2007 онд “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх бодлого, 2015 он хүртэлх хөтөлбөр”-ийг тухайн үеийн Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн барьж байв. Ашигт малтмалын тухай хуулиа баталсны дараа томоохон бодлогын баримт бичгийг батлах гэсэн анхны оролдлого энэ байсан юм. Байсан гэхийн учир нь хөтөлбөр батлагдаад, бодлого нь “шоовдорлогдон” үлджээ.
Гэсэн хэдий ч УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан Стратегийн ач холбогдол бүхий 15 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэн бүртээ хишиг хүртээх анхны алхам тэрхүү хөтөлбөртэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсний орд, Оюутолгойн бүтээн байгуулалт, Төмөртэйг түшиглэн Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах томоохон ажлууд чухамдаа тэр үеэс л эхлэлтэй.
Хөтөлбөр бол бодлого биш. Энэ салбарын хууль эрх зүйн орчны тогтвортой байдлын эх үүсвэр нь Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого байх ёстой. Энэ бодлогын баримт бичиг хоёр УИХ-ын хугацааг туулаад өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ хугацаанд улс төр дамжсан янз бүрийн эрх ашиг хөндсөн лоббины хуулиуд их гарч, уул уурхайг хариуцлагатай гэсэн жишгээс холдуулсанд салбарынхан шүүмжлэлтэй хандсаар байна.
Өмнөх дөрвөн жилд ч “бодлогын баримт бичиг хэрэгтэй” гэсэн шахалт, шаардлагын дор Эрдэс баялаг, эрчим хүчний яам төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг төслийг “хэтэрхий түүхий” гэж үзээд буцаачихсан билээ. Уриа лоозон, тунхагийн шинж чанар давамгайлсан, утга агуулга хэт бүрхэг, салбарын асуудлыг бүрэн хамарч чадаагүй гэх шүүмжлэлд өртдөг уг бодлогын баримт бичгийг дахин боловсруулахаар шинэ Ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
Шинэ Ажлын хэсгүүд ба бодлогын ерөнхий концепци
Д.Зоригт сайдын боловсруулсан Бодлогын баримт бичгийг Уул уурхайн яамныхан “огт хэрэггүй” гээд орхисонгүй, авах гээхийн ухаанаар хандаж, болж өгвөл нэлээд сайжруулсан хувилбар гаргаж ирэхийг хичээж байгаа аж.
“Эрдэс баялгийн салбар асар хурдтай хөгжиж байгаа болохоор өмнөх бодлогын баримт бичгийн төслөө эргэн харж, олон талаас нь бодож боловсруулах зайлшгүй шаардлага бий” хэмээн Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү ярилаа.
Тиймээс ч өмнө байгуулсан Ажлын хэсгийнхээ суурь судалгааг сайтар боловсруулах үүднээс Уул уурхайн яам дээр дэд Ажлын хэсгүүд байгуулаад байна.
Иргэний танхимд болсон хэлэлцүүлэг дээр Төрийн тэргүүн олон нийтэд дэлгэсэн Ашигт малтмалын хуулийн төслөө эргүүлэн татах болсноо мэдэгдээд, эхлээд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо гаргах чиглэлийг салбарынханд өгсөн. Энэ бол Ерөнхийлөгчийн зүгээс салбарын бодлогыг яаралтай гаргах санаачилга гаргасан анхны алхам юм.
Ашигт малтмалын хуулийг хэчнээн удаа боловсруулж хэрэгжүүллээ ч эрдэс баялгийн салбарыг зохицуулсан, холыг харсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн цогц зөв бодлогогүй бол буруу тийшээ явчих магадлалтай гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анзаарч, ийм шийдвэр гаргалаа гээд салбарынхан ам сайтай байгаа.
Бодлогын баримт бичгийг хоёр гурван сарын дотор гаргах Төрийн тэргүүний үүрэг чиглэлийн дагуу Уул уурхайн яам болон харьяа агентлагууд шаргуу ажиллаж буй аж. Уул уурхайн яам дээр Б.Батхүү даргаар ахлуулсан Суурь судалгааны буюу бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг болон дэд Ажлын хэсгүүд, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийн ахалсан салбарын эрдэмтэн, судлаачдын “Дэмжих баг” ажиллаж байгаа юм. Эдгээр ажлын хэсэг бодлогын ерөнхий материалын суурь судалгааг бэлтгэж, энэхүү судалгаан дээрээ үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд байгуулагдсан том Ажлын хэсэг дээр эцэслэн ярилцах чигтэй. Эцсийн дүндээ том Ажлын хэсэг бодлогын баримт бичгийг “шүүн тунгааж”, УИХ-д өргөн барих учраас ямархуу дүр төрхтэй баримт бичиг гарч ирэхийг янз бүрээр тайлбарлах хүмүүс бий.
