Оюутолгойн баяжмал экспортлох асуудал хоёронтаа хойшлогдлоо. Та асуудлыг
хэрхэн харж байна вэ?
Оюутолгойн баяжмалын экспорт хойшлоод
багагүй хугацаа өнгөрлөө. Хуримтлагдсан бүтээгдэхүүн, түүнээс олох орлогыг
бодож үзвэл чамгүй их тоо гарах байх. Учир шалтгаан олон талаар тодорхойгүй юм
шиг бодогддог. Зарим мэдээллийн хэрэгслүүдээр ярихдаа, Хөрөнгө оруулалтын гэрээ,
түүн дотроо борлуулалтын орлогоо гадагш нь зөөж гаргах заалт орсонтой холбоотой
гэх юм. Зарим нь ТУЗ-өөсөө
зөвшөөрөл аваагүйтэй холбоотой гэж ярьж байна. Аль аль нь л байгаа байх.
Аль нь ч байлаа гэсэн хамгийн гол нь
гэрээний асуудал юм. 2009 онд Оюутолгойн гэрээг батлахдаа гэрээний 9.10.3 дугаар зүйлд экспортын
орлогоо гадаадад байршуулж, дураараа зарцуулна гэсэн заалт оруулсан байдаг. Энэ
бол зөвхөн орлого мөнгө зувчуулах тухай асуудал биш юм. Монголын эдийн засгийн
нэгдмэл орон зайг бутаргах, тэр чинээгээр Монголын эдийн засгийн тусгаар тогтнол,
аюулгүй байдал өөрөө доройтох тухай заалт. Үүнийг хэлээгүй биш, тухайн үедээ
зөндөө хэлсэн. Даанч нүдэн балай, чихэн дүлий явсаар өдий хүрээд амаа барьж
байх шиг байна.
Орлого гадагшаа гарна гэдэг нь Монголын
байгалийн баялгийг ухаад, олсон орлого нь гадаад эдийн засгийг хөгжүүлэхэд юм
уу, гадны сонирхолд үйлчлээд, бид зөвхөн татвар авах төдийгээр л үлдэнэ гэсэн
үг. Татварыг заавал “Оюутолгой” валютаар олсон орлогоор гэхгүйгээр, магадгүй “Оюутолгой”
дээр явуулсан нийтийн үйлчилгээний орлогоос төлж болно шүү дээ. Үүнийг өөрчилье
гэхээр манайхан цаг хугацаанд ч тулгагдаад, хүчин чадал нь ч мөхөстөөд байх шиг
байх юм.
Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээний 9.10.6 дугаар зүйлд
нэг заалт бий. Тэр нь Монголд банк байгуулах боломжийн тухай. Үүн дээр л өнөөдөр
тулгуурлаж ярих ёстой. Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монгол улс 34 хувийг эзэмшинэ
гэж заасан. Үүнийг өнөөдөр зүгээр нэг яриад, зээл төлөөд орхих зүйл биш. Харин гэрээний
нөхцөлд зайлшгүй тулгагдаад экспортын орлогоо гадаадад байршуулна гэвэл 34
хувийг Монголд байршуулах талаас ярих эрхзүйн үндэс бүрэн нээлттэй. Аль эсвэл
бүтээгдэхүүний орлогыг 34 хувьтай тэнцэх тэр хэмжээний үр дүнгээр нь тооцон
байршуулсан ч болно.
Өөр нэг асуудал бий. Тэр нь гадагш
зөөсөн ашигт ногдуулах татварын тухай. Монгол улсын хууль дүрмээр бол хамтын
үйлдвэр ашгаа гадагш нь валютаар зөөж гаргах юм бол нэмэлт 20 хувиар татвар
төлөх тухай заалт байдаг. Энэ заалтыг Хөрөнгө оруулалтын гэрээнд орхигдуулсан. Орлогоо
гадаадад хадгална гэдэг чинь тэр 20 хувийн татвараас зугатаж байгаа асуудал шүү
дээ.
