Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Эрдэнэт үйлдвэрт маш их ирээдүй бий. Газрын дор ч их юм бий, газар дээр ч их юм байна

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч  Б.Намхайнямбуутай ярилцлаа.  

Ярилцсан Н.Ариунтуяа

Ажил хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Анх томилогдож ирэх үеийн төсөөлөл, сэтгэгдэл ямар байв? Одоо энэ сэтгэгдэл яаж өөрчлөгдсөн бэ?

Ажлаа аваад хагас жил боллоо. Багагүй хугацаа ч гэлээ том үйлдвэрийн хувьд ажилтайгаа бүрэн танилцахад нэлээд хугацаа орох юм шиг байна. Миний хувьд гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо гэж байх үеэс “Эрдэнэт үйлдвэр”-ийг мэднэ. Сүүлийн жилүүдэд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын нарийн бичиг, Тэргүүн шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа яг дотор нь байгаагүй ч тодорхой хэмжээнд мэдээлэлтэй явж ирсэн. Ер нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар мэдэхгүй хүн гэж юу байх вэ. Тэр тусмаа эдийн засгийн салбарт ажилладаг хүний хувьд “Эрдэнэт”-ийг орхигдуулвал том алдаа болох байх.

Ийм том үйлдвэрт томилогдохдоо том үйлдвэрийн хөгжлийг томоор авч явах хариуцлага давхар ирж байгааг ойлгосон. “Эрдэнэт үйлдвэр” хүний нөөц, техник технологийн хувьд үнэхээр сайн бэхэжсэн газар юм. Ийм үйлдвэр их ховор. Юм хийж бүтээе гэвэл боломжууд их байна. Тиймээс бодитой, бүтээлч ажил хийх сэн гэж эрмэлзэж байна. 

Уурхайн хот учраас эрт унтаж, эрт босдог. Улаанбаатарынхнаас их өөр шинж бий шүү. Агаар цэлмэг, уур амьсгал сайхан. Стресс бага, тайван орчинтой. Ер нь хүний тоо бага байх тусмаа их тайван байдаг шиг. Сая руу дөхөөд ирэхээрээ нижигнэчихдэг юм байлгүй дээ. Гэхдээ үйлдвэр дотор их ажил тасралтгүй буцалж байдаг. Уул уурхайн салбар хүнд, хөрөнгө мөнгө шингээсэн ачаалал ихтэй салбар. Тэр дундаа олон хүн ажилладаг том үйлдвэр учраас аргагүй ачаалал их. Тэр хэрээр Эрдэнэт их ажилсаг хот юм. Ер нь үйлдвэрлэлийн районд, үйлдвэрлэлийн хотод хүмүүс нь их ажилсаг байдаг. Энэ ажилсаг байдал дээр суурилбал их юм бүтээнэ дээ гэж л харж байна. 

Хөгжлийн асуудал эрхэлсэн Орлогчийн ажил үүргийн хуваарьт ямар асуудлууд багтдаг вэ?

“Эрдэнэт үйлдвэр”-т сүүлийн жилүүдэд шинээр бий болсон алба. Чиглэлийн бус үндсэн чиг үүргийн ажил гэж болно. Хөгжил гэдэг асар өргөн хүрээний ойлголт болохоор техник технологи, хүн хүч, боловсон хүчин гээд хамаарахгүй зүйл ховор. Тэр дундаа техник технологи, эдийн засгийн асуудлаа голлодог. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүрх нь баяжуулах фабрик бол хөгжлийн асуудлыг тархи нь гэж хэлж болно. Үндсэндээ бодлого, концепци боловсруулах чиг үүрэгтэй.

Хөгжлийн асуудал эрхэлсэн Орлогч нь хөгжлийн хэлтэс, инженерийн зураг төслийн хэлтэс, геологи, хайгуулын анги, мэдээлэл, сурталчилгааны алба гэсэн дөрвөн томоохон албатай. Үйлдвэрийн хөгжил, хувь хүний хөгжил, хайгуулын ажил, шинжилгээ судалгаа, мэдээлэл сурталчилгаа гээд олон асуудлыг цогцоор хамаардаг. Түүнчлэн шинэ төслийг хариуцан ажиллаж байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн “тархи” нь цаашдын хөгжлийнхөө дүр зургийг хэрхэн төлөвлөж, харж байна вэ? Хөгжлийн бодлого ирээдүйд хаашаа, юунд чиглэх бол?
  
“Эрдэнэт” насжилтын хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч, нийгмийн хариуцлагын хувьд ч Монгол дахь уурхайнуудад үлгэр болсон уурхай. Цаашид үлгэр дууриал авах уурхайнууд олноор гарч ирэх нь. Оюутолгойн үйл ажиллагаагаа эхэлчихлээ. Цагаансуварга удахгүй ашиглалтад орно. Оюутолгойг хот байгуулахгүй нь, хэдхэн гэр барихаас хэтэрсэнгүй гэх зэргээр шүүмжилж байна л даа. Эрдэнэт ч тиймэрхүү байдлаар л ажил эхэлсэн. Одоо бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг дагасан 100 мянган хүн амтай хот бий болчихлоо. Энэ хотыг, хотын иргэдийн амьдралыг авч яваа галт тэрэгний зүтгүүрийн үүргийг “Эрдэнэт үйлдвэр” гүйцэтгэдэг. Нэлээд хугацаанд Улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж ирлээ. Харин сүүлийн жилүүдэд Тавантолгой, Оюутолгой, бусад уурхайнууд гарч ирснээр Улсын төсвийн 15-20 орчим хувийг бүрдүүлэх болсон.

