Эдгээр асуудлыг цогцоор шийдэх, цаашлаад нүүрс-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэг боломж бол арвин нөөцдөө тулгуурлан CTL буюу хүрэн нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийг эх орондоо нэвтрүүлэх явдал юм. “Монголын Алт”, “Багануур Энержи Корпорэйшн” болон “Цэцэнс майнинг энд Энержи” компаниудын төлөвлөсөн CTL технологид суурилсан төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа билээ. Үндэсний компаниуд маань аль ч үеийн Засгийн газрын өөрчлөлт, тэдгээрийн бодлого чиглэлтэй уялдуулан, өөрсдийн хөрөнгө, бололцоонд тулгуурлан энэхүү технологийн талаар олон жилийн нарийн судалгаа хийж ирснийг онцлох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орны нарийн технологи, мөн кластер олон үйлдвэрлэлтэй цогцолбор учир 2-4 тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт шаардагдсан эдгээр төслийг төр, засгийн зүгээс дэмжих шаардлага тулгараад байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх, технологио нийлүүлэх сонирхолтой дэлхийд нэр хүндтэй компаниуд бий. Гагцхүү хөрөнгө оруулагчдад энэ салбарыг хөгжүүлэх манай төрийн бодлого, улс төр болоод хууль эрх зүйн тогтвортой байдал гол баталгаа болж өгөх учиртай.
Өндөр технологийн эдгээр төслийг Монголд хэрэгжүүлэх боломж, саад бэрхшээл, эдийн засгийн үр ашиг, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин зэрэг асуудлаар төр засгийн бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид бүтэн өдрийн турш чуулан хэлэлцүүлэг өрнүүлэв. “Coal to liquid (CTL ) буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийг Монголд хөгжүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг “Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо”, Шинжлэх ухааны академи хамтран Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхий Сайдын илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар уншиж танилцууллаа.
Ерөнхий сайд
Н.Алтанхуягийн илгээлт
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх технологийг Монголд хөгжүүлэх сэдвийг хөндөж буй энэхүү хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд түлш, эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэж, эх үүсвэр нь багасч байна. Цаашид эрчим хүчний гол эх үүсвэр болсон түүхий нефтийн үнэ урт хугацааны туршид тогтмол өндөр байх төлөвтэй байна. Тиймээс улс орнууд өөрийн онцлогт тохирсон шинэ эх үүсвэрийг судалж, ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Өнөөгийн нөхцөлд нефтиэс гарган авдаг бүтээгдэхүүнийг нүүрснээс үйлдвэрлэх нь техник технологийн болон эдийн засгийн хувьд боломжтой болсон. Нүүрснээс зөвхөн цахилгаан эрчим хүч гаргаад зогсохгүй шингэн түлш, химийн болон төрөл бүрийн бодис, хямд чанартай нийлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болжээ. Манай урд хөрш БНХАУ-д нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн гарган авч, импортын хамаарлаа багасгах стратегийн шийдвэр гаргасны үр дүнд өдгөө энэ салбар нь цэвэр бизнесийн утгаараа ихээхэн ашигтай, эдийн засгийн томоохон салбар болон хөгжсөн байна. Тэд XXI зууныг “Нүүрс-химийн зуун” хэмээн нэрлэж байна.
Монгол орон нүүрсний арвин их баялагтай. Өндөр илчлэгтэй коксжих, эрчим хүчний нүүрсний аль алийг нь экспортлон гаргаж болно. Нүүрсний дийлэнх хувийг хүрэн нүүрс эзэлдэг ба түүнийгээ ашиглан шингэн түлш, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь өнөөдрийн олон улсын хандлага, эдийн засгийн нөхцөлд бодитой болж байна. Монгол улсын төрийн бодлогын хүрээнд ч нүүрсний гүн боловсруулалтыг хөгжүүлэх зорилт тавьсан байдаг. Цаашид татвар, эрх зүйн таатай орчныг бий болгох замаар хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг, эрсдэл өндөртэй энэхүү салбарыг дорвитой дэмжих бодлого хэрэгжүүлэх нь маш чухал байна.
