Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Бодлогоор дэмжээд өгвөл бид Оросын зэс утсыг давж чадна

С.Болд-Эрдэнэ

Монголд анх удаа катодын зэс үйлдвэрлэсэн, улмаар зэс утас, уртасгагч зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Эрдмин” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Баатартай ярилцлаа.

“Эрдмин” компанийн талаар танилцуулахгүй юу? Энэ компанийг одоо хэн эзэмшдэг юм бэ?

Манайх “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус хүдэр буюу исэлдсэн хүдрийг ашиглаж катодын зэс гаргаж авдаг. Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирдоггүй хүдрийг ил уурхайн ашиглалтын явцад овоолго болгоод хаядаг юм. Тэр хүдрийг бид ашигладаг. Сүүлийн жилүүдэд ганц катодын зэс биш зэс утас, уртасгагч гээд зэсээр хийж болох эцсийн бүтээгдэхүүн хийж, дотоодын зах зээлд нийлүүлж байна. Одоогоор 40 гаруй нэр төрлийн зэс утас үйлдвэрлэж байгаа.

Яг үйлдвэр байгуулагдаж байхад 49 хувийг Америкийн RCM гээд компани, 51 хувийг нь “Эрдэнэт концерн” эзэмшдэг байсан. RCM өөрийнхөө хувьцааг хоёр, гурван удаа зарсан байдаг. Эхлээд “Нэскэр Минералс” гэдэг компанид зарсан. “Нэскэр” нь тэгсхийгээд Австралийн “Армада гоулд” компанид зарчихсан. Австраличууд нь эргээд RCM-д зарчихсан. Манай хувьцааны 49 хувь нь ингэж хэд хэдэн удаа  зарагдсан байдаг. Дараа нь “Эрдэнэт концерн” тарахад хувьцааны харьцаа бас өөрчлөгдсөн.  “Эрдэнэт үйлдвэр” 25 хувийг, “Мика холдинг” гэж Монголын компани 10 хувийг эзэмшээд үлдсэн нь Америкийн талд очсон. Нэлээд сүүлд Америкийн тал Ж.Дамдинжав захирлын олон жил энэ үйлдвэрийг авч явж байгаа гавьяаг үнэлж, 6,5 хувийг Ж.Дамдинжав захиралд шилжүүлсэн байдаг. Одоо 41,5 хувийг Монголын тал, 58,5 хувийг америкууд эзэмшдэг.

“Эрдэнэт концерн” тарахад хувьцааны харьцаа яагаад өөрчлөгдсөн юм бэ?


Концерн яаж тарсныг би сайн мэдэхгүй. Одоо бол “Эрдэнэт концерн”-ий үлдэгдэл “Мика холдинг” гэж компани 10 хувийг эзэмшдэг. Бусдыг нь сайн мэдэхгүй юм.

Үйлдвэр хэдий хэрийн хөрөнгө оруулалтаар босч байсан бэ?


Нийт боссон өртөг нь 18 сая доллар. “Эрдэнэт үйлдвэр”, Америкийн талын хөрөнгө оруулалт, “Марубени” компанийн 7,5 сая долларын зээлээр боссон. ГОК-ийн хөрөнгө оруулалт 4,5 сая доллар болдог. Энэ нь зураг төсөл, ажил үйлчилгээ, хүдэр ашиглалт гээд мөнгөн бус хөрөнгө оруулалт юм. Яг үйлдвэр барих ажлыг Эрдэнэтийн хамгийн том барилгын компани хийсэн байдаг. Тухайн үед Америкийн 10 гаруй мэргэжилтэн ирээд ажиллаж байсан. Одоо бол гадны ганц ч мэргэжилтэн байхгүй. 2000 онд хамгийн сүүлийн гадаадын мэргэжилтэн явсан.

Хэзээнээс зэс утас үйлдвэрлэх санаа төрөв?

Манайх үргэлж амжилттай байгаагүй. “Эрдэнэт үйлдвэр”-т өртэй, “Марубени”-д өртэй, зэсийн үнэ 1300 доллар хүртэл уначихсан, үйлдвэрлэлийн хэмжээ багасчихсан. 2000 он хүртэл иймэрхүү хүнд байдалд явж ирсэн. Америкчууд ашиггүй гээд хувьцаагаа зараад, нааш цааш нь болгоод яваад байдаг.

