Э.Хулан
Эрчим хүчний салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй явсаар өдгөө 20 жилийн “ойгоо” тэмдэглэж байна. Тэгш тоот “ойн” босгон дээр Засгийн газраас бөөн бөөн “бэлэг” зэхжээ. Жилийн жилд “татаас” нэртэй бялуу өгөхөөс залхсан бололтой. Өнгөрсөн онд 39.8 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт өгчээ. Харин энэ жил “хөрөнгө оруулалт” нэртэй “бэлэг” энэ салбарыг хүлээж байна. Энэ “бэлэг” дунд эрчим хүчний шинэ станцуудын хэд хэдэн төсөл багтаж байгаа юм.
1983 онд Дөрөвдүгээр дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор манай улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлыг өнөөгийн хэмжээнд аваачсан байна. Гэхдээ өдийг хүртэл суурилагдсан хүчин чадлын тоонд багахан хэмжээний л өөрчлөлт оржээ. Харин эрчим хүчний хэрэглээний эрэлтийн төлөв хэд дахин нэмэгдсэн байгаа юм. Тодруулбал, Төвийн эрчим хүчний систем 813.3 мВт хүчин чадал эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бол хэрэглээний өсөлтийн төлөв өнгөрсөн оны байдлаар 819 мВт болсон байна. Энэ нь суурилагдсан хүчин чадлаасаа хэдийнэ давж, дутагдалд орсныг харуулж байгаа юм. Энэ онд 874 мВт цахилгаан хэрэглэх төлөвтэй байгаа нь өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг суурилагдсан хүчин чадлаараа хангах бололцоогүй болсныг илтгэж байна. Энэ нөхцөл байдлыг Засгийн газрын “бэлэг” өөрчлөх ёстой юм.
“Бэлэг”-ний уутанд чамгүй олон төсөл багтаж байна. Эхний ээлжинд Дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцыг 100 мВт-аар өргөтгөхөөр болж, турбин генератороо ОХУ-д захиалжээ. Өргөтгөл 2014 оны зун ашиглалтад орох төлөвтэй байна. Ойрын хоёроос гурван жилийн Төвийн эрчим хүчний системийн цахилгааны эрэлтийн өсөлтийг энэ өргөтгөл хаана. Түүнчлэн Гуравдугаар Дулааны цахилгаан станцыг 50 мВт-аар өргөтгөх шийдвэр гарсан байна.
Мөн сүүлийн арав гаруй жил ярьсан Тавдугаар дулааны цахилгаан станцыг Хөлийн голд барихаар шийдэж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгүүлж байгаа юм. Үүний дараа барилга угсралтын ажлын эхлэх хугацаа тодрох бололтой. Түүнчлэн Амгалангийн Дулааны станцын барилга угсралтын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлжээ. Үүнээс гадна 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгойн Дулааны цахилгаан станцын эхний ээлжийн санхүүжилт болох 50 сая ам.долларыг “Чингис” бондын мөнгөнөөс гаргахаар болсон гээд биднийг баярлуулах “бэлэг” цөөнгүй байна.
Эрчим хүчний салбарынхан “ойн” арга хэмжээндээ тун ч сайн бэлдэж байна. Тэд хомсдол, дутагдлаа нөхөхөөс гадна тун ч өөдрөг төсөөлөлтэй байгаа юм билээ. Шаардагдаж байгаа эрчим хүчээ дээрх төслүүдийн тусламжтайгаар нөхөх бололцоотой төдийгүй алсдаа эрчим хүч экспортлогч улс болох зорилт тавьжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд дараах төслүүдийг хэрэгжүүлэн, үйл явцыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Багануурын 700 мВт-ын Дулааны цахилгаан станцын төсөл
Багануурын нүүрсний ордыг түшиглэж 700 мВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх юм. Багануурын Дулааны цахилгаан станц төвийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэхээс гадна Дорнод бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчдэд цахилгаан түгээнэ. Түүнчлэн Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, говийн бүсэд ч эрчим хүч өгөх бололцоотой. Тухайлбал Даланзадгад хотыг Багануурын 700 мВт-ын цахилгаан станцын эрчим хүчээр хангана. Энэ төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг Хятадын CMEC компани хийж байна.