Ер нь гэрээг сайжруулах асуудал Ерөнхийлөгчийн
сонгуулийн үеэр ч олон түмний анхааралд байлаа. Үүнийг улс төр гэж амны зугаа
болгох биш, жинхэнэ мэргэжлийн хүмүүс суулгаад тэр хүмүүс нь гэрээг аль
чиглэлээр яаж сайжруулах вэ гэдгийг олон улсын жишиг, эдийн засгийн тооцоонд
нийцэх вэ гэдгийг тогтсоны дараа шийдэх асуудал болов уу. Тухайлбал, Оюутолгойд
Татварын хуулиудыг тогтмол хэрэглэхээр заасан байгаа. Монголын эдийн засгийн
объектууд татвар төлөх орчин нөхцөл өөрчлөгдвөл түүгээр л явна шүү дээ. Гэтэл
Оюутолгой татвар нэмэгдвэл төлөхгүй, харин буурвал хөнгөлөлт эдлэх маягаар явна.
Энэ чинь бас л тэгш бус хандлага. Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг
анхны хөрөнгө оруулалт нөхөх тэр хугацаагаар хязгаарлах нь дээр юм шиг байгаа
юм. Одоогийнх шиг 30-40 жилээр гэрээ хийчихээд, ард нь амаа бариад сууж
болохгүй.
Бас нэг бодууштай зүйл бол “Оюутолгой”-н гэрээг хийснээс хойш
нэлээд хэмжээний нөөцийг “Энтри гоулд”-д шилжүүлэх алхам хийлээ. Бас Голланд руу
зугатах алхам хийлээ. Тэгээд одоо гадагшаа зөөж гаргахдаа татвараас зугатах
алхам хийж байна. Иймэрхүү байдлаас харахад манай түншүүд бидний хүсч хүлээж
байсан шиг найдвартай этгээдүүд биш юм байна. Өөрийнхөө эрх ашгийн төлөө Монголыг
хулхидах юм байна. Ер нь “Рио Тинто” найдваргүй түнш гэдгээ олон дахин
баталлаа. Их дээрэнгүй хандаж байна.
Өөр нэг сэжүүр бий нь С.Баярцогттой
холбоотой асуудал. Гэрээг голлон хийсэн С.Баярцогт гэж хүн гадаадад нууц данс
нээсэн, нууц компани байгуулсан асуудлаар улс төрийн томоохон будилаанд ороод сууж
байна. Үүнийг Оюутолгойтой холбоотой эсэхийг нарийн шалгаж тогтоохгүй бол олон
түмний эргэлзээ тасрахгүй. Хэрэв Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хээл
хахуулийн сэжиг илэрвэл Оюутолгойн гэрээг бүхэлд нь буцаах тухай асуудал ярих
үндэстэй. Яагаад гэвэл хахуулиар дамжсан гэрээг бид шударга гэж хүлээн
зөвшөөрөөд, улс үндэснийхээ эрх ашгаар хохироод сууж болохгүй. Иймэрхүү
асуудлууд бодогдож байна.
Бүтээгдэхүүнийг экспортлохоос өмнө шийдэх ёстой технологийн асуудал бий юү?
Бүтээгдэхүүн ачихын хувьд олон
түвэгтэй асуудал бий. Бүтээгдэхүүн дотор буюу зэсийн баяжмал дотор байгаа алтыг 10-8 зэргийн
нарийвчлалтайгаар шинжилж байж, нарийн тогтоож болно. Тэр нь зэсийн баяжмалыг
хайлуулж, хар зэс үйлдвэрлэхэд аяндаа ялгарч үлдэх алт шүү дээ. Түүнээс наана
төд байна гэж хэлэхэд хэцүү. Монгол улс
өөрөө гааль дээр лаборатори байхгүй. “Оюутолгой”-нхон манай баяжмал
дотор алт бараг байхгүй байна гээд гаргавал бид алт байхгүй юм байна гээд л
үлдэнэ. Тиймээс хил дээрээ гаалийн хяналтыг бий болгоод лабораторио байгуулах
нь нэн чухал байна. “Оюутолгой” дээр ч байгуулж болно. Энэ бол маш чухал
асуудал. Лабораторийн шинжилгээ хийхийн тулд Оюутолгойн бүтээгдэхүүний
стандартын үлгэр гэж батлуулдаг. Олон улсын нэр хүндтэй лабораториудаар батлуулсан
бүтээгдэхүүний дээж явах ёстой. Тэр дээжтэй харьцуулж, шинжилгээг хийдэг. Гэтэл
тэр стандартын үлгэрийг одоо болтол батлуулаагүй байгаа.
