Тавантолгойн ордын хувьд Монголын
“Эрдэнэс Тавантолгой” ба Хятадын “Чалко” хоёр “нэг компани” болох ёстой
мэт санагдах боллоо. Энэ хоёр тэгэж ажиллахаас өөр боломжгүй, тэр нь ч
нийт Монголчууд бидэнд хэрэгтэй болж байх шиг. Яагаад гэвэл энэ хоёр
компани хэн хэн нь Тавантолгойн нүүрсийг Хятад, Азийн зах зээлд борлуулж
ашиг олох сонирхолтой нь үнэн бол дотоод болон гадаад нөхцөл байдал
үүнийг шаардаж байна....
Хар цай “идэж” хаврын урт өдрүүдийг
өнгөрөөж буй нялх балчир үрсийнхээ тоог аль болох цөөн байлгах,
нийтээрээ халуун усанд орчихдог болох, нэн ядуусын хорооллуудаа өөд
татаж, нийслэлийг тойроод 10 кв.м тутам нэг байх ил жорлонгуудаа цөөлөх
гэхчлэн хүний хэвийн амьдралд түргэхэн орохын тулд бидэнд хамгийн ойрын
боломж юу байна вэ? Энэ бол маргаад байх зүйл огтхон ч үгүй уул уурхай,
түүний дотор нүүрсний салбар. Сүүлийн хэдэн жилд Монголын нийт экспортын
орлогын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээс, түүний 50 хувийг
нүүрснээс олж байна шүү дээ.
Гэтэл нүүрсэн дээр дөрөөлөн
улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх, чадавхижуулах, өрсөлдөх чадварыг
дээшлүүлэхийн төлөө бид бодитой юу хийж байгаа билээ? Ойрын хугацаанд
хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бол? Миний бодлоор одоо юуны түрүүнд
элдэв ерөнхий тунхаглал, лоозон, үзэл сурталжилтаа зогсоож, өнөөгийн
нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж дүгнэх, тэрэндээ үндэслэн зөв шийдвэр
гаргах хэрэгтэй мэт. Та бид өдөр тутмын аж ахуй, бизнес тойрсон
асуудлуудыг тусгаар тогтнол, геополитик, олон зуун жилийн түүхийн үйл
явдлуудтай “нягт” холбон хэт өндөрт таслан авч тайлбарладаг “дэндүү
холч” ухаанаасаа зарим үед түдгэлзэж, бодит хөрсөн дээр бууж ажиллахгүй
бол дан хоосон яриа, хийрхэл, цэцэрхлээр амьдрал сайжрахгүй нь
ойлгогдоод байна.
Улс орнууд газар доорх нүүрснийхээ тоо
хэмжээгээр зүгээр бахархаж, баярхаад суух биш түүнийг бүтээн байгуулалт,
баталгаат сайхан амьдрал болгож үр хойчдоо үлдээхийн төлөө шамдацгааж
байна. Тэд газар доорхи баялгаа ил гарган газрын дээрх аз жаргалтай
амьдрал болгоход шаардлагатай зүйлсийг тасралтгүй бүтээн босгож байна.
Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалан
бэхжүүлэх тухай бидэн шиг хоосон улиглах, хийрхэн дүвчигнэх бус эдийн
засгаа хүчирхэгжүүлэх замаар энэ зорилгоо бодитой хэрэгжүүлж байна. Та
бид өөрсдийгөө “тэнгэр заяат”, Чингисийн удам хэмээн хөөргөх боловч цаг
нь тулахаар хүн болгоноос, юм болгоноос айн, хөдөлж ч чадахгүй
бэмбэгнэж, хоорондоо хэрэлдэж элгээ эвхэн суусаар хамаг цагийг барж
байна.
Манай нүүрсний одоогийн болон ирээдүйн зорилтот зах зээлийн талаар: БНХАУ-д
нүүрсний үнэ унаж, эрэлт нь багасаад бидний ойлголтоор “сүйд болоод”
байхад нийлүүлэгчдийн тоо, нийлүүлэлтийн хэмжээ дагаж багасах бус харин ч
өссөөр буйг та бид харж сууна. 2012 оны эхний улиралд манайх 4.0 сая тн
нүүрс нийлүүлсэн нь энэ жилийн нэгдүгээр улиралд 3.0 сая тн болж
буурсан байхад Австрали улсын экспорт мөн хугацаанд 12.0 сая тонноос
21.0 сая тн болж өссөн нь ганц л жишээ. Манай нийлүүлэлт буурахын
хажуугаар эдийн засгийн алдагдалд орж, хуучин худалдан авагчдаа алдаж,
зах зээлээс шахагдсаар байгаагийн буруутан нь цагийн сайханд өрсөлдөх
чадвараа дээшлүүлээгүй бид өөрсдөө билээ. Өөр улс орнууд биш шүү!
