Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Н. Алтанхуяг: Нүүрс-химийн зуун гэх болжээ

Монгол улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд байна. Аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжихэд бэлэн болоод буй. Харин энэ томоохон бүтээн байгуулалтыг түлш, эрчим хүчний хэрэглээ хангамжгүйгээр төсөөлөхийн аргагүй. Цаашлаад түлш шатахуун, эрчим хүчний хангамж нь улс орны аюулгүй байдлын гол асуудал. Монгол улс газрын тосны тодорхой нөөцтэй ч боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас шатахууны импортын хувьд гадны улсаас бүрэн хамааралтай. Энэ байдлаас гарах боломжийг олон жил эрэлхийлж, судалж басхүү хэлэлцэж ирсэн ч дорвитой, тодорхой шийдсэн зүйл үгүй. “Эрчим хүчний” гэгдэх нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орон ч гэлээ өндөр үнээр хилийн чанадаас эрчим хүч авсаар байна.

Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэх, цаашлаад нүүрс-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэг боломж бол арвин нөөцдөө тулгуурлан CTL буюу хүрэн нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийг эх орондоо нэвтрүүлэх явдал юм. “Монголын Алт”, “Багануур Энержи” Корпорешн болон “Цэцэнс майнинг энд Энержи” компаниудын төлөвлөсөн CTL технологид суурилсан төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа билээ. Үндэсний компаниуд маань аль ч үеийн Засгийн газрын өөрчлөлт, тэдгээрийн бодлого чиглэлтэй уялдуулан,  өөрсдийн хөрөнгө, бололцоонд тулгуурлан  энэхүү технологийн талаар олон жилийн нарийн судалгааг хийж ирснийг онцлох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орны нарийн технологи, мөн кластер олон үйлдвэрлэлтэй цогцолбор учир 2-4 тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт шаардагдсан эдгээр төслийг төр, засгийн зүгээс дэмжих шаардлага тулгараад байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх, технологио нийлүүлэх сонирхолтой дэлхийд нэр хүндтэй компаниуд бий. Гагцхүү хөрөнгө оруулагчдад энэ салбарыг хөгжүүлэх манай төрийн бодлого, улс төр болоод хууль эрх зүйн тогтвортой байдал гол баталгаа болж өгөх учиртай.

Өндөр технологийн эдгээр төслийг Монголд хэрэгжүүлэх боломж, саад бэрхшээл, эдийн засгийн үр ашиг, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин зэрэг асуудлаар төр засгийн бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид бүтэн өдрийн турш чуулан хэлэлцүүлэг өрнууллээ. “Coal to liquid CTL буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийг Монголд хөгжүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг  “Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо”, Шинжлэх ухааны академи хамтран Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан юм.



Ерөнхий сайд Н. Алтанхуягийн илгээлт

Эрхэм хүндэт зочид,  төлөөлөгчид өө,

Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх технологийг Монголд хөгжүүлэх сэдвийг хөндөж буй энэхүү хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд түлш, эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэж, эх үүсвэр нь багасч байна. Цаашид эрчим хүчний гол эх үүсвэр болсон түүхий нефтийн үнэ урт хугацааны туршид тогтмол өндөр байх төлөвтэй байна. Тиймээс улс орнууд өөрийн онцлогт тохирсон шинэ эх үүсвэрийг судалж, ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Өнөөгийн нөхцөлд нефтиэс гарган авдаг бүтээгдэхүүнийг нүүрснээс үйлдвэрлэх нь техник технологийн болон эдийн засгийн хувьд боломжтой болсон. Нүүрснээс зөвхөн цахилгаан эрчим хүч гаргаад зогсохгүй шингэн түлш, химийн болон төрөл бүрийн бодис, хямд чанартай нийлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болжээ. Манай урд хөрш БНХАУ-д нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн гарган авч, импортын хамаарлаа багасгах стратегийн шийдвэр гаргасны үр дүнд өдгөө энэ салбар нь цэвэр бизнесийн утгаараа ихээхэн ашигтай, эдийн засгийн томоохон салбар болон хөгжсөн байна. Тэд XXI зууныг “Нүүрс-химийн зуун” хэмээн нэрлэж байна.