Ингээд харахад зөвхөн эрхзүйн
асуудал ч байгаа юм биш. Бүтээгдэхүүний экспорт дээр техникийн хувьд ч,
технологийн хувьд ч, хяналтын хувьд ч бэлэн биш байна.
Оюутолгойн гэрээ бол тусдаа асуудал. Харин үйлдвэрлэлийн процесс бол өөр
нэг асуудал. Гэрээг өөрчлөх, засах асуудал байж болно. Гэхдээ үйлдвэрлэлийг
зогсоож байж гэрээг өөрчилж болохгүй гэх хандлага байдаг?
Монгол улсын эдийн засгийн эрх ашгийн
асуудал гэрээгээ дагаж хөндөгдөнө. Бүтээгдэхүүнээ экспортод гаргасны дараагаар орлогыг
яаж хуваах вэ гэдэг асуудал гарна. Гэтэл хэчнээн бүтээгдэхүүн гаргаж байгаагаа
мэдэхгүй байгаа нөхцөлд экспорт хийнэ гэдэг дэндүү арчаагүй байдал. Миний
бодоход манай төр, засгийн албад үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Мэдэж
байсан. Би ч энэ талаар бичиж өгч байсан. Одоо хүртэл хийгээгүй явж ирсэн нь манайхны
санаатай юм уу, санаагүй цалгарддаг уламжлалын нэг л үр дагавар байх.
Оюутолгойн баяжмалыг гаргана гэхэд
бид юу гаргаж байгааг мэдэхгүй. Хэчнээн зэс, алт, мөнгө гарч байна гэдгийг бид
мэдэхгүй. Зэсийг бүдүүн баримжаагаар 30 хувь
гэдэг ч юм уу, 25 орчим хувийн зэсийн
баяжмал байна гээд хэлж болно. Доторх ховор элементүүдийг бид огт мэдэхгүй. Энэ
бүхэн Оюутолгойн бүтээгдэхүүнийг гадагш гаргахад бэлэн биш байгааг л харуулж
байна.
“Оюутолгой”-н зүгээс тавьж буй нууцлалын гэрээний хувьд Та ямар бодолтой байна вэ?
Харин ч ил байх ёстой. Нууцлалын
гэрээний асуудал тавина гэдэг нь олон түмнээс гэрээгээ нуугаад, тэндээ
хуйвалдаж байх үндэс бүрдүүлнэ гэсэн үг. Хэрхэвч зөвшөөрч болохгүй. Харин ч ил
тод болгоно гэж асуудлыг тавих ёстой. Хэнд ч нууц биш зүйл шүү дээ. Оюутолгойн
үйл ажиллагаа эхэлснээс хойш Монголын
эрх мэдэлтнүүдийн хувьцаа эзэмшдэг компаниудыг илчлэх ажил явсан. Зах зээлийн
үнээс 3-4 дахин өндөр үнээр бүтээгдэхүүн шахаж, ашиг хонжоо олж, анхны хөрөнгө
оруулалтын өртгийг нэмэгдүүлж байсныг бүгдээрээ мэдэж байгаа. Үүнийгээ нуух
гээд байгаа юм уу. Нөгөө талаас Оюутолгойн бүтээгдэхүүн дотор хэчнээн алт,
мөнгө, өөр бусад ховор элементүүд гарч байгааг нууцлах гээд байгаа юм уу. Энэ
бол зүгээр л технологийн асуудал. Хэнд ч нууц
байх ёсгүй. Нууцлах ямар ч шаардлага байхгүй. Нууц гэж хэлэх л юм бол
эдийн засгийн харанхуй орчин л бүрдэнэ.
