Н.Ариун
Нүүрсний компаниуд болон Засгийн газрын хооронд үл ойлголцол үүсгэсээр ирсэн жишиг үнийн талаарх маргаан түр намжаад байснаа дахин сэдрэв бололтой.
Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын дагуу нүүрсний жишиг үнийг тогтоохдоо Хятадын www.coalworld.net цахим хуудаст тавигдсан үнийг баримтлахаар заасан байдаг. Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилготой 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу жишиг үнэ тооцох аргачлалыг Татварын ерөнхий газраас батлан мөрдүүлж ирсэн юм. Гэвч нүүрсний компаниуд энэ аргачлал нь буруу бөгөөд үнэлгээ нь компаниудын борлуулалт хийж буй үнээс харьцангуй өндөр байдаг тул жишиг үнийг бодитой тогтоож чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг хүчтэй тавьсаар ирсэн юм. Маргаан дагуулсан эл асуудлыг өнгөрсөн онд Засгийн газар дахин авч үзээд, 2012 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж, жишиг үнийг “...Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрс борлуулж, экспортод гаргах гэрээний үнэ...” болгон өөрчилж, 2013 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн билээ. Энэ хугацаанд жишиг үнэ тооцох шинэ аргачлал боловсруулахыг холбогдох байгууллагад үүрэг болгожээ.
Тогтоолд заасан хугацаа дуусгавар болж байна. Энэ үед www.coalworld.net сайтыг www.sxcoal.com хэмээх мөн л Хятадын цахим эх сурвалжаар сольж, нүүрсний жишиг үнийг тооцох болсон тухай мэдээлэл нүүрсний компаниудад хүрчээ. Удаа ч үгүй Уул уурхайн яамны цахим хуудаст “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний 2013 оны 04 дүгээр сард баримтлах жишиг үнийн мэдээлэл” нийтлэгдсэн байна. /Бүрэн эхээр нийтлэв./ Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр Уул уурхайн яам гэрээний үнийг үргэлжлүүлэн мөрдөх саналтай байсан боловч санал нь хүч хүрээгүй бололтой. Гэрээний үнэ мөрдсөн өнгөрсөн зургаан сарын хугацаанд 14 тэрбум төгрөгөөр төсөв хохирсон гэсэн асуудлыг Сангийн яам тавиад байгаа гэнэ. Уул уурхайн яамны цахим хуудаст тавигдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний 2013 оны 04 дүгээр сард баримтлах жишиг үнийн мэдээлэл”-ийг Сангийн яам боловсруулжээ.
Юутай ч энэхүү өөрчлөлтийг компаниуд хэрхэн хүлээж авч байгааг сонирхож, “Монголын Алт” компанийн Худалдааны газрын ахлах мэргэжилтэн Д.Далайбаяртай уулзлаа.
МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ҮНИЙГ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТОГТООДОГ БАЙЯ
Нүүрсний жишиг үнэ тооцох эх сурвалжийг сольжээ. Энэ нь өмнө шүүмжлэл дагуулдаг байсан нөхцөл байдлыг өөрчилж чадах уу? Хятадын аль нэг төрийн бус байгууллагын мэдээллийн сайт дээр тавигдсан үнийг үндэслэн Монгол улс экспортын нүүрсэндээ татвар оногдуулж байгаа нь буруу юм гэсэн асуудлыг нүүрсний компаниуд өмнө нь нэлээд ярьсан юм. Жишиг үнэ тогтоохдоо тэр сайт дээр тавигдсан үнийг жишихгүйгээр шууд хуулаад тавьчихдаг. Энэ үнэд Хятадын импортын төлбөр хураамж, 17 хувийн НӨАТ, Хятад доторх тээврийн зардал, боловсруулалтын зардал гэх мэт бүх зардал орсон байдаг.