Нүүрснээс шингэн түлш гаргаж авснаар зөвхөн импортын түлш шатахууны хамаарлыг бууруулаад зогсохгүй химийн суурь аж үйлдвэрийг хөгжүүлэх эхлэл болно. Газар зүйн байршлын хувьд бид дэлхийд нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээрээ тэргүүлэгч бүс нутаг болох Зүүн хойд Азийн Хятад, Япон, Солонгос улсуудтай ойрхон. Энэ утгаараа ирээдүйд Монгол улс нүүрснээс гарган авсан химийн бүтээгдэхүүн ба хий, шингэн түлшний экспортлогч орон болон хувирах эхлэл тавигдана. Иймд өнөөдөр төлөвлөгдөж буй ганц нэг төслийг дэмжих тухайд биш нүүрс-хими, эрчим хүчний салбарыг бүхэлд нь хамарсан алсын хараатай бодлого шаардлагатай байна. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэрлэлийг бүхий л талаас нь дэмжинэ гэж орсон байгаа нь энэ асуудал бидний хувьд ямар чухал ач холбогдолтойн илэрхийлэл гэж үзэж болно.
Манай эрдэмтэд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх чиглэлээр олон жилийн өмнөөс судалж, мэдлэгийн зохих суурийг бий болгосон. Өндөр технологитой, мэдлэг шаардсан энэхүү салбарыг хөгжүүлэхэд чадвартай боловсон хүчин шийдвэрлэх ач холбогдолтой. Үүнд манай үндэсний эрдэмтэд, боловсролын байгууллагууд чухал үүрэгтэй юм. Сүүлийн жилүүдэд үндэсний томоохон компаниуд нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төсөл боловсруулж, захаасаа хэрэгжүүлэх үе шатандаа орж байгаа нь сайшаалтай. Цаашид төр засгийн байгууллагууд, эрдэмтэн судлаач нар хувийн хэвшлийнхэнтэй нягт хамтран ажиллаж байж оновчтой зөв шийдэлд хүрч чадна.
Энэхүү хэлэлцүүлгээс гарах Зөвлөмжийг манай Засгийн газар зохих хэмжээгээр тусган авч, ашиглан хэрэгжүүлэх болно. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
Төслүүд ажлаа эхлэг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. УИХ-аас саяхан баталсан стратегийн зарим чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль маш чухал дэмжлэг болохыг энд цугласан компаниудын төлөөлөл, химийн салбарын эрдэмтэн судлаачид тэмдэглэж байлаа.
Сайд Д. Ганхуяг “Нүүрс шингэрүүлэх технологийг Монгол улсад хөгжүүлэх асуудал Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан. Монгол улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравдугаар байрт ордог бөгөөд нэг хүнд ногдох хэмжээгээр тэргүүлж байна. Нүүрснээс түлш, хий, химийн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Манай улс газрын тосны бүтээгдэхүүн, бензин шатахууны хувьд импортлогч орноос экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ оноос эхлэн газрын тос боловсруулах үйлдвэр баригдана. УИХ-аас нүүрс шингэрүүлэх технологи бүхий үйлдвэрийг Монгол улсад барихад зориулан энэ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэмүү өртөг, гаалийн татвараас чөлөөлөх хуулийг баталсан. Ингэснээр сайн технологи, сайн хөрөнгө оруулагч манай улсад орж ирэх боломж бүрдэх юм. Төсөл хэрэгжүүлэгч компаниудтай олон удаагийн уулзалтын үр дүнд татварын ийм хөнгөлөлтийг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ямар ч байсан эдгээр төслүүд маань эхлэг гэсэн байдалтай байна” хэмээн тэмдэглэв.
Монголын хими, химийн инженерүүдийн холбооны тэргүүн, академич Ж.Тэмүүжин “Манай улсад хамгийн их нөөцтэй болох нь тогтоогдоод буй хүрэн нүүрсийг химийн үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Монголын химич, химийн инженер, эрдэмтдийн үлэмж хэсгийг өөртөө нэгтгэсэн холбооны зүгээс зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлгийн хамгийн гол үр дүн нь нүүрс шингэрүүлэх технологийг үйлдвэр практикт нэвтрүүлэхэд төр, засгийн зүгээс авах арга хэмжээнд Зөвлөмж гарган, цаашид хамтран ажиллах үндэс суурь бий болгох явдал юм”
Бүр 1980-аад онд Тавантолгойн нүүрсийг хийжүүлэн ашиглах санал гарч байв
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин “Нүүрс шингэрүүлэх технологийг Монголд хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, тодорхой санал зөвлөмж гаргахаар хуран цугларсан нь Монгол улсын Засгийн газраас бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэчлэлийн бодлого явуулж буй энэ үед чухал ач холбогдолтой юм. 1960-аад оноос хойш Монгол улсын шинжлэх ухааны академийн Органик химийн хүрээлэнгийн тасаг, МУИС, ШУТИС, Геологийн төв лаборатори, Уул уурхайн хүрээлэн, Нүүрсний хими технологийн эрдэм шинжилгээний үндэсний төв зэрэг судалгаа шинжилгээний байгууллагууд дээр нүүрсийг зөвхөн дулааны эрчим хүчний түлш төдийгүй боловсруулах аж үйлдвэрийн чухал түүхий эд талаас нь судлах талаар олон ажлууд хийгдэж ирсэн нь өнөөдөр ийнхүү үргэлжилж байна.
