Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

PWC: ХЯТАД УЛС НҮҮРС ГАРЦААГҮЙ ИМПОРТОЛНО

BHP: ХЯТАД УЛС ИРЭЭДҮЙН НҮҮРСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДООСОО ХАНГАНА

 



Хятадын эрэлт хэрэгцээ буурахаас өмнө Монгол улс амжих хэрэгтэй

 

 

 

Уолл Стритийн нүүрсний хувьцааны нэрт шинжээч асан, эдүгээ “Фенвэй Энержи Консалтинг”-ийн Гүйцэтгэх захирал Лютер Лю  “2011 онд болсон Күинслэндийн үерийн дараа Монгол улс Хятадын нүүрсний зах зээлд байр сууриа тогтоосон таатай үе байсан. Гэвч Монгол улс энэ таатай байдлыг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. 2011-2012 онд маш их мөнгө алдсан” хэмээн үзэж байна. 


Гэхдээ одоо ч алдаж болохгүй нөхцөл байдал Монгол улсад бий. Тэр нь Хятадын эрэлт хэрэгцээ. Энэ эрэлт хэрэгцээ ямагт өндөр байхгүй. Тус улсын эрэлт хэрэгцээ уналтад орохоос өмнө Монгол улс цаг хугацаатай уралдаж ажиллах хэрэгтэй хэмээн сануулсан юм.  Учир нь, Хятадын эдийн засаг хөгширч байна. Тэгэхээр ган хэрэггүй болдог гэсэн сонирхолтой дүгнэлтийг тэрээр хийлээ. Хятадын эрэлт хэрэгцээ ямагт өндөр байхгүй гэсэн дүгнэлтдээ тэрээр BHP-гийн тавдугаар сарын 29-нд гаргасан “Хятад улс ирээдүйн нүүрсний хэрэгцээгээ дотоодоосоо хангана. Ирээдүйд Хятадын эрэлт буурч, эрэлтээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой” гэсэн мэдээллийг иш татан оруулсан байлаа.

“Юу өөрчлөгддөггүй вэ. Тэр бол газарзүйн байршил. Тиймээс Хятадын эрэлт хэрэгцээ буурахаас өмнө Монгол улс амжих хэрэгтэй. Үндсэн суурь өөрчлөгдөх нь байна. Арилжааны түншүүд өөрчлөгдөж байна. Хятадын оролцогчид Монголын зах зээлээс гарч байна. Монголын компаниудтай хамтарч ажиллах нь амаргүй байгаа тул Хятадын компаниуд энэ улсаас гарч эхэлсэн. Одоо зөвхөн “Шинхуа”, “Чалко” хоёр л үлдээд байна. Энэ хоёр компани өөрийн бизнесээ төрөлжүүлэх үүднээс коксжих нүүрсний зах зээл рүү гарсан. Гэхдээ хоёулаа төмөр замтай. Хоёуланд нь коксжих нүүрс байхгүй гэсэн хоёр том хүчин зүйлийг Монголын Засгийн газар бодох хэрэгтэй гэдгийг тэрээр онцолсон юм.

Түүнчлэн “Шинхуа” Тавантолгойг хамтарч хөгжүүлье гэсэн санал тавьж байгаа. Монгол улсын нөхцөл байдал маш өвөрмөц байна. Олон давуу бөгөөд сул талууд байна. Өртөг зардлаа бууруулах аваас Тавантолгойд маш их боломж байна гэж бид үзэж байгаа. Ялангуяа төмөр зам тавиад Хятадын төмөр замтай нарийн төмөр замаар холбочих юм бол маш их боломж бий гэж Лютер Лю хэлэв.

Тэрээр Америкийн зах зээлийн чиглэлээр ажиллаж байжээ. Тиймээс Америкийн зүүн хойд талд оршдог Монтана, Ваёминг мужийн нүүрсний үйлдвэрлэлийг Монголын нөхцөл байдалтай харьцуулсан юм. Энэ бүс нутагт наяад оны үед 15 сая тонн нүүрс олборлодог байсан бол 2010 онд 30 жилийн дараа олборлож байгаа нүүрсний хэмжээ 400 сая тонн болж нэмэгдсэн байдаг. Гэхдээ 30 жилийн дараа ч үйлдвэрлэлийн зардал бага хэвээрээ байгаа. Тэнд хоёр төмөр зам бий.

Тавантолгойн зүүн талд Хятад улс байгаа. Тэнд гол эрэлт хэрэгцээ байгаа гэж бодох ёстой. Гэтэл тээврийн зардал асар өндөр учраас төмөр зам маш их  хэрэгтэй. Тавантолгойн өртөг зардлыг бууруулах аваас 30 жилд 10 сая тонноос 400 сая тонн болтол нэмэгдсэн энэ жишгийг Монгол улс дагаж болох юм” гэж Лютер Лю үзэж байна. 

