Үндэсний статистикийн газрын мэдээлж буйгаар Монголын эдийн засгийн өсөлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 7.2 хувь болж буурчээ. Харин нийт экспорт 1.21 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар багасчээ. Ийнхүү өсөлт буурахад экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ буурсан нь голлон нөлөөлжээ. Өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 16.7 хувьтай гарч байсан. Гэсэн хэдий ч 2012 оны жилийн эцсийн байдлаар өсөлтийн үзүүлэлт 12.3 хувьтай гарч буурч байсан билээ. Энэхүү бууралт нь Монголын экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрсний үнийн уналттай голлон холбоотой байсан юм. Нүүрсний үнийн бууралт он дарааллан үргэлжилж буй тул энэ онд ч уг түүхий эдийн экспортын орлого ихээхэн танагджээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол улс нийтдээ 5 сая тонн нүүрс экспортолж 338.9 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оныхоос үнэлгээний хувьд 71 хувиар буурчээ.
Зэсийн баяжмалын экспортын тухайд эхний дөрвөн сард 186 мянган тонныг нийлүүлж, 276.6 сая долларын орлого олсон нь өнгөрсөн оныхоос ялимгүй өсөлттэй байна. Харин төмрийн хүдрийн экспорт жингийн хувьд 1.9 сая тонн, орлогын хувьд 220 гаруй сая ам.доллар болжээ. Тодруулбал төмрийн хүдрийн экспорт жингийн хувьд өсөөгүй ч, орлогын хувьд 60 орчим хувиар нэмэгджээ.
Б.Төгс