“Уурхай бүр дээр үүссэн асуудлуудын сургамжийн жагсаалт, түүнд хариулсан хариултууд, энэ бүгд хуульдаа яаж төрийн бодлого болж орох вэ гэдгээ шаардлагатай бол томоохон, хэл ам дагуулсан уурхай бүрээр, болж өгвөл алт, нүүрс, зэс гээд ашигт малтмалын төрлүүдээр нь гаргаж болно” хэмээн Төрийн тэргүүн хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Тэгвэл “сургамжийн жагсаалт” буюу дүн шинжилгээ гаргаж, тодорхой санал боловсруулахын тулд салбарын алт, жонш, нүүрсний чиглэл хариуцсан эрдэмтэд Ашигт малтмалын газар дээр олон хоног хэлэлцэж, заримдаа ширүүхэн маргалдаж, бодлогын урьдчилсан төслөө заасан хугацаанд багтаан Уул уурхайн яамны Ажлын хэсэгт танилцуулахаар ажиллаж байгаа аж. Харин Уул уурхайн яамны Ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 15-нд багтаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх том Ажлын хэсэгт танилцуулах үүрэгтэй.
Юутай ч уул уурхайн салбарыг олон жилийн турш зөв чиг баримжаатай авч явах Бодлогын томоохон баримт бичгийг боловсруулахын тулд Ажлын хэсгүүд хэд хэдэн зүйлийг онцгойлон анхаарч байгаа аж.
Ашигт малтмалын олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, төсөвт оруулах орлогыг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, бүс нутгийн болон олон улсын зах зээлийн хандлага, өрсөлдөгч орнуудын баримталж буй бодлого гэх зэрэг ерөнхий зорилтууд тусгагдана. Мөн Бодлогын баримт бичгийн хамрах хүрээ нь геологи, уул уурхай, баяжуулах, боловсруулах салбар байж, уул уурхайн салбарын хөгжлийг цогцоор нь нэн тэргүүнд “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөр”, “Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн дунд хугацааны төсөөлөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”, “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”, “Эрчим хүчний нэгдсэн сүлжээ хөтөлбөр” зэрэгтэй нягт уялдуулах юм байна.
Түүгээр ч зогсохгүй “Монгол зэс”, “Монгол алт”, “Монгол төмөр”,”Монгол нүүрс”, “Монгол жонш”, ”Монгол газрын ховор элемент” гэсэн Засгийн газрын дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ач холбогдол, хүрэх үр дүн, шаардагдах зардлын талаар товч мэдээллүүд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын талаар баримтлах бодлогуудыг ч зайлшгүй тусгана гэдгээ Ажлын хэсгийнхэн ярилаа. Бодлогын баримт бичгийн ерөнхий дүр зургийг ингэж тодорхойлж байгаагаас биш яг ямар зүйл заалтууд бодлогод тусч байгааг нарийн хэлэх боломжгүй, зөвхөн боловсруулах шатандаа яваа гэдгийг Ажлын хэсгийн гишүүд хэлж байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд Бодлогын суурь зарчмууд суусан уу?
Олон нийтэд ил болсон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын талаар баримтлах бодлогын үндсэн зарчмууд суусан гэдгийг төсөл боловсруулагчид хэлсэн удаатай. Тийм учраас уул уурхайн салбарынхан Бодлогын баримт бичиг иймэрхүү дүр төрхтэй гарч ирэх нь гэсэн ойлголттой байгаа болов уу.
Өнөөдөр мөрдөж байгаа болон өмнөх Ашигт малтмалын хуулиудад Стратегийн орд дахь төрийн мэдлийн хувь хэмжээ зайлшгүй дурдагддаг. Тэгвэл шинэ төсөлд ийм хувь эзэмшил огт тусгагдаагүй ба уул уурхайн компаниудтай төр зөвхөн Орд ашиглах гэрээгээр хамтран ажиллах аж. Нөгөөтэйгүүр Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтууд ч хуулийн төсөлд бий. Лиценз буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд юуны түрүүнд Орон нутгийн дарга нартай гэрээ байгуулах боломжийг нээж өгөх заалтууд ч бий.