Эрдэнэтийн цаашдын хөгжлийг өөдрөгөөр төсөөлдөг. Үйлдвэрийн насжилтыг уртасгахын тулд геологи хайгуулын ажлыг өргөтгөх зайлшгүй шаардлага бий. Нөөцийг нэмэгдүүлэх нь цаашдын хөгжлийг явуулахад чухал үүрэгтэй. Одоо ашиглаж буй баруун хойд болон төвийн орд 27 жилийн нөөцтэй. Тиймээс геологи хайгуулын ажилд онцгой анхаарал хандуулж байна. Нөөцөө нэмэгдүүлж чадвал, үйлдвэрийг ч, хотыг ч олон жилээр авч явах боломж бүрдэнэ. Шандын ордыг нээж ашиглах, зарим овоолгыг эргэж ашиглах боломжийг судалснаар үйлдвэр цаашид 40-өөд жил ажиллах боломжтой гэж үзэж байгаа.

Түүнчлэн эдийн засгийн үр ашигтай, хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарч байна. Хуучнаар ЗХУ-ын үеийн голдуу техниктэй байсан бол одоо барууны техникүүд нэлээд нэвтэрчихлээ. Герман, Америк, Японы техникүүдтэй болж байна. Оросын техникүүд ч бий.

Гэхдээ хөгжлийг бид газар шороо, техник технологийн асуудлаар хязгаарламааргүй байгаа юм. Техник технологийн хөгжил чухал. Гэхдээ хүний хөгжил түүнээс ч илүү чухал. Орчин үеийн үйлдвэрүүдэд хүний хөгжил чухлаар тавигдаж байна. Эрдэнэт үйлдвэрийг анх барьсны дараа оросуудын оролцоо их байсан. Харин одоо бол дэлхийн уул уурхайн томчуудтай өрсөлдөхүйц үндэсний боловсон хүчинтэй гэж бардам хэлж чадна. Тиймээс үйлдвэрийн хөгжил монголчуудын оюун ухаан, зүрх сэтгэлээс  бүрэн шалтгаална. Үйлдвэрийн удирдлагууд ч ажилчдынхаа сайн сайхан, эрүүл мэнд, оюун ухаан, боловсрол гэгээрэлд чиглэсэн шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уурхайн соёл гэж дэлхий дахины шинэ хандлага гарч ирлээ. Соёлтой гэдэг нь хүн рүүгээ л хандсан үйл ажиллагаа шүү дээ.

Энэ бүгдийг цогцоор хэрэгжүүлснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүй, цаашлаад Монгол улсын ирээдүйд ч томоохон хувь нэмэр оруулах хэтийн хөгжлийн төлөв харагдаж байгаа. Хоёрдмол утгагүй ярихад, “Эрдэнэт үйлдвэр”-т маш их ирээдүй бий. Газрын дор ч их юм бий, газар дээр нь ч их юм байна. Тэр бол үйлдвэрийн  ажилтнуудын мэдлэг туршлага, ажилсаг байдал юм.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ҮЙЛДВЭРЛЭСЭН ҮНДЭСНИЙХЭЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” АВЪЯ Л ДАА

Үйлдвэрийн шинэ удирдлагуудыг ямар бодлого, арга барилаар ажиллахыг хүмүүс анхааралтай ажиглаж байгаа. Зарим нэг тогтсон хандлага, нөхцөл байдлыг өөрчлөх гэсэн шинэчлэлийн бодлого ч явж байх шиг байна? 
       
Спортод бол монголчууд багийн спортоос илүүтэй бокс, жүдо зэрэг ганцаарчилсан төрөлд амжилт гаргадаг. Харин үйлдвэрлэлийн салбарт ганцаарчилсан тоглолт хамгийн хэрэггүй зүйл. Үйлдвэрийн шинэ удирдлагууд багаараа ирсэн учраас үзэл баримтлалын хувьд ч тэр, ойлголцоход ч тэр, зөв шийдэл гаргахад ч тэр их чухал байна. Багийн ажил гэдэг бусдыг дарангуйлна гэсэн үг биш. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөгжлийн төлөө, Монголын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг хэлж байгаа хэрэг. 35 жил ажиллахад олон баг, олон хүмүүс ирж ажилласан байгаа. Түрүү түрүүчийнхээ удирдлагуудад бид маш талархалтай ханддаг. Тэдний хийсэн бүтээсэн асар их. Техник технологийн хувьд ч тэр, менежментийн хувьд ч тэр, үе үеийн удирдлагуудын хийсэн бүтээсэн нь өнөөдрийн “Эрдэнэт үйлдвэр”-ийг бий болгосон.

