Австралийн Квинсленд мужийн нүүрсний
салбарт энэ онд 7000 ажлын байр хумигдсан байна. Энэ талаар Австралийн өдөр
тутмын “The Courier Mail” сонинд бичжээ. Нүүрсний хамгийн том хэрэглэгч болох
Азийн зах зээлийн эрэлт багасч, нүүрсний үнэ буурснаас шалтгаалан ийнхүү ажлын
байр хумигдаж байгаа гэж тайлбарласан байна.
Дэлхийн хэмжээний нүүрсний томоохон
олборлогч болох “Glencore Xstrata”, “Peabody”, “Vale” компаниуд үйлчилгээний
салбарын олон мянган ажлын байраа танаж байгаа юм. Тодруулбал, “Glencore
Xstrata” компани Австралийн Ньюленд нүүрсний уурхайн 300 ажилтнаа өнгөрсөн оны
сүүлээр цомхотгосон бол өнгөрсөн долоо хоногт Оаки Крикийн уурхайгаас 150
ажилтнаа цомхотгох шийдвэр гаргажээ.
Коксжих болон дулааны нүүрсний үнэ
өнгөрсөн оныхтой харьцуулахад нэлээд унасан байна. Тодруулбал, дулааны нүүрс
тонн тутамдаа 80 ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30
хувь буурсан ажээ. Харин коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 130 ам.доллар болж
байгаа нь 40 орчим хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Э.Хулан