Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

“Зөвлөл хариу өгөхгүй бол зөвшөөрөхгүй гэсэн үг, гэхдээ ийм тохиолдол маш цөөн”

Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Р.Болдтой ярилцав. 

Монгол Австрали улсын хооронд ямар харилцаа, ямар салбарт түлхүү хөгжиж байна вэ? Энэ хандлага ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх, өргөжин тэлэх төлөвийг Та төсөөлж байна вэ? 


Манай Ерөнхий сайдын 2011 онд Австралид хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцаанд боловсрол, шинжлэх ухаан, уул уурхай, хөдөө аж ахуй, жуулчлал гэсэн үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Үүн дээр энхийг сахиулах хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Уг нь бүх зүйл санаснаар болдог бол газар зүйн бэрхшээлийг л эс тооцвол Монгол, Австралийн харилцаа шиг амжилттай хөгжих тийм хоёр талын харилцаа ховор. Иймд ирээдүйн төлөв   нартай өдөр шиг л байна.

Монгол, Австрали хоёр улсыг адилтгах ижил төстэй талууд бий юү? 

Хэлбэр талаас нь олон төстэй талыг дурдаж болно. Австрали далайгаар, Монгол хуурай газраар хүрээлэгдсэн, Австрали хөдөө аж ахуй, мал аж ахуйн орон энэ үүднээс сэтгэл зүйн хувьд төстэй талууд бий, Австрали байгалийн үзэсгэлэнт орон гэх мэт. Бас Монголыг санаг­дуулахаар үйл хөдлөл улс төрийн амьдралд нь ч, жирийн хүмүүсийн амьдралд ч их байх шиг.

Австрали бол уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа улс. Австралийн туршлага хэмээн монголчууд их ярьдаг. Таны бодлоор манай улсын эрдэс баялгийн салбарт Австралиас суралцах зүйл, мэдлэг туршлага юу байна вэ?

Манайд Австралийн туршлага гэж ярьдаг бол сайн л байна. Австралийн ДНБ-ий 10 орчим хувийг уул уурхайн үйлдвэрлэл эзэлдэг, цаашид ч 2020-иод он хүртэл энэ салбар эрчимтэй хөгжих хандлагатай байна. Австралид уул уурхайн төслүүдийг хувийн компаниуд дангаараа хэрэгжүүлдэг,  Засгийн газар нь татвар, хөрөнгө оруулалтын орчноо л тогтвортой байлгах замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарна, өргөн уудам нутагтай Австрали дэд бүтцээ хэрхэн шийдсэнээс суралцах нь зүйтэй мэт,  ажиллах хүчин харьцангуй цөөн  улсад уул уурхайд ашиглаж буй шинэ технологи чухал. Бусдыг дууриах дуртай бол Австралийн уул уурхайн мэргэжлийн сургалтын аргачлал, стандарт гээд бэлэн жор байна шүү дээ.

Австрали улсын уул уурхайн салбартаа баримталдаг бодлогыг Та хэрхэн тодор­хойлох вэ?

Австрали нь Холбооны засаглалтай. Зур­гаан мужтай, мужийн Засгийн газар нь  маш их эрх мэдэлтэй, тухайлбал уул уурхайн хайгуулын, ашиглалтын  тусгай зөвшөөрлийг хариуцдаг. Уул уурхай нь ажлын хамгийн олон байрыг бий болгодог салбар, энэ салбараас хураасан татварын орлогыг томоохон дэд бүтэц, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, тэтгэмжид зарцуулж байна. Уул уурхайн бодлого нь байгаль орчиндоо ээлтэй, орон нутгийнхаа хөгжлийг дэмжихэд чиглэсэн, технологид түшиглэсэн, үүний зэрэгцээ уул уурхайн үсрэнгүй өрнөлт бол түр зуурынх гэдгийг байнга тооцсон гэж хэлж болох байх. Мэдээж эдгээр бүх зүйл   санаснаар сайхан явж байгаа гэвэл тийм биш. Гэхдээ гольдрилдоо орсон, ойлгомжтой, бүгд хүлээн зөвшөөрсөн зарчим. Гол нь эдийн засаг нь тэнхээтэй учраас уул уурхайд түшиглэсэн байдлаас хөрвөн гарч чадна.

Нүүрсний зах зээл нэг хэсэгтээ барагдахгүй
 
Австрали улс түүхий эдийн боловсруулалтыг төдий л дэмждэггүй. Асар их нөөцтэй нүүрсийг байгаль орчноо хамгаалах үүднээс түүхийгээр гаргахыг чухалчилдаг. Энэ бодлогын талаар Таны бодлыг сонсмоор байна?