 

Автомашин үйлдвэрлэлийн нүүдэл ба уул уурхай

 

 

Харин PWC-ийн шинжээч Мэтю Поттел Лютер Лю-тэй санал нийлсэнгүй. Хятад улс ирээдүйн хэрэгцээгээ дотоодоосоо хангана гэдгийг тэрээр бодитой бус таа­маг хэмээн үзэв. Тэгвэл PWC нүүрс­ний салбар болон Хятадын зах зээлийг хэрхэн харж байна вэ?

 

 

PWC-ийн тооцооллоор дэлхий дээрх хөгжсөн зах зээлүүдийн хувьд энэ оны эцэс хүртэл байдал төдийлэн өөдрөг биш байх аж. АНУ болон Европт өсөлт бага байх бөгөөд харин эдийн засгийн бодит өсөлт хөгжиж байгаа эдийн засгуудаас гарна гэж үзжээ. Тэд АНУ, Европын өсөлтийн хувийн жинг хоёр дахин нугалах тийм өсөлт үзүүлнэ.

PWC дэлхийн ирээдүй хамгийн их хүн амтай эдийн засгуудаас хамааралтай гэсэн дүгнэлтийг ирээдүйн чиг хандлагын талаар хийсэн судалгааныхаа үр дүнд хийжээ. Тэдгээр нь Бразил, Африк, Египет, Ойрхи Дорнод, Хятад бөгөөд эдгээр орноос өсөлт гарна гэж таамаглаж байна.

Хятад гэхэд эдийн засгийн хувьд тогтвортой өсөлттэй байгаа. Хятадад хотжилтын чиг хандлага хүчтэй байна. 20 жилд 120 хот шинээр байгуулагдаж, тэдгээрт нэг тэрбум гаруй хүн ам оршин сууж байна. Нийт хүн амын 70 гаруй хувь нь хот суурин газар оршин сууж байгаа. Хотжилт эдийн засагт баялаг буй болгож байгааг харуулдаг. Хятад, Энэтхэг улсын хүн ам орлого хуримтлуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Хятадын дундаж давхарга 2020 он гэхэд 700 сая болно гэсэн тооцоо бий. 1500-2000 долларын цалингийн дундаж хэмжээ өснө. Тиймээс Хятадын эрэлт хэрэгцээ үлэмж ихээр нэмэгдэнэ. Худалдан авах чадавх Хятадад үлэмж ихээр нэмэгдэж байгаа. Хятадын эдийн засаг дахь орлого 1985 онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн. Хятад улс одоо хямдхан улс биш болсон гэлээ.

Мэтюгийн хэлснээр, Хятадаас гадна хотын хүн амд өөрчлөлт гарсан оронд Индонези, Вьетнам орж байна.Орос ашигт малтмалаар баялаг орон ч Бразил, Африк, Хятад зэрэг зах зээлд багтаагүйн учир нь хүн амын өсөлт хангалттай биштэй холбоотой. Түүнчлэн Орост хэрэглээний чиг хандлага нэмэгдэхгүй байдал ажиглагдаж байгаа гэнэ.

Эрчим хүчний салбар уул уурхайн салбараас маш их хамааралтай болж байна. Хотжилт ба аж үйлдвэржилт эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэхийг харуулдаг. Нүүрсний ирээдүйг үүнтэй холбож ярих ёстой. Эрчим хүчний эрэлт хэрэгцээ дараагийн 20 жилийн туршид 50 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Сэргээгдэх болон цөмийн эрчим хүчийг ашиглаж байгаа ч нүүрс маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно. Дэлхийн нүүрсний хэрэглээ 2035 он хүртэл 30 хувиар өснө. OECD-ийн буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн орнуудад эрчим хүчний анхдагч түүхий эд нь нүүрс байна. Хятад болон Энэтхэг улс дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлснээр олон улсын хэмжээнд худалдаалагдаж буй нүүрсний хэмжээ ойролцоогоор 17 хувиар өснө. Хятад улсад эрчим хүчний зорилгоор ашиглах нүүрсний хэмжээ цөмийн болон бусад эх үүсвэрийн хэрэглээний өсөлтөөс үл хамааран жилд 3 хувиар нэмэгдэнэ. Эдгээр нь ирээдүйд эрчим хүч болоод нүүрсний хэрэглээ хэрхэн өсөх тухай PWC-ийн тооцоолсон төлөв юм. Эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа учраас нийлүүлэлт мөн хэмжээгээр нэмэгдэх төлөв байгаа. Тиймээс нүүрсний ирээдүйн дүр зураг өөдрөг харагдаж байна гэж Мэтю хэлэв.