Өөрөөр хэлбэл, Хятад улсын нутаг дэвсгэрт гарсан бүхий л төрлийн татвар, хураамж, зардал шингэсэн үнээс тооцож Монгол улс нүүрс экспортлогчдоосоо татвар авч байна гэсэн үг. Монгол улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс тул энэ мэтчилэн давхар татвар оногдуулах нь зохимжгүй юм. 2011 онд борлуулалтын бодит үнэ 70 гаруй доллар байхад жишиг үнэ 120 орчим доллар байх жишээтэй. Манай нөөцийн төлбөр 5 хувь дээр нэмэх нь гээд өсөн нэмэгдээд явдаг. Яг бодитоор бол борлуулалтын үнэ 70 доллар байгаа тохиолдолд 7 хувийн татвар төлөх байтал 120 доллар гэчихээр 9 хувийн татвар төлөх болдог. Нүүрсний бодит үнэтэй харьцуулбал энэ нь 18 хувийн нөөцийн татвар төлсөн гэсэн үг. Үүнийг нүүрс экспортлогч компаниуд эсэргүүцэн “Нүүрс ассоциаци”-аар дамжуулан Засгийн газар, харьяа яамдад асуудлыг нэгдсэн байдлаар олон удаа тавьсан юм.
Жишиг үнэ болохгүй байна, эх сурвалж нь биш байна. Ер нь яагаад Монголын экспортын нүүрсний үнийг Хятадын нэг эх сурвалжид үндэслэн тогтоох ёстой юм бэ? Ингэснээр Монголын нүүрсний үнэд хятадууд өөрсдийн бодлогыг шингээх боломжтой болчихоод байгаа юм биш үү гэдэг асуудал урган гардаг.
Энэ мэтчилэн олон сөрөг үр дагавар гарч байсан учраас өнгөрсөн оны аравдугаар сард Шинэчлэлийн Засгийн газраас жишиг үнийн асуудлыг дахин авч хэлэлцээд, 2013 оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл түдгэлзүүлэхээр болсон. Энэ хооронд оновчтой, шударга аргачлал бодож олох юм байна гэсэн шийдэл гэж бидний хувьд харж байсан.
Энэ хугацаа дуусаад жишиг үнийг сэргээх болоход нөгөө
www.coalworld.net сайтаа www.sxcoal.com гэдэг бас л Хятадын цахим эх сурвалжаар сольжээ. Тэр нь Хятадын “Фэнвэй” компанийн гаргадаг эх сурвалж. www.coalworld.net, www.sxcoal.com хоёрын “дата” буюу мэдээлэл нь яг адилхан. Манай Сангийн яамныхан “Фэнвэй”-г илүү хурдан, мэдээлэл сайтай сайт гэсэн байдлаар тавьсан байна лээ. Яг үндсэн мэдээлэл “дата” нь Хятад эх сурвалж дээрээ адилхан байдаг юм.
“Чалко”, “Эрдэнэс Тавантолгой” хоёрын гэрээнд Хятадын үнийн индекст үндэслэж худалдааны үнээ тохирно гэсэн заалт бий тухай ярьдаг. Энэ индексийг хэн гаргадаг вэ гэхээр нөгөө “Фэнвэй” компани. Индексийг яаж гаргаж ирдэг нь ч ойлгомжгүй. Бид мэдэх ч бололцоо байхгүй. Тэр индекс хөдлөхгүй л бол “Эрдэнэс Тавантолгой” үнээ өөрчлөх гэж мянга зүтгээд нэмэргүй болчихоод байгаа юм. Гэтэл дээрээс нь Монголын экспортын нүүрсний жишиг үнийг “Фэнвэй”-гийн эх сурвалжаар авна гээд тавьчихсан байна л даа. “Чонын амнаас гараад барын аманд оров” гэгч болоод байна.