1980-аад онд Тавантолгойн ордын коксжих нүүрсийг хийжүүлэн ашиглах санал, санаачилга гаргаж байсан. Эл ордод түшиглэсэн нүүрс-химийн цогцолбор барих төлөвлөгөө гарган, тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн хурлын түвшинд хэлэлцүүлэн батлуулж, урьдчилсан судалгааг амжилттай хийж гүйцэтгэж байсан туршлага бий. Нүүрс шингэрүүлэх судалгааны ажлууд мөн Өвдөгхудаг, Хөөт, Шивээ-Овоо, Адуунчулууны ордын нүүрсэн дээр хийгдэж, шингэн түлшний боломжит түүхий эд болох нь тогтоогдож байсан юм. Энэ бүхэн бодит амьдралд хэрэгжих болсон цаг үе тохиож байна. Монгол улсын хөгжлийн стратегийн ач холбогдолтой ийм чиглэлээр шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төр засгийн бодлого боловсруулагчид тал бүрээсээ хамтран ярилцаж, асуудлыг шийдвэл бидний ажил илүү үр дүнтэй, өгөөжтэй байх болно. Шинэ технологийг эх орондоо нэвтрүүлэхэд эрдэмтдийн санаа бодол ихээхэн чухал” гэв.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном “Орчин үеийн болоод ирээдүйн хэрэгцээг хэрхэн хангах асуудлыг бид одоо л бодож, шийдэж эхлэх шаардлагатай байгаа юм. Арвин их нөөц бүхий хүрэн нүүрсийг боловсруулан шингэн түлш гаргах, химийн үйлдвэрийг хөгжүүлэх нь боломжит нэг арга мөн. Энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэгч үндэсний гурван компани бий. Юуны түрүүнд эдгээр гурван компани маань энэ ажлаа орхиж, няцаж болохгүй шүү гэж хэлэхийг хүсч байна. Мөн хоорондоо нягт хамтран ажиллах нь маш чухал. Нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийг хөгжүүлэх нь төрийн баримтлах зайлшгүй бодлогын нэг. Төр ба хувийн хэвшил хоорондоо нягт түншлэх шаардлагатай. Өндөр технологийн энэхүү төслийг эхлүүлэхэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Тиймээс санхүүгийн эх үүсвэрийг олоход нь төр засгийн зүгээс дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Хэрэв гадаадаас зээл авах бол түүнд нь Засгийн газрын баталгаа гаргаж өгөх шаардлага гарна. Мөн татварын хөнгөлөлтийг үзүүлэх боломж байдаг. Улсын эдийн засаг, цаашлаад аюулгүй байдлын бодлогын асуудал учир дэмжихэд Засгийн газрын зүгээс “гар татах”хэрэггүй болов уу гэж бодож байна” хэмээн онцоллоо.
ҮХАА-н Дэд сайд Б.Цогтгэрэл “Энэ томоохон төслүүд саланги байдлаар хэрэгжих үндэслэл маш багатай учир төсөл санаачлагчид аль болох үйлдвэрлэгчид, шинжлэх ухаан, төр засаг болон боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай. Одоогоор хэсэгчилсэн 4-5 баг байна гэж харж байна. Арав гаруй компанийн жижиг, том төслүүд бий. Яамны зүгээс төсөл хэрэгжүүлэгч компаниудын төсөлтэй 3-5 удаа танилцсан байгаа. Ерөнхийдөө технологийн шийдэл, ялгаа нь зарчмын хувьд бага. Учир нь эдгээр төслүүдийг яриад эхлэхэд эцэстээ өнөөх “Lurgi”, “ThyssenKrupp” компаниуд, Өмнөд Африкийн “Сасол” үйлдвэрийн түүх болдог. Технологи санаачлагч, шийдэл зэрэг бүх зүйлийг зангидаж байгаа эх сурвалж, баг нь үндсэндээ хоорондоо холбоотой гэж ойлгож, харин технологийг авч байгаа Монголын тал өөрөө нягт байх хэрэгтэй. Манай үндэсний компаниудын төслүүд хоорондоо өрсөлдөгч биш, бүгд нийлээд зах зээл дотроо багтаж байгаа юм. Энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэгчид нэг том баг гэж төр засгийн зүгээс бодлогоор зангидан ажиллах нь зөв болов уу”.