Одоогоор Австралийн нийт эрчим хүчний 75 хувийг нүүрснээс гаргадаг. Иймд төрөөс цаг уурын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөхгүйн тул  нүүрсхүчлийн хийд оногдуулдаг татварыг 2012 оноос бий болгосон. Тиймээс компаниуд нүүрсийг түүхийгээр нь гаргахаас аргагүй болж байгаа юм. Нүүрснээс шингэн гаргах технологи, үйлдвэрлэл ч явцуухан хөгжсөн. Харин сэргээгдэх эрчим хүчийг илүүтэй дэмжиж байна.  2020 он гэхэд нийт эрчим хүчний 20 орчим, 2035 онд  бүр 40 хувийг салхи, нар зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс авах зорилт тавьсан. Австрали нь өмнөд Номхон далайн цөмийн зэвсэггүй бүсийн бүрэлдэхүүн. Ураны нөөцөөр Австрали дэлхийд нэгдүгээрт орно, гэхдээ АЦС барихгүй, ураныг зөвхөн исэл байдлаар буюу нунтаг хэлбэрээр экспортолдог, уран гэж ярих дуртай бидний хувьд ийм л бодлого зохих юм шиг.

Австраличууд нүүрсний экспортод нь, ялангуяа Хятад дахь нийлүүлэлтэд нь шинэ өрсөлдөгч гарч ирсэнд ямархуу хандлагатай байдаг бол?


Мэдээж өрсөлдөөн амжилтын үндэс. Гэхдээ Австрали, Монгол хоёр өрсөлдөгч гэдгийн хувьд би санал нэг их нийлдэггүй. Дээр нь Монголын нөхцөл байдлыг хараад хэн ч биднийг өрсөлдөгч гэж хэлэхгүй. Австрали 2012 онд 170 сая илүү тонн нүүрс экспортолсон байна. Үүний жар илүү хувийг нь тогтсон хоёр зах зээлд гаргадаг. Тухайлбал Япон, Өмнөд Солонгос. Харин хорин хувийг нь БНХАУ худалдсан авсан байна. Энэ нь БНХАУ-ын гаднаас авч байгаа нүүрсний 16 хувь. Ер нь БНХАУ-ын нүүрсний импортын дөрөвний нэг хүрэхгүй хувийг Монгол, Австрали хоёр эзэлнэ. Тэгэхээр  БНХАУ-ын эрчимтэй хөгжиж байгаа эрчим хүчний түүхий эдийн зах зээлийг эзлэх талаар Монгол, Австрали өрсөлдөх юм шиг ойлголт байдаг бололтой. Хятадын хөгжлийн төлөв, үүнийг дагаад эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэнэ, мөнх биш гэхдээ дунд хугацаандаа тогтвортой өснө. Өөрөөр хэлбэл зах зээл нэг хэсэгтээ барагдахгүй. Иймд БНХАУ-ын зах зээл дээр ажиллах талаар хоёр тал харин ажлаа уялдуулж, зохицуулж, зөвлөлдөж болох юм.  
 
Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг Австралийн туршлага Монголд хэрэгтэй гэж үздэгтэй Та санал нийлэх үү? Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан Зөвлөлийн ажиллах зарчим, шийдвэр гаргах явцын талаарх мэдээлэл сонирхолтой байна?  

Австралийн хөгжлийн хөдөлгүүр нь гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онд дээд хэмжээндээ 500 илүү тэрбум долларт хүрсэн. Үүний 32 хувь нь уул уурхайн салбарт. Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах Зөвлөл гэж Сангийн сайдын удирдлага дор ажилладаг. Зөвлөл нь ердөө л таван гишүүнтэй, тэдгээр нь манайх шиг дарга нар биш. Үл хөдлөх хөрөнгө, газар, төрийн өмчит гадаадын компаниуд Австралийн аж ахуйн нэгжийн тодорхой хувийг худалдан авсан тохиолдолд энэхүү зөвлөлөөс заавал зөвшөөрөл авна. Австралийн эдийн засгийн хоёрдогч том хөдөлгүүр нь хөдөө аж ахуйн салбар учраас газар худалдан авах асуудлыг хяналтдаа байлгадаг. Гадны иргэд газар худалдан авах эрхтэй, гэхдээ зөвшөөрөл авна. Гадаадын хувийн хөрөнгө оруулалттай компаниуд Австралид 244 сая австрали доллараас дээш хөрөнгө оруулалт хийвэл Зөвлөлөөс зөвшөөрөл бас авна. Жилдээ зөвлөл арван мянга гаруй өргөдөлд хариу өгдөг гэж бидэнд ярьж байсан, хөрөнгө оруулагчдад өргөдлөө гаргаснаас хойш 30 хоногийн дотор тус Зөвлөл хариуг нь өгөх үүрэгтэй. Хариу өгөхгүй бол зөвшөөрөхгүй гэсэн үг, гэхдээ ийм тохиолдол гарын арван хуруунд багтахаар байдаг гэсэн.