Хуучин бол жишиг үнийг баримтлахдаа боомт боомтоор нь тус тусад гаргадаг нь байсныг энэ удаа илчлэгээр нь үндэслээд нэгдсэн нэг үнэ гаргасан байна. Ер нь нүүрсний талаар ойлголттой хүмүүс бол сайн мэднэ дээ. Коксжих нүүрсний хувьд илчлэг чанарт нэг их ач холбогдол өгдөггүй. Зөвхөн эрчим хүчний нүүрсний хувьд л гол үзүүлэлт болдог. Коксжих нүүрсний үнэ нь нүүрсний үнслэгийн агуулга, хүхрийн агуулга, дэгдэмхийн агуулга, барьцалдах чадвар, коксжих шинж чанар гээд маш олон үзүүлэлтээс хамаарч тодорхойлогддог. Энэ утгаараа коксжих нүүрсийг дотор нь бүрэн коксжих, сул коксжих гэх мэтээр хэд хэдэн ангилалд хуваадаг. Гэтэл манайд одоогоор ямар ч ангилал байхгүй байгаа нь харамсалтай. Бид маш олон судалгаа, санал хүргүүлдэг боловч ажил хэрэг болгохгүй байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, орд болгоны нүүрсний шинж чанар харилцан адилгүй. Тэр байтугай нэг ордын нүүрсний үе давхарга болгоны шинж чанар өөр өөр байдгийг Тавантолгойн нүүрсний талаар байнга ярьж бичиж байгаа өнөө үед хүмүүс сайн мэддэг болсон байх. Ийм учраас нүүрсний шинж чанар, тээвэрлэлтийн зай, зах зээлийн нөхцөл байдлаас нь хамааруулан орд газар, бүс нутгаар үнэ тогтоох нь илүү оновчтой болох юм. Гэтэл “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний 2013 оны дөрөвдүгээр сард баримтлах жишиг үнийн мэдээлэл”-д илчлэгээр нь ангилаад тавьчихжээ.
Жишиг үнийг тооцож байгаа аргачлал нь ч буруу байна, авч байгаа эх сурвалжийг нь ч бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Тэгвэл жишиг үнэ тогтоох аргачлал, эх сурвалжийг хэрхэн тогтоох талаар нүүрс экспортлогчид ямар саналтай байдаг юм бэ? Нүүрсний шинж чанар хувьсамтгай, дээр дурдсан олон үзүүлэлтээс хамаарч үнэ тогтдог тул биржээр худалдаалах боломж муутай. Тиймээс биржийн гэдэг ангилалд оруулж, цахим эх сурвалжаас үнэ авч, жишиг үнэ тогтоох нь амьдралд нийцэхгүй байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-д “...дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэнэ...” гэж заасны дагуу борлуулалтын үнэлгээгээр тооцвол зохимжтой юм гэдэг саналыг байнга оруулдаг. Хэрвээ энэ нь үнэхээр болохгүй байгаа юм бол өөр янз бүрийн хувилбаруудыг санал болгодог л доо.
Тухайлбал, яам өөрийн харьяа бүтцэд судалгааны газар байгуулаад, чадварлаг боловсон хүчин, мэргэжлийн судлаачид бэлтгэн ажиллуулж болно. Тэдгээр мэргэшсэн судлаачид Хятадын ижил төстэй уурхайнуудаар явж судлах, зардлыг тооцоолох, олон улсын судалгааны компаниудын индексүүдийг харьцуулах гэх мэт олон талын судалгаанд үндэслэж үнэ ханшийг бодитойгоор тогтоож болно. Монголын төр өөрөө Монгол улсын хилийн боомт тус бүр дээрх өөрийн үнээ зарлах нь Монгол улсын нүүрсний салбарын хөгжилд маш чухал гэж бид үздэг. Тэр үнэ нь бодитой байдаг, бүх компаниуд татвараа шударгаар төлдөг, худалдааны гэрээний үнээ тэр үнэд хүргэхийн төлөө ажилладаг тийм л шийдлийг гаргаач гэж байгаа юм.
Энэ хоёр аргын хувьд төрийн байгууллагууд дээр хардлагууд яваад байдаг. Эхний хувилбар дээр зарим нэг компани татвараас зайлхийхийн тулд нүүрсний экспортын гэрээг хуурамчаар үйлдэж, гэрээний үнээ багаар өгөх магадлалтай гэж харддаг. Тэр үндэслэлээр л заавал жишиг үнэ байлгая гээд бусад үнэн мөнөөрөө явж байгаа компаниуддаа дарамт үзүүлээд байгаа юм.
Хоёр дахь хувилбар буюу төрийн мэдлийн судалгааны байгууллагатай байж, түүний үнийг үндэслэе гэхээр хүний хүчин зүйлээс хамааралтай учраас худалдааны компаниудын сонирхол орчихно гээд байдаг. Хэн түүнийг тогтоох вэ гэдэг нь асуудалтай гэдэг юм. Гэтэл Хятадын эх сурвалж дээр ч хүмүүсийн нөлөөлөл орохгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Ялгаагүй л ямар нэг хэлбэрээр, зорилготойгоор үнийг өөрөөр тавиулж болно. Манайхны эх сурвалжаа болгоод байгаа “Фэнвэй” бол Хятадын нүүрсний худалдааны байгууллагуудтай маш ойрхон ажилладаг, хамтарч хурал зөвлөгөөн зохион байгуулдаг газар. Хятад талынхаа гишүүн байгуулагуудын эрх ашгийг дээгүүр тавих нь ойлгомжтой.
