Уул уурхайн яамны зүгээс хариуцлагатай, ил тод, нээлттэй уул уурхайн хуулийг дээдлэх бодлого баримтлах талаар тодорхой заалтуудыг тусгасан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг боловсруулан Засгын газраар батлуулж УИХ-д өргөн бариад байгаа билээ. Энэ талаар Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуутай ярилцлаа.
“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийн төсөлд тусгагдсан зарчмын шинэ өөрчлөлтүүд юу байгаа вэ?
УИХ-ын түвшинд өмнө нь уул уурхайн салбарт ингэж батлан
гаргаж байсан бодлого байхгүй. Салбарын
хэмжээний томоохон цогц бодлого байгаагүйгээс янз бүрийн “богино настай”
хуулиуд гарч, энэ нь нийгэмд сөрөг үр дагавар авчирч байна. Тухайлбал жил
болгон Төсвийн тухай хуулийг шинээр баталдаг. Ингэхдээ энэ салбарт үйлчилдэг
Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ гэх зэрэг гэрээнүүдийн дагуу НӨАТ ашигласны төлбөр авахаар тусгагдсан
байдаг. Гэтэл үүнийг хуулиараа аваад хаячихдаг.
Энэ бүхнийг бодлогоор зохицуулна.
Нөгөөтэйгүүр
бодлогын баримт бичиг нь эрдэс
баялгийн салбарт гарах хуулиуд ямар хүрээнд байх ёстойг чиглүүлсэн суурь
болж өгнө. Зарчмыг нь тодорхойлно. Зарим нэг хууль хоорондоо зөрчилдсөн
тохиолдолд бодлогоороо зангидаад явчих байх.
Тэгэхээр эрдэс баялгийн салбар ямаршуу байдалтай байх юм,
яаж хөгжүүлэх юм, хөгжүүлэхийн тулд шинээр өөрчлөгдөж буй хуулиудыг яаж гаргах
юм гэсэн ерөнхий чигийг бодлого тодорхойлно.
Бодлогын баримт бичигт нийтлэг үндэслэл, баримтлах
зарчмууд, үүнийгээ дагасан салбар салбараараа чиглэлүүд тусгагдсан байгаа.
Өөрөөр хэлбэл, бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ийм хууль өөрчлөгдөж, ийм хөтөлбөр
гарна гэсэн байдлаар. Уул уурхайн салбараа илүү хариуцлагатай болгож, хөрөнгө
оруулагчдаа, боловсон хүчнээ дэмжихээс гадна олдсон дээр нь ухаад хаячих биш,
аль болох нөөцөлдөг, орлогоо зөв удирддаг байхыг бодлогод мөн тусгасан. Нэгдсэн бодлогогүйгээс баялгаа үнэгүйдүүлдэг
буруу жишгээ халж, энэ бүхнийгээ “Нэг цонхны бодлого”-оор зохицуулалтад оруулах
юм.
Ерөнхийдөө эрдэс баялгийн бодлогод төрийн байгууллагуудын чиг үүргийг нэлээд тодорхой болгож өгч байгаа. Яам, агентлаг, орон нутаг ямар үүрэгтэй байх юм гээд. Лицензүүдийн хууль бус наймаануудыг ил болгох зарчмын чиглэлүүд бий.
Гэхдээ бодлогын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх байх?
Мэдээж УИХ-ын түвшинд өөрлөгдөх байх. Засгийн газрын эрх
мэдлээс давсан зөвхөн УИХ-ын бүрэн эрхэд хамаарсан зүйлүүд бодлогын баримт
бичигт байгаа. Жишээ нь, Стратегийн
ордууд гэж байх уу, үгүй юу, цаашдаа стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэх үү.
Энэ бүхэнд төрийн оролцоо ямар байх юм гэхчлэн.
Тэгэхээр бодлогын зарчмын том шийдлүүдийг ард түмнээсээ сонгогдсон УИХ шийднэ.
Бодлогын баримт бичгийн төслийг Уул уурхайн яам болон холбогдох байгууллагууд богино хугацаанд боловсруулж гаргаж ирсэнд салбарынхан нааштай хандаж байна. Бодлого гарсны дараа уул уурхайн салбар эмх цэгцэндээ орно гэх хүлээлт тэдэнд байгаа юм?
Бодлогын төсөл яаман дээр нэлээд яригдсан. Үүндээ гадаад,
дотоодын зөвлөхүүдийн саналыг ч
авсан. Ашигт малтмалын тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байхад гадаадын хөрөнгө оруулагчдын
зүгээс нэлээд шүүмжлэл гарч байсан. Бүр ерөнхийлөгчийн сонгуультай ч холбож
тайлбарлаж байлаа. Тиймээс төрийн
тэргүүн уг хуулийн төслийг хэлэлцэхээ хойшлуулж, үүнээс өмнө салбарын цогц
бодлоготой болъё гээд зарлиг гаргасан.
Энэ зарлигийн хүрээнд бодлого боловсруулах Ажлын хэсгүүд богино хугацаанд үр дүнтэй
ажиллаж, УИХ-д өргөн барилаа.
УИХ-д одоо бодлогын төсөл дээр Ажлын хэсэг байгуулагдана. Хэлэлцүүлгүүд явагдана. Мэдээж хаврын чуулганаар амжихгүй, намрын чуулганаар илүү нээлттэй хэлэлцэж батлах болов уу.