Нүүрсний
экспортын хувьд бид дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөнд оролцож байж л
орлого ашиг олохоос биш манай нүүрсийг гуйж авах газар хаана ч үгүй.
Хятадууд муу санаалан өөрийнхөө нүүрсэнд гар хүрэхгүй хав дарчихаад
манай хамаг нүүрсийг зөөж аваачин газар дор булж хойшид хэрэглэхээр
нөөцөлж буй мэт эрүүл хүнээс гарамгүй үг ярьж нүүр улайлгадаг хүмүүс бас
байх нь инээдтэйгээс илүү эмгэнэлтэй.
БНХАУ-ын нүүрсний гол нөөц
нь баруун хойд, баруун талдаа буюу Шанси, Шаанси мужууд, ӨМӨЗО,
Шинжааны нутагт байдаг. Эдгээр нутгуудын хөгжил дэвшил, хүмүүсийн
амьдралд нүүрсний борлуулалтын орлого маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас
манай нүүрсийг жинхэнэ утгаар ад үздэг. Дэргэдүүрээ зүүн тийш
өнгөрөөхгүйн тулд элдвийн сайн, муу арга чарга хэрэглэх нь ч бий. Учир
нь Хятад улсын нүүрсний үндсэн хэрэглээ зүүн эргийн хот, мужуудаараа
байдаг. Баруун талаас төмөр болон авто замаар тээж зүүн эрэгт хүргээд
тэндээсээ тал тал тийш усан замаар хэрэглэгчдэд түгээдэг. Хятад улс
ДНБ-ийхээ 60% орчмыг, төмөрлөгийнхөө 75%-ийг Зүүн бүсдээ үйлдвэрлэдэг.
Нийт нүүрснийхээ 43%-ийг энд хэрэглэдэг. 2012 онд нийт 3.62 тэрбум тонн
нүүрс хэрэглэснээс 290 сая тонныг нь импортоор авсан юм байна.
Бээжинтэй
залгаа Хэбэй мужаар явсан хүн бол далайн боомтын чиглэлийн замуудаар
нүүрс ачсан автомашины цуваанууд чихээстэй байгааг харсан байх учиртай.
Нүүрс Хятадын эдийн засгийн хөгжилд асар их гүйцэтгэж буйн зэрэгцээ бас
маш их хүндрэл бэрхшээлүүдийг авчирч байгаа талаар тасралтгүй ярьж
бичицгээж байна. Томоохон нь гэвэл улс орных нь тээвэр ложистикийн
системд ихээхэн дарамт учруулж, мөн агаарын бохирдлын асуудал хурцаар
тавигдаж буй гэнэ.
Хятадын Засгийн газраас төмөр замынхаа хүчин
чадлыг дээшлүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч буй ч улсын дотоод дахь
ачаа тээврийн хэмжээ эрчимтэй өсөж байгаагаас баруун, зүүн чиглэлийн
гол замуудад их хэмжээний түгжрэл, хүлээлт үүсэх явдал тасрахгүй байгаа
аж. Аль ч газарт байлаа гэсэн төрийн л мэдлийн юм хойно төмөр замын энэ
хүрэлцээгүй байдал дээр дөрөөлсөн авилгал, хувийн ашиг завшаан хайсан
хууль бус явдлууд гарч төвөг удсаар, Төмөр замын яамны өмнөх сайд нь
авилгын хэрэгт холбогдчихоод буй.
