1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292,6 га газрыг эвдрэлд оруулжээ. Үүнээс техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 9541,5 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476,2 га байгаа аж.
Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайн 50 хувьд нь нөхөн сэргээлт хийжээ. Мөн нөхөн сэргээлт огт хийгдээгүй 9751 га талбай байгаа юм байна.
Уул уурхайн яамны удирдлагуудын хэлж буйгаар, Монгол улсын хэмжээнд 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 4320,5 га талбай эвдэрч эзэнгүй орхигджээ.
2013 оны улсын төсөвт Уул уурхайн олборлолтоос эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийхээр нэг тэрбум төгрөгийг Уул уурхайн сайдын багцад тусгасан байна. Үүний дагуу эзэнгүй орхигдсон тооллоготой талбайнуудын аль хэсэгт, хичнээн хэмжээний талбайд нөхөн сэргээлт хийх талаар БОНХЯ-наас санал авч, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Уянга, Баруунбаян Улаан болон Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр зэрэг сумдын нийт 150 га талбайд нөхөн сэргээлт хийх тухай Уул уурхайн сайдын 98 дугаар тушаал гарчээ.
Г.Идэр