200 компанийн тал нь Оюутолгойн ханган нийлүүлэгч

Австралийн хайгуулын их олон компани Монголд лиценз эзэмшдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийн улмаас эдгээр компани Монголоос олноор гарч байна. Энэ талаар Танд тодорхой мэдээлэл бий юү?  Австралийн хөрөнгө оруулагчдын Монголын талаарх үнэлэмж ямар байна вэ? Энэ үнэлэмж сүүлийн үед өрнөж буй Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төсөл зэрэг үйл явцаас үүдэж өөрчлөгдөж байна уу?

Австралийн 200 хүртэл жижиг, дунд компани шууд шууд бус байдлаар  Монголтой холбогдох бизнест оролцож байна. Эдгээрийн тал нь Оюутолгойн ханган нийлүүлэгч байгаа болов уу. Австралийн 45 компани манай улсад төлөөлөгчтэй, тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг олзуурхмаар үзүүлэлт. Би энд “олзуурхмаар” гэдгийг “гуравдагч хөршийн бодлого” гэдэг талаас нь л харж хэлж байна.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсаны дараа Австралийн Засгийн газар нэг бус удаа дурамжхан байгаагаа  бидэнд илэрхийлсэн. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдын идэвхтэй байдал намжсан гэх үү дээ. Зарим нь бидэнд хандаж, та нар хөрөнгө оруулсан ганц том компанитай ажиллаж чадахгүй байхад одоо яадаг билээ гэх нь ч бий. Зарим нь бид ер нь юу хийчихвээ гэж харамсах нь ч байна. Хөрөнгө оруулагчийн амнаас ийм үг сонсоход амаргүй шүү дээ.

Ер нь Монголыг Австралид мэдэхгүй шүү дээ. Монголын талаар мэдээлэл бараг байхгүй. Бид газрын баялагтай, биднийг дэлхий мэднэ гэдэг бодол бидний том алдаа. Иймд өөрсдийгөө таниулж мэдүүлэхэд л анхаарлаа тавьж байна. Гадаадын хөрөнгө оруулагчийн талаарх гадаад ертөнц, бидний хооронд байгаа сэтгэлгээний энэ ялгааг тайлбарлах бас амаргүй, тэгэхээр нөгөөх ардчилал, зах зээлийн эдийн засгийн зарчим, чөлөөт өрсөлдөөн, АПЕК-ийн гишүүн болох зорилт энэ бүхэн чинь бидний хувьд хоосон лоозон болж байгаа ч юм шиг бусдад санагдана шүү дээ. 

Тавдугаар сард Австралийн Нөөц баялаг, эрчим хүчний сайд ба Монголын Уул уурхайн сайд нарын уулзалт болох нь. Уулзалтын зорилгыг “Рио Тинто” болон Монголын Засгийн газрын хооронд үүсээд буй асуудлыг эв зүйгээр шийдэх боломжийг эрэлхийлж байна гэж ойлгож болох уу? 


Австралийн Эрдэс баялаг, эрчим хүч, аялал жуулчлалын сайд асан Фергусон Монголд айлчлах гээд хоёр ч удаа товлоод бүтсэнгүй. Нэг нь МИАТ-тай холбоотой, нөгөөх нь өөртэй нь холбоотойгоор хойшлогдсон. Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нь аялал жуулчлалаа бас хариуцна. Үгүй тэгээд, танайд очих гээд Австралиас Инчон дээр очоод МИАТ-ын нислэгийг хэдэн цаг хүлээгээд болохгүй болохоор буцлаа гээд ярихаар бидэнд таатай байх уу. Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Г.Грейтэй манай Уул уурхайн сайд Д.Ганхуягтай Сиднейд удахгүй уулзана. Мөн уул уурхайн хамтын ажиллагааны асуудлаар хоёр Яамны ажлын хэсгийн хоёр дахь удаагийн уулзалт энэ үеэр болно.
  • Зочин (68.50.135.75)
    Saikhan yriltslag bn Medej avmar um
    2013 оны 05 сарын 20 | Хариулах