Хятадын нүүрсний эрэлт хэрэгцээ
өсөхгүй байхад нүүрс нийлүүлэх сонирхолтой улс орон, компаниудын тоо
өссөөр байгаа нь хэрэглэгчдэд хамгийн сайн чанарын нүүрсийг хамгийн хямд
үнээр авах сайхан боломж тохиож буй хэрэг. “Өгөх хүн гэдийж, авах хүн
бөхийдөг” гэсэн үг нь бусдын юмыг үнэгүй авах, илүү тодруулбал гуйлга
гуйх тухай байсан юм болов уу даа. Харин зах зээлийн эдийн засагт бол яг
эсрэгээрээ. Өгөх хүмүүс бөхийж, авах хүн гэдийдэг. Өдгөө урд хөршийн
нүүрсний зах зээл ч яг ийм байна. Хятадын нүүрсний хэрэглээ дорвитой
өсөхгүй байгаа олон учир шалтгаан бий.
Нэг нь агаарын бохирдол.
Бээжингийн агаарын бохирдлын дэргэд бол ид өвлийн Улаанбаатар ч цэвэр
цэнгэг агаараараа гайхуулж болохоор болов. Тиймээс тус улсын Засгийн
газар маш хатуу арга хэмжээнүүдийг шуурхай авч эхэлжээ. Тухайлбал,
хөнгөн цагаан гэх мэт эрчим хүч их хэрэглэдэг үйлдвэрүүдээ нутгийнхаа
баруун бүс рүү шилжүүлэн байршуулах; байгаль орчинд халгаатай хоцрогдсон
технологи бүхий төмөрлөгийн болон коксын үйлдвэрүүдийг хаах; зүүн
бүсийн мужууддаа хий, цөмийн болон усан цахилгаан станц зэрэг хүрээлэн
буй орчинд ээлтэй технологи бүхий эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
зорилт тавин хэрэгжүүлж эхлээд байна.
БНХАУ-ын шинэ Засгийн газар
нь эдийн засгаа тогтвортой бөгөөд аажмаар өсгөх бодлоготой. Орон сууц,
дэд бүтэц гэхчлэн бүх л барилга байгууламжийн ажлуудын хурд саарах нь
тодорхой учир түүнийг дагаад ган, төмөрлөгийн бүтээгдэхүүний эрэлт
буурна. Эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийг алмайруулж байсан тэр
он жилүүд Хятад улсад дахин хэзээ ч эргэж ирэхгүй биз ээ. Эрчим хүчний
ч, коксын ч нүүрсний хэрэглээ зүүн Хятадад жилээс жилд тасралтгүй
багасна. Эхлээд байгаа усан болон атомын цахилгаан станцуудаа бариад,
төлөвлөөд байгаа хийн хоолойгоо татаад дуусах үед зүүн Хятадад нүүрсний
эрэлт жил бүр дунджаар хагас тэрбум тонноор унах тооцоог тэдний
өөрсдийнх нь судлаачид хийсэн байна.
“Энэ дэлхий бол хүн төрөлхтний дундын өмч” буюу бидний өрсөлдөх чадварын тухай: Амьдрал
бол өрсөлдөөн. Өрсөлдөх чадвар муу бол амьдрах чадвар муу гэсэн үг. Энэ
дэлхий бол хүн төрөлхтний дундын өмч. Энд газрын натурал баялгаас гадна
“хар мянган” төрлийн үлэмж их баялаг байдаг. Тэрнээс дэлхийн улс орон
бүр янз бүрийн хэмжээгээр хүртдэг. Харамсалтай нь хэн нэгэн “дэлхийн
дарга” бүх л улс орнуудад “шударгаар” тэгш хувааж өгдөг систем үгүй. Нэг
хэсэг дайн байлдаан хийж хүчээр булааж авдаг харгис арга голлодог
байсан бол хүн төрөлхтөн энэ аргаас татгалзаж, арай хүнлэг, шударга
аргууд уруу шилжихийг эрмэлзсээр, түүнийх нь үр дүн ч гарсаар ирж. Яг
одоо хэрэглэгдэж буй арга бол зах зээлийн шударга өрсөлдөөн дээр
баялгийн хувиарлалт явагдаж байна.
