Гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурч, 868.1 сая ам.доллар болжээ. Энэ талаар Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн эдийн засагч С.Амгаланбаяраас тодрууллаа.
Эхний улиралд гадаадын шууд хөрөнгө оруулалт ямар байдалтай байна вэ?2013 оны эхний улирлын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлээр манай улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 870.8 сая ам.доллар, манайхны гадагш хийсэн хөрөнгө оруулалт 2.7 сая ам.доллар буюу цэвэр дүнгээрээ Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалт 868.1 сая ам.доллар байсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буураад байна.
Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт гуравдугаар сард 580 гаруй сая ам.доллар байснаа улирлын эцсийн гүйцэтгэлээр 299 сая ам.доллар болж буурсан. Энэ өөрчлөлтийн юунаас шалтгаалсан бэ?Монголбанк өмнө нь төлбөрийн тэнцлийг улирлын давтамжтайгаар гаргаж, олон нийтэд мэдээлдэг байсан бол 2011 оноос эхлэн эдийн засаг тэлж, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны эргэлт нэмэгдсэнтэй уялдуулан сар тутам урьдчилсан байдлаар тооцож гаргаад улирлын эцэст шинэчилдэг болсон. Энэ нь манай бодлого боловсруулагчид болон судлаач, олон нийтэд гадаад секторын нөхцөл байдлын талаар цаг алдалгүй мэдээлэл авах, хэрэгжүүлсэн бодлогынхоо үр дүнг дүгнэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж олгож байгаагаараа ач холбогдолтой юм.
Ер нь олон улсын жишгээс харахад манай улс шиг төлбөрийн тэнцлийг сарын давтамжтайгаар гаргаж байгаа улс цөөхөн байдаг. Учир нь төлбөрийн тэнцлийг боловсруулахад ашигладаг ихэнх мэдээллүүд улирлын давтамжтай гардаг. Манай улсын хувьд ч мөн адил, аж ахуйн нэгжүүдийн баланс улирлын давтамжтай гардаг учраас төлбөрийн тэнцлийн сарын урьдчилсан гүйцэтгэлийг улирлын мэдээгүйгээр буюу аж ахуйн нэгжийн мэдээ, бусад улирлын давтамжтай мэдээллийн эх сурвалжийг бүрэн ашиглахгүйгээр гаргаад мэдээлэл ирсэний дараагаар улирлын гүйцэтгэлээ шинэчилж гаргадаг.
Тэгэхээр таны асуусан урьдчилсан гүйцэтгэлээр гарсан хөрөнгө оруулалтын дүн эцсийн гүйцэтгэлээс яагаад өөрчлөгдсөн нь ойлгомжтой болж байгаа байх. Харин гуравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэл эцсийн гүйцэтгэлээс өндөр байсан нь нэгдүгээр улирлын зарим мэдээллүүдийг гуравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлд улирлын нийт дүнгээр нь тусгасантай холбоотой юм.
2012 оны төлбөрийн тэнцэл өөрчлөгдсөн байсан нь мөн адил шалтгаантай юу?Яг тийм. Улсын төсөв, гадаад худалдаа зэрэг сар тутам авдаг ихэнх мэдээллүүд улирал, болон жилийн эцэст тохируулга хийгдэж өөрчлөгддөгийг та мэдэж байгаа байх. Эдгээр өөрчлөлтүүдийг мөн жилийн эцсийн гүйцэтгэл гаргахдаа шинэчилсэн.
С.Болд