Монголын түүхэнд ч ийм үе байсан. Ах
дүү социалист орнуудаас манайд алтны шинжилгээ хийж байна гээд ирнэ. Геологи
хайгуул хийж байна гээд үе үе онгоц дуудан сорьц явуулж байна гээд ачдаг
байсан. Социалист дэглэм нураад унасны дараа манай алтыг аваачаад нийслэлийнхээ
хажууд Улс төрийн товчооны гишүүд нь хувааж авдаг байсан байна лээ. Ийм байдалд
хүргэх гээд байгаа юм уу. Нууцлал гэдэг бол утгагүй асуудал. Харин ч үүнийг
хүлээж авбал олон түмний хатуухан эсэргүүцэлтэй тулгарах байх.
Бизнесийн эрх ашгийн төлөө явдаг байгууллагад нууцалдаг тоо гэж бий шүү дээ?
Хоёр асуудал байгаа юм. Зэсийг гадагш
гаргалаа гэхэд бирж дээр худалдаж байгаа зэсийн үнэ дэлхий нийтэд ил байдаг. Үүнийг
нуух боломж байхгүй. Эрэлт ямар байхаас үндэслэж, үнэ тогтож байдаг. Оюутолгойн
зэс гарах нь гээд шуугиад эхлэнгүүт дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаад
эхэлж байна. Харин сүүлийн хэд хоногт жаахан нэмэгдэж 7000 руу дөхлөө. Энэ нь
Монголын зэсийн үйлдвэрлэл дэлхийн зах зээлийн тэнцвэрт нөлөөлөхүйц болжээ
гэдгийг харуулж байгаа хэрэг. Үүнийг нуух ямар ч боломж байхгүй, шаардлага ч
байхгүй. Харин ч энэ жил төчнөөнийг олборлоно гээд зарлаж байх юм бол зах
зээлийн прогноз төлөвлөлтөд хэрэгтэй. Үүнийг нууц болгоно гэдэг хамгийн утгагүй
зүйл. Компанийн хувьд ямар зүйл нууц байх ёстой вэ гэхээр ямар зардлаар
олборлож, хэчнээн ашиг олж байна, технологи нь ямар байна гэдэг нууц байна. Энэ
гурван асуудлыг нууцалж болно.
Гаргасан зэсийнхээ тоог нууна гэдэг
нь зэсээ нуувал, алтаа нууна, мөнгөө нууна. Хэчнээн алт гарсан бэ гэхээр нууц
гээд суугаад байх нь байна шүү дээ.
Монгол улс Оюутолгойн экспортоос ихийг
хүлээж байгаа. Гацаад зогсоогоод байхыг хүсэхгүй байх. Үүний тулд хийх алхам,
арга замыг та хэрхэн харж байна вэ?
Гацаанаас гарахад техникийн
асуудлууд ч бий. Шинжилгээний лабораторийн асуудал гэхэд миний мэдэхээр дэлхий
дээр Америкийн PerkinElmer
гэж компани бий. PerkinElmer –ийн
атомын ширгээлтийн төхөөрөмж гэж бий. Энэ төхөөрөмжүүд өндөр нарийвчлалтай
шинжилгээ хийдэг. Тэр төхөөрөмжийг Монголд авчирч суурилуулаад, шинжилгээ
хийгээд гаргавал баяжмал дотор төчнөөн алт, мөнгө, бусад юу байгааг гаргаж
болно. Үүнийг төр, засаг хийж байгаа үгүйг мэдэхгүй юм. Ямар ч мэдээлэл алга. Хоёрдугаарт,
“Рио Тинто”-той хэлэлцээр хийгээд, тэд мөнгөө Монголд оруулж ирэхгүй гээд
зүтгээд байвал гаргах нь ч утгагүй болно. Энэ мэт асуудлаа аль болох түргэн
шийдэх байх л даа.