Энэ тийм өөгүй болчихоогүй
гажуудал, шударга бус явдал, булхай, луйвар, золиос зөндөө байна. Гэхдээ
дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үндсэн ганц арга бол энэ. Та бидэнд
энэ арга таалагдсан ч, эс таалагдсан ч дэлхий дээрх энэ өрсөлдөөнд
орохоос өөр улс орноо өөд нь татах амар хялбар зам байхгүй. Өрсөлдөөнд
ороод зогсохгүй тэндээс “юм олж” чаддаг болох шаардлагатай. Өрсөлдөөнөөс
айгаад хилээ хаачихалтай биш дээ. Өөрийн газар нутаг дээр гадныхныг
өрсөлдүүлж ашиг олох, тэрэндээ дөрөөлөн дэлхийн бусад орнуудын газар
нутаг, орон зайд очиж өрсөлдөх чадавхитай болох ёстой. Гэтэл өдгөө
манай улсын өрсөлдөх чадвар бүх талаар тун тааруу.
Дэлхийн
түвшинд өрсөлдөх манай хамгийн боломжтой салбар бол одоохондоо уул
уурхай, түүний дотор нүүрс. Энд өрсөлдөхөд уг нь гурван гол давуу тал
бидэнд байгаа юм. Эхнийх нь, нүүрсний нөөц арвин. Урт удаан хугацаанд
тогтвортой нийлүүлэх боломжийг худалдан авагч тал их анхаардаг. Хоёрт,
нүүрсний чанарын үзүүлэлт сайн. Эрчим хүч, төмөрлөг болон химийн аж
үйлдвэрлэлийн олон талын шаардлагад нийцсэн.
Гуравт, дэлхийн уул
уурхайн бүтээгдэхүүний хамгийн том зах зээлтэй хил залгаа. Энэ байдал
нь тээвэрлэлт, ложистикийн зардал хэмнэх, зах зээлийн өөрчлөлтөд түргэн
зохицох гээд олон давуу боломжийг олгодог. Үүн дээр жаахан ажиллахад л
бага зардлаар амжилттай өрсөлдөж, Хятад улсын зах зээл дээрээс үлэмж
ашиг олох боломж, байгалиас заяасан манай энэ давуу байдалд л гадныхан
татагдаж орж ирээд байгаа юм шүү дээ, гол нь.
Гэтэл эзэн бидний
хувьд байдал ямархуу байгаа билээ? 2005 оноос хойш өнөөг хүртэл 9 дэх
жилдээ урд хөрш уруу нүүрс зөөж, гадаад зах зээлийн таатай нөхцлийн
“буян”-д чамлахааргүй орлого олж байсан ч салбарынхаа цаашдын олон улсын
түвшинд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр олигтой юм хийсэнгүй.
Экспортлогч компаниуд нэлээд зүйл хийхийг зорьж, оролдож, хичээсэн ч төр
засаг ойлгож дэмжээгүй, түүгээр үл барам хамгийн амин чухал дэд бүтэц
болох төмөр зам барих төслүүдийг нь зогсоосон.
Нүүрс бол маш их
овор хэмжээтэй, нэгжийн үнэ цэн багатай ачаа учир тээвэрлэлтийн зардлаас
эцсийн үр ашиг шууд хамаардаг. Манайхан нүүрсний үнэ ямар байгааг л
сонирхоод байдгаас биш ямар зардал гаргаж буйг тоодоггүй. Уг нь
борлуулалтын үнээс илүү ашгийн түвшнийг сонирхууштай. Товчоор хэлэхэд
өрсөлдөх чадвар гэдэг нь ямар ч хэцүү зах зээл дээр ажиллаж ашиг олох
чадварыг л хэлнэ. Зах зээлийн нөхцөл байдал хүндрэхэд чадварлагууд нь
үлдэж, сул доройнууд нь шахагдаж, дампуурч, зарим нь бүрмөсөн устаж үгүй
болдог. Цэвэрлэгээ явагдаж буй нь тэр. Чөлөөт зах зээлийн хөгжлийн жам
нь угаас тийм.
Өрсөлдөх чадварын хамгийн гол элемент бол нэгж
бүтээгдэхүүний өөрийн өртөг. Үйлдвэрлэгч, нийлүүлэгч, зуучлагч хэн ч
байлаа бүтээгдэхүүн, үйл ажиллагааныхаа өртгийг тасралтгүй бууруулж
чадаж байж л өрсөлдөөнд тэсэж үлддэг. Тэгвэл бид өнөөдөр ямар өртгөөр
нүүрсээ экспортолж байна? Үнэ, өртгөөр өрсөлдөх чадвар маань ямаршуухан
байна? Манай гол өрсөлдөгч ингэхэд ер нь хэн юм бэ? гэх мэтийн
асуултуудад хариулах гэж оролдоё. Манай нүүрс Хятадын баруун болон
төвийн хэсгийн нүүрстэй өрсөлдөж чадахгүй байгаа учир далайд гарч, зүүн
Хятад дахь жинхэнэ олон улсын зах дээр гарч чаддаггүй.