Гэхдээ Ц.Даваацэрэн захирал тэргүүтэй шинэ багийнхны түвшинд харахад шинээр ажилламаар юм бас байна. Шинэ хүмүүс асуудлыг цоо шинээр хардаг. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд ч тийм давлагаа явж байна. Давлагаа гэдэг нь Засгийн газрын бодлого гэсэн үг. Тэр давлагаан дотор нь байгаа учраас шинэлэг маягаар ажиллах боломж бас бүрдэж байна. Энэ том мөрөн дотор бид өөрийн гэсэн урсгалтай, өөрийн гэсэн хөг аялгуутай нэг гол нь байя. Түүний төлөө л ажиллаж байна.        

Цаашдын үйл ажиллагаандаа шүүмжлэгддэг зүйлсийг анхаарах ёстой. Авлига хээл хахуулийн асуудал байна. Орон нутагтай хамтарч ажиллахад учир дутагдалтай тал байна. Ажилчдынхаа хөгжилд ч бас анхаармаар байна.

Тиймээс ч Орхон аймагтай бид гэрээ байгуулсан. Байгаль орчин, орон сууц, жижиг дунд үйлдвэрлэл гээд хэд хэдэн асуудлаар хамтарч ажиллахаар боллоо. Аж үйлдвэрийн парк байгуулна гэж Монгол улс хэдэн жил ярилаа. Хамтын ажиллагааны хүрээнд бид аж үйлдвэрийн паркийн асуудлыг анхаарч оруулсан. Анхаарна гэдэг нь аж үйлдвэрийн паркад үйлдвэрлэсэн үндэснийхээ бүтээгдэхүүнийг “Эрдэнэт үйлдвэр” авъя гэж байгаа юм. Үйлдвэр, парк босоод ирвэл тэгж дэмжих боломж бидэнд байна. Тэртээ тэргүй л гадаад, дотоодоос хэрэгцээт зүйлээ авч байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдан авдаг бараа, түүхий эд материалын 30 хүртэлх хувийг орон нутгаас авъя. Мэдээж хэрэг, тэр нь стандарт шаардлагад нийцэх ёстой. Тэр ч утгаараа бид “Орхон аймгийн бизнес зөвлөгөөн-2013”, Орхон аймагт саяхан болсон “Эдийн засгийн форум”-д идэвхтэй оролцсон. 

Дээрээс нь Эрдэнэт Улаанбаатарын хооронд хэдэн цаг явдаг билээ. Булган-Орхон-Улаанбаатарын хооронд нэг нисэх онгоцны буудалтай болчихъё. Иймэрхүү санаанууд гэрээнд туссан. Энэ бол ард иргэд рүү чиглэсэн, нутаг орноо харж үзье гэсэн бодлого. Орон нутгийн татварын 90 хувийг “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлдэг. Тэр утгаараа орон нутгийн хөгжилд их үүрэгтэй. Түүний хэрээр ч идэвхтэй оролцох ёстой юм байна.

Шинэ удирдлагын хүрээнд зөвхөн үйлдвэрийнхээ төслүүдээр үйл ажиллагаагаа хязгаарлахгүй. “Кенко” эмнэлэг, одоо зогсчихсон байгаа молибдени ялгах “Шим технологи” хамтарсан үйлдвэрийг сэргээх асуудал байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгө оруулалттай “Эрдмин” үйлдвэр сайн ажиллаж байгаа. Түүнтэй адил зэс ялгах технологитой “Ачит эхт” үйлдвэр удахгүй ашиглалтад орох байх. Шинэ удирдлагууд эдгээр төслүүдэд анхаарал хандуулж байгаа. Мөн Зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар судалж байгаа. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд танилцуулга хийсэн.

Үйлдвэрийн санхүү, эдийн засгийн байдлыг сайжруулах чиглэлээр хэмнэлтийн бодлого явуулж байгаа гэж сонслоо?

Одоохондоо эдийн засаг төдий л сайн биш байна. Дэлхийн эдийн засгийн хямралтай ч уялдаж байна. Дээрээс нь үрэлгэндүү байдал ч байсан. Түүнийг аль болох багасгах зорилгоор “Хэмнэлтийн бодлого” явуулж байгаа. Цех, хэсгүүдийнхээ 2013 оны төсөв төлөвлөгөөг хянаж үзсэн, өөрсдийнх нь санаа бодлыг сонссон. Зардал багасгах ямар боломжууд байгааг харилцан ярилцаад, хэмнэлт хийхээр ажиллаж байна. Удирдлагын зохион байгуулалтыг сайжруулснаар үр дүн өгнө гэж харж байгаа. Гэхдээ энэ бол дотроо хийж буй хэмнэлтийн жижиг арга хэмжээ.

Цаашдаа эдийн засгийн үр ашигтай том төслүүд хэрэгжүүлж байж том үр дүн харна. Хүдрийн ил уурхайд хэрэгжүүлэх Мөчлөгт урсгалт технологи, Өөрөө нунтаглах хэсгийг шинэчлэх томоохон төсөл хөтөлбөрүүд явж байна. Ялангуяа Мөчлөгт урсгалт технологийн төслөөс эдийн засгийн хувьд том үр дүн харж байгаа. Эдийн засаг төдийгүй технологийн хувьд ч чухал ач холбогдолтой төсөл. Барууны технологи нэвтэрнэ. Монголдоо ч шинэ үйл ажиллагаа болох байх. МАК Нарийнсухайтын уурхай дээрээ нэвтрүүлэх сураг сонстсон.    