ЭЗХЯ-ны Инноваци-Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн газрын ахлах мэргэжилтэн, доктор Б.Авид ”Аливаа улс өөрийн эрчим хүчний бодлоготой байх ёстой гэж үздэг. Эрчим хүчний бодлого гэдэг нь өөрийн эх үүсвэр дээр тулгуурлах ёстой. Харин эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс юм. Нүүрснээс шингэн түлш гаргах асуудлаас гадна нүүрсний хийжүүлэлтэд мөн чухал ач холбогдол өгч, дэмжиж ажиллах ёстой гэж үзэж байна. Учир нь нүүрсний хийжүүлэлтээс гаргаж авдаг нийлэг түлш бол эрчим хүч, шингэн түлш, химийн түүхий эд, хий зэрэг манай улсад хэрэгтэй зүйлийн гол түүхий эд болдог. Нэг үгээр нүүрсний хийжүүлэлт нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн “мотор” нь гэж би үзэж байгаа”.
АМГ-ын Уул уурхайн шинжилгээ туршилт лабораторийн ахлах шинжээч, доктор Ж.Нарангэрэл “Монголд нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай ажлууд цөөнгүй бий. Юуны түрүүнд төрийн тууштай, нэгдсэн бодлого болоод үндэсний хөтөлбөр шаардлагатай. “Монгол нүүрс” хөтөлбөр өнөөг хүртэл батлагдаагүй байгаа бөгөөд үүнд анхаарах хэрэгтэй байна. Төр, хувийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал. Эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Боловсон хүчнийг бэлтгэх асуудал чухал юм. Мөн нүүрсний судалгааны төвлөрсөн байгууллага нэн тэргүүнд шаардлагатай гэж үзэж байна. Нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд судалгаагүйгээр ажил явахгүй. Ийм байгууллага байгуулснаар Монгол нүүрсний мэдээллийн нэгдсэн сантай болох юм. Манай улс асар их нөөцтэй, судалгаа хэдийгээр олон жил үргэлжилж байгаа ч нүүрс нь маш нарийн бүтэцтэй, олон чиглэлээр ашиглах боломжтой учир бид бүрэн гүйцэд судлах хэрэгтэй байгаа. Энэхүү санг бүрдүүлснээр Монголын нүүрсийг зөв зохистой ашиглах, судалгааны дэвшилтэт чиглэлүүдийг хөгжүүлэх, шинжилгээ туршилтын материаллыг бэхжүүлэх, технологийн туршилт, боловсруулалтын ажлуудыг дотооддоо гүйцэтгэх, хөрөнгө зардал хэмнэх, ажлын давхардлыг арилгах зэрэг олон талын ач холбогдолтой”
ҮХААЯ-ны Хүнд Үйлдвэрийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн И.Болд “Төсөл хэрэгжүүлэгч нарт төрөөс хууль эрх зүйн орчны ямар дэмжлэг шаардлагатай, үйлдвэр дэх төрийн хувь оролцоо, бүтээгдэхүүнд баталгаа гаргах нөхцөл ямар байх талаар ТЭЗҮ боловсруулах даалгаварт өгөгдсөн байгаа. Хуулийн дагуу тендер зарлагдаж, ТЭЗҮ боловсруулах Ажлын хэсэг үүнийг хийсний дараа дүгнэлтүүд гарч ирнэ гэж ойлгож болно”
МҮҮХ-ны тэргүүн, Монгол дээд сургуулийн захирал, доктор, професор Н.Дашзэвэг “Түлшний стратегийг олон жилээр харах хэрэгтэй. Үндэсний том зөвлөл байгуулах, асуудлыг шуурхай шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Нүүрснээс шингэн түлш гаргах нь стратегийн үйлдвэрлэл юм. Эх газрын нефтийн нөөц дуусч байгаа учир 30-40 жилийн дараа нүүрс нь стратегийн бүтээгдэхүүн болох боломжтой. Газрын тос, нүүрснээс шингэн түлш гаргах нь хоорондоо өөр асуудлууд учир хоёр тусдаа хууль гаргасан нь дээр гэж бодож байна.
-Хууль гаргаснаар хөрөнгө оруулагчдад баталгаа, итгэл үнэмшил бий болно.
-Хөрөнгө оруулах хугацаанд бүх төрлийн татварыг хөнгөлөх.
-Энэ салбарын тогтвортой орчныг бүрдүүлэх хууль гаргах.
-Зээлийн тусламж, дэмжлэг үзүүлэх.
