Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос-Япон дэд бүтцийн салбарт хамтран ажиллана

Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ гурав хоногийн хугацаатай Орост албан ёсны  айлчлал хийхээр Москва хотноо өнгөрсөн ням гаригт хүрэлцэн ирээд байна.

Айлчлалын хүрээнд хоёр улс эрчим хүчний салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах талаар хэлэлцэх юм. Оросын хувьд Алс Дорнодыг хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус бүс нутгаас Япон улсад эрчим хүч нийлүүлэх тухай яригдаж байгаа билээ. Төсөл хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний станцууд болон цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамуудыг шинэчилснээр 2020 он гэхэд Орос улс жилд 0,5-0,6 гигаватт эрчим хүчийг Япон руу нийлүүлэх аж. Япон улсаас гадна Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын эрчим хүчний дутагдлыг Алс Дорнодоос хангах боломжтой гэж Оросын тал үзэж байна.

Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад Орос улсаас эрчим хүч нийлүүлэх асуудал бүр 2000 оноос эхлэн яригдаж байсан юм. Тухайн үед Орос, Монгол, Хятад, Өмнөд Солонгос болон Япон улсын эрчим хүчний системийг нэгтгэн “Азийн супер тойрог” бий болгохоор хэлэлцэж байжээ. Хэсэг хугацаанд орхигдсон энэхүү төлөвлөгөө 2011 онд болсон “Фүкүшима 1” АЦС-ын ослын дараагаар дахин идэвхтэй яригдах болсон юм.  

Сүүлийн арван жилд анх удаа хийж буй Японы Засгийн газрын тэргүүний энэ удаагийн айлчлалаар хоёр улс Алс Дорнодыг хөгжүүлэх хөтөлбөрийн дэд бүтцийн төслүүд, тэр дундаа төмөр замын асуудлаар хамтран ажиллах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Алс Дорнодыг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэхээр хоёр орны хамтарсан сан байгуулахаар төлөвлөж байна.             

Э.Од