Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Роснефть” газрын тосны эрэлд Японтой хамтарна

Оросын төрийн өмчийн газрын тосны магнат “Роснефть” газрын тосны хайгуулын үлэмж төслүүдийг эхлүүлэхээр гадны хэд хэдэн томоохон түнштэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа билээ. Үүнд АНУ-ын ExxonMobil, Италийн Eni, Норвегийн Statoil зэрэг түншлэгч компаниуд багтаж байна.

“Роснефть” хайгуул, олборлолтын ажилд хамтын ажиллагаагаа зөвхөн үүгээр хязгаарлаад зогссонгүй. Өчигдөр тус компани Японы “Inpex” компанитай газрын тосны хайгуулын төсөлд хамтрах гэрээ үзэглэжээ. Энэ хүрээнд хоёр байгууллага Охотскийн тэнгисийн Магадан боомтын орчимд газрын тосны хайгуул судалгаа хийх ажээ. Төслийн санхүүжилтийг хоёр тал нарийвчлан тодруулаагүй ч Японы тал санхүүжилтийн 50-75 хувийг хийхээр тохиролцсон байна. Төслийн 33.33 хувийг Японы компани эзэмшиж, үлдсэнийг Оросын тал хариуцах юм байна. Талууд хайгуулыг 2017 онд эхлүүлж, 2020 он гэхэд олборлолтын ажлыг хийж эхлэх төлөвтэй байна. Энэхүү хэсэгт нийтдээ 1.5 тэрбум тонн нефтийн нөөц байх боломжтой ажээ. Энэ нь Японы хувьд есөн жилийн газрын тосны импорттой тэнцэх хэмжээ ажээ.

Японы тухайд Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараа газрын тос, байгалийн хийн импортоо эрс өсгөөд буй. Оросоос импортлох байгалийн хийн хэмжээгээ ч нэмэгдүүлжээ. Одоогийн байдлаар Орос улс Японы байгалийн хийн нийт импортын 10 хувийг эзэлж байна. Нөгөөтэйгүүр Орос улс шинэхэн хамтрагчаа алдахыг хүсэхгүй байгаа бөгөөд өөртөө татах бодлого явуулж буйг шинжээчид тэмдэглэж байна. Оросын хувьд АНУ-ын шатдаг занарын салбарын “тэсрэлт” томоохон цохилт болж магадгүй юм.

Б.Төгс