Хэрвээ энэ хоёр хувилбар болдоггүй юм бол одоо экспорт хийж байгаа төрийн өмчит компани “Эрдэнэс Тавантолгой”-н гэрээний үнийг Тавантолгойн бүс нутгийн нүүрсний жишиг үнэ болгож болно. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой”-н үнэд итгэхгүй байгаа бол Сангийн яам, Татварын ерөнхий газраас үнээ өсгөхийг шахах эрхтэй. Бусад ордын нүүрсний шинж чанарыг судалж үзээд, Нарийнсухайтын ордын нүүрсний жишиг үнэ, Хөшөөтийн ордын нүүрсний жишиг үнэ гэх мэтээр ялгавартайгаар тогтоовол бодит байдалд арай дөхөм болно. Хэрэв ингэж жишиг үнэ тогтоовол дээр дурдсан тээвэрлэлтийн зай, зах зээлийн эрэлт хэрэгцээ харилцан адилгүй байдгийг заавал харгалзан үзэх ёстой.
Өөр нэг хувилбар бол дэлхийн нүүрсний худалдаанд голлох байр суурь эзэлдэг Австралийн жишгийг баримтлах. Австрали бол нүүрсний салбарт туршлага их хуримтлуулсан, экспортын нүүрсэндээ жишиг үнэ тогтоох аргачлалын тал дээр эрхзүйн хувьд харьцангуй боловсронгуй болгосон орон. Бид уг нь холбогдох дүрэм журам, аргачлалыг нь судлаад, орчуулаад үүнийг та бүхэн минь судалж үзээч гээд бодлого тодорхойлогч салбарын хүмүүст нь цөөнгүй удаа хүргүүлсэн.
Энэ мэтчилэн олон хувилбаруудыг санал болгодог юм. Ямар нэг хэлбэрээр Монголын нүүрсний үнийг монголчууд өөрсдөө тогтоодог байгаач ээ л гэж байгаа. Ямар учраас, ямар үндэслэлээр, яг адилхан хоёр сайтын нэгийг нөгөөгөөр солиод тавьж байгааг бид огт ойлгохгүй байгаа. Зарчим нь ойлгогдохгүй байна. Хоёулаа Хятадынх. Олон улсынх байсан ч нэг их ялгаагүй. Бүх эх үүсвэрээ Хятадын сайтаас аваад л анализ хийгээд тавьчихдаг. Сайт дээрх үнийг авч, жишиг болгоод хуулаад тавьчихаар л буруу болчихоод байна. Энэ бол бирж огт биш зүгээр л мэдээллийн сайт гэдгийг хэлмээр байгаа юм. Зах зээл судалгааны л сайт. Сайтын үнэ бол зөвхөн мэдээллийн шинжтэй. Үүгээр гэрээний үнэ ч хэрэгждэггүй. Биржээр худалдаалагдаад үнэ нь гардаг алт, зэс бол тусдаа асуудал.
Гэрээний үнийг дагаж мөрдөх боломжгүй
С.Болд-Эрдэнэ
Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Батбаяраас ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүний жишиг үнийн талаар зарим зүйлийг тодрууллаа.Дөрөвдүгээр сарын жишиг үнийг ямар аргачлалаар тогтоож байна вэ?Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолд экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийн эх үүсвэрийг зааж өгсөн. Тогтоолд заасан эх сурвалжид үндэслэн жишиг үнэ тогтоож байна. Жишиг үнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авахын тулд хэрэглэж байгаа юм. Тухайн компани ямар хэмжээний бүтээгдэхүүн олборлож, худалдсан байна түүнээсээ нөөц ашигласны төлбөр төлөх ёстой. Ашигтай ажиллавал олсон ашгаасаа орлогын татвар төлдөг. Нөөц ашигласны төлбөр бол ашигтай ч бай, ашиггүй ч бай олборлосон л бол заавал төлөх ёстой төлбөр юм.