Манайх шиг үйлдвэр хүйтэн цаг ууртай газар бараг байдаггүй юм билээ. Дандаа л дулаан газар байдаг, тогтмол ажилладаг үйлдвэр. Хүйтэн газар ингэж тогтмол ажиллаж байгаа нь манайх. Хүйтэн цаг агаарт ажиллахын тулд бид маш их өөрчлөлт хийсэн. Цаг агаарын нөхцөлдөө тохируулж, дулаалга хийхээс эхлээд олон зүйлийг өөрчилж, шинээр хийсэн.

2004 онд л бид бүх өр ширээ дарж дууссан юм. “Марубени”-ийн өр, “Эрдэнэт”-ийн дөрвөн сая гаруй долларын өрийг дарсан. 2005 оноос өр ширнээсээ салчихсан хүмүүс чинь бас арай өөрөөр сэтгэж эхэлсэн л дээ. Ганц катодын зэс үйлдвэрлээд байлгүй утас хийж яагаад болдоггүй юм гэж зориг шулуудсан. Дамдинжав захирал их санаачилга гаргасан. Намайг хийж чадах уу гэхээр нь чадна л гэсэн. Ингээд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар Хятадаас нэг зуух авсан юм. 8 мм-ийн зэс татанги хийдэг. Энүүхэн дор хаягдсан хуучин барилга худалдаж авч, засаж янзлаад тэндээ суурилуулсан. Тэгээд л зэс татанги хийгээд 300 доллараар илүү зарчих гээд үзсэн дээ. Татангиа гаргаад Солонгос руу зарах гэсэн чинь болдоггүй ээ. Чанарын асуудалтай болов. Тэгэхээр нь ийм татанги гаргачихсан юм чинь цаашлаад зэс утас хийгээд заръя. Тэгвэл ядаж чанарын асуудалгүй болно гээд зүтгэлээ. Утсаа хийгээд гадаадад зарах гэсэн чинь бас болдоггүй ээ.

Бид чинь инженерүүд болохоос наймаачид биш болохоор зах зээлийн талаар юу ч мэдэхгүй. Орост катодын зэсээс дээш боловсруулсан бүтээгдэхүүн импортын татвартай юм байна. Хятад бас татвартай. Зэс утас маань хэдий өндөр үнэтэй ч хоёр хөршдөө зарж чадахгүй юм билээ. Солонгосууд утас авдаггүй. Төрийн бодлого нь аль болох түүхий эд авч өөрсдийнхөө үйлдвэрүүдийг ажиллуулж, ард түмнээ ажилтай болгох, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод эргээд зарахад байдаг. Ингээд зарж чадахгүйгээ мэдээд ерөөсөө цахилгааны утас болгоё гэж шийдсэн юм.

Жаахан туршлагатай болоод зах зээлийн судалгаа хийлээ. Монголд ямар утас хамгийн өргөн хэрэглэдэг, экспортоор ямар утас их орж ирдгийг судалж үзсэн юм. Ингээд 2008 оноос утас бүрэгч машин худалдаж аваад утсаа хийж эхэлсэн.

Одоо дотоодын зах зээл дээрээ хэр ажиллаж байна вэ?

Зэс утасны үйлдвэр маань эдийн засгийн хувьд ашиггүй ажиллаж байгаа. Бодлогын хувьд монгол хүмүүс Монголд утас үйлдвэрлээд Монголоос гарч байгаа валютын урсгалыг л зогсоож байгаа хэрэг. Катодын зэсээ үйлдвэрлэсэн ашгаараа зэс утасны алдагдлыг нөхөөд л явдаг байсан. Урьд нь дандаа алдагдалтай ажиллаж байгаад өнгөрсөн жил баланс барьсан. Борлуулалт багагүй өссөнөөр баланс барьж чадсан.

Хэдий хэмжээний зэс утас үйлдвэрлэж байгаа вэ?

Үйлдвэр жилд 2000 тонн зэс бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай. Өнөөдрийн байдлаар хүчин чадлынхаа 10 хувьд хүрэхгүй л ажиллаж байна. Зах зээлийн багтаамжаасаа хамаардаг. Өвөл бол зэс утасны борлуулалт эрс буурдаг. Хавар барилгын улирал эхлэхэд нэлээд борлуулалт хийдэг. Ноднин бид хамгийн өндөр борлуулалт буюу 1,8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ жил өсөх болов уу гэж найдаж байна. Бид энэ утсыг хийгээгүй байхад Хятад, Оросын ийм төрлийн утас манайд зарагддаг байсан. Утас хийж эхлээд жилийн дараа Хятадын утас байхгүй болсон. Тухайн үед хөнгөн цагаан голтой утас их байдаг байлаа. 

