Уул уурхай
Рио Тинто ажилчдаа цомхотгож байна
2013-05-27
Дэлхийн уул уурхайн магнат “Рио Тинто” АНУ-ын Юта муж дахь
“Bingham Canyon” зэсийн уурхайнхаа 100 ажилчныг цомхотгоор шийдвэрлэжээ.
Тус компани үйл ажиллагааныхаа зардлыг танахын тулд ажилдчыг ийнхүү халж буй ажээ. “Рио Тинто”-гийн салбар
компани “Kennecott Utah
Copper” уг уурхайн үйл ажиллагааг хариуцдаг байна. Цаашдаа тус компани зардлаа
танах бодлого барих бөгөөд ингэхдээ ажилчдын эрх ашгийг аль болох хөндөхгүйг
хичээх болно гэдгээ мөн илэрхийлжээ. Энэхүү уурхай нь 100 гаруй жилийн түүхтэй
бөгөөд 2029 он хүртэл ажиллах боломжтой гэж “Рио Тинто” компани үзэж байна. Өнгөрсөн
дөрөвдүгээр сарын 10-нд тус уурхайд хөрсний гулгалт болж ихээхэн хэмжээний
тоног төхөөрөмжийг сүйтгэжээ. Энэхүү хохирлоос үүдэн уг зэсийн уурхайн
худалдааны алдагдал 700 сая гаруй ам.долларт хүрч болзошгүй байгаа юм. Одоогийн
байдлаар АНУ-д хоёр дахь томоохон зэсийн ордод тооцогддог “Bingham Canyon” уурхай жилдээ 235 мянган тонн
зэс, 379 мянган унц алт, 3.2 сая унц мөнгө, 15 мянган тонн молибден үйлдвэрлэж
байна. Өнгөрсөн 2011 оны сүүлээр хийсэн
судалгаагаар уг ордод 0.48 хувийн зэс, 0.30 гр/тонн, 2.10 гр/тонн мөнгө, 0.041
хувийн молибденийн агууламж бүхий 835 сая тонн хүдрийн нөөц буйг тогтоожээ.
Б.Төгс