БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолунтай ярилцлаа.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчигийн Монгол улсад хийсэн айлчлалын талаар ярилцлагаа эхэлье?
2013 оны тавдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи Монгол улсад амжилттай айлчиллаа. Энэ нь БНХАУ-ын шинэ Засгийн газрын удирдлагуудын түвшинд анх удаа Монгол улсад хийсэн айлчлал юм. Мөн Ян Жэчи даргын хувьд хариуцлагатай албанд томилогдсоны дараах анхны гадаад айлчлал нь. Айлчлалын хүрээнд хоёр улсын чухал асуудлаар Засгийн газрын хэмжээнд хэлэлцээр хийхийг зорьсон. Хамгийн гол нь санал бодлоо гүн гүнзгий солилцож, хэд хэдэн маш чухал нэгдсэн ойлголцолд хүрлээ. Цаашид хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг урт хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулахаар тохиролцсон нь айлчлалын маш чухал үр дүн гэж бид үзэж байна. Энэ хөтөлбөрийг боловсруулснаар хоёр улсын харилцааг цаашид хөгжүүлэх нарийн чиглэл, тодорхой зорилго бий болно. Тиймээс хоёр улсын харилцаанд маш чухал айлчлал гэж үзэж болох юм.
Мөн Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор БНХАУ-ын зүгээс зохих хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи дарга айлчлалын хүрээнд мэдэгдсэн юм.
Эрхэм Элчин сайд Таныг Монгол улсад томилогдон ирснээс хойш эдийн засаг, тэр дундаа уул уурхайн салбарын хөгжил хэрхэн өрнөж байна гэж Та үзэж байна вэ?
Миний бие томилогдоод хоёр жил болж байна. Монгол улсын эрчимтэй хөгжил гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Монгол улсын хүн ам цөөхөн. Гэхдээ өргөн уудам нутагтай, олон төрлийн эрдэс баялаг ашигт малтмалтай.
Олон улсын эдийн засаг маш эрчимтэй хөгжиж байна. Энэ нөхцөл байдалд Монгол улс өөрийн давуу талыг ашиглан, уул уурхайдаа түшиглэн эдийн засгаа зөв чиглүүлж чадах юм бол маш богино хугацаанд нийгэм, олон улсын харилцаагаа өндөр түвшинд хүргэх боломжтой. 2003 оноос Монголын эдийн засаг харьцангуй хурдацтай хөгжиж байна. Олон улсын санхүүгийн хямралын улмаас энэ эрч бага зэрэг буурсан ч Монгол улс бэрхшээлийг даван туулж чадсан. Ялангуяа 2011-2012 оны эдийн засгийн өсөлтийн хурдац нь дэлхий нийтийн анхаарлыг дахин өөртөө татсан билээ. Хөгжлийн зөв чиглэл баримталж, зөв зохистой бодлого явуулах юм бол одоо учирч байгаа саад бэрхшээлийг даван туулах, өндөр хөгжилд хүрэх боломж Монголд бий. Үүний тулд гадаад хөрөнгө оруулагчдад таатай орчин, нөхцөл бүрдүүлэх бодлого явуулах хэрэгтэй болов уу гэж үздэг.
Монголын Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” шинэ хуулийг батлан гаргасан. Хууль гарснаас хойших Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын байдлыг Та хэрхэн үнэлэх вэ?
Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах боломж бололцоо их байна. Гэхдээ зайлшгүй анхаарал хандуулах асуудлууд бас бий.
Нэгдүгээрт, гадаад хөрөнгө оруулалтыг татах нөхцөл, таатай орчны бодлогын үргэлжлэл, тогтвортой байдал, энэ бодлого цаашид ямар байх талаар төсөөлөх боломж байна уу?
Хоёрдугаарт, дэд бүтцийн байдал. Жишээ нь маш сайн чанарын уурхай байлаа гэхэд түүнд хүрэх авто болон төмөр зам, эрчим хүч, усан хангамж муутай. Ийм нөхцөлд ямар ч сайн чанартай уурхай байгаад бодит ашиг болгох боломж үгүй.
Гуравдугаарт, уул уурхайгаас олборлох бүтээгдэхүүнийг ямар зах зээлд борлуулах вэ?
Энэ бүгд нь уул уурхайг хангалттай ашиглах урьдчилсан нөхцөлүүд юм. Монголын тал эдгээр асуудлыг маш сайн бодох хэрэгтэй. Миний бодлоор Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдыг анхаарч, эдгээр асуудлыг шийдвэрлэх аваас Монгол улс дэлхийн хөрөнгө оруулалтын “халуун цэг” байх боломжтой. Олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс ч Монголын хөрөнгө оруулалтын орчинд нааштай үнэлэлт дүгнэлт өгөх болно. Монголын Шинэчлэлийн Засгийн газар энэ талаар анхаарч ажиллаж байгаа нь харагдаж байна. Зарим нааштай алхам ч хийгдэж буй. Хятад улс бол Монголын сайн хөрш, хөрөнгө оруулалт, худалдааны маш чухал түнш юм.