Бид үнээ хамгийн багаар бодож байгаа. Оросын 2-2,5-ийн утас метр нь 800-850 төгрөг байдаг. Манайх НӨАТ ороод жижиглэнгийн үнэ нь 748 төгрөг. Хятадын утаснаас чанарын хувьд хамаагүй илүү хэрнээ ижил үнээр зараад байхаар Хятадын утас орж ирэхээ больчихсон. Тэд чинь хаягдал зэс дахин боловсруулдаг. Манайхаас гарч байгаа зэс 99,99 хувийн зэс. Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн зэс гэж тооцоогддог. Зэсийн агуулга өндөр байх тусам гүйдэл дамжуулах чадвар өндөр байдаг. Хэд хэдэн  лабораторид туршуулаад тохирлын гэрчилгээ авчихсан.

Манайд тахианы өндөг, гурил, хүнсний ногоо гээд дөрвөн бүтээгдэхүүн дээр импортын татвар байдаг. Зэс утсан дээр импортын татвар байдаггүй. Хятадууд импортын татвартай болохоор бид кабелийн утас үйлдвэрлээд бэлэн бүтээгдэхүүн оруулахаар Хятад бараг зах зээлээ хаачихсанаас ялгаагүй. Өөрсдийнхөө үйлдвэрлэгчдээ хамгаалж байгаа хэрэг. Оросууд бас ялгаагүй импортын татвартай.

Одоо Оросын зэс утастай өрсөлдөж байна уу?

Тийм. Жаахан бодлогоор дэмжээд өгвөл бидэнд Оросын утсыг давах боломж байна. Барилгын хувийн компаниуд ихэнх нь манайхаас авдаг. Яахав өөрсдөө гаднаас кабель оруулж ирдэг том компаниуд бий. Төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд бол манайхаас нэг метр ч утас авдаггүй. Үүний учрыг та бүхэн мэдэж байгаа байлгүй дээ. “Эрдэнэт үйлдвэр” ч авдаггүй. Манай компанийн 25 хувийг эзэмшдэг мөртлөө манайхаас утас авч байгаагүй. Албан бичиг жил болгон л өгдөг. Уржнан жил байна уу даа. Импортын хэлтсийн дарга нь фабрикт цуг ажиллаж байсан найз байсан болохоор ороод манайхаас утас авчих л даа гэж гуйлаа. Тэгсэн за яахав, чамаас ёс төдий авъя гээд есөн сая 800 мянган төгрөгийн утас авсан. Найзыгаа “хаалгадаж” байж зарж байгаа юм шүү /инээв/.

Ц.Даваацэрэн захиралд албан бичиг өгсөн үү?

Өгчихөөд байгаа.

Монгол уртасгагч гээд нэг уртасгагч гарч ирсэн байсан. Энэ уртасгагч хэр борлуулалттай байна?

Өнгөрсөн жилээс уртасгагч хийж байгаа. Хэрэглээнд гаргасан. Хэрэглэгчид ам сайтай л байна.

Борлуулалтаа яаж хийж байна вэ? Нийслэлд салбар дэлгүүртэй гэж сонссон?

Манай компанийн маркетинг тааруу байх шиг байна. Бид чинь үйлдвэрлэгч, инженерүүд болохоор энэ талаа орхигдуулчихаад байх юм. Одоо энэ тал дээр анхаарч, хоёр гэрээт борлуулагч авсан. “Их эрч”, “Цогц шийдэл” гээд барилгын салбарт ажилладаг хоёр компани бий. Үүнтэй холбогдуулаад манай утасны үнэ 10 хувиар нэмэгдсэн. 10 хувийг гэрээт борлуулагчид авна. Анх утас үйлдвэрлээд гэрээт борлуулагч авъя гэж үзсэн ч 25 хувь авна гээд их өндөр үнэ хэлсэн юм. Хэрэглэгчийн гарт хямд үнээр хүргэнэ гэдгээ бодож, Зуун айл дээр нэг лангуу аваад өөрийн худалдагчийг тавьсан. Болж л байна.