гэсэн саналыг хэлэлцүүлгийн зөвлөмжид санал болгоё.
Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв “Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, занар, газрын тосыг боловсруулах замаар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хүрээнд оруулж ирэх технологийн тоног төхөөрөмж сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шинэ хуулийг энэ зургадугаар сарын эхээр батлан гаргасан.
“Цэцэнс майнинг энд Энержи”, “Монголын Алт” болон “Багануур Энержи Корпорэйшн” зэрэг компани сүүлийн үед нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүд дээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. “Багануур Энержи Корпорэйшн” компани хамгийн сүүлд нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дуусаад Уул уурхайн яаманд хүлээлгэн өгсөн байгаа. Сайдын тушаалаар хөндлөнгийн шинжээчийн баг томилогдож, дүгнэлт гарч хариу бэлэн болсон. Ирэх долдугаар сарын эхээр “Багануур Энержи Корпорэйшн” компанийн ТЭЗҮ-ийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхээр бэлтгэгдээд байгаа.
“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болоод Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн хүрээнд Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх замаар гарган авсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлэх тусгай зөвшөөрлийг Уул уурхайн яамнаас олгохоор Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөл олгох дарааллын тухайд:
- ТЭЗҮ боловсруулсан аж ахуйн нэгж албан хүсэлтээ Уул уурхайн яаманд гаргана.
Нүүрс шингэрүүлэх төслүүдийг Засгийн газраас бүрэн дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалт болоод бизнесийн орчны хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал асуудал бөгөөд аль улсын ямар технологийг хэрэглэх нь хувийн хэвшлийнхний шийдэх ажил юм” хэмээн ярьсан юм.
Шинэ салбар учир эдийн засаг болон хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай
Эрдэм шинжилгээний болоод мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон учир “асуулт, хариулт”-ын хэсэг хэлэлцүүлгийн хамгийн ихээр анхаарал татахуйц, оргил үе байлаа. Энэхүү өндөр технологийг нэвтрүүлсэн улс, тэдгээрийн үйлдвэрүүдээр багагүй хугацаанд явж туршлага хуримтлуулж, судалгаа хийсэн төсөл хэрэгжүүлэгчид тодорхой, басхүү сонирхолтой хариултуудыг өгч байсан юм.
1.Өмнөд Африкийн Сасол үйлдвэр ямар нүүрсийг ашиглаж бүтээгдэхүүн гаргадаг вэ?
2.Хятадын шууд бус аргаар хийжүүлж буй үйлдвэрүүд ямар нүүрсэн дээр ажиллаж байна вэ?
3.Монголын төсөл хэрэгжүүлэгч компаниуд CTL технологийг боловсруулах хагас үйлдвэрлэлийн туршилтуудыг хэрхэн хийсэн бэ? Шингэрүүлсэн бүтээгдэхүүний дээж байгаа юу?
“Цэцэнс майнинг энд энержи”
-Сасол-1 үйлдвэр 1950-аад онд байгуулагдсан. Нүүрсний орд бүхий хоосон газар нүүрс шингэрүүлэх уг үйлдвэрийг анх барьж, түүнийг дагасан хот байгуулсан нь Sasolburg юм. Харин одоо импортоор хямд байгалийн хий худалдан авдаг учраас Gaz to liquid /GTL/ технологиоор бага хүчин чадалтайгаар ажиллаж байгаа. Секундад байгуулсан Сасол-2 ба Сасол-3 үйлдвэрүүд нь 6 – 7 ордын нүүрсийг хольж, Лурги технологиоор хийжүүлсний дараа шингэрүүлдэг. Жилд 30 сая тонн нүүрснээс 6 сая тонн орчим шингэн түлш үйлдвэрлэж байна.
-Хятадад хүрэн нүүрснээс эхлээд антрацитийг хүртэл хийжүүлэн ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний бүх төрлийг ашигладаг.
-”Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулах шингэн түлшний үйлдвэрийн туршилтыг бид хийж гүйцэтгэсэн. “Лурги” компанийн Франкфурт хотод байдаг судалгаа, туршилтын төвд хагас тонн орчим нүүрсээр 20 гаруй төрлийн нарийвчилсан тест, үйлдвэрлэлийн туршилт явуулсан болно.
“Монголын Алт” компани
-Хятадын “Шинхуа” группын Фишер-Тропшийн технологийн CTL төсөл нь чулуун нүүрс бол ӨМӨЗО-ын Хөлөнбуйрт хэрэгжиж байгаа нэлээд хэдэн төслүүд нь хагас кокс, хүрэн нүүрснийх байх жишээтэй.