Ерөнхийдөө хуулийн төслийн багц санаа нь уул уурхайг илүү хариуцлагатай түвшинд авчрах, үндэсний компаниудаа бие даан хөгжих боломжоор хангах, байгаль орчноо хамгаалах зэрэг олон асуудалд тулгуурлаж байгаа аж.
Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын гол зорилгыг “Монгол улсын нутаг дэвсгэрийн геологийн бүтэц, тогтоц, ашигт малтмалыг үе шаттайгаар шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, эрдэс баялгийн санг баяжуулан, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, улмаар тэргүүний технологийг нэвтрүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд оршино” хэмээн тодорхойлжээ.
Энэ бол зөвхөн бодлогын үзэл баримтлал. Уг зорилт, үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд яах вэ гэдэг томоохон асуудал бий. Ажлын хэсгийнхний хувьд геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлын төлөвлөлтийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж, Эрдэс баялгийн нөөцийн өсөлтийг уул уурхайн хөгжлийн түвшингээс 10-аас доошгүй жилээр түрүүлэн бэлтгэж, хариуцлагатай уул уурхайн найман зарчмыг баримтлан, байгаль орчинд хохирол багатай технологи нэвтрүүлж, уул уурхайн экспортын нэгдсэн “Нэг цонх”-ны бодлого хэрэгжүүлнэ гэж тайлбарлаж байна.
Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Суурь судалгааны Ажлын хэсгийн ахлагч Б.Батхүү “Бодлогын баримт бичигт уул уурхайн компаниудад ч, баялгийн эзэн монголчуудад ч ашигтай байх зарчмуудыг л суулгаж өгнө. Мэдээж байгаль орчин, орон нутгийн эрх мэдэл, иргэдийн оролцоо, ямар ашигт малтмалаа түлхүү экспортлох вэ, алийг нь хадгалж үр хойчдоо үлдээх вэ гэх маш олон суурь санаануудыг тусгахаар ажиллаж байна” гэлээ.
Гэхдээ Бодлого яаж гарахаас шалтгаалж өнөөдрийн хэлэлцүүлж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд тодорхой өөрчлөлт орохыг үгүйсгэсэнгүй.
Юутай ч Бодлогоо эхэлж гаргаад, дараа нь Ерөнхий хуулиа боловсруулж баталъя гэсэн зарчмын байр суурийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Ажлын хэсэг баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий хуулиа баталсны дараа Геологийн болон Стратегийн ашигт малтмалтай холбоотой асуудлуудаа тус тусад нь хуулиар зохицуулах бололтой.
Стратегийн ордыг нэмэх нь зөв үү, эсвэл...
“Стратегийн орд” гэсэн ойлголтыг бодлогын баримт бичигт юу гэж тодорхойлох нь юу юунаас чухал байна. Өнөөдрийн байдлаар УИХ-ын тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн гэсэн ангилалд оруулж хуульчилсан. Үүн дээр Стратегийн ордын жагсаалтад хоёрдугаар хавсралтаар нэмж бүртгэсэн 39 ордын асуудал бий. Үнэндээ эдгээр ордын багагүй хэсэг нь “лиценз” нэрээр гадныхны эзэмшилд оччихсон, баялагт хяналт тавих төрийн механизм маш сул байгаа. Тийм ч учраас Салбарын бодлогоор уг асуудлыг хэрхэн зохицуулах нь анхаарал татахаас аргагүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төсөлд “Стратегийн 15 орд дээр нэмж орд бүртгэхгүй” гэж маш тодорхой заалтууд тусгагдсан.
Саяхан болсон хэлэлцүүлгийн үеэр ч Төрийн тэргүүн “Стратегийн орд бол бусдаас илүү чухал, төр анхаарал тавьж бодлогоор явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл хуулийн төслийн уг саналтай Уул уурхайн яамны өдгөө баримталж байгаа бодлого илэрхий зөрчилдөж байна гэж үзэх хүмүүс бий. Өөрөөр хэлбэл, Стратегийн ордод шинээр 30 орд нэмэх санал боловсруулан УИХ-аар шийдвэрлүүлэхэд бэлэн болжээ.