БНХАУ нь дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлохүйц том зах зээл билээ. Хятад улсын нүүрний зах зээлийн ирэх 3-5 жилийн төлөв болоод олон улсаас нийлүүлэх нүүрсний импортын хандлага ямархуу байх бол?
2012 онд Хятад улсын нүүрсний хэрэглээ 3,6 сая тоннд хүрсэн. Үүнээс 390 сая тонн нүүрсийг гадаад орнуудаас импортолсон байх юм. Монгол улс асар их нүүрсний нөөцтэй. Манай хоёр хөрш Монгол, Орос улс газар зүйн хувьд маш ойр учир энэ чиглэлийн арилжааг хийх боломж асар их. Тиймээс ч нүүрсний хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж бүрэн байгаа гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын хүчин чармайлтаар нүүрсний арилжаа нэлээд өндөр түвшинд хүрсэн билээ.
Өнгөрсөн онд Монгол улс 12 сая тонн нүүрс экспортолсон байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэн 20 сая тоннд хүргэх боломжтой. Гэхдээ Хятад улс Монголын талтай зөвхөн нүүрсний салбарт бус бусад салбарт урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэй байдаг. Ер нь бусад салбар дахь томоохон боломжуудаа хангалттай ашиглах хэрэгтэй гэж үзэж байна. Боломж мэдээж бий. Гэхдээ эдгээр боломжийг шууд бодит ашиг болгох нь янз бүрийн хүчин зүйл шалтгаална. Сүүлийн жилүүдэд нүүрс экспортлогч орнууд үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Далайн тээврийн үнэ өртөг ч буурах хандлагатай байгаа. Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэх сонирхолтой орнуудын тоо нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл Хятадын нүүрсний хангамж маш олон шугамаар хийгдэж байгаа гэсэн үг.
Хятадын нүүрсний зах зээлд Орос Монголын өрсөлдөгч мөн үү?
Сүүлийн жилүүдэд Хятад, Оросын хооронд нүүрсний хамтын ажиллагаа асар хурдацтай өргөжин тэлж ирсэн. БНХАУ-ын удирдагч Си Зинпин Москвад айлчлах үеэр эрчим хүч, нүүрсний салбар дахь хамтын ажиллагааны олон тохиролцоонд хүрсэн. Хятад-Оросын нүүрсний худалдаа арилжааны шинэ шатанд очоод байна. Монгол улсын хувьд өөрийн онцгой давуу талтай. Газар зүйн байршил, нүүрсний нөөцийн хувьд ч тэр. Хамгийн гол нь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятадын нүүрсний хэрэгцээ, зах зээл асар том. Нүүрсийг экспортлогч орнуудад энэ нь хангалттай зах зээл. Энэ зах зээлд өрсөлдөөн ширүүсэж байна. Тиймээс нэгэнт эзэлсэн байр сууриа хадгалах, түүнийгээ нэмэгдүүлэх нь нүүрс экспортлогч орнуудын хувьд чухал асуудал болжээ. Нүүрсний чанар, үнэ, нийлүүлэх, хангах тогтвортой болоод найдвартай байдал гэсэн гурван хүчин зүйлийг онцлон анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Миний бодлоор Монголын тал олон улсын зах зээлийн өөрчлөлтийг маш сайн ажиглах, чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах, нэгэнт бий болсон сайхан боломжийг алдахгүй байх хэрэгтэй.
БНХАУ-ын шинэ удирдагч Си Зинпин Орос улсад айлчлах үеэр хийсэн Орос, Хятадын хамтран ажиллах томоохон төсөл хөтөлбөрүүдэд Монгол улс оролцох боломж бий юу?
Хятад улсад гурван талын хамтын ажилллагаа явуулах сонирхол бий. Гурван талын хамтын хөгжлийг хөхиүлэн дэмжихэд бэлэн байна. Манай гурван орны газар зүйн байршил маш онцлогтой. Энэ нь гурван талын хамтын ажиллагаанд маш сайхан нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Монгол улс бол Хятад-Оросын дунд оршиж байгаа, газар зүйн хувьд өөрсдийн давуу талтай. Үүнийгээ ашиглан гурван талын хамтын ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой гэж боддог.
Орос-Хятадын газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт Монгол улсын газар нутгаар дамжин өнгөрөх боломжтой. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байдаг вэ?