Танай үйлдвэрийг магтдаг, ярьдаг улс төрчид олон байдаг. Бодлогын хувьд дэмжих талаар ярихгүй байна уу?


Тэгж ярилаа гээд ямар ч өгөөж байхгүй шүү дээ. Манайх долоон жилийн хүдрийн нөөцтэй. Х.Наранхүү захирлын үед “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2025 он хүртэл хүдэр худалдаж авах гэрээ хийсэн юм. 2011 онд жаахан хүдэр аваад л дахиж хүдэр аваагүй. “Эрдэнэт үйлдвэр” ч зарахыг хүсээгүй. Хоёрдугаарт ашигт малтмал ашигласны төлбөр дээр асуудалтай болсон. Ашигт малтмал ашигласны төлбөрийг  лиценз эзэмшигч төлдөг. Манайх лиценз эзэмшигч биш. 2002 онд манай лицензүүдийг хураагаад авчихсан. 2002 он хүртэл “Эрдэнэт”-ийн лиценз дээр хавсарга маягаар Эрдэнэтийн овоолгуудыг ашиглах лицензтэй байсан юм. 2002 онд “Эрдэнэт үйлдвэр” “Самсунг”-тай хамтарч манайх шиг үйлдвэр барихаар гэрээ хийгээд манай лицензүүдийг хүчингүй болсон. Манайх лицензгүй байсан хэрнээ 2009 он хүртэл ашигт малтмал ашигласны төлбөрийг төлөөд явсан байдаг.

Төлөх ёсгүй хэрнээ төлж байсан байна гээд больсон. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” манай өмнөөс Ашигт малтмал ашигласны төлбөр төлөөд бид “Эрдэнэт үйлдвэр”-т нөхөж төлөөд явдаг байсан юм. Нөгөө Эрдэнэтийн овоолгыг ашигласны төлбөр гэсэн үг шүү дээ. Ингэж явж байтал гэнэт л “Эрдмин” яагаад төлбөр төлөхгүй байгаа юм гэдэг асуудал боссон. Уг нь өөрсдөө зөвшөөрөөд төлүүлээгүй байж, одоо өмнөх жилүүдийн дутуу төлснийг нөхөж төлүүлнэ гээд байгаа. Татварын ерөнхий газар, МХЕГ-аас албан бичиг ирчихсэн. Хуулиараа бид лицензгүй болохоор төлөх ёсгүй. Урьд нь бол эх орноо бодоод төлөөд яваад л байсан.

Урьд нь танай төлбөр төлж байсан баримтууд байгаа биз дээ?


Бүх юм байгаа. Тэгсэн хэрнээ танайх дутуу төлсөн. Борлуулалтаасаа төлөх ёстой гээд байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” лиценз эзэмшигч болохоор бид худалдаж авсан үнээсээ 10 хувийн нөхөн төлбөр төлөөд яваад байсан юм. 2011 онд жаахан хүдэр авчихсан байсан. Хүдрийнхээ агуулгаасаа хамаараад төлсөн. Нэг тонн хүдэрт хэчнээн зэс байна гэдгийг тооцоод Лондонгийн металлын биржийн ханшаар бодоод төлчихдөг. “Эрдэнэт үйлдвэр” хүдэр зарсан гээд 35 хувийн татвар төлөх болохоор бид тэр хүдрийг авах ямар ч бололцоогүй болчихож байгаа юм. Энэ овоолгоны хүдэр чинь исэлдсэн хүдэр, исэлдээгүй хүдэр гээд холимог хүдэр гэж явдаг.

Манай технологид исэлдсэн хүдэр таардаг. Сульфидийн хүдэр нь хүхрийн хүчилд уусахгүй овоолгодоо үлддэг. Тэгэхээр нийт хүдэрт байгаа зэсийн 50 хувийг л авч байна. Нэг тонн хүдрийн ашигт малтмал ашигласны төлбөр нь дөрвөн доллар. Манай ашиглалтын зардал таван доллар. Ингэхээр ямар ч ашиггүй. Ингээд бид 2012 онд хүдэр аваагүй. Хүдэр аваагүй болохоор төлбөрөө төлөхөө больж гэж ойлгосон шиг байгаа юм. Хүдэр аваагүй байж юугаа төлөх вэ дээ. Лиценз эзэмшигч биш, уулын ашиглалт явуулдаггүй. Тэгсэн манай борлуулалтаас авна гэсэн. Хоёр  тэрбум гаруй төгрөг төлөх юм шиг байна. Ингээд хуулийг завхруулаад байгаа юм. Татварын бүрдүүлэлт дутаад эхлэнгүүт хаанаас авах вэ гэж бодож байгаад л дайрдаг юм шиг байна. Ингэхээр үйлдвэрлэл явуулна гэдэг маш хэцүү, бараг боломжгүй байна шүү дээ.