Өнгөрсөн жилүүдэд 39 ордыг стратегийн ангилалд оруулахаар яригдаж байсан ч тооцоо, судалгаа, үндэслэл муу гэсэн шалтгаанаар хойшлуулж байв. Тэгвэл өнөөдөр 39 биш, 30 ордыг нэмснээр Монгол улс Стратегийн 45 ордтой болох юм. Үүнтэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгөөр эхний эрэл, хайгуул нь хийгдсэн Бөөрөлжүүт, Хөшөөтийн нүүрсний орд болон газрын ховор элементийн ордуудыг Стратегийн ордод хамруулахаар Уул уурхай яам Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.
Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулахад “Өнөөдрийн Ашигт малтмалын хууль болон УИХ-ын тогтоолоор стратегийн орд газруудын асуудлыг зохицуулж байгаа. Эрдэс баялгийн бодлого нь бүс нутгийн, зах зээлийн нөхцөл байдал, баялгийн төрөл, онцлог зэргээс хамаарч хэрхэн өрсөлдөж амьдрах вэ гэдгийг гаргаж ирэх ёстой. Шинэ хууль батлагдсаны дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгах боломжтой” хэмээн ярьсан юм.
Тэгвэл “Уул уурхай яам болон Засгийн газар жагсаалтад байгаа ордуудаа судалж үзээд стратегийн ордод нэмж оруулъя. Цаашдаа стратегийн гэх ангиллаа боловсронгуй болгоод тэр шаардлагыг хангахгүй бол стратегийн ордоос хасаад явъя гэж үзэж байгаа. Энд бодлогын том зөрчил, үл ойлголцол ерөөсөө байхгүй. Алийг нь хэзээ, яаж ашиглах вэ гэдэг бодлогоо цэгцэлтлээ том гэсэн ордуудаа төрийн мэдэлд байлгаж байя” хэмээн “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян саяхны ярилцлагадаа онцолжээ.
Энэ мэтчилэн стратегийн орд дахь төрийн оролцоо, хөрөнгө оруулалтын гэрээ, өмчлөл, эрсдэлийн сан, уурхайн хяналт, хувьцаа, баялгийн сан зэрэг олон асуудлыг маш нарийн зохицуулах, илүү ойлгомжтой, цэгцтэй болгох шаардлага шинээр боловсруулж байгаа Эрдэс баялгийн бодлогод зайлшгүй тусах хэрэгтэй болж байгаа юм.
“Стратегийн орд дээр төр тэдэн хувьтай байх ёстой гэж ярьдаг хүмүүсийн тоо багасаад л байгаа” хэмээн Төрийн тэргүүн хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан. Уул уурхайн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг 2006 оны Ашигт малтмалын хуулиар тогтоочихсон. Харин шинэ хуулийн төслөөр бол стратегийн орд гэж шинээр зарлахгүй, тэр дундаа төр 34 хувь, 51 хувийг эзэмшинэ гэсэн концепци байхгүй болох ажээ. Хуулийн төсөлд стратегийн 15 орд дээр нэмэхгүй, хасагдах байдлаар явах ба хожим хойно төр хувь эзэмших асуудал ч мөн байхгүй болохоор байгаа юм.
Эцсийн дүндээ Бодлогын баримт бичигт Стратегийн ордтой холбоотой асуудлыг яаж тусгахаас шалтгаалж, төрийн хувь эзэмшил, стратегийн гэсэн ангилал цаашид бий эсэх асуудал тодорхой болох биз ээ.
Орхигдсон геологи хайгуул Төрийн анхааралд
Эрдэс баялгийн салбар гэхээр уул уурхай, тэр дундаа ашиглалт гэж хавтгайруулан ойлгож буйг цаашид өөрчлөхөөс аргагүй болж байна. Эхлээд геологи судалгаа явж байж дараа нь ашиглалт, олборлолтын асуудал яригддаг бол манайд өнөөдөр эрэл, геологийн шинжлэх ухаан орхигджээ. Тиймээс ч уул уурхайн салбарын гурван гол асуудал буюу “геологи хайгуул, бэлтгэл, орд ашиглалт” гэсэн дарааллаар анхаарч ажиллах ёстойг Төрийн тэргүүн хэлсэн ба үүнд салбарынхан ч санал нэгдэж байгаа.
