Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятадын Үндэсний газрын тос, хийн корпораци /CNPC/ хамтран далайн гүнээс газрын тос олборлохоор хэлэлцэж байна. Баренцийн тэнгис, Почерскийн далайд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Үүнээс гадна компаниуд Эрхүү муж, Красноярскийн хязгаар болон Ненецкийн автономит тойрог дахь газар нутагт газрын тос олборлох чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцэж байна. “Роснефть” нь Красноярскийн хязгаар нутагт 490 сая тонн нөөцтэй Ванкорын орд, 31,7 сая тонн нөөцтэй Лодочный орд газруудыг эзэмшдэг билээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Орос, Хятадын төрийн өмчит компаниудын хооронд хийгдсэн гэрээний дагуу Ванкорын орд газраас Хятадад газрын тос нийлүүлж байгаа юм. CNPC нь “Роснефть” компанитай хийсэн гэрээний хариуд Хятад руу газрын тос нийлүүлэх орд газрууд, түүнчлэн шинэ төслүүдэд хамтран ажиллах, хувь эзэмших сонирхолтой байгаа аж.
Хятадад нийлүүлж байгаа газрын тосны хэмжээг ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн 800 мянган тонноор нэмэгдүүлж, Сковородино-Мохэ дамжуулах хоолойгоор нийлүүлэх ёстой. Үүний тулд хоолойг өргөтгөх шаардлагатай байгаа юм. Өргөтгөлийн ажлын хөрөнгийг “Роснефть” дангаар гаргахгүй гэж байгаа бол “Транснефть” компани Монголын газар нутгаар дамжуулан тээвэрлэх боломжтой гэсэн байр сууринаас үүдсэн маргаан шийдэгдээгүй хэвээр байна.
Э.Од