Миний бодоход, манай төрийн бодлого
явуулж байгаа, гэрээ хэлцлийн асуудал хариуцаж байгаа хүмүүс гэрээгээ сайн
уншаасай гэж бодох юм. 9.10.6-г
түшиглээд, банк байгуулах асуудлыг яриад байвал болно шүү дээ. Эрхзүйн
талаасаа энэ чинь гэрээн дотор байгаа асуудал.
“Эрдэнэт”-ээс алт их гарч байсныг
бид мэддэггүй байсан. Би ч сайндаа үүнийг мэдээгүй юм. Зөвлөлтийн нэг нөхөр, танай
Эрдэнэтээс алт их гарч байна, та нар түүнийхээ мөнгийг бодож авдаг уу гэсэн. Би
ирээд Ж.Батмөнх гуайд хэллээ. Ж.Батмөнх гуай нууц захирамж гарган, шинжилгээ хийлгэсэн
юм. Их сургуулийн менерологийн ухааны доктор Лувсандорж гэж хүн Байгалмаа гэж
лаборанттайгаа хийсэн. Тэгэхэд Эрдэнэтийн 1
тонн зэсийн баяжмал дотроос 4 грамм алт гарч байсан. Алт байхгүй гэж манайд хэлдэг
байсан. Мөнгө жаахан байна гэдэг байсан. Шинжилгээ хийгээд үзэхэд “Эрдэнэт”-ээс
жилдээ 60 тонн цагаан мөнгө гардаг байсан. Бид
одоо Асгатыг ашиглаад 60 тонн мөнгө олно гээд
бараг зодоон хийх нь халаг байгаа шүү дээ.
Одоо “Оюутолгой”-гоос жилдээ 100 тонн цагаан мөнгө, 20 тонн
алт алдана. Энэ жилийн өөрсдийн төлөвлөгөөгөөр нь 14 тонн алт үйлдвэрлэх ёстой.
Тэр тоогоо хэд гэж бидэнд хэлэхийг мэдэхгүй. Манай лаборатори илрүүлсэнгүй, алт
гарахгүй байна гэвэл бид юм хэлж чадахгүй. Ийм байдлаар технологийн бэлтгэл
хангахгүйгээр үйлдвэрлэл явуулж болохгүй. Миний бодоход, технологийн бэлтгэл
хангагдаагүй байна.
Гэхдээ учраа олно биз дээ. Ийм
асуудал байгааг мэдсэн нь их юм. Ачуулаад тавьчихсан бол ард нь юу ч үгүй л
хоцорно. Маш их хөрөнгө мөнгөний асуудал явж байна шүү дээ.
Манайд хэлэлцээр хийнэ гэхээр таван Сайд
гүйгээд очдог. Уул нь инженер, эрдэмтэн профессор гээд мэргэжлийн улс очиж
хэлэлцээр хийх ёстой. Таван сайд сүрэг нохой шиг гүйж очоод, хоншоор руугаа нэг
нэг цохиулж аваад, таг чиг болчихож байна. Цаашаа ярих статус байхгүй. Мэргэжилтнүүд
хэлэлцээрээ хийгээд, ар талд нь шинжээч ажиллаад, тэгээд Сайд суугаад, Сайдын
ар талд Засгийн газар суугаад, юу болж байна, хэлэлцээр яаж явж байна, түүн
дээр асуудлаа яаж тавих вэ гэдгээ үндэслэлтэйгээр зохицуулалт хийж ажиллах ёстой
юм.
Манайд хэлэлцээр хийх бүтэц алга. Их сургууль, өөр бусад ямар газрууд байдаг юм, тэр бүхнээс мэргэшсэн чадварлаг хүмүүсийг олж цуглуулан хүчтэй групп байгуулаад хэлэлцээрт орох ёстой. Нөгөө талдаа манайд жаахан дутагдалтай байгаа зүйл нь олон улсын уул уурхайн эрхзүйн асуудлаар бэлтгэгдсэн хүмүүс их дутмаг байна л даа.