Ашигт малтмалыг эрэх хайх, нөөц тогтоох ажлыг төр хийхээ болиод хөрөнгө мөнгөнөөс үүдэлтэйгээр хувийн хэвшилд лиценз олгох төдий болсон нь сүүлийн хэдэн жилийн дүр зураг. Ашигт малтмал олох л юм бол хайгуулын лицензийг шууд ашиглалтын болгодог хууль үйлчилж байгаа энэ нөхцөлд газар доорх нөөц баялгаа төр мэдэхгүйгээр бодлого боловсруулах ямар ч боломжгүй юм. Тийм ч учраас Геологийн салбараа түлхүү анхааръя гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг манай геологийнхон дэмжиж, аль хэдийнэ санал боловсруулан Ажлын хэсгийнхэнд танилцуулахад бэлэн болжээ.
Заавал төчнөөн сая тонны, тэдэн орд ашиглана, бүс нутгийг тэгж хөгжүүлнэ гэсэн бөөн тоонуудаас зайлсхийж, эзэн биегүй хоосон уриа лоозон, улс төрийн амлалтаас татгалзаж, геологийн салбарт бий болсон хүндрэлүүдийг бүрэн шийдсэн зарчим бүхий Төрийн бодлого гарч ирээсэй хэмээн тэд хэлж байгаа юм. Геологийн алба байгуулах, гадна дотны хөрөнгө оруулалттай компаниудыг геологи, хайгуулын ажилд хэрхэн оролцуулах, гэхдээ урьдынх шиг хүссэн болгонд лиценз өгөх байдлаар биш, бүрэн чадавхитай компаниудыг сонгон шалгаруулалтын журмаар сонгож ажиллуулах зэрэг үндсэн санаанууд Эрдэс баялгийн бодлогод тусгагдана гэдгийг Ажлын хэсгийн гишүүд онцолж байна.
Лицензийг цэгцэлснээр уул уурхай зөв голдиролд орно
Уул уурхайн салбар нэг талаасаа хөгжиж, идэвхжиж байгаа хэрнээ нөгөө талдаа “лиценз” нэрийн дор Монголын газар нутгийн дийлэнх хэсэг буруу замаар гадаадынхны мэдэлд очсон байдаг. Тийм ч учраас 2010 оны дөрөвдүгээр сард Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс ашигт малтмалын хайгуулын лиценз олгох ажлыг зогсоох шийдвэр гаргасан юм.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төсөл бэлэн болох хүртэлх хоёр жилийн хугацаанд лиценз шинээр олгогдоогүй ч зарим нэг хууль бус үйлдэл гарсныг эс тооцвол уул уурхайн салбарт гарсан энэхүү гаж үзэгдэл ерөнхий дүр зургаараа засарч байгаа гэж хэлж болно.
Монгол Улсад одоогийн байдлаар ашигт малтмалын 2253 хайгуулын лиценз, 1255 ашиглалтын лиценз байгааг холбогдох газрууд мэдээлж байгаа. Энэ бүхний ард үйл ажиллагаагаа явуулж буй болон ирээдүйд ашиглагдах уурхай байна гэсэн үг. Юутай ч Төрийн тэргүүн дахиж хайгуулын лиценз олгогдохгүй, дээрх тоонууд хоёр сая гаруй хүн амтай Монгол улсын хувьд хангалттай гэдгийг хэлж байгаа. Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээ 2008 онд 49,4 сая га байсан бол өнөөдөр 20 сая га болж багасаад байгаа юм.
Шинэ хуулийн төслөөр бол эрэх, хайх, олборлох, ашиглах гэсэн геологи, уул уурхайн дөрвөн төрлийн тусгай зөвшөөрөл буюу лиценз олгогдохоор байгаа. Гэхдээ энэ нь одоогоор хуулийн төсөл дээр бий болсон заалт хэдий ч Эрдэс баялгийн бодлогод лицензтэй холбоотой асуудал хэрхэн тусгагдах нь тодорхойгүй. Юутай ч ашиглалтын лиценз бүрийн ард уурхай байна гэж тооцвол бодлого энэ чиглэлээр даацтайхан гарч ирэх болов уу гэсэн таамгийг уул уурхайн салбарынхан дэвшүүлж байна.
Г.Идэрхангай