-Манай төслийн хувьд Siemens компанийн технологийг түлхүү сонирхож байгаа. Уг технологийн онцлог нь тэжээл нь хуурай, гарч байгаа хаягдал нь халуун хайлмал юм. Зуухан доторх процесс 1600 С хэмд явагдах тул ямар ч төрлийн нүүрс шатаж үгүй болно. Хамгийн чухал хэсэг болох оролт, гаралтын судалгааг 2006 онд нэг удаа, 2012 онд нэг удаа тус тус лабораториуд дээр амжилттай хийсэн. Туршилтад 200 кг нүүрсийг туршсан байгаа. Нүүрс нь 46-48 хувийн чийглэгтэй учир хатаах туршилтыг нэг тонн дээжин дээр нэг удаа, таван тонн дээжин дээр хоёр удаа Австрали улсад хийсэн.
“Багануур Энержи Корпорэйшн”
-Манай төсөл Siemens компанийн технологийг сонирхож байгаа. Багануур болон Ухаа -Худаг уурхайн нийт 500 орчим кг нүүрсний дээжийг Германы Фрайберг хот дахь тус компанийн судалгаа шинжилгээний төв дээр шинжлүүлснээр Siemens компанийн технологиор шингэрүүлэхэд тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан.
-Нүүрсийг хийжүүлээд гарсан нийлэг хийг цааш нь газар тариалангийн бордоо, химийн бүтээгдэхүүн зэрэг янз бүрээр боловсруулж болдог. Ийм төрлийн үйлдвэрүүд Хятадад олон бий. Харин нүүрснээс шингэн түлш гаргах буюу CTL технологийн үйлдвэр гурав байдаг нь ӨМӨЗО-ны Ордос орчим төвлөрсөн байдаг. Энэ гурван үйлдвэрийн нэг нь хүрэн нүүрс, хоёр нь хагас чулуун нүүрсийг боловсруулдаг бөгөөд 2010 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд эдийн засгийн хувьд үр ашигтай ажилласан.
Төсөл хэрэгжүүлэгч компаниудын туршилтын хүрээнд энэ технологиор боловсруулаад гаргасан бүтээгдэхүүний дээж байна уу? Жишээ нь 10-20 литр орчим? ...
“Монголын Алт” компани
-Ийм шаардлага байхгүй гэж үзэж байна. Сонирхуулахад нүүрсний давирхай нь бензин, дизель түлш биш ч нүүрснээс гарсан шингэн түлш юм. Цахилгаан станцын мазутыг орлуулж II ДЦС дээр 40 тонн нүүрсний давирхайг шатааж үзэхэд маш сайн шатсан. Нүүрсний давирхайг Монголд Өмнөговьд ажиллаж буй “ЭНК” компанийн кокс-химийн үйлдвэрээс бага зэрэг гарган авч байна. МАК -ийн хагас кокс, Дархан-Уул аймаг дахь “Шарын гол энержи” үйлдвэрүүд бий. Энэ бүхэн нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрлэлийн эхлэл гэж бодож байна.
“Багануур Энержи Корпорэйшн”
-Манай компанийн хувьд технологийн хамтрагчаасаа 20 литр дээж авчирсан. Түүнийгээ Монгол улсын итгэмжлэгдсэн лабораториудад шинж чанарыг нь тодорхойлуулсан байгаа. Уг түлш нь Монгол улсад мөрдөгдөж буй одоогийн түлшний чанарыг бүрэн хангасан гэсэн дүгнэлт гарсан.
“Цэцэнс майнинг энд Энержи”
-1990 онд Нүүрс, хими-технологийн үндэсний төвийг байгуулсан. Өөрсдөө нэрлэгийн жижиг төхөөрөмж хийж, түүгээрээ нүүрсээ нэрж шингэн фракц гаргаж авсан. Тэр шингэнээ нэрэх замаар дизель, бензиний фракцийг гарган авч байсан. Өвдөгхудаг, Цайдам зэрэг ордын нүүрсийг Японд боловсруулж шингэн гаргаж байсан. Мөн 1980-аад оны дундуур хэд хэдэн ордын нүүрсийг Орост боловсруулан шингэн түлш гаргаж, тэр талаарх тайланг яаманд хүлээлгэж өгсөн байдаг. Ер нь Монгол улсад 20-иод жилийн өмнө нүүрснээс шингэн түлштэй төстэй зүйлийг туршилтаар гарган авч, лабораторийн хувьд тогтоогдсон гэж ойлгож болно.