“Эрдэнэт үйлдвэр” 25 хувийг эзэмшигчийн хувьд хүдрийн тал дээр дэмжлэг үзүүлж болдоггүй юм уу?

Болно. Манай Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал байдаг. Энэ талаар тайлбарлаад уулзаад яриад л байгаа. Ц.Даваацэрэн захирал саяхан томилогдсон болохоор тодорхой асуудлуудаа шийдэж байж танайхтай танилцана гэсэн.

Энэ чигээрээ явсаар долоон жилийн дараа хүдрийн нөөцгүй болбол яах вэ?

Хаалтын ажиллагаа л хийх байх даа. Нөөц байхгүй юм чинь яах вэ дээ.

Тэгвэл энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой вэ?

Хувийнхаа бодлыг л хэлье. Төр гэж байгаа бол энэ тал дээр бодлоготой байх ёстой. Зэсээр юу хийж болох юм, яаж борлуулах юм гэдгийг бодлогоор зохицуулах ёстой. Энэ бодлого Монголд ерөөсөө байхгүй. Үйлдвэржүүлнэ гээд л яриад байдаг. Үйлдвэр барих амархан. Өндөр технологитой том үйлдвэрийг ч барьж болно. Гагцхүү гарсан бүтээгдэхүүн борлогдож байх ёстой. Ашигтай байх ёстой. Тийм зах зээл манайд байхгүй. Зэсээр ямар бүтээгдэхүүн хийвэл төр түүнийг дэмжээд зах зээлийг нь яаж бүрдүүлж, яаж хамгаалах ёстой юм гэдгээ бодох хэрэгтэй. Монголд нэг нь буузны гуанз нээгээд тэр нь ашигтай бол бүгдээрээ буузны гуанз нээгээд эцэстээ бүгд дампуурдаг. Ийм маягаар явна гэвэл явахгүй.

Манайх үйлдвэрийнхээ 10-хан хувийг ашиглаад утас үйлдвэрлэж байхад өөр нэг нөхөр би утас хийнэ гээд дайраад утас хийвэл ямар ч ашиггүй. Яагаад гэхээр бид одоохондоо катодын зэсийг өөрсдөө үйлдвэрлэж байгаа монополь эрхтэй байна. Тэгэхээр манайхтай өрсөлдөж чадахгүй.

Өөр ямар үйлдвэрүүд баригдах гэж байна вэ? “Самсунг”-тай хамтарсан үйлдвэр нь баригдаж байгаа юм уу?

Хоёр үйлдвэр баригдаж байна. “Ачит Эхт” гээд үйлдвэр бий. Энэ намар ашиглалтад орно гэсэн. Яг манайхтай адилхан технологитой. Манай хэрэглэдэг хүдрийг хэрэглэнэ. Хүчин чадлын хувьд манайхаас дөрөв дахин том. Жилд 10 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. “Зэс эрдэнийн хувь” гээд бас нэг компани бий. Ингээд бодохоор “Эрдэнэт”-ийн гаргаж байгаа түүхий эд хүрэлцэхгүй болно.

Адилхан л энэ овоолгыг ашиглахыг хүсч байгаа болохоор танайхыг шахаад авч л таарах байх даа?


Яахав дээ, цаана нь том улсууд байгаа  бол авчих биз дээ. Тэдэнтэй бид барьцаад нэмэр байхгүй л дээ. Ямар ч ТЭЗҮ, үйлдвэр барих зөвшөөрөл байхгүй бариад байгаа. Цаана нь том боломжтой улсууд байдаг гэсэн.

Танайх хэчнээн ажилтантай вэ? Өнгөрсөн жил хэчнээн хэмжээний татвар төлсөн бэ?

107 ажилтантай. Бүгд монголчууд. 2012 онд таван тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн. Нөөц ашигласны төлбөр төлбөл найман тэрбум орчим болно.

