Засгийн газар дээрх иргэдийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарж, олсон мөнгийг иргэдэд өгөхөөр зохицуулж байв. Үүний дагуу 1000 гаруй компани тус бүртээ 36240 ширхэг хувьцааг нэгж хувьцааг нь 933 төгрөгөөр худалдан авч, ҮЦТТТХТ-д 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.   

Харин 1,5 сая орчим иргэнээс авсан хувьцаанд 1,5 их наяд төгрөг төлөх ёстой Засгийн газар уг мөнгийг компаниудаас босгоно гэж тооцоолсон ч санаснаар нь болсонгүй. Эцэстээ хувьцаа авсан компаниуд хэдэн арван сая төгрөгөө ҮЦТТТХТ-ийн дансанд сул хэвтүүлэхийг хүсэлгүй мөнгөө эргүүлэн авах талаар санал тавьж эхэлсэн байна. Тиймээс Засгийн газрын шийдвэрийн дагуу Татварын Ерөнхий газар компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эргүүлэн авах нэг удаагийн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Ирэх сарын нэгнийг хүртэл компаниудаас саналыг нь авах юм байна.

С.Болд