Гэхдээ
бид тэнд нүүрсээ хүргэж зарна гэвэл бас Хятад, Австрали, Индонези,
Канад, Америк, Африкийн компаниудтай өрсөлдөх чадвартай байх ёстойг
мартаж болохгүй. Гадагш Хятадын хил рүү тавих төмөр зам олон улсын
стандарт бус царигтай байх юм бол энэ тухай бодох ч хэрэггүй, дөнгөж
өөрийнхөө хил дээр л ачаанаасаа салахаас өөр аргагүй болно... Нүүрс
шилжүүлэн ачих төхөөрөмж барих тухай яригддаг. Тэр тохиолдолд Монголчууд
бидэнд ямаршуухан хэмжээний зардал чирэгдэл, хүндрэл бэрхшээл учрах,
өрсөлдөх чадвараа алдах талаар хойно өгүүлнэ.
Нүүрсний өрсөлдөх
чадварыг тодорхойлдог хамгийн том факторуудын нэг бол тээврийн зардал
гэдгийг би дээр хэлсэн. Жишээ нь, өнөөгийн нөхцөлд ӨМӨЗО-ны Ордос хавийн
сайн чанарын эрчим хүчний нүүрс нэг тонн нь уурхайн аман дээр 35
ам.доллараар борлогдож байхад далайн хамгийн ойр боомтод хүргэх тээврийн
зардал нь 60 ам.доллараас доошгүй байгаагаас тооцож үзэхэд Тавантолгойн
нүүрс нэг тонн нь 100-130 ам.долларын зардлаар Бохай тэнгисийн боомтууд
хүрэхээр байгаа. /Энд нөгөөх “алдарт” жишиг үнээс тооцон авдаг нөөц
ашигласны төлбөр, хил, гаалийн хураамжууд, компаний орлогын албан татвар
гэхчлэн олон зардлыг оруулахгүй шүү дээ/.
Хэрэв энэ бүгдийг
даван туулж чадахгүй бол бид Хятадын зах зээлийг бүрэн алдах бөгөөд тэр
цагт Монгол улс 173 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй, 300-аад ордтой,
дэлхийд эхний 10-т ордог нь хэнд сонин байх юм бэ? Чингис хааныг
хичнээн яриад ч одоо биднээс хэн ч айдаггүйтэй адил төстэй юм л болно.
Харин манайхны өөрсдийгөө жишиж “хань татах” дуртай болчихоод байгаа
нөгөө Африкийн зарим харанхуй орнуудын хамаг баялгийг нь хууль бус
аргаар цөлмөгчид шиг олон улс дамжсан гэмт хэргийн бүлэглэлүүд л
сонирхох байх даа...
Өнөөдөр манай Тавантолгойн ордоос гарч буй
нүүрс маш их “зовлон үзэж” явж хэрэгцээт газартаа хүрч буй. Энэ дэлхийд
нурмаг ачаа тээвэрлэлтийн хамгийн өндөр үнэ өртөгтэй хэрэгсэл болох
автомашинаар зөөж, ингэхдээ хил хүртэлх 265 км зайд бүх нүүрсийг 2 удаа
ачиж, 2 удаа буулгана. Нүүрс ачсан машинуудын урт цуваа хоёр улсын хил
нэвтрэх гэж хонон өнжин дугаарлана.
Арайхийн өмнөд хөршийн хил
давсан нүүрсийг Хятадын гаалийн хяналтын бүсэд дахиад буулгана. Гаалийн
шалгалт дуусгаад дахин машинд ачиж угаах үйлдвэр, эсвэл төмөр замын
өртөөнийн хашаанд дахин буулгаж, дахин ачина. Энэ олон удаагийн ачиж
буулгах, хашиж хадгалах, тээвэрлэх зөөх үйл ажиллагааны өртөг зардал
шингэсэн нүүрсэнд ямар өрсөлдөх чадвар байхыг та надаар хэлүүлэхгүй
мэдэж буй байх.
