Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монголын баяжуулагчид мэргэжлийн баяраа тэмдэглэнэ

Монголын баяжуулагчид энэ сарын 14-15-ны өдрүүдэд Эрдэнэт хотод уулзаж, холбооныхоо 15 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж байна. “Монгол улсад хөгжлийнхээ эрч хүчийг аваад байгаа “баяжуулагч” мэргэжлийн түүхэн замнал, өнөө ба ирээдүйн талаар харилцан ярилцах, хоорондоо танилцах сайхан боломж олдож байна” гэж Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч С.Давааням хэллээ.

Ашигт малтмалын боловсруулалтад хүч хөдөлмөр, оюун ухаанаа шингээдэг баяжуулагч хэмээх мэргэжлийн анхдагчдыг Монгол улс 1960-аад оны сүүлчээр гадаадад бэлтгэсэн түүхтэй. 1970-1980 оны үед гадаадын их дээд сургуульд баяжуулагч мэргэжлээр монгол залуусыг олноор сургажээ. Харин дотооддоо 1993 онд хуучнаар Техникийн их сургуульд ашигт малтмал, баяжуулалтын мэргэжлээр анхны элсэлтээ авсан байдаг. 1996 оноос Эрдэнэт хотын Технологийн сургуульд ашигт малтмалын баяжуулагч мэргэжилтнийг бэлтгэж байна. 

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо нь 1998 оны зургадугаар сарын 18-нд Эрдэнэт хотноо зохиогдсон “Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй” сэдэвт онол, практикийн бага хурлын үеэр баяжуулагчдын санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Мэргэжил нэгт хүмүүсийг нэгтгэж, гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрлэлийн технологийг сайжруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, судалгаа хийхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Холбооны анхны ерөнхийлөгчөөр Монголын анхны баяжуулагч, доктор М.Дамдинсүрэн ажилласан бөгөөд өдгөө холбооныхоо “Хүндэт ерөнхийлөгч” өргөмжлөлтэй.  Холбооны хоёр дахь Ерөнхийлөгчөөр Г.Шархүү ажилласан бол гурав дахь ерөнхийлөгчийн сонгуульт албыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн профессор, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол улсын зөвлөх инженер С.Давааням хашиж байна.

Ашигт малтмал баяжуулагчдын холбоо “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Бороо гоулд”, “Энержи ресурс”, “Цайрт минералс” зэрэг уул уурхайн 19 компани, 400 гаруй хувь хүний гишүүнчлэлтэй.  “Оюутолгой” ХХК гишүүнээр элсэх хүсэлтээ гаргажээ.

Монголын баяжуулагчид ойн баярынхаа үеэр ажлын арга туршлагаа хуваалцах өргөн хүрээний ажлууд төлөвлөжээ. Ойгоо угтаж,  “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран “Баяжуулагч-35” аян зохион байгуулж байгаа бөгөөд аян тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 14-ний хооронд үргэлжлэх юм. Шилдэг баяжуулагчдыг тодруулах уралдаан, тэднийг сурталчлах хөгжөөнт цэнгээнт тэмцээн, уулзалт ярилцлага зохион байгуулахаас гадна төрөл бүрийн сургалт хийхээр төлөвлөсөн байна.
Дашрамд дурдахад Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны 15 жилийн ойн баярын арга хэмжээний хөтөлбөртэй www.mmpa.mn цахим хуудсаар танилцаж болох бөгөөд баяжуулагч мэргэжлийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа бүх хүнийг урьжээ.

Н.Ариун