“Coal to liquid (CTL) буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийг Монголд хөгжүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр эхэллээ. “Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо” НҮТББ-аас Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй тус арга хэмжээгээр “Багануур Энержи”, “Монголын Алт” болон “Цэцэнс майнинг энд Энержи” зэрэг үндэсний компаниудын хэрэгжүүлэхэд бэлэн болоод буй CTL технологид суурилсан төслүүдийг танилцуулна. Нүүрс шингэрүүлэх технологи болон дээрхи төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломж, саад бэрхшээл, эдийн засгийн үр ашиг, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин зэрэг асуудлууд хэлэлцүүлгийн гол сэдэв байх юм. Мөн энэхүү хэлэлцүүлэгт Монгол улсын Шинжлэх ухааны академи, Уул уурхайн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд оролцож байна. Нэг өдрийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн мэдээллийн ивээн тэтгэгчээр уул уурхай, эдийн засгийн “The Mongolian Mining Journal” сэтгүүл ажиллаж байгаа юм.
Э.Од