Судлаачид Excel дээр хийсэн нүүрсний тээвэр
ложистикийн зардлын тооцоог би одоо компьютерийн дэлгэц дээр хараад сууж
байна л даа. Хэн гаргаж буйгаас үл хамааран Тавантолгойгоос далайд
хүргэхэд гарах 1 тонн нүүрсний зарим зардлыг энэ их задаргаатай,
ядаргаатай олон тоотой хүснэгтээс сонирхуулья. “Цагаан хад”-аас Хятадын
хилийн боомт “Ганц мод”-д машинаар хүргэхэд – 8.8$, импортын болон орон
нутгийн татвар хураамж – 9.3$, гаалийн хашаанаас угаах үйлдвэрт хүрэх
зардал – 9.7$, угаах зардал – 8.0$, угаасан нүүрсээ хамгийн ойр төмөр
замын станцад хүргэхэд – 11.45$, Бугатаас Хятадын далайн хойд боомтууд
хүргэхэд – 38.0$, боомтын үйлчилгээний зардал – 7.3$, дээрээс нь авто
болон төмөр замаар тээвэрлэх, олон удаагийн ачиж буулгах үеийн хорогдол,
хуурай нүүрсийг тоосрохоос, угаасан нүүрсийг хөлдөхөөс хамгаалах бодис
хэрэгслийн зардал гээд нэг тонн нүүрс нийтдээ дунджаар 98 – 101
ам.доллараар олон улсын зах зээлд хүрч байгаа аж.
Тиймээс
Хятадын компаниуд манайхаас импортолсон харьцангуй өндөр чанар бүхий
металлургийн нүүрсийг л эцсийн хэрэглэгчдэд хүргэж, харин эрчим хүчний
нүүрсийг наагуур борлуулдаг юм байна. Мөн Бугатын төмөрлөгийн үйлдвэрээс
захиалга авч чадвал тэднийд зарим коксжих нүүрсээ нийлүүлдэг. Учир нь
Хятадын далайн боомтууд дээр хамгийн сайн чанарын эрчим хүчний нүүрсний
үнэ нэг тонн нь 100 ам.доллараас дээш гарахгүй байхад тийш нь зөөх бол
мэдээж утгагүй хэрэг.
Гэтэл Хятадын баруун мужуудаас сайн чанарын
эрчим хүчний нүүрс тонн нь 60 ам.доллараар, нүүрсний арвин нөөцтэй,
Шанси мужийн коксын нүүрс төмөр замаар тонн нь 40 ам.доллараар далайн
боомтуудад очдог. Эндээс манай нүүрсний өрсөлдөх чадварыг харуулсан
хамгийн гол үзүүлэлт ямар байгааг та бүхэн харж буй. Далайгаар
тээвэрлэгчдэд бол зүгээр л атаархахын тулд үхэх багадна. Австрали,
Канад, Америкаас далайгаар Хятадын хамгийн хойд талын буюу Бохай
булангийн тэнгисийн боомтуудад нүүрс тонн нь ердөө 15 ам.доллараар
ирдэг. Ганц хоёр сарын өмнө эдгээр боомтуудад сайн чанарын коксжих нүүрс
тонн нь 160 ам.доллараар борлогдож байсныг бодохоор тэд ч, 40
ам.долларын зардалтай Шанси ч чамгүй ашиг олж чаддаг нь тодорхой.
Дээрх
тоо баримтуудын ихэнхийг Хятадын эх сурвалжуудаас авсан боловч манай
мэргэжилтэн, зах зээл судлаачид санал зөрөхгүй байгаа юм. Эндээс нэг
зүйл тодорхой харагдаж байгаа нь бид Монголын хил дээр угаасан нүүрсээ
тонныг нь 60 ам.доллар, “түүхий” нүүрсээ тонныг нь 50 ам.доллараар зарах
боломж үлэмж хомсдож байгаа явдал. Яг өнөөгийн дэд бүтэц, тээвэр
ложистикийн нөхцөл хэвээр байх тохиолдолд үүнээс өндөр үнээр авсан ямар ч
компани санхүүгийн алдагдалд орохоор байгаа.