Төслийн хүрээнд үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүнүүд тодорхой ашиг олохын зэрэгцээ энэ төслүүд эцэст нь бидний эрүүл амьдрах нөхцөлд ямар нэгэн хор нөлөөгүй байх үндсэн шаардлагыг хангасан байх ёстой. Энэ хүрээнд сүүлийн үед өргөн яригдаж буй нүүрсний диоксид буюу СО2-ын асуудлыг төслүүдэд хэрхэн тусгасан байгаа вэ?
“Багануур Энержи Корпорэйшн”
-СО2 буюу нүүрсхүчлийн давхар ислийг одоогийн байдлаар Монгол улсад ундаа болон шар айрагны үйлдвэрүүдэд ашиглаж байна. Монгол улсын жилийн хэрэглээ 1000 орчим тонн байгаа юм. Манай төслийн хувьд СО2-ыг агаарт хаялгүйгээр эцсийн бүтээгдэхүүн болгох замаар одоогийн эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан 1000 орчим тонныг ялгах тусгай хэсгийг үйлдвэрийн дизайндаа суулгасан. Түүнчлэн хийн түлш үйлдвэрлэн халаалтад хэрэглэх нь гэр хорооллын айл өрхүүдийн түүхий нүүрсийг шууд шатаах замаар бий болгох СО2-ын хэмжээг эрс бууруулах нэг алхам болно гэж тооцож байгаа.
“Цэцэнс майнинг энд Энержи”
-Хийжүүлээд гарсан хийгээ Фишер-Тропшийн катализаторт оруулахын тулд цэвэрлэгээ хийдэг. Тодруулбал, хийг шингэн болгодог катализатор нь хүний уушгинаас илүү эмзэг зүйл байдаг. Тиймээс Фишер-Тропшийн катализатор нь CTL технологийн хамгийн өндөр үнэтэй хэсэг байдаг. Хийг сайтар цэвэрлээгүй тохиолдолд үйлдвэрлэл эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй болох юм. Иймд хийнд агуулагдах агаарын бохирдол болох хүхэр, хүнд металыг цэвэрлэх шаардлагатай байдаг. Манай төслийн хувьд дараа нь гарах хүхэр, аммиакийг бүгдийг нь бордоо, цэвэр хүхэр болгон гаргадаг технологи ашиглах юм.
“Монголын Алт” компани
-СО2 буюу нүүрс хүчлийн давхар ислийг гурван чиглэлд ашиглаж болох юм.
1.Шар айраг, ундааны газ, хуурай мөс буюу хүнсний үйлдвэрлэл
2.Газрын тос олборлоход СО2-ыг газрын гүн рүү шахан нефтийг түрж гаргах арга сүүлийн үед нэвтэрч, АНУ-д туршигдаж байна. Манай компанийн хувьд Дорнодын газрын тосны ордууд дээр ашиглах боломжийн талаар анхан шатны сонирхох судалгаа хийж байгаа.
3.Ирээдүйгээ харах юм бол нэгэнт химийн үйлдвэр баригдахад СО2-ыг ашиглан химийн болон бордооны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий.
Хөрш орнуудтай харьцуулбал манай улс үйлдвэрлэл эрхэлдэггүй гэж хэлж болно. Аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн хоёр том гүрний дунд оршдог. Тэдгээрийн ялгаруулах хүлэмжийн хийн дэргэд манайх дэндүү бага асуудал юм. Тэгэхээр бидний хувьд СО2, түлшний хараат байдлаас гарахын аль нь чухал вэ гэсэн асуудлыг бодох хэрэгтэй. СО2-оос илүүтэй химийн үйлдвэрээс гардаг хатуу, шингэн хийн хорыг хэрхэн байхгүй болгох талаар түлхүү анхаарах хэрэгтэй болов уу гэсэн байр суурьтай байна.
Төсөл хэрэгжүүлэгч компаниуд төр засгийн зүгээс ямар хөнгөлөлтийг хүсч байна вэ?
“Монголын Алт” компани
-Монгол улсын алсыг харсан, ирээдүйн бодлого нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийг нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай гэж ойлгож байгаа. Боловсруулах салбар, ялангуяа хөрөнгө оруулагчдад нүүрс-химийн төслийг өрсөлдөхүйц байлгахын тулд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгтэй байгаа юм. Ийм шийдвэрийг төрөөс гаргасан тохиолдолд мөнгө орж ирэхэд бэлэн байдаг. Ашгийн татвараас хөнгөллөө гэхэд тэр хөнгөлсөн хэмжээнээсээ арав хорь дахин их хэмжээний мөнгийг нефть бүтээгдэхүүний импортод зориулж гадагш алдахын оронд Монголдоо авч үлдэнэ. Энэ бол улс орны хувьд хамгийн том ашиг гэж үзэж байна. 2-3 төслийг дэмжихдээ бус Монгол улсын ирээдүйн хөгжлийг харж шийдвэрлэх нь чухал билээ.