Монголд яагаад жишиг үнэ тогтоогоод байдаг, гадаадад яагаад тэгдэггүй юм бэ гэж олон хүн асуудаг. Гадаад улс оронд төлбөр тооцооны систем нь сайн хөгжчихсөн, хяналт тавих орчин бүрдсэн, арилжааны нөхцөлүүд нь бүгд нотлох баримттайгаа байдаг. Нөгөөтэйгүүр, жишиг үнийг ганцхан нүүрс дээр тогтоосон юм биш. Алт, зэс болон бусад ашигт малтмал дээр ч мөн адил тогтоосон. Алт, зэс бирж дээр үнэ нь байнга байдаг болохоор жишиг үнэ тогтооход хялбар. Харин нүүрс тийм биш.
Жишиг үнийг энэ сараас биш 2007 оноос эхлэн тогтоосоор ирсэн. Харин нүүрсний хувьд өнгөрсөн 6 сар гэрээний үнэ мөрдөх шийдвэр гаргаад байсан юм.
Жишиг үнэ тогтоох эх сурвалжийг ямар үндэслэлээр өөрчилсэн юм бэ? Мөн нүүрсний жишиг үнийн хувьд Хятадын Шаанси мужийн үнэ байгаа нь манай борлуулалтын үнээс хамаагүй өндөр гэж үзэж байна? Бид жишиг үнийг тогтоохдоо компаниудтай уулзаж ярилцсан. Тиймдээ ч Австрали, Индонезиэс Хятад, Японд нийлүүлж байгаа үнийг аваагүй. Нэгэнт манай нүүрс Хятад руу экспортлогдож байгаа учраас Хятадын зах зээлийн үнийг жишиг үнэ болгох нь манай компаниудад арай ойр байсан. Манай нүүрс явсаар эцсийн дүндээ Шаансид очдог гэж ойлгосон. Иймээс тус мужийн үнийг жишиг болгосон.
Цахим сайтын тухайд урьд нь хэрэглэж байсан www.coalworld.net цахим сэтгүүлийн гаргадаг нүүрсний үнэ нь зарим талаараа шаардлага хангахгүй байна гэж үзсэн юм. Цөөн төрлөөр нүүрсний үнийг гаргадаг, гаргасан үнэ нь шинэчлэгдээгүй удах тохиолдол гарсан. Шинээр сонгосон http://en.sxcoal.com цахим хуудас нь илүү олон төрлөөр нүүрсний үнийг гаргадаг, түүнийгээ шуурхай шинэчилдэг. Нүүрсний эх сурвалж нь нэг байж болно. Гэхдээ үнийн шинэчлэл нь тогтмол, хурдан байгаа.
Яваандаа нүүрсний ангиллаар жишиг үнэ тогтоох талаар яригдана. Нүүрс болгон адилгүй нь мэдээж. Тийм болохоор Уул уурхайн яамтай ярилцаж, тодорхой түвшинд аргачлал хийж, нүүрсний чанараар нь жишиг үнэ тогтоогоод явж болно. Бүх асуудал нээлттэй шүү дээ.
Гэрээний үнийг үргэлжлүүлэн мөрдөж болохгүйн учир шалтгаан юу вэ? Бид сүүлийн зургаан сар гэрээний үнийг мөрдөж, татвар хураамжаа авсан. Тодорхой зөрчлүүд гарсан. Иймээс жишиг үнэ хэрэглэх нь зөв гэж шийдсэн. Энэ талаар уул уурхайн компаниудтай уулзаж, санал солилцсон.
Нүүрсний үнэ унаж, гадаад зах зээл муу байгаа энэ үед ийм шийдвэр гаргах нь цагаа олоогүй шийдвэр биш үү? Компаниуд экспортоо зогсоож магадгүй болоод байна шүү дээ?Бид өмнөх саруудад харилцан буулт хийгээд гэрээний үнийг зургаан сар хэрэглэлээ. Өнөөгийн нөхцөлд гэрээний үнээр явахад хүндрэлтэй гэсэн дүгнэлт хийсэн. Нөгөө талаас энэ нь төсвийн орлогын эх үүсвэрт шууд нөлөө үзүүлнэ гэдгийг анхаарах шаардлагатай.