Тэр тусмаа энэ
хүнд нөхцөл ирээдүйд хөнгөрөх ямар ч төлөв алга байна. Манай төмөр замын
царайг хар. Дээр нь БНХАУ өөрийн төмөр замын яамныхаа бүтэц, хэлбэрийг
өөрчилж Хятадын төмөр замын корпораци болгосон нь тэдэнд эдийн засгийн
хамгийн өндөр ашгаас илүү эрхэм зорилго үгүй гэсэн үг. Ингэснээс хойш
тэдний дотоод тээврийн тариф өсөж эхэлсэн тухай Хятадын компани,
байгууллага, хүмүүс гомдоллож буй нь хаа сайгүй. Тэгэхээр Чалкогийн
тавьж буй санал бол Монголын нүүрсийг зүгээр авах, шулах зорилготой гэж
бид хараан зүхэхийг урьтал болгох биш судалгаа тооцоо маш сайн хийж,
эндээс гарах гарцыг түнштэйгээ хамтдаа хайх хэрэгтэй байна гэсэн үг.
Дээр нь мал хариулахаас өөр илүү үр дүнтэйгээр нүүрсээ ашиглая гэвэл:Монгол
улс нүүрс, нүүрснээс гаргах бүтээгдэхүүнээ цаашид экспортлох зорилго нь
хэвээр байгаа бол одоо яах ёстой вэ? Хэрэв би учрыг нь гаргаж бичиж
чадсан бол та бид нэг л дүгнэлтэнд хүрсэн байх учиртай. Энэ бол энгийн.
Хөрс хуулалт, олборлолт, боловсруулалт, менежент, хамгийн гол нь тээвэр
ложистикийн гэх мэт нүүрстэй холбоотой бүх зардлыг хамгийн доод түвшинд
хүртэл бууруулахгүйгээр манай улс Хятадын зах зээлд өрсөлдөх ямар ч
боломжгүй болжээ.
Хүрэн нүүрсийг боловсруулахаас өөр аргагүй.
Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Хятад ба Азийн бусад орнуудад, хийн түлш
үйлдвэрлэж Бээжин, Тяньжин, Хэбэй гэхчлэн Хятадын хойд хэсэг уруу
экспортлох боломжтой гэж судлаачид үздэг. Жишээ нь Бээжин гэхэд Шинжаан
болон Төв Азиас хэдэн мянган км зайд хий зөөвөрлөдөг байхад манай
Өмнөговь орчмоос Бээжинд хий хүргэе гэвэл 1000 км хүрэхгүй зайтай. Энэ
бол өрсөлдөөнд манай маш том давуу тал болно. Мэдээж хэрэг нүүрснээс
хий, цахилгаан гаргах үйлдвэрүүдийг барихад үлэмж хэмжээний хөрөнгө
оруулалт шаардагдана.
Гэхдээ энэ зардлыг богино хугацаанд нөхөх
боломжийг дээрх ойрын зай бидэнд олгоно. Түүнээс гадна хоёр улсын хил
дамнасан цахилгаан, хий дамжуулах байгууламжуудыг байгуулах нь зөвхөн
Монголын асуудал бус Хятад улсад ч шууд хамааралтай болно. Ийм нөхцөлд
эдгээр дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, барьж босгох, урт хугацаагаар
ашиглах, төлбөр тооцоо хийх, эдийн засгийн үр ашгийг хүртэх гэх мэтийн
том асуудлуудаар хоёр улсын Засгийн газрууд урт хугацаанд тогтвортой
мөрдөх гэрээ хэлцлүүдийг хийх нь ойлгомжтой.
Экспортлох
зориулалтаар угаасан нүүрсийн тухайд тонн нүүрсний үйлдвэрлэлийн өөрийн
өртөг нь 40 ам.доллараас, уурхайгаас Бохай тэнгис хүртэлх тээврийн
зардал нь 60 ам.доллараас илүү гарахгүй байж л Хятадын зах зээл дээр
өрсөлдөх боломжтой болох нь. Ингэж чадахгүй бол нүүрсний үнэ өссөн үед
урд хөршийн зах зээл уруу гарах гэж жаахан оролдоод л, үнэ унах үед
сураг нь тасраад байх горимд орох бөгөөд ийм маягаар бизнесийн амжилт
олох боломжгүй билээ.