“Цэцэнс майнинг энд Энержи”
-2008 онд УИХ-аар баталсан “Мянганы хөгжлийн зорилт”-д нүүрсний шингэрүүлэлт, хийжүүлэлтийг хэрэгжүүлэх асуудлыг тусгасан байдаг. “Нүүрс хөтөлбөр”, “Нүүрсний мастер төлөвлөгөө” гэж бий. Эдгээр тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх тал дээр яамд, төрийн байгууллагууд арга хэмжээ авах хэрэгтэй.
“Багануур Энержи Корпорэйшн”
-Энэ төсөл нь хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд хөрөнгө оруулалтаа урт хугацаанд нөхдөг. Энэ төслийн хөрөнгө оруулагчид юуны түрүүнд хүсдэг зүйл бол тогтвортой байдал юм. Улс төр, эдийн засаг, ялангуяа татварын орчныг тогтворжуулах шаардлагатай. Тиймээс хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоодын гэж ялгалгүй Тогтвортой байдлын гэрээ байгуулахыг хамгийн түрүүнд хүсч байна. Манай орны хувьд энэ нь шинэ салбар учир эдийн засаг болон хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Боловсон хүчин, ажиллах хүчнийг сургах, хөгжүүлэх тал дээр төрийн бодлогоор гадаадын сургуулиудад сургахад дэмжих нь чухал. Азийн улс орнууд энэ салбарыг хэрхэн хөгжүүлсэн туршлагаас татвар болоод эдийн засгийн хөшүүргүүдийг нэвтрүүлэх замаар дэмжихийг бид санал болгож байна.
Олон төсөл зэрэг хэрэгжээд ирэхээр ирээдүйд зах зээлгүй болох эрсдэл бий юу, энэ тохиолдолд бүтээгдэхүүнээ гадагш экспортлох боломжтой юу?
“Цэцэнс майнинг энд Энержи”
-Төлөвлөгдөж буй энэ гурван төслийн үйлдвэрүүд баригдаад дуусахад нийт бүтээгдэхүүний хэмжээ тэр үеийн хэрэглээтэй дүйцэх юм. Бөөрөлжүүтийн орд дээр барих төслийн үйлдвэрийн хүчин чадал 500 мянган тонн дизель түлш. Гэтэл өнөөдөр манай улсын дизель түлшний хэрэглээ 700 мянган тонн гараад байна. Бензиний хувьд ч мөн эрэлт хэрэгцээ маш хурдан өсч байгаа. Тиймээс эдгээр томоохон төслүүдийн нийт бүтээгдэхүүнд зах зээл багадна гэсэн асуудал байхгүй. Тун удахгүй Хятад түлш, эрчим хүчний асар том зах зээл болно. Дотоодын зах зээлд илүүдэх бүтээгдэхүүнийг экспортлох бэлэн зах зээл байгаа гэсэн үг.
“Монголын Алт” компани
-Энэ төсөлд төр ямар нэгэн хэмжээгээр оролцохдоо үйлдвэрийн хүчин чадал, ирээдүйн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт зэрэг эрсдэлээ олон талаас тооцоолох нь гарцаагүй. Гэхдээ төрөөс гадна хувийн компаниуд, бизнес эрхлэгчид энэхүү төсөлд хөрөнгө мөнгөө зарцуулахдаа бүх талаас нь нарийн тооцоолж байгаа. Тийм учраас илүүдэл үүсэх нь юу л бол. Төслүүдийн хувьд аяндаа бодитой нэг нь хэрэгжээд зах зээл нь хязгаарлаад өгөх байх. Хоёрдугаарт зөвхөн бензин, дизель түлш яриад зогсохгүй ирээдүйд химийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хилийн чанадад борлуулах, овор хэмжээ бага өндөр үнэ бүхий, зардал даах бүтээгдэхүүн үйлдвэрлэх ирээдүй бий гэж бодож байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид УИХ ба Засгийн газарт хандсан мэргэжлийн Зөвлөмжийн төсөл бэлтгэснээр Хэлэлцүүлэг өндөрлөв. Нүүрсний арвин нөөцтэй Монгол орны хувьд химийн аж үйлдвэрлэл хөгжих өргөн ирээдүй бий бөгөөд манай химийн салбарынхан энэхүү үйл явцад чухал үүрэгтэй хэмээн судлаач эрдэмтэд онцоллоо.
Э.Оджаргал