Та нөөц ашигласны төлбөрийг төлөх үү, төлөхгүй юү?

Төлөхгүй гэвэл манайхыг зогсоочихно шүү дээ. Татвар төлөөгүй гээд дансыг маань хаачихаар мөнгөгүй би яах вэ дээ. Шууд зогсоно биз дээ. Бид Татварын ерөнхий газарт гурав, МХЕГ-т нэг удаа албан бичиг бичлээ. Сангийн яаманд биччихээд сууж байна. Шийдвэр гараагүй байна. Сангийн яам төл гэвэл цаашаа Ерөнхий сайдад нэг бичээд л явах газаргүй болно. Тэгээд төлөхөөс өөр замгүй. Хуулийн хувьд бол ямар ч асуудал байхгүй. Өмгөөлөгчдөөс зөвлөгөө авахаар шүүхдэлц гэдэг. Шүүхдэж болно л доо. Гэхдээ шүүх гэхгүйгээр төр барьж байгаа хүмүүс хуулиа дээдлэх байх гэж бодоод хүндлээд шүүхдэхгүй яваад л байна. Энүүгээрээ асуудлаа шийдэж чадвал шүүхэд хандаад яах вэ дээ. Манай компанийн нэр хүнд унана. Төрийн механизм ажиллаад эхэлбэл биднийг баллана шүү дээ.

Ашигтай, боломжтой болоод л дахиж үйлдвэрүүд баригдаж байгаа байх. Танайх судалгаа хийсэн гэсэн. Ямар зах зээл байна?

Бид судлаад Монголд хамгийн их хэрэглэгдэх бүтээгдэхүүн бол цахилгааны утас гэж үзсэн. Төрийн байгууллагууд манайхаас утас аваад эхэлбэл бид хүчин чадлынхаа 20 хувьд хүрчихнэ.

Уул уурхайн том үйлдвэрүүд авдаг уу? Жишээ нь “Оюутолгой” ч юм уу?

Бидэнд хандаагүй газар байхгүй дээ. Төрийн байгууллагууд, “Оюутолгой” зэрэг том төслүүдэд ханган нийлүүлэх журам гэж байдаг юм билээ. Тэр журам нь их хэцүү. Түүнийг нь хөөцөлдөөд явах цаг зав нь бидэнд алга. Хүмүүс авч ажиллуулаад хөөцөлдүүлээд явлаа гэхэд ашиггүй. “Оюутолгой”-д зэс утас нийлүүллээ гэхэд ашиг нь тэр менежерүүдийн цалинд хүрэхгүй юм билээ. Манайх ганцхан зэс утас нийлүүлдэг нь сул тал юм шиг. Хэрвээ пускатель, залгуур гээд олон төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг бол ашигтай, хөөцөлдөх ч боломжтой. Тэгээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд зарж чадахгүй, хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй.

Танайхыг Америкийн хөрөнгө оруулалт давамгайлсан гээд жаахан гадуурхах хандлага байна уу эсвэл?

-Үүнийг зохицуулахад их амархан. Ингэж ярилаа гээд намайг ажлаас халж магадгүй л юм /инээв/. Миний бодлоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн тохирох асуудал. Танайхыг хэдэн жилдээ хүдрээр таслахгүй. Америкийн хөрөнгө оруулагч нь 10 хэдэн хувиа манайд зарчих гэхэд л болно. Америкийн хөрөнгө оруулагчдад үйлдвэр зогсож байснаас 10 гаруй хувиа зарчихаад үйлдвэр хэвийн ажиллаж байх нь ашигтай шүү дээ.

Ашигт малтмалын хуулийн төслийн шинэчилсэн найруулга боловсруулагдсан. Тэр төсөлд нааштай зүйл харагдав уу?


Байхгүй. Тэр төслөөр батлагдвал уул уурхайн жижиг үйлдвэрлэлүүд бүгд тарна. Алт, жоншны жижиг үйлдвэрүүд зөндөө байна. Тэд бүгд байхгүй болно. Том компаниуд чинь жижиг орд ашиглах уу? Үгүй шүү дээ.
Манай ашиглаж байгаа хүдэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн үүсмэл орд. Ашиглахгүй гээд гаргаад хаячихсан, дотроо жаахан зэстэй. “Оюутолгой”-гоос ч ийм хүдэр их гарна. Эдгээрийг жижиг үйлдвэрүүд ашиглахгүй бол өөр хэн ашиглах юм бэ? Томууд нь ашиглах боломжгүй гээд хаячихаж байгаа юм чинь. Энэ мэтчилэн жижиг ордуудыг ашиглахгүй бол том монополь компаниуд л үлдэнэ.

