Одоогийн байдлаар Лондоны хөрөнгийн бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын хугацаатай ирээдүйн гэрээт үнэ 7100 ам.долларт ч хүрэхгүй болтлоо буурчээ. Гэхдээ олон улсын банк, санхүүгийн байгууллага “Barclays” энэ онд зэсийн зах зээл дэх нийлүүлэлт тооцоолж байснаас бага байх төлөвтэй байгааг мэдэгдээд байна. Тодруулбал тус байгууллага оны эхэнд дэлхийн зах зээл дэх зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ 900 орчим мянган тонноор давна гэж тооцоолоод байсан бол уг үзүүлэлтийг 490 мянган тонн болгож бууруулснаа мэдэгдлээ. Энэ нь 2013 оны эхний хагаст дэлхийн зэсийн томоохон уурхайнуудад үйл ажиллагааны тооцоолоогүй зогсолт тохиосонтой холбоотой ажээ. Тухайлбал Индонезийн “Grasberg” уурхайд өнгөрсөн долоо хоногийн эхээр давагдашгүй хүчин зүйлийн улмаас түр зогсолт хийгээд байгаа билээ. Одоогийн байдлаар тус уурхайн үйл ажиллагаа зогссоны улмаас нийтдээ 36 мянган тонн зэсийн нийлүүлэлтийн алдагдал үүсээд буй ажээ. Түүнчлэн зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог Чили, Перугийн уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаагаас үүдэн нийлүүлэлт багагүй хэмжээгээр буурч байгаа ажээ. Хэдийгээр тус байгууллага оны хоёрдугаар хагаст Монголын “Оюутолгой” ордын үйлдвэрлэл эхэлж, “Grasberg” орд эргэн “ажилдаа орж”, Чилийн “Эскондида”, Перугийн “Antapaccay” уурхайн үйлдвэрлэлийн нөлөөгөөр зах зээлд нийлүүлэлт эрчимтэй нэмэгдэх ч нийлүүлэлтийн бууралтыг төдийлөн нөхөхгүй гэж тооцжээ. Үүнтэй холбоотойгоор зэсийн зах зээл дэх нэлээд доод түвшиндээ хүрээд буй үнэ ханш харьцангуй дээшлэх найдвар бий болж байна гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл зах зээл дэх нийлүүлэлт 400 мянган тонноор багасах нь хүрэн металын үнийн бууралтыг хазаарлах нэгэн дохио болж байна. Нөгөөтэйгүүр дэлхийн зэсийн хэрэглээний гол хэсгийг бүрдүүлдэг Хятад улсын металын нөөц дундуур байгаа нь эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйл болно гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Түүнчлэн АНУ-ын жижиг дунд бизнесийн үйлдвэрлэл болоод моргейжийн үзүүлэлт харьцангуй эерэг дүнтэй гарсан нь оны хоёрдугаар хагаст зэсийн үнэ өсч эхлэх найдварыг нэмэгдүүлж байна.
Б.Төгс