Цаг алдалгүй, зэсийн үнэ нэг их унаагүй байгаа энэ үед хэрэгжүүлчих юмсан. Өнгөрсөн жилүүдэд зэсийн үнэ 9000 ч хүрч байлаа. Тэр үед эдийн засгийн үр ашигтай энэ том төслийг гялалзуулчихсан бол гэх бодол төрдөг л юм. Гэхдээ бид энэ цаг үеэ алдаж болохгүй. 2015-2016 оны үед зэсийн үнэ ямар байх талаар янз бүрийн л төсөөлөл явж байна. Тэр үед энэ төслийг хэрэгжүүлчихвэл 40-60 хувийн хэмнэлт гарах тооцоо бий. БелАЗ-уудын хувьд бензин шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд 60 хувь нь зардалд явдаг, их том зардалтай эд. Түүнийг хэмнэнэ гэсэн үг.

Энэ төслүүдээс том үр дүн харж байна. Том үр дүн гарвал Улсын төсөвт ч ахиухан юм өгдөг болно. Бид Монгол, Оросын Засгийн газарт девидент өгч байгаа. 2012 оны девидент 97 тэрбум төгрөгийг Монголын Засгийн газарт удахгүй шилжүүлнэ. 

Сэргээнэ гээд байгаа молибденийн үйлдвэр ямар учиртай үйлдвэр вэ? 

“Эрдэнэт үйлдвэр” израильчуудтай хамтарч “Шим технологи” гэж үйлдвэр байгуулсан. Баяжмалыг дахин боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр л дээ. Молибдени дэлхийн зах зээл дээр үнэтэй бүтээгдэхүүн. Гэвч 2008 онд эдийн засгийн хямрал тохиосон. Түүний хажуугаар аль аль тал нь гэрээн дээрээ зөрчилдөн, үл ойлголцох байдалд хүрээд зогсчихсон юм билээ. Одоо шүүх дээр хоёр гурав дахь жилдээ явж байна. “Эрдэнэт үйлдвэр” 200 гаруй ажилчдынх нь цалинг хуулийн дагуу өгөөд явж байгаа.

Улсынхаа эрх ашгийн үүднээс экспортын чиглэлтэй энэ үйлдвэрээ бид дэмжих нь зүйтэй юм. Нөгөө талдаа монголчуудаа ажлын байраар хангах үндэслэл байна. “Эрдэнэт үйлдвэр” дээр байгуулагдсан Ажлын хэсгийг би ахалж байгаа. Израилийн талын холбогдох хүмүүстэй уулзаж ярилцаж байна. Бидний хувьд үйлдвэрийг ингээд зогсоогоод байлгүй, асуудлыг шийдье. Шийдэхдээ зөв талаас нь харъя. Зөв гэдэг нь улсын эрх ашиг байна, ард түмний эрх ашиг байна, үйлдвэрийн эрх ашиг байна. Нэгэнт байгуулчихсан үйлдвэрийг сэргээгээд, илүү боловсронгуй болгоод явбал эдийн засгийн хувьд ч тэр, цаг хугацааны хувьд ч тэр зөв юм болов уу гэсэн чиг бий. Шинээр байгуулъя гэсэн санал ч явдаг л юм.

Гэхдээ шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Шүүхийн шийдвэрт бид нөлөөлж болохгүй. Хууль бол хууль. Хэрвээ шүүхээс эсрэг шийдвэр гарч, дампууруулна гэх юм бол асуудал өөрөөр яригдана.  

“Эрдмин” үйлдвэр “Эрдэнэт”-ийн хувь оролцоотой. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч цор ганц энэ үйлдвэрт төр засгийн ч, өрөөл бусдынх нь ч дэмжлэг их дутдаг юм шиг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн шинэ удирдлагууд энэ талаар ямар бодол санаатай явдаг вэ? Хувь оролцоогоо нэмэгдүүлэх сонирхол, чиг хандлага бий юү?

Хувь оролцоогоо нэмэгдүүлэх, ойр дотно ажиллах бодол бий. Гэхдээ хувь оролцоог нэмэх асуудал хуулийн дагуу л шийдэгдэнэ. Юу нь болохгүй байна, татвар төлөөс дээр асуудал байна уу, гарч байгаа бүтээгдэхүүнийг нь худалдаж авах уу гэсэн анхаарал дутмаг явж ирснийг үгүйсгэхгүй. Тэр утгаар хэлж байх шиг байна. “Эрдмин”-ий хийсэн  бүтээгдэхүүн чанартай л байгаа. Чанарын түвшин хангасан бүтээгдэхүүнийг “Эрдэнэт үйлдвэр” авах л хэрэгтэй. Иймэрхүү байдлыг цаашид зөв зохистой хандлагад оруулах, байгууллага хоорондын харилцааг ойртуулах ажил бий. “Эрдэнэт үйлдвэр” анхаарал халамжаа ч хандуулна, тавьдаг шаардлагаа ч тавиад явна. 

