Авлигын эсрэг хуульд “...Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтэлнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд, Засгийн гишүүд зэрэг нийт 237 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрэн эхээр нь нийтэлсэнийг www.mminfo.mn сайтад мэдээлжээ.
Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын 74 гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөсөн байдлыг харвал ихэнх нь хууль зөрчсөн байх юм. УИХ-ын 19 гишүүнээс бусад нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа, “Эрдэнэс МГЛ” компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцаагаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй аж.
УИХ-ын тогтоолын дагуу Монгол улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшиж байгаа. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэн бүрийн дансанд уг хувьцааг автоматаар шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш уг хувьцаанд ямар нэг өөрчлөлт хөдөлгөөн ороогүй юм.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ-ын 55 гишүүн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэхүү хувьцаагаа мэдүүлээгүй байна. мөн Засгийн газрын гишүүн Н.Удвал, А.Гансүх болон хэд хэдэн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа “мартжээ”.
,Гадаад, дотоодод хаана ч бүртгэлтэй бай ямар нэг компанийн ганц ширхэг хувьцаа ч эзэмшдэг байсан түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэх үүрэгтэй. Магадгүй эрхэм төрийн түшээд мартсан, анзаараагүйгээс бөглөөгүй байх. Энгийн нэг иргэнээс “Эрдэнэс Тавантолгой”-н хэдэн хувьцааг эзэмшдэг вэ гэж асуувал бүгд1072 ширхэг гэж хариулна. Харин манай УИХ-ын гишүүд энэ хувьцааг эзэмшдэггүй, эсвэл эзэмшдэгээ мэддэггүй байж магадгүй байна.
Хөрөнгө орлоыг мэдүүлгээ санамсаргүйгээр дутуу бөглөж, хувьцаа эзэмшдэг компанийнхаа нэрийг дурдаагүй албан тушаалтан ямар хариуцлага хүлээдгийг УИХ-ын гишүүн С.Баярцогтын жишээ харуулсан. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа бөглөөгүй түшээд ямар хариуцлага хүлээх бол?
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа мэдүүлсэн УИХ-ын гишүүд:
1. А.Бакей
2. О.Баасанхүү
3. М.Энхболд
4. Н.Батбаяр
5. Б.Бат-Эрдэнэ
6. С.Бямбацогт
7. Л.Гантөмөр
8. Ц.Нямдорж
9. С.Одонтуяа
10. Я.Содбаатар
11. М.Сономпил
12. Ч.Хүрэлбаатар
13. Д.Хаянхярваа
14. Ц.Цолмон
15. Н.Энхболд
16. М.Энхболд
17. Ж.Энхбаяр
18. С.Эрдэнэ
19. Л.Эрдэнэчимэг
С.Болд