Монгол орон нүүрсний арвин их баялагтай. Өндөр илчлэгтэй коксжих, эрчим хүчний нүүрсний аль алийг нь экспортлон гаргаж болно. Нүүрсний дийлэнх хувийг хүрэн нүүрс эзэлдэг ба түүнийгээ ашиглан шингэн түлш, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь өнөөдрийн олон улсын хандлага, эдийн засгийн нөхцөлд бодитой болж байна. Монгол улсын төрийн бодлогын хүрээнд ч нүүрсний гүн боловсруулалтыг хөгжүүлэх зорилтыг тавьсан байдаг. Цаашид татвар, эрх зүйн таатай орчныг бий болгох замаар хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг, эрсдэл өндөртэй энэхүү салбарыг дорвитой дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь маш чухал байна.

Нүүрснээс шингэн түлш гаргаж авснаар зөвхөн импортын түлш шатахууны хамаарлыг буруулаад зогсохгүй химийн суурь аж үйлдвэрийг хөгжүүлэх эхлэл болно. Газар зүйн байршлын хувьд бид дэлхийд нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээрээ тэргүүлэгч бүс нутаг болох Зүүн хойд Азийн Хятад, Япон, Солонгос улсуудтай ойрхон. Энэ утгаараа ирээдүйд Монгол улс нүүрснээс гарган авсан химийн бүтээгдэхүүн ба хий, шингэн түлшний экспортлогч орон болон хувирах эхлэл тавигдана. Иймд өнөөдөр төлөвлөгдөж буй ганц нэг төслийг дэмжих тухайд биш  нүүрс-хими, эрчим хүчний салбарыг бүхэлд нь хамарсан алсын хараатай бодлого шаардлагатай байна. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэрлэлийг бүхий л талаас нь дэмжинэ гэж орсон байгаа нь энэ асуудал бидний хувьд ямар чухал ач холбогдолтойн илэрхийлэл гэж үзэж болно.

Манай эрдэмтэд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх чиглэлээр олон жилийн өмнөөс судалж, мэдлэгийн зохих суурийг бий болгосон. Өндөр технологтой, мэдлэг шаардсан энэхүү салбарыг хөгжүүлэхэд чадвартай боловсон хүчин шийдвэрлэх ач холбогдолтой. Үүнд манай үндэсний эрдэмтэд, боловсролын байгууллагууд чухал үүрэгтэй юм. Сүүлийн жилүүдэд үндэсний томоохон компаниуд нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төсөл боловсруулж, захаасаа хэрэгжүүлэх үе шатандаа орж байгаа нь сайшаалтай. Цаашид төр засгийн байгууллагууд, эрдэмтэн судлаач нар хувийн хэвшлийнхэнтэй нягт хамтран ажиллаж байж оновчтой зөв шийдэлд хүрч чадна.

Энэхүү хэлэлцүүлгээс гарах Зөвлөмжийг манай Засгийн газар зохих хэмжээгээр тусган авч, ашиглан хэрэгжүүлэх болно. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Төслүүд ажлаа эхлэг

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. УИХ-аас саяхан баталсан стратегийн зарим чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль маш чухал  дэмжлэг болохыг энд цугласан компаниудын төлөөлөл, химийн салбарын эрдэмтэн судлаачид тэмдэглэж байлаа.

Сайд Д. Ганхуяг “Нүүрс шингэрүүлэх технологийг Монгол улсад хөгжүүлэх асуудал Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан.  Монгол улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравдугаар байрт ордог бөгөөд нэг хүнд ногдох хэмжээгээр тэргүүлж байна. Нүүрснээс түлш, хий, химийн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Манай улс газрын тосны бүтээгдэхүүн, бензин шатахууны хувьд импортлогч орноос экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ оноос эхлэн газрын тос боловсруулах үйлдвэр баригдана. УИХ-аас нүүрс шингэрүүлэх технологи бүхий үйлдвэрийг Монгол улсад барихад зориулан энэ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэмүү өртөг, гаалийн татвараас чөлөөлөх хуулийг баталсан. Ингэснээр сайн технологи, сайн хөрөнгө оруулагч манай улсад орж ирэх боломж бүрдэх юм. Төсөл хэрэгжүүлэгч компаниудтай олон удаагийн уулзалтын үр дүнд татварын ийм хөнгөлөлтийг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ямар ч байсан эдгээр төслүүд маань эхлэг гэсэн байдалтай байна” хэмээн тэмдэглэв.