Баруун бүсийг эрчим хүчээр хангах Нүүрст хотгорын цахилгаан станцын төсөлУвс аймгийн Нүүрст хотгорын ордыг түшиглэн 60 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төсөл дээр салбарын яам ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр Баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчид найдвартай цахилгааны эх үүсвэртэй болох юм. Энэ бүсийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг Оросоос 100 орчим төгрөгөөр импортолж авдаг. Оргил ачаалал өнгөрсний дараа эрчим хүчээ эргээд экспортлохдоо 35 орчим төгрөг буюу гурав дахин хямд үнээр зардаг юм билээ. Түүнчлэн энэ цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар Оростой хил залгаа боомтуудыг хөгжүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.
Эг, Шүрэнгийн голын Усан цахилгаан станцын төсөлЭг, Шүрэнгийн голын 220-300 мВт-ын хүчин чадалтай Усан цахилгаан станцыг барих ажил Засгийн газрын ээлжит санхүүжилтээр сүндэрлэх бололцоотой. Сэлэнгэ мөрөн дээр барих Шүрэнгийн цахилгаан станцын ТЭЗҮ-ийг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж байгаа бөгөөд хүчин чадлыг нь 300 мВт гэж тооцож байна. Харин Эгийн голын Усан цахилгаан станцын нийт хүчин чадал 220 мВт. Энэ хоёр цахилгаан станцыг барьснаар төвийн эрчим хүчний систем найдвартай ажиллаж, цаашдаа эрчим хүчний экспортлогч орон болоход түлхэц өгөх юм.
Шивээ-Овоогийн 300 мВт-ын Дулааны цахилгаан станцын төсөлШивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэж 300 мВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэхээр Эрчим хүчний яам ажиллаж байна. Шивээ-Овоогийн нүүрсний орд нь Дөрөвдүгээр дулааны цахилгаан станцын нүүрсний 90 хувийг дангаар хангадаг аж. Мөн Чойбалсангийн Дулааны цахилгаан станцыг 50 мВт-аар өргөтгөхөөр яамныхан хэлэлцэж байгаа юм.
Цаасан дээр буусан эдгээр төсөлд хөрөнгө оруулалт хийж, бодит амьдрал дээр ажил хэрэг болговол жилийн жилд алдагдалтай ажиллаж, татаас авдаг салбарыг хөл дээр нь босгох боломжтой. Экспортод гардаггүй хүрэн нүүрсээ ашиглаж, анхны хөрөнгө оруулалтаа 10 жилийн дотор бүрэн нөхөж, цаашлаад уул уурхайгаас ч их хэмжээний мөнгө босгох боломжтой төслүүд гэж мэргэжилтнүүд нь үнэлж байна. Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар “Шүрэнгийн усан цахилгаан станц дээр 50 орчим боомт барина. Анхны хөрөнгө оруулалт нь 450 орчим сая.ам доллар болж байгаа юм. Манай улс ОХУ-аас 8 центээр 1кВт/цаг авч байна. Шүрэнгийн усан цахилгаан станц оргил үедээ 300 мВт, оргил бус үедээ 120-260 мВт-аар ажиллах боломжтой. Энэ үйлдвэрлэсэн эрчим хүчийг Төвийн эрчим хүчний системд худалдаж болно шүү дээ. Оросоос 8 центээр авахын оронд дотоодын эх үүсвэрээс 6 центээр авч болох тооцоог ерөнхий байдлаар хийлээ. Ингэж авахад Шүрэнгийн усан цахилгаан станц жилдээ 90 орчим сая ам.доллар олно. Өөрөөр хэлбэл анхны хөрөнгө оруулалтаа 8-9 жилийн хооронд нөхнө” гэсэн юм.
Түүнчлэн Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын түлшний хэлтсийн дарга Н.Болдхүү “Чандаганы 3600 мВт-ын цахилгаан станцад эхний ээлжинд 5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Жилдээ тэрбум ам.долларын орлого олно. 7-8 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөөд, цаашдаа 30 жил эдийн засгийн үр ашиг өгнө шүү дээ. Тавантолгой, Оюутолгой шиг л мөнгө олно гэсэн үг” гэж эрчим хүчний төслүүдийн үр ашгийн үнэллээ.
Эрчим хүчний салбарт төрөөс хэзээ, ямар “бэлэг” өгч, хөрөнгө оруулалт хийхийг одоо хүлээх л үлдэж байна.