Роснефть компани нь одоо дамжуулж байгаа 35 сая тоннын 20 саяыг Дорнод Сибирь-Номхон далай, 15 сая тонныг Сковородино-Мохэ, үлдсэн хэсгийг Козьмино боомт гэсэн гурван чиглэлээр Хятад руу нийлүүлдэг газрын тосны одоогийн 15 сая тонн хэмжээг 31 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн 2014 оноос эхлэн 7 сая тонн газрын тосыг Казахстаны Атасу-Алашанькоугийн хоолойгоор транзит тээвэрлэхээр төлөвлөж байгаа боловч экспортын татварын улмаас 80 тэрбум рублийн алдагдал хүлээх магадлалтай аж. Харин Транснефть компани нь 2007 он хүртэл таван тонн газрын тосыг Монгол улсаар дамжуулан гаргадаг байсан зам ачаалал харьцангүй багатай гэж үзэж байгаа юм.
Гэтэл ирэх долдугаар сард эхлэх ёстой Дорнод Сибирь-Номхон далайн чиглэлийн газрын тос дамжуулах хоолойг өргөтгөх ажлын санхүүжилтийн асуудал Оросын монополь хоёр компанийн хооронд дахин маргаан дэгдэхэд хүргэв. Дамжуулах хоолойн өргөтгөлийг Роснефть компани дангаар санхүүжүүлэхгүй гэдгээ тус компанийн Ерөнхийлөгч Игорь Сечин мэдэгджээ. Тэрээр “Манай компани бүтээгдэхүүнээ зах зээлийн үнэд нийцүүлэн худалдах, тээвэрлэлтийн зардлыг нь төлөх үүрэгтэй. Харин тээвэрлэлтийн нөхцөл боломжийг бүрдүүлэх нь Транснефтийн асуудал” хэмээжээ. Транснефть компанийн тэргүүн Игорь Токарев “Роснефть өөрдсөө энэ чиглэлийг сонгосон учир манай компани тэдний “хүсэлт”-ийг биелүүлэхийн тулд хөрөнгө гаргах учиргүй” хэмээн хариу мэдэгдсэн байна.
Роснефть, Транснефть компаниуд 2011 оноос эхлэн жилд 15 сая тонн газрын тосыг 20 жилийн хугацаатай Хятад нийлүүлэх гэрээний дагуу 2009 онд 25 тэрбум ам.долларын зээл Хятадын талаас авсан билээ. Ингэхдээ 2030 он гэхэд нийт 300 сая тонн газрын тос нийлүүлэх учиртай. Энэхүү 15 сая тонныг 25 жилийн хугацаанд 50 сая тонн болгон нэмэгдүүлэхээр энэ жил нэмж 2 тэрбум ам.долларын зээл тусламж аваад буй.
Э.Од