МХХИНХ-ны Тэргүүн, Академич Ж.Тэмүүжин
“Манай улсад хамгийн их нөөцтэй болох нь тогтоогдоод буй хүрэн нүүрсийг химийн үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Монголын химич, химийн инженер, эрдэмтийн  үлэмж хэсгийг өөртөө нэгтгэсэн холбооны зүгээс зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлгийн хамгийн гол үр дүн нь нүүрс шингэрүүлэх технологийг үйлдвэр практикт нэвтрүүлэхэд төр, засгийн зүгээс авах арга хэмжээнд Зөвлөмж гарган, цаашид хамтран ажиллах үндэс суурь бий болгох явдал юм”

Бүр 1980-аад онд Тавантолгойн нүүрсийг хийжүүлэн ашиглах санал гарч байв

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин
“Нүүрс шингэрүүлэх технологийг Монголд хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, тодорхой санал зөвлөмж гаргахаар хуран цугларсан нь Монгол улсын Засгийн газраас бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэчлэлийн бодлого явуулж буй энэ үед чухал ач холбогдолтой юм. 1960-аад оноос хойш Монгол улсын шинжлэх ухааны академийн органик химийн хүрээлэнгийн тасаг, МУИС, ШУТИС, Геологийн төв лаборатори, Уул уурхайн хүрээлэн, Нүүрсний хими технологийн эрдэм шинжилгээний үндэсний төв зэрэг судалгаа шинжилгээний байгууллагууд нүүрсийг зөвхөн дулааны эрчим хүчний түлш төдийгүй боловсруулах аж үйлдвэрийн чухал түүхий эд талаас нь судлах талаар олон ажлууд хийгдэж ирсэн нь өнөөдөр ийнхүү үргэлжилж байна.

1980-аад онд Тавантолгойн ордын коксжих нүүрсийг хийжүүлэн ашиглах санал, санаачилга гаргаж байсан. Эл ордод түшиглэсэн нүүрс-химийн цогцолборыг барих төлөвлөгөө гарган, тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн хурлын түвшинд хэлэлцүүлэн батлуулж, урьдчилсан судалгааг амжилттай хийж гүйцэтгэж байсан туршлага бий. Нүүрс шингэрүүлэх судалгааны ажлууд мөн Өвдөг худаг, Хөөт, Шивээ-Овоо, Адуунчуулууны ордын нүүрсэн дээр хийгдэж, шингэн түлшний боломжит түүхий эд болох нь тогтоогдож байсан юм. Энэ бүхэн бодит амьдралд хэрэгжих болсон цаг үе тохиож байна. Монгол улсын хөгжлийн стратегийн ач холбогдолтой ийм чиглэлээр шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төр засгийн бодлого боловсруулагчид тал бүрээсээ хамтран ярилцаж, асуудлыг шийдвэл бидний ажил илүү үр дүнтэй, өгөөжтэй байх болно. Шинэ технологийг эх орондоо нэвтрүүлэхэд эрдэмтдийн санаа бодол ихээхэн чухал”  гэв.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном
“Орчин үеийн болоод ирээдүйн хэрэгцээг хэрхэн хангах асуудлыг бид одоо л бодож, шийдэж эхлэх шаардлагтай  байгаа юм. Арвин их нөөц бүхий хүрэн нүүрсийг боловсруулан шингэн түлш гаргах, химийн үйлдвэрийг хөгжүүлэх нь боломжит нэг арга мөн. Энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэгч үндэсний гурван компани бий.  Юуны түрүүнд эдгээр гурван компани маань энэ ажлаа орхиж, няцаж болохгүй шүү гэж хэлэхийг хүсч байна. Мөн хоорондоо нягт хамтран ажиллах нь маш чухал. Нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийг хөгжүүлэх нь төрийн баримтлах зайлшгүй бодлогын нэг. Төр ба хувийн хэвшил хоорондоо нямбай түншлэх шаардлагатай. Өндөр технологийн энэхүү төслийг эхлүүлэхэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Тиймээс санхүүгийн эх үүсвэрийг олоход нь төр засгийн зүгээс дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Зарим нэг хэмжээгээр Засгийн газрын шууд санхүүжилт байж болно. Хэрэв гадаадаас зээл авах бол түүнд нь Засгийн газрын баталгаа гаргаж өгөх шаардлага гарна. Мөн татварын хөнгөлөлтийг үзүүлэх боломж байдаг. Улсын эдийн засаг, цаашлаад аюулгүй байдлын бодлогын асуудал учир дэмжихэд Засгийн газрын зүгээс “гар татах”хэрэггүй болов уу гэж бодож байна” хэмээн онцоллоо.