Бид энэ үүсмэл ордыг худалдаж авч байгаа. Нэг тонн хүдрийг 75 центээр авдаг. Зэсийн агуулга нь 0,5 хувьтай маш бага агуулгатай, исэлдсэн хүдэр. “Эрдэнэт үйлдвэр”-т энэ нь өөрийн өртөгт нь суучихсан овоолго руугаа зөөгөөд л хаяж байгаа. Үүн дээр бас тээвэрлэлтэд нь бид мөнгө төлдөг. Нэг ёсондоо хамгийн ойрхон овоолго дээр хаях байсныг бид жаахан зайтай, ашиглаж болохоор газар хаяулахын тулд тонн км тутамд мөнгө төлдөг гэсэн үг. Нийтдээ 1,5 доллар болдог юм. Зүгээр аваагүй гэсэн үг. Тэгээд дээр нь бидний татвар төл гээд шахаж байгаа. Нэг ёсондоо эцсийн бүтээгдэхүүн дээр гурван татвар ирж байна гэсэн үг.

“Эрдэнэт үйлдвэр” баяжмалаасаа нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Бүтээгдэхүүнээсээ гэсэн үг. Олборлосноосоо төлнө гэвэл баяжуулах фабрик руу ачиж байгаагаасаа төлнө. Овоолго руу хаяж байгаагаас төлөхгүй. Хөрс хуулалттай адилхан.

Ер нь катодын зэсээ хэдээр зардаг юм бэ? Утас үйлдвэрлэж байснаас катодын зэс үйлдвэрлэвэл хал балгүй, ашигтай байх юм биш үү?


Катодын зэсээ Лондонгийн металлын биржийн үнээр зардаг. Катодын зэсийг гадныхан дуртай авдаг. Утас үйлдвэрлэхээс катодын зэс үйлдвэрлэвэл хамаагүй ашигтай л даа. Түрүүн хэлсэн жаахан ч гэсэн эх оронч сэтгэлийн үүднээс л зэс утас үйлдвэрлэж байгаа. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал зэс утас үйлдвэрлэх нь ашигтай л даа. Яагаад гэхээр нэгдүгээрт үнэ нь нэмэгдэнэ. Катодын зэс 8000 доллар байлаа гэхэд зэс утас хийвэл 11000 доллар болж, гурван мянгаар илүү үнэд хүрнэ. Хоёрдугаарт зэсийн үнийн өөрчлөлтөөс хамгаалагддаг. Зэсийн үнэ сар, өдрөөр л буурч өсч байдаг. Бүтээгдэхүүн болчихоор үнийн энэ хэлбэлзэл нөлөөлөхгүй. Тэгэхээр зэс утас нь ашигтай байгаа биз. Ийм хоёр давуу талтай. Гуравдугаарт, ажлын байр шинээр бий болгож, нэмүү өртөг шингээж байгаагаараа татварын орлого нэмэгдэх гээд том давуу тал бий л дээ.

Зэс хайлуулах үйлдвэр барина, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно гээд л яриад байдаг. Танай жишээнээс харахад хууль эрхзүй, татварын ямар орчин бий болгох ёстойг эхлээд нарийн судлах хэрэгтэй юм шиг байна.

Яриад л байдаг. Ярьж байгаа улсууд нь ямар хүн бэ гэдгийг би сайн ойлгодоггүй. Би өөрөө үйлдвэрт насаараа ажиллаж байгаа хүн. Миний бодлоор зэс хайлуулах үйлдвэр Монголд маш их хэрэгтэй. Хамгийн наад зах нь улсын хөгжил. Хятад, Оросын түүхий эдийн бааз гээд л ярьдаг. Манайд уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа зүйл байхгүй. Бид л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байгаа ганц компани. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хятад руу экспортолж  байгаа зэсийн баяжмалыг цэвэр зэс рүү шилжүүлбэл жилд 110 мянган тонн болно. Манай төсөл боловсруулж байгаа улсууд энэ баяжмалыг бүгдийг боловсруулна гэж яриад байгаа. Миний бодлоор тийм шаардлага байхгүй.