“Хятадын импортын хориг бол асуудлын зөвхөн нэг тал нь. Нүүрсний импортын ирээдүй харьцангуй сайн харагдаж байгаа. Өөрийн хэрэгцээг Хятад улс хангаж чадна гэдгийг би бодитой таамаг биш байх гэж бодож байна. Миний бодлоор Хятадын эдийн засгийн ирээдүйн өсөлт болон зарим тооцооллоор Хятадын нүүрсний үйлдвэрлэл 10-15 жилийн дараа оргил цэгтээ хүрнэ гэж үзвэл Хятад улс нүүрсийг заавал импортлох тооцоо гарч байгаа юм. Хятад улс нүүрсний нөөцөө бараг барж байгаа гэсэн тооцоо бий. Тэгэхээр Хятад улс өөрийн хэрэгцээг хангаж чадна гэдэг бодит тооцоолол мөн үү” гэж эргэлзсэн юм.

 

Мэтю Поттелийн хамгийн сонирхолтой таамаг автомашины үйлдвэрлэлтэй холбоотой байсан юм. Автомашины салбар хамгийн их хөрөнгө шаарддаг төдийгүй төмөр, хөнгөн цагаан, зэс гээд нөөц баялгаас хамааралтай үйлдвэрлэл юм. Автомашины үйлдвэр­лэлийг бусад үйлдвэрлэлүүд дагадаг. Тэгвэл автомашин үйлдвэрлэгч компаниуд Хятадын талаар ямархуу бодолтой байгаа бол?

 

Ирэх жилүүдэд машины эрэлт хэрэгцээ 105 сая хүрч нэмэгдэх бөгөөд 30 хувь нь хөгжиж байгаа зах зээлүүдээс үүдэх эрэлт хэрэгцээ байна гэж PWC тооцоолжээ. 30 хувийн тэн хагас нь Хятадын эрэлт хэрэгцээ байх аж. Өөрөөр хэлбэл, Хятадын зах зээлд жил тутам 10 сая машины эрэлт хэрэгцээ үүснэ гэж үзэж байна. Тиймээс машин үйлдвэрлэгчид ирэх 5 жилд Хятад улсад машины үйлдвэр 30-ыг шинээр барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ нь Герман, Франц, Итали, Англи гээд Баруун Европын автомашины өнөөгийн үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний үйлдвэрлэл юм. Түүнчлэн Вольсвагений гүйцэтгэх захирал, дараагийн 2 жилд бид 80 тэрбум долларыг 10 шинэ машины үйлдвэрт зориулна. Үүний 7 нь Хятадад байгуулагдах үйлдвэрүүд байх болно гэж хэлжээ.

“Тэгэхээр автомашин үйлдвэрлэгчид Хятадад маш их хэмжээний хөрөнгө оруулалт оруулах нь. Энэ нь эрчим хүч болоод металын эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн үг. Ганцхан жишээ хэлэхэд, нэг машин үйлдвэрлэхэд 700-800 кг ган ашигладаг. Тиймээс уул уурхайн салбарын хувьд энэ бол маш сонирхолтой тоо юм” гэсэн Маттьюгийн дүгнэлт үнэхээр сонирхолтой байв. Түүний хэлснээр Хятад улс дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарт гол тоглогч болох нь. Автомашин үйлдвэрлэл Баруунаас Дорно руу нүүж байна.

“Хятадын зах зээлийг судлах нь уул уурхайн салбарынхны хувьд маш сонирхолтой зүйл. Монголын газарзүйн байршил маш тааламжтай хүчин зүйл юм. Төв Европт ажиллаж байсxxxан туршлагаасаа харахад газарзүйн байрлал маш чухал үзүүлэлт. Би 15 жилийг Чехэд өнгөрөөсөн. Чех газарзүйн байршлын хувьд Германтай ойролцоо. Инженерийн дадлага туршлага сайтай учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг машины үйлдвэрлэлд татах ажлыг хийсэн. Монгол улсыг газрын зургаас харахад Хятадтай маш ойрхон байршилтай. Монгол улсыг бурхнаас ивээж заяасан газарзүйн байршилтай юм байна гэж бодсон. Чехүүд газарзүйн байршлаа маш сайн ашигласан. Монголчууд ч үүнийгээ ашиглах ёстой.  Гэхдээ би хоёр жижиг хүчин зүйлийг дурдаагүй. Монгол улсад дэд бүтэц нэн тэргүүнд  шаардлагатай байна. Мөн геополитикийн нөхцөл байдлыг сайтар харгалзаж үзэх хэрэгтэй юм. Өмнө нь гадаадын шууд хөрөнгө оруулалт маш их орж ирж байсныг бид мэдэж байгаа. Хөрөнгө оруулалт бол маш их ойлголцлыг дагаж явдаг. Миний ойлголтоор Монгол улс бизнест нээлттэй орон гэдгээ сайтар харуулах хэрэгтэй болов уу” гэснээр Маттью илтгэлээ дуусгасан билээ. “Coal trans Mongolia 2013”-ын хамгийн сонирхолтой таамаг, дүгнэлт Мэтюгийнх байсан юм.

 

Н.Ариунтуяа