ҮХААЯ-ны Дэд сайд Б.Цогтгэрэл “Энэ томоохон төслүүд саланги байдлаар хэрэгжих үндэслэл маш багатай учир төсөл санаачлагчид аль болох үйлдвэрлэгчид, шинжлэх ухаан, төр засаг болон боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай. Одоогоор хэсэгчилсэн 4-5 баг байна гэж харж байна. Арав гаруй компанийн жижиг, том төслүүд бий. Яамны зүгээс төсөл хэрэгжүүлэгч компаниудын төсөлтэй 3-5 удаа танилцсан байгаа. Ерөнхийдөө технологийн шийдэл, ялгаа нь зарчмын хувьд бага. Учир нь эдгээр төслүүдийг яриад эхлэхэд эцэстээ өнөөх “Lurgi”, “ThyssenKrupp” компаниуд, Өмнөд Африкийн “Сасол” үйлдвэрийн түүх болдог. Технологи санаачлагч, шийдэл зэрэг бүх зүйлийг зангидаж байгаа эх сурвалж, баг нь үндсэндээ хоорондоо холбоотой гэж ойлгож, харин технологийг авч байгаа Монголын тал өөрөө нягт байх хэрэгтэй. Манай үндэсний компаниудын төслүүд хоорондоо өрсөлдөгч биш, бүгд нийлээд зах зээл дотроо багтаж байгаа юм. Энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэгчид нэг том баг гэж төр засгийн зүгээс бодлогоор зангидан ажиллах нь зөв болов уу”.

ЭЗХЯ-ны Инноваци-Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн газрын ахлах мэргэжилтэн, доктор Б.Авид ”Аливаа улс  өөрийн эрчим хүчний бодлогтой байх ёстой гэж үздэг. Эрчим хүчний бодлого гэдэг нь өөрийн эх үүсвэр дээр тулгуурлах ёстой. Харин эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс юм. Нүүрснээс шингэн түлш гаргах асуудлаас гадна нүүрсний хийжүүлэлтэд мөн чухал ач холбогдол өгч, дэмжиж ажиллах ёстой гэж үзэж байна. Учир нь нүүрсний хийжүүлэлтээс гаргаж авдаг нийлэг түлш бол эрчим хүч, шингэн түлш, химийн түүхий эд, хий зэрэг манай улсад хэрэгтэй зүйлийн гол түүхий эд болдог. Нэг үгээр нүүрсний хийжүүлэлт нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн “мотор” нь гэж би үзэж байгаа”.

АМГ-ын Уул уурхайн шинжилгээ туршилт лабораторийн ахлах шинжээч, доктор  Ж.Нарангэрэл
“Монголд нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай ажлууд цөөнгүй бий. Юуны түрүүнд төрийн тууштай, нэгдсэн бодлого болоод үндэсний хөтөлбөр шаардлагатай. “Монгол нүүрс” хөтөлбөр өнөөг хүртэл батлагдаагүй байгаа бөгөөд үүнд анхаарах хэрэгтэй байна. Төр, хувийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал. Эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Боловсон хүчинийг бэлтгэх асуудал  чухал юм. Мөн нүүрсний судалгааны төвлөрсөн байгууллага нэн тэргүүнд шаардлагатай гэж үзэж байна. Нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд судалгаагүйгээр ажил явахгүй. Ийм байгууллага байгуулснаар Монголын нүүрсний мэдээллийн нэгдсэн сантай болох юм. Манай улс асар их нөөцтэй, судалгаа хэдийгээр олон жил үргэлжилж байгаа ч нүүрс нь маш нарийн бүтэцтэй, олон чиглэлээр ашиглах боломжтой учир бид бүрэн гүйцэд судлах хэрэгтэй байгаа. Энэхүү санг бүрдүүлснээр Монголын нүүрсийг зөв зохистой ашиглах, судалгааны дэвшилтэд чиглэлүүдийг хөгжүүлэх, шинжилгээ туршилтын материаллыг бэхжүүлэх, технологийн туршилт, боловсруулалтын ажлуудыг дотооддоо  гүйцэтгэх, хөрөнгө зардал хэмнэх, ажлын давхардлыг арилгах зэрэг олон талын ач холбогдолтой”

