Төмрийн хүдрийн импортоороо дэлхийд тэргүүлэгч Хятад улс уг түүхийн эдийн импортыг илүү чөлөөтэй болгох алхамыг энэ оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятадын гангийн үйлдвэрүүд зөвхөн төмрийн хүдрийн импортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй худалдааны гэрээ байгуулдаг байжээ. Харин Хятадын Засгийн газар дотоодын гангийн үйлдвэрүүдэд худалдааны илүү сонголттой, тааламжтай нөхцөлтэй болгохын тулд энэхүү тогтолцоог цуцлах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр тус улсын ган хайлуулах жижиг үйлдвэрүүдэд илүү боломжит нөхцөл бүрдэх төлөвтэй байна. Өмнө нь Хятадын Засгийн газар импортоос хэт хараат болохгүй тулд, тэр дундаа Рио Тинто, Вале зэрэг төмрийн хүдрийн магнатуудын нийлүүлэлтээс хамааралтай болохгүйн тулд ийнхүү импортын тусгай зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж байжээ. Төмрийн хүдрийн импортын лицензийн тогтолцоо цуцлагдмагц тээвэрлэлтийн өртөг буурна гэж шинжээчид таамаглаж байна. Нөгөөтэйгүүр Хятад улсын төмрийн хүдрийн импорт төдийлөн нэмэгдэхгүй болов уу гэж албаны төлөөлөл мэдэгдэж байна.
Өнгөрсөн оны байдлаар Хятад улсын төмрийн хүдрийн импорт 745 сая тоннд хүрч нэмэгджээ.
Одоогийн байдлаар дэлхийн зах зээлд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 110 гаруй ам.долларын үнэтэй болж буураад байна. Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн доогуур үнэд тооцогдож байна.
Б.Төгс