Монгол улсын Ерөнхий сайд
Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй долоо хоног бүр “Ерөнхий сайдын 30 минут”
нээлттэй уулзалтыг зохион байгуулж байгаа. Уг уулзалтаар Засгийн газрын
өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, сэтгүүлчдийн
сонирхсон асуултад хариулт өгдөг. Энэ удаад хөндөгдсөн уул уурхайн
салбартай холбоотой зарим асуултыг хариултыг хүргэж байна.
“Урт
нэртэй хууль” батлагдсанаас хойш уул уурхайн зарим компани үйл
ажиллагаагаа явуулахаа больсон. Тэдэнд нөхөн олговор олгох тухай
асуудлыг ярьдаг ч энэ ажлыг хэдийд шийдвэрлэгдэх вэ?
“Урт
нэртэй хууль”-д хоёр төрлийн асуудал бий. Нэг нь, голын эх хавиар, нөгөө
нь ойн сав газарт байгаа алтны уурхайнууд. Эдгээр алтны уурхайг хаах
шийдвэрийг өмнөх УИХ, Засгийн газар гаргасан. Энэ хууль тийм ч амар
хялбар хэрэгжихгүй байна. Эсэргүүцэлтэй ихээхэн тулгарч байна. Нэгэнт
хөрөнгөө оруулчихсан компаниуд бид хөрөнгөө яах вэ гэсэн асуудлыг зүй
ёсоор тавьж байгаа.
Гэхдээ бид компаниудыг нөхөн сэргээлтээ
үнэхээр хийж чадаж уу үгүй юу гэдгээр нь авч үзэж байгаа. Үйл
ажиллагаагаа зогсоосон компаниуд нөхөн төлбөрөө авах учиртай. Гэтэл тэд
олигтой нөхөн сэргээлт хийж чадахгүй байна.
Хятадын “Чалко”
компанид нүүрсээ алдагдалгүй нийлүүлж байгаа гэж Засгийн газар мэдэгдэж
байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол улс хэчнээн доллароор нүүрсээ борлуулж
байна вэ?
“Чалко”-гоос манай улсад 186 сая долларын өр
үлдсэн байгаа. Энэ компаниас 350 сая доллар зээлж аваад тараагаад
дуусгачихсан шүү дээ.
Ямартай ч нүүрсний борлуулалтаараа дарсаар
байгаад 186 сая доллар үлдсэн. Үүнийг бүрэн дарж дуусгахын тулд
“Эрдэнэс Тавантолгой” таван сарын турш “Чалко”-д нүүрсээ нийлүүлнэ.
Таван
сарын дараагаас ашгийн тухай ярьж болно. Засгийн газар маш хүнд
хөдөлмөр эрхэлж байна. Учир нь уурхай ажиллаад, нүүрсээ гаргаад байгаа
хэрнээ мөнгө орж ирэхгүй байгаа. Таван сарын хугацаанд 3,5 сая тонн
нүүрс нийлүүлнэ.
“Чингис бонд”-ын мөнгөөр санхүүжүүлж
байгаа маш олон ажил бий. Энэ бүхэнд ямар хяналт тавьж байгаа вэ.
Бондоос зарцуулагдаагүй хэчнээн хэмжээний мөнгө үлдсэн бэ?
Тодорхой
төсөл хөтөлбөрүүдийг “Хөгжлийн банк” хяналтын бүтцээрээ үзэж хянаад,
мөнгөө гаргаж байгаа. Үүнд дээр бусад хөдөлмөрийн хяналтын байгууллага
ажиллах шаардлагатай. Бондоос 400 орчим сая доллар үлдсэн.
“Оюутолгой” компанид баримтын шалгалт оруулсан. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
“Оюутолгой”
компанийн хувьд баримт материалуудаа гаргаж өгөх байдлаар ажиллаж
байгаа. Энэ бүхэн үнэхээр зарцуулах ёстой зардал байв уу, хоосон нэмэлт
зардал байв уу. Манай зүгээс өгөх ёстой зөвшөөрөл энэ тэрийг нь
удаашруулсан тал бий.
Хоёр тал зургаадугаар сарын 15-наас анхны бүтээгдэхүүнээ гаргая гэдэг дээр ярилцаж байгаа.
Г.Идэр