ҮХААЯ-ны Хүнд Үйлдвэрийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Болд “Төсөл хэрэгжүүлэгч нарт төрөөс хууль эрх зүйн орчны ямар дэмжлэг шаардлагатай, үйлдвэр дэх төрийн хувь оролцоо, бүтээгдэхүүнд баталгаа гаргах нөхцөл  ямар байх талаар ТЭЗҮ боловсруулах даалгаварт өгөгдсөн байгаа. Хуулийн дагуу тендер зарлагдаж, ТЭЗҮ боловсруулах Ажлын хэсэг үүнийг хийсний дараа дүгнэлтүүд гарч ирнэ гэж ойлгож болно”   

МҮҮХ-ны тэргүүн, Монгол дээд сургуулийн захирал, доктор, професор Н.Дашзэвэг
“Түлшний стратегийг олон жилээр харах хэрэгтэй. Үндэсний том зөвлөл байгуулах, асуудлыг шуурхай шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Нүүрснээс шингэн түлш гаргах нь стратегийн үйлдвэрлэл юм. Эх газрын нефтийн нөөц дуусч байгаа учир 30-40 жилийн дараа нүүрс нь стратегийн бүтээгдэхүүн болох боломжтой. Газрын тос, нүүрснээс шингэн түлш гаргах нь хоорондоо өөр асуудлууд учир хоёр тусдаа хууль гаргасан нь дээр гэж бодож байна.

-       Хууль гаргаснаар хөрөнгө оруулагчдад баталгаа, итгэл үнэмшил бий болно

-       Хөрөнгө оруулах хугацаанд бүх төрлийн татварыг хөнгөлөх

-       Энэ салбарын тогтвортой орчныг бүрдүүлэх  хууль гаргах

-       Зээлийн тусламж, дэмжлэг үзүүлэх

гэсэн саналыг хэлэлцүүлгийн зөвлөмжид ганал болгоё.

Уул уурхайн яамны Түлшний бодлогын Хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв
“Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, занар, газрын тосыг боловсруулах замаар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хүрээнд оруулж ирэх технологийн тоног төхөөрөмж сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шинэ хуулийг энэ зургадугаар сарын эхээр батлан гаргасан.       

“Цэцэнс майнинг энд Энержи”, “Монголын Алт” болон “Багануур Энержи” Корпорешн зэрэг компани сүүлийн үед нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүд дээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. “Багануур Энержи” Корпорешн компани хамгийн сүүлд нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дуусаад Уул уурхайн яаманд хүлээлгэн өгсөн байгаа. Сайдын тушаалаар хөндлөнгийн шинжээчийн баг томилогдож, дүгнэлтээ гарч хариу бэлэн болсон. Ирэх долдугаар сарын эхээр “Багануур Энержи” компанийн ТЭЗҮ-ийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхээр бэлтгэгдсэн байгаа.

“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болоод Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн хүрээнд Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх замаар гарган авсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлэх тусгай зөвшөөрлийг Уул уурхайн яамнаас олгохоор Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөл олгох дарааллын тухайд:

-       ТЭЗҮ боловсруулсан аж ахуйн нэгж албан хүсэлтээ Уул уурхайн яаманд гаргана

-       Хөндлөнгийн шинжээчдийн баг томилогдон ТЭЗҮ-д дүгнэлт гаргана

-       Гаргасан дүгнэлтийн шүүмжийн хариуг бэлдэн Эрдэс баялгийн мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцэнэ

-       Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлтэд үндэслэн Сайдын тушаал гарч тусгай зөвшөөрөл олгогдоно

Нүүрс шингэрүүлэх төслүүдийг Засгийн газраас бүрэн дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалт болоод бизнесийн орчны хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал асуудал бөгөөд аль улсын ямар технологийг хэрэглэх нь хувийн хэвшлийнхний шийдэх ажил юм” хэмээн ярьсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид УИХ ба Засгийн газарт хандсан мэргэжлийн зөвлөмжийн төслийг бэлтгэснээр Хэлэлцүүлэг өндөрлөв. Нүүрсний арвин нөөцтэй Монгол орны хувьд химийн аж үйлдвэрлэл хөгжих өргөн ирээдүй бий бөгөөд манай химийн салбарынхан энэхүү үйл явцад чухал үүрэгтэй хэмээн судлаач эрдэмтэд онцоллоо.



Э. Оджаргал