Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Эрдэс баялгийнхаа “судсыг барьж” оношлох шаардлагатай

Аливаа эрдсийг олборлоод ашиглах гэж байгаа бол энэ ажлын амин чухал зүйл нь геологийн шинжилгээ судалгаа байдаг. Уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна гэсэн дуу хоолой чангаас чанга цуурайтаж байна. Харин энэ дунд нэгэн онцгой чухал өөр нэгэн суурь ажлыг хөгжүүлэх дуу хоолой нийгэм болоод бүхий л салбарын хүрээнд сулхан дуулдах ажээ. Геологийн судалгааны чиглэлд хайгуулын хөрөнгө оруулалт харьцангуй нэмэгдэж буй сайн тал бий. Манайд зэс, нүүрс, төмрийн хүдрийн төслүүд нэгэнт хэрэгжээд эхэллээ. Цаашдаа газрын ховор элемент, ховор металын төслүүд хэрэгжих төлөвтэй байна. Монголын аж үйлдвэр, тэр дундаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын “амйөл тун удахгүй хэрэгжинэ. Энэ бүх төслийн судалгааны ажлууд, техник, эдийн засгийн судалгааг хийж буй гэж мэдээлсээр байна. Гэтэл энэ бүгдэд нэг зүйл хэрэгтэй. Энэ бол геологи, эрдсийн лабораторийн найдвартай, баталгаатай дотоодын бааз суурь, тэдний үйл ажиллагааны биелэлт.

Монголын геологийн лабораториудын “эцэг” болсон Геологийн төв лабораторийн хүчин чадал эхэн үеэ бодвол одоо тун хүчирхэгжжээ. Геологийн төв лаборатори үүсэн байгуулагдаж хөгжсөн нь 60 гаруй жилийн тэртээд ажээ. Тодруулбал, 1957 онд байгуулагдсан энэ “айл” 1974 оноос эхлэн үйл ажиллагаа нь нэлээд сайжирч, Геологийн яамны сайд Ч.Хурцын үед энэ байгууллага хөл дээрээ харьцангуй бат зогсож чаджээ. Гэхдээ геологийн лаборатори манайд хэр сайн хөгжөөд буйг урьд урьдынхаас илүүтэйгээр нухацтай авч үзэх цаг аль хэдийнэ иржээ. Дэлхийн түвшний уул уурхай, аж үйлдвэрийн төслийн дэргэд дэлхийн түвшний гайхамшигтай геологийн лаборатори зэрэгцэн ажиллах ёстой нь салбарын хэнбугайн ч хүлээн зөвшөөрөх тодорхой үнэн билээ. Яг одоо бидэнд геологийн лабораторийн хангалттай бааз суурь бий юу?

Эдүгээ Монголд геологийн гэсэн тодотголтой гадаад, дотоодын гуч гаруй лаборатори бий гэсэн тойм тоо бий. Эдгээр нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд мэндэлсэн “зүтгүүр”-үүд юм. Эхэн үед Монголын лаборатори олон төрлийн эрдсийг ерөнхийд нь судалж шинжилдэг байсан бол одоо харин төрөлжиж эхэлж буй сайн тал ажиглагдаж байна. Гэхдээ өнөөгийн