Хятадын нүүрсний салбарт томоохонд тооцогдох нэгэн шийдвэрийг тус улсын төр засаг гаргав. Урьд өмнө Хятадын компаниуд нүүрсний бизнес эрхлэхийн тулд төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг байжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компаниуд нүүрсний бизнесийн салбарт өрсөлддөг байсан ажээ. Тус улсын Засгийн газар өнгөрсөн бямба гаригт нүүрсний бизнес эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлагыг багасгах “амлалт өгчээ”. Энэ долоо хоногийн байдлаар тус улсын нүүрсний томоохон компаниудын хувьцааны үнэлгээ буурах хандлагатай болоод байна. Өмнөх тогтолцоогоор бол компаниуд уурхайн олборлолт эрхлэхээс авахуулаад борлуулах хүртэлх нийт зургаан тусгай зөвшөөрөл авах ёстой байжээ. Эдгээр тусгай зөвшөөрлийг бүгдийг авахын тулд урт хугацаа шаарддаг байна. Харин одооноос эдгээр лиценз дундаа авахад хамгийн бэрхшээлтэйд тооцогддог бизнесийн тусгай зөвшөөрлийн тогтолцоог цуцлахаар болжээ. Ийнхүү олон тусгай зөвшөөрөл бүхий тогтолцоог хэрэгжүүлдэг нь улсын нүүрсний нөөцийг үр ашигтай зарцуулах, хамгаалах бодлоготой холбоотой байжээ. “C1 Energy” эрчим хүчний зах зээлийн судалгааны байгууллагын шинжээч Луо Сианмэйн үзэж буйгаар энэхүү шийдвэрийн нөлөөгөөр одоогийн нүүрсний компаниудын зах зээлд эзлэх байр суурь богино хугацаанд арчигдаж магадгүй байна. Гэхдээ тэрбээр уг шийдвэрийг нүүрсний үр ашигтай салбарыг бий болгох төдийгүй нүүрсний зах зээлийг чөлөөлөх алхмыг хэрэгжүүлэх тохиромжтой цаг үе гэж үзжээ. Нөгөөтэйгүүр нүүрсний зах зээл дэх үнэ харьцангуй доогуур болоод байгаа учир компаниуд уг салбар руу төдийлөн “шуурч” орж ирэхгүй болов уу гэсэн таамгийг тэрбээр дэвшүүлжээ.
Б.Төгс