Эхний ээлжинд тэндээс гарч байгаа хүхрийн хүчлийг шингээх, борлуулж чадах хэмжээнд катодын зэсээ үйлдвэрлэх ёстой. Одоо гол яригдаж байгаа асуудал нь хүхрийн хүчлийг яах вэ гэдэг. Тийм болохоор одоохондоо борлуулж чадах хэмжээний зэс л үйлдвэрлэвэл дээр байх. 110 мянган тонныхоо 20 мянгыг нь катодын зэс болгодог ч юм уу. Ингэж байтал яваандаа аргаа олно. Хүхрийн хүчлийг тийм тийм газар хэрэглэнэ, тэгж борлуулж болно гээд шийдэх аргаа олчихно. Хятадууд бол хүхрийн хүчлийг авна. Бордоо хийхэд хэрэглэдэг юм билээ. Ингэж юмыг багаас эхлэх хэрэгтэй. Түүнээс биш нэг их том тоо тавьчихаад л яваад байвал хэцүү.

Урьд нь манайх шиг үйлдвэр байгаагүй. Одоо манай туршлага дээр үндэслээд хуулиудаа өөрчилж, сайжруулж болно. Жишээ нь түрүүний яриад байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Катодын зэсэнд есөн хувийг төлдөг. Эхний улиралд 530 сая төгрөг төлсөн. Тэгсэн манай борлуулалтаас төл гэдэг. Зэс утас чинь катодын зэсээс илүү үнээр борлогддог. Бид зэс утсан дээр НӨАТ төлж байгаа. Тэгсэн дахиад нөөц ашигласны төлбөрийг зэс утаснаас төлөхөөр болоод байгаа юм. Энэ чинь буруу шүү дээ. Хэрвээ уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгоё гэж байгаа бол тэр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс хасах ёстой. Одоо бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эргээд татварын бөөн дарамт болж байна.

Танай технологийг том үйлдвэрт ашиглах боломжтой юу?


Чили гэхэд нийт зэсийнхээ 40 гаруй хувийг ийм технологиор үйлдвэрлэж байгаа. Тэд олборлолт явуулахдаа исэлдсэн хүдэр, сульфидийн хүдэр гээд ялгаад явчихдаг. “Эрдэнэт үйлдвэр” исэлдсэн хүдрээ авдаггүй. Уг нь тодорхой хэмжээний агуулгатай исэлдсэн хүдэр уурхайд, уурхайн гадуур ч бий. Түүнийг хөрс хуулалт хийгээд аваад байж болно л доо. Гэтэл нөөцөнд ч авдаггүй. Чили бол тэгдэггүй. Исэлдсэн хүдрээ хөөгөөд олборлоод явчихдаг. Энд болохоор олборолтын явцад сульфидийн хүдрийн дунд багахан исэлдсэн хүдэр байвал тэрийг нь гаргаж хаячихаад сульфидийн хүдрээ олборлоод явдаг. Чилид болохоор исэлдсэн хүдэр, сульфидийн хүдрийн хоёр үйлдвэр байдаг. Исэлдсэн хүдрийнхээ нөөцийг тооцоод олборлож гаргаад манайх шиг үйлдвэрүүдэд зарчихдаг.  Манайх шиг технологитой том том үйлдвэрүүд Чили, Хойд Америкт бий. Хамгийн хямдхан, байгаль орчинд хамгийн ээлтэй технологи. Хаягдлын том том далан байхгүй, цагаан тоос босно гэж байхгүй. Гол нь хүхрийн хүчлийг гүний ус руу алдахгүй барих л байгаа юм.
  • Зочин (103.229.120.233)
    энэ олон толгойгүй дарга нараа т өмчийг нь мулзлаад шоронд хатаавал улс орон зөв замд орно
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.93.121)
    засгаар дүүрэн луухаанууд байгаа учир тэд орныхоо төлөө ажиллаж байгаа юм
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Газраа яагаад боогоод байгааг огт ойлгохгүй байна Тэгээд л байнга зурагтаар дэмжиж байгаа л гэх юм
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.119.90)
    Ene niitlel hezeeniih yum be Hugatsaag ni tawij boldogguimuu
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.17.180)
    Mundag imporlogch bish iim l companiudad zoriulagdaj xuuli garax yostoi shu deee
    2013 оны 07 сарын 02 | Хариулах