Энэ асуудалд эхнээс нь найртай хандаж ирсэн. Монгол улс эдгээр төсөлд оролцохын тулд нэгдүгээрт, эдийн засгийн үр ашигтай байх, хоёрдугаарт бүтээгдэхүүний дамжин өнгөрүүлэх аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Ийм тохиолдолд бид хамтран ажиллахад бэлэн байна.
Монгол улсын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт, тэр дундаа “Шинэ төмөр зам” төсөлд Хятад улсын зүгээс хэрхэн хамтран ажиллах сонирхолтой байдаг вэ?
Төмөр замтай холбоотой дэд бүтцийг барьж байгуулахаар төлөвлөж байгаа нь Монгол улсын хөгжилд маш чухал юм. Манай хоёр улсын хамтын ажиллагаанд шууд тулгамддаг, нэн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол төмөр зам. Төмөр зам бол хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл гэж бид үздэг. Монгол улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, энэ талаар маш тодорхой байр суурьтай байгаа. Хятадын Засгийн газрын хувьд өөрсдийн аж ахуйн нэгж, компаниудыг зах зээлийн зарчмаар Монголын “Шинэ төмөр зам” төсөлд идэвхтэй оролцоход дэмжих болно.
Оросын Сибирийг Хятадын Шинжаан мужтай холбох хамгийн дөт зам болох боломжтой Монгол улсын Баруун босоо чиглэлийн төмөр замыг Хятадын тал дэмждэг үү?
Асуудлыг алсын хараатайгаар харах хэрэгтэй. Хятад улс Монголын баруун босоо чиглэлийн төмөр замыг дэмжинэ. Ер нь Монголын хөгжилд тустай, манай хоёр орны хооронд харилцан ашигтай зарчимд нийцэх аливаа ажлыг бид дэмжих болно гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Монголын шинэ төмөр замын төсөлд юуны түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол Оюутолгойн ордоос урагшаа Гашуунсухайт боомт хүртэлх чиглэлийн төмөр замыг нэн түрүүнд барих хэрэгтэй болов уу. Мөн Улаанбаатар төмөр замыг шинэчлэх төслийг нэн түрүүнд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ хоёр төсөлд Монголын талтай хамтран аль болох ахиц гаргахыг бид хүсч байна.
Хятадын тал Монголын Тавантолгой нүүрсний орд газарт хамтран ажиллах асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
Тавантолгойн төсөл дээр хамтын ажиллагаа болон бүтээгдэхүүн олборлон ашиглах төлөвлөгөөгөө Монголын тал тодорхой шийдэх хэрэгтэй. Монголын тал дуртай байх юм бол бид хэзээ ч хамтран ажиллахад бэлэн байна. Хятадын “Чалко” компани Тавантолгойн Зүүн Цанхид ажиллах гэрээ байгуулсан. Цаашид энэ гэрээг сайн биелүүлэхийг бид хүсч байна. Мэдээж гэрээг биелүүлэх явцад асуудал, бэрхшээл гарсан. Эрсдэлийг даан хариуцах, бие биедээ ашигтай зарчмаар асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна. Тавантолгойн орд газрын Баруун Цанхийн тухайд “Шинхуа” групптэй хамтран ажиллахыг манай тал нааштай дэмжиж ирсэн.
Уул уурхайгаас гадна бусад ямар салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг вэ?
Манай хоёр орон стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд хамтын ажиллагааны бүх салбарыг хамруулсан байдаг. Монгол улсад түүхий эдийг гүн гүнзгий боловсруулах үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого бий. Хятадын Засгийн газар өөрсдийн аж ахуйн нэгжүүдийг түүхий эд гүн гүнзгий боловсруулах салбарт Монголын талтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх болно. Түүнчлэн энэ салбарын хоёр талын хамтын ажиллагаанд шаардлагатай бодлого, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгөхийг Монголын Засгийн газраас хүсч байна.
MMJ сэтгүүл “Хөгжлийн төлөө” гэсэн моттог эрхэмлэдэг. “Хөгжил” хэмээх үгийг Та хэрхэн тодорхойлох вэ?
Эдийн засгийн зөв чиглэл, ард түмний сэтгэл хангалуун амьдрал, байгаль орчныг хайрлан хамгаалах гэсэн гурван зүйл улс орны мандан бадрах хөгжлийн үндэс юм.
Монгол улс олон саад бэрхшээлийг даван туулж өөрийн хөгжлийн замдаа орсон гэж бодож байна. БНХАУ-аас Монгол улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайдын хувьд Монгол улс ирээдүйд агуу том амжилтад хүрэх, хоёр улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөж байна.
Ярилцсанд баярлалаа.
Э.Оджаргал