Хэрэв Хятадын зах зээлд өөрийн орон зайгүй
болчихвол Япон, Солонгосын зах зээлийг эзлэхийн төлөө байлдаж хэзээ ч
чадахгүй. Хятад бол олон жилийн турш Япон, Солонгост нүүрс нийлүүлж
ирсэн туршлагатай орон. Одоо дотоодын үйлдвэрлэл нь ихээр нэмэгдэж,
хэрэглээ буурсан энэ үед зарим нүүрсээ уламжлалт зах зээлдээ нийлүүлэх
гэж оролдож байвч Австрали, Индонезтэй өрсөлдөж ганц ч тонныг ойрын
жилүүдэд экспортлож чадаагүй байна.
Хятадын хойд тэнгис дэх
боомтуудад тонн нүүрсээ 60 ам.доллараар хүргэх боломж бидэнд бий юү?
Онолын хувьд бий. Жишээ нь, Тавантолгойгоос Чинхуандоо боомт хүртэл
шулуунаар 1100 км. Шулуун төмөр зам бариад түүнийгээ Хятадын орон
нутгийн зүүн төмөр замын сүлжээнд холбочихлоо гэвэл тонн/км тутам нь
0.03$-ын тарифтай ба нэг тонн нүүрсийг Өмнөговь дахь уурхайгаас далайд
хүргэх тээврийн зардал 33$ болно. 0.03$ бол төмөр замынх нь хувьд
ашигтай тариф юм билээ. Энд шулуун төмөр замын тухай ярьж буйг та
анзаарсан байх. Ерөөс төмөр замаас өөр ямар ч төрлийн тээврээр манай
нүүрс өөрийн хилээс цааш явж чадахгүй.
Тавантолгойгоос төмөр зам
тавьж өмнөд хилийн цаадах Ганц модны боомтоор Хятадын төмөр замтай
нийлүүллээ гэж бодоход далайн боомт хүртэл 1700 орчим км байх бөгөөд
Хятадын импортын болон бусад татвар хураамжуудыг нэмэж тооцоход нэг тонн
нүүрсний тээврийн зардал 90 ам.долларт тусаж буй. Энэ тохиолдолд манай
коксжих нүүрс Канад, Австрали, Африкийн нүүрстэй өрсөлдөж чадах юм.
Харин өнөөх “тусгаар тогтнолын баталгаа” өргөн царигтай төмөр замыг
тавьж, шилжүүлэн ачих юм бол нэг тонн нүүрс тутмаас 5 ам.доллар алдана.
Дээрээс
нь Монголын хил дээр буулгах, дахин ачих ажиллагаа нь нүсэр их цаг
хугацаа, хоёр улс хоорондын хил орчмын ажлын уялдаа холбоо, техникийн
бэлэн бүрэн бүтэн байдал гээд өмнөөс тооцох аргагүй олон хүндрэл
чирэгдэл дагуулна. Адгийн наад зах нь угаасан нойтон нүүрсийг өвлийн
хүйтэнд төмөр вагоноор тээвэрлээд, байн байн ачиж буулгана гэдэг юу
болохыг олон хүн төсөөлж чадаж буй эсэхийг мэдэхгүй байна. Ийм нөхцөл
байдалд ямар өрсөлдөх чадварын тухай ярих билээ дээ, бид. Хэрэв нүүрсний
үнэ өндөр байгаад бид экспортолдог юмаа гэхэд тонн нүүрсээс 5
ам.доллар, жилд 20 сая тонн нүүрс гаргана гэвэл жилд 100 сая, 10 жилд 1
тэрбум ам.долларыг Монгол улс салхинд хийсгэх болно.
Улс эх орны
тусгаар тогтнол, аюулгүй байдал, дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэн эрх
тэгш орших баталгаа нь нэн түрүүнд эдийн засгийн хүчирхэг байдал гэдгийг
үл ойлгох хүн өдгөө үгүй гэж найдна. Хүчирхэг эдийн засаг бол ямар ч
улс орны тусгаар тогтнол, баталгаа билээ. Дээрх мөнгө эдийн засгийг
хөгжүүлэхэд дутна уу л гэхээс илүүдэхгүй. Тэгэхээр ямар зорилгоор
хийсгэхийг хүсэж байгаа нь үнэхээр ойлгомжгүй!
Т.НАРАН
“Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх Захирал
2013.05.25