“Зэс эрдэнийн хувь” иргэдийн хөдөлгөөний асуудал яаж шийдэгдэж байгаа бол?  

Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгч­дийн хурал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХК-тай туршилтын үйлдвэр байгуулах Санамж бичигт гарын үсэг зурсан. Юм хийе гэж байгаа хүмүүст бид хориг тавихгүй. Нөгөө талаас, ард иргэдийн хувь орчихсон, 40 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй, хаалттай  хувьцаат компани. Орхон аймгийн иргэдийн, монголчуудын хувь оролцоо байгаа учраас үүнийг дэмжвэл том үйлдвэр олон түмэн рүүгээ хандахын нэг жишээ болох болов уу. Монголын ард түмэн Тавантолгойн хувьцааг эзэмшиж байгаа шиг явахад болохгүй юмгүй. “Эрдэнэт үйлдвэр” Тавантолгойг бодвол жижигхэн. Тийм учраас Орхон аймгийнхаа хэмжээнд ярих нь зөв байх.

Гурван тал хэлэлцээ хийгээд ямар ч байсан эхний ээлжинд ажил явуулах эхлэлийг тавилаа. Суурийг нь тавьсан гэсэн үг. Цаашаа компани өөрөө техник технологи, мөнгө санхүүгийн асуудлаа шийдээд явах юм. Гэрээгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгод “Зэс эрдэнийн хувь” ХК өөрийн хөрөнгөөр хагас үйлдвэрлэлийн туршилт хийнэ. Туршилт амжилттай үр дүн үзүүлсэн тохиолдолд бид хамтарсан компани байгуулна. Тэр үедээ Орхон аймаг хэдэн хувийг, “Эрдэнэт үйлдвэр” хэдэн хувийг, компани хэдэн хувийг эзэмшихээ шийдээд явна. “Эрдэнэт үйлдвэр” 34-өөс доошгүй хэмжээний хувийн оролцоотой байхаа хэлсэн. Энэ нь санал тавих хяналтын багцаа барина гэсэн үг. Тэр 34 хувийг үйлдвэрийнхээ ажилчдад өгөх үү, эсвэл үйлдвэр өөрөө авах уу гэдгээ тухайн үедээ ярилцаж шийдэх байх. 

“Ачит эхт” гээд “Эрдмин” шиг технологитой үйлдвэр баригджээ. Бас л “Эрдэнэт”-ийн хувь оролцоотой юу?

Тийм ээ. “Эрдэнэт”-ийн оролцоо бий. Түрүүчийн удирдлагуудын хэмжээнд яригдсан юм билээ. 

“Ачит-эхт”, “Зэс эрдэнийн хувь” гээд “Эрдмин”-тэй ижил төрлийн үйл ажиллагаатай гурван үйлдвэр бий болох нь байна. Овоолгын нөөц гурван үйлдвэрт хүрэлцэх эсэхийг тооцоолсон юм байдаг уу? “Эрдмин” ч хөл дээрээ сайн тэнцээгүй байхад ахиад хоёр үйлдвэр байгуулчихаар гурвуулаа дэнжигнэх асуудал гарах юм биш биз? Нэг нь хуушуурын газар нээгээд ашигтай ажиллаад эхэлвэл бүгд хуушуурын газар байгуулан бүгдээрээ дампуурдаг гэдэг шиг юм болох вий?

Бодлого жаахан дутаж ирсэн юм болов уу. Нөгөөтэйгүүр, Эрдэнэтэд ч бас овоолго руугаа орох шаардлага байсан. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг бүрэн дүүрэн ашиглах, сорчлон ашиглахгүй байх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу өөрийн тусгай зөвшөөрлийн нутаг дэвсгэр дээрх исэлдсэн хүдрийн овоолгоос гидрометаллургийн аргаар зэс ялган авах технологиор хамтарсан үйлдвэр байгуулахыг дэмжиж ирсэн. Зөв гольдролоороо явсан нь ч бий. Хүчээр ч орж байгаа ч юм байна. “Эрдэнэт үйлдвэр” өөрөө санаачлаад байгуулаад байгаа юм биш шүү дээ. Ер нь дахин дахин ийм үйлдвэр байгуулаад байх нь зохимжгүй. Бодлого гаргаж, хамтарсан үйлдвэрүүдийн асуудлыг шийдэх шаардлага бий.

Одоо байгаа үүсмэл ордуудын хувьд нэлээд хэдэн жил үйл ажиллагаа явуулах боломжтой. Цаашдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хайгуулын ажил сайхан яваад, сайн үр дүн гарвал өшөө олон жилээр тэжээгээд л явна.

Цаашид хаягдлын аж ахуйгаа хэрхэн ашиглах талаар бодож, төлөвлөж байгаа зүйл бий юү?

Хаягдаж байгаа усанд ашигтай дагалдах элементүүд нэлээд бий. Тэдгээрийг хэрхэн ашиглах талаар янз бүрийн санал санаачилга явдаг. Саналуудыг судалж байна. Барилгын материалын чиглэлийн зам харгуй тавих ч юм байна. Элементүүдийг авах талаар ч байна. Хаягдлын аж ахуйд байгаа усыг сорж авч, уулын оройд том цөөрөм байгуулаад, түүнийгээ ашиглан усан цахилгаан станц байгуулъя гэсэн санаа ч бий. Гэхдээ аюулгүй байдал гэж бий. Байгуулсан далангаа эвдчихвэл газар хөдлөх ч юм уу эрсдэлүүд гарахыг үгүйсгэхгүй. Үйлдвэр байгууллаа гэхэд технологийн горим зөрчигдвөл гулсах, нуралт явагдах, шүүрэлт явагдах аюул тулгарч мэднэ. Энэ бүгдийг сайтар бодолцохгүй бол осолтой эд. Ер нь байгаль орчинд ээлтэй уул уурхайн үйлдвэрлэл гэж байдаггүй. Харин уул уурхайд ээлтэй бодлого гэж бий, санаа гэж бий, сэтгэл гэж бий.

Ажилтнуудаас сонирхолтой санаачилгууд нэлээд гардаг бололтой?   

Ц.Даваацэрэн захирал ирээд Инновацийн журмыг баталсан. Хуучнаар  шинэ бүтээл оновчтой санал. Одоогийнхоор бол инноваци буюу бүтээмж юм даа. Инновацийг хөгжүүлье. Инновацийн сангаа бүрдүүлье. Гаргасан шинэ санаа нь үйлдвэрлэлд нэвтэрвэл санаачлагчдыг шагнаж урамшуулъя. Энэ нь зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-т төдийгүй Монгол улсдаа ч хэрэгтэй. Инженерийн сэтгэхүйг хөгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашигтай байх, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар улам их ажиллах шаардлага байна.

“Эрдэнэт үйлдвэр” 1000 инженерийн зөвлөгөөн хийсэн. Тэндээс шинэ бүтээл оновчтой санал-инновацийг л харах гэсэн хэрэг. Саяхан манай Зураг төслийн товчооныхон “Монгол инженерээс Монголын брэнд” тэмцээнд оролцож, нэгдүгээр байр эзэллээ. Энэ нь суурьшмал боловсон хүчинтэй, юм бүтээчих уурхай гэдгийг л нотлон харуулж байгаа явдал. Манайд боломжууд их бий.

Хайгуулд онцгой анхаарал хандуулж байгаа гэлээ. Өмнө нь хайгуулын ажил ямархуу хэмжээнд явж, ямар үр дүн үзүүлдэг байсан юм бол?

Хайгуул бол хайж эрнэ гэсэн үг. Хайсан юмаа олох уу гэдэг эрсдэлийг давхар агуулж байдаг. Оросуудын үед эрж хайж тогтоосон хуучин нөөцийн хүрээнд л бид ажиллаж байгаа. Байгаа дээрээ ажиллаад, эрэл хайгуулд дутмаг анхаарсан тал бий. Өнгөрсөн жилүүдэд хайгуулд мөнгө бага зарж ирсэн. Жилдээ 2 сая доллар гаргаад явж байсан юм билээ. Манайх хайгуулын таван лицензтэй. Төлбөрийг нь төлөөд нэлээд хэдэн жил хадгалчихлаа. Одоо хойш тавьж явсан сэтгэхгүйгээ халаад, үйлдвэрийнхээ ирээдүй рүү харъя, насыг нь уртасгая. Энэ жил 8,8 сая ам.долларыг хайгуулын ажилд зарцуулахаар төлөвлөсөн. Таван талбай, дээрээс нь хураагдсан ч гэдэг юм уу улсын нөөцөд байгаа ирээдүйтэй байж болох ганц хоёр талбай дээр Ашигт малтмалын газартай ярьж байгаад эрэл хайгуул хийх төлөвлөгөөтэй. Үндсэндээ найман талбай дээр энэ жил нэлээд юм хийчихье гэсэн санаа байна. Санхүүгийн байдлаас шалтгаалаад оройтож байгаа тал бий.

Уурхайн хувьд гүн рүүгээ нэлээд өрөмдлөг хийх шаардлагатай. Доошоо 1200 метр шахуу газрын гүнд өрөмдлөг хийсэн. Оюутолгойн өрөмдлөг 3000 метр гарчихлаа шүү дээ. Бид 3000 метр өрөмдөөд том нөөц олохыг үгүйсгэхгүй. Зэсээс гадны алтны сонирхол татаж байгаа хэсгүүд бий.

Үр дүнгийн хувьд таамаглалаар ярьж болохгүй. Геологи хайгуул бол эрдэм шинжилгээ, судалгааны маш том талбар. Орчин үеийн техникийн дэвшлийг ч их шаарддаг. Эрдэнэтийн геологи хайгуулын анги сүүлийн жилүүдэд бааз сууриа нэлээд сайн бэхжүүлсэн. Техник технологио орчин үеийн болгосон. Мэргэшсэн чадварлаг баг ажиллаж байгаа. Тиймээс геологийн ажлаас гайгүй үр дүн хүлээж байна. Орд олохын төлөө явна. Хайгуулын ажил дээр тэсрэлт хийх цаг нь иржээ гэсэн бодол бий. Мөнгө зарцуулахгүйгээр хайгуул хийнэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс хөрөнгө мөнгөний хүч, хүний хүч, техникийн хүчийг зориулна.

Шинэ төсөл гэж эмчилгээ оношилгооны төвийг хэлж байна уу? Ямархуу явцтай байна вэ?

Тийм ээ, Японы менежменттэй эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний төв. “Эрдэнэт үйлдвэр” хүмүүсээ чийрэгжүүлчихдэг спортын ордонтой, амарч тухлах амралт сувилалтай. Харин оношилгоо, эмчилгээ хийлгэх гэхээр үзүүлэх, хэвтүүлэх эмнэлэг байдаггүй. Дутагдсан орон зай энэ л байна. Үүнийг нөхөх, цаашлаад хаалтын менежмент хийхэд энэ нутаг орны ирээдүй, улсад үлдэх том бүтээн байгуулалт болох юм. Одоогоор төслийн шатанд явна. Оношилгооны төв баригдаад Ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдаад явж байна. Эмчилгээ, оношилгооны төвийг 200 ортойгоор төлөвлөсөн. Одоохондоо үйлдвэр санхүүжүүлж байгаа. Цаашдаа өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ.

Японы эрүүл мэндийн систем Азидаа үнэлэгддэг учраас менежментийг Япон маягаар авч явахаар төлөвлөсөн юм. Цаашлаад эмчилгээ, оношилгоо хийлгэхдээ байгалийн сайханд амарч, алжаал тайлаад явдаг медтуризм хэлбэрээр хөгжүүлэх ирээдүйг ч харж байна. Эрдэнэт хот сайхан байгальтай. Монголын аймаг, орон нутгийн оношилгооны төвүүдийн стандарт, менежментээс арай өөр, олон улсын түвшинд харж, цоо шинэ зүйл гаргаж ирэх гэсэн санаа байгаа юм. Буриад, тува, өвөрмонгол гээд Монгол туургатнууд ирж, гал голомттойгоо танилцаад, эмчлүүлж, оношлуулаад сайхан сэтгэгдэлтэй буцвал сайхан хэрэг.

Уул уурхайн компани байж эрүүл мэндийн салбарын ажлыг хийж чадах уу гэх хүмүүс бий л дээ. Эмчилгээ оношил­гооны төв ашиглалтад орсны дараа Эрүүл мэндийн яам, Засгийн газрын байгууллагууд, эрүүл мэндийн чиглэлийн их, дээд сургуулиудтай хамтарч ажиллан мэргэжлийн хүмүүсээр хангаад хөгжүүлээд явахад болохгүй юмгүй. Японы их сургуу­лиудтай ч холбогдож болох байх. Нэг сайн оношилгооны төвийг эмнэлэгтэй нь хамт ашиглалтад оруулчихад боловсон хүчин сайтай бол бие даагаад л явчихна. Мон­голчууд жилдээ 200 сая долларыг эрүүл мэнддээ зарцуулдаг гэсэн тоо бий. Тэр мөнгөний урсгалын ядаж 25 хувийг Монгол руугаа татчихвал мөн ч хэрэгтэй сэн. 

Хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байна вэ?

Энэ намар тийшээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ 35 жилийг тохиолдуулаад оруулчих юмсан гэсэн бодол бий. Гэвч дэлхийн эдийн засгийн хямрал Монголыг тойроогүй, дайрч явна. Зэсийн үнэ уналттай байна. Тиймээс томоохон төслүүд дээрээ хөрөнгө оруулалтаа сааруулах шаардлага гарч байна. Үүнээс үүдээд хойшлох магадлал бий.

Япон менежменттэй гэхийг бодоход Японы эрүүл мэндийн ажилтнууд тодорхой хугацаанд ажиллах нь гэж ойлгож болох уу?

Япончууд цалин өндөр, шаардлага ч өндөртэй. Нийгмийн хөгжлийн өөр түвшинд яваа тэдэнтэй хэл амаа ололцож, мөнгө төгрөгөө тохироход түвэгтэй байж мэднэ. Гэхдээ менежмент сайтай институт, эрүүл мэндийн газруудтай нь холбогдоод явахад болохгүй юмгүй. Японы ард түмэн нэг үеэ бодвол ойртоод ирлээ шүү дээ.

Таны хэлснээр “Эрдэнэт” газар дээрх хамгийн том эрдэнэ боловсон хүчнээ “Оюутолгой” руу тодорхой хэмжээгээр алдаад байх шиг. Улс орны хувьд бол уул уурхайн үйлдвэрлэл шинээр эхлэхэд тэнд ажиллах боловсон хүчин бэлэн байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үйлдвэрийн хувьд 35 жил бэлтгэсэн боловсон хүчнээ алдана гэдэг хүсэх зүйл биш. Боловсон хүчнээ хадгалж үлдэх бодлого байх ёстой байх?

Уул уурхайн дадлага чадвартай мэргэжилтнүүд манайд их байна. Бид 35 жил түүнийг бэлдээд хадгалаад иржээ. Үйлдвэрийн ажилтан албан хаагчид Эрдэнэтийн хамгийн том капитал, хөрөнгө, эрдэнэ нь. Түүнийгээ яаж хадгалах вэ, шинээр яаж бэлтгэх вэ гэсэн асуудал бий. Цалин хөлс энэ тэрээс үүдээд бусад том уурхай руу очих тал байна. Эрдэнэтийн уурхай олон хүн ажиллуулж байгаа ч цалин хөлс бүгдээс дээгүүр байж чадахгүй байгаа. Боловсон хүчнээ бэлдэж бэлдчихээд сорчлоод алдаад байх нь хүсмээр зүйл биш л дээ. Нөгөө талаараа хав дараад суух биш бусдад түгээж байх хэрэгтэй. Монгол улсын хөгжлийн төлөө боловсон хүчнээ алдахад нэг талаар харамгүй. Монголдоо л үлдэж байгаа эрдэнэ. Тэр утгаар бид ойлгож хүлээж авдаг.

Гэхдээ үйлдвэр 35 жил ажиллачихлаа. Залуу халаагаа бэлдэх үе Эрдэнэтэд ирчихээд байна. Анхнаас нь ажилласан нөхдийн маань нэг үе дуусаж, тэтгэвэртээ гарч байна. Залуу халаагаа бэлдэхэд их, дээд сургуулиуд хэрэгтэй. Орхон аймагт байгаа Технологийн сургуулийг Уул уурхайн их сургууль болгоё. Эрдэнэтийн овоон дээр эрдмийн овоо сүндэрлүүлье гэж манайхан ярьдаг. Лоозон шиг сонстож мэдэх ч бодит ажил хэрэг болох үнэн зүйл байгаа юм. 35 жил ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ээ түшиглэн, Технологийн сургуулийг уул уурхайн олон улсын түвшний сургууль болгож өргөтгөөд, түүнийгээ дэмжиж тэтгээд явбал эрдмийн бас нэг уурхай шинээр нээчих бололцоо бий.  Эрдэнэтийн инженер техникийн ажилтнууд гээд бэлэн багш нар байна. Лабораториуд байж байна. Үйлдвэрлэлийн дадлага хийчих том үйлдвэр нь байна. Энэ бааз суурийг ашиглах л ёстой. Ганц Эрдэнэт биш улсын хэмжээнд анхаарч үзэх шаардлагатай юм.

Улмаар энэ сургуулиа түшиглээд технологийн дамжлагын туршилт лабораторийг бий болгох боломж бий. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 1200 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газрыг 804 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Эдгээр ордын дээж, технологийн туршилт бүгд гадаадад хийгдэж байгаа. Иймээс бид өөрсдөө технологи үйлдвэрлэх хандлага руу явах ёстой юм. Нөөцөө ашиглаад дуусахад энэ үйлдвэрийн суурин дээр юуг хөгжүүлж болох вэ гэдгээ бид одооноос тодорхойлох ёстой. Тодорхой боломж, суурь тавигдсан зүйл Эрдэнэтэд их байна.
Дашрамд хэлэхэд, Эрдэнэт сайхан хот. Энэ сайхан нутаг орондоо дасчихсан хүмүүс тэр бүр яваад байдаггүй. Ер нь явахдаа хойрго шүү. Оюутолгой руу явсан хүмүүсээс ирж байгаа нь ч бий.         

Эрдэнэт Оюутолгой хоёрыг их өрсөлдүүлж харьцуулдаг?

Уурхай том байгаа нь газар орны л буян хишиг. Өвөг дээдсийн минь үлдээж өгсөн өв эрдэнэ. Бид л хийчихсэн юм шиг дүвчигнээд байж болохгүй. Сумогийн аварга болоод түүнийг хадгалж явна гэдэг их нэр хүндийн хэрэг гэж ярьдаг даа. 35 жил энэ нэр хүндээ өндөрт хадгалж ирлээ. Гай, гавьяагаа адилхан хуваалцах хойч үе Оюутолгой, Цагаансуварга гээд гарч ирж байна. Монголын нутаг дэвсгэрт монголчуудын л хийж байгаа ажлууд шүү дээ. Бид адилхан л гадаадын хөрөнгө оруулалттай. Оюутолгой аварга боллоо гэхэд Эрдэнэт дархан аварга цолтойгоо л үлдэнэ. Эрдэнэтээс сурах юм их бий. Бид ч бас Оюутолгойгоос сурч байгаа.

Нөгөөтэйгүүр, өрсөлдөөн гэхээсээ хамтын ажиллагааг илүү чухалчлах ёстой болов уу. Эрдэнэт, Оюутолгой, Цагаансуварга гурав техник технологи нэвтрүүлэх талаар ч, боловсон хүчнээ бэлдэх талаар ч хамтран ажиллахад болохгүй юмгүй. Монгол улсаас л гарч байгаа бүтээгдэхүүн болохоор гадаад зах зээл дээр ч нэгдээд, гадаад худалдаан дээрээ хамтран ажиллах, үнээ нэгтгэх боломж гарах ч юм билүү. Зэс хайлуулах үйлдвэр барих, ер нь олон талаар хамтран ажиллах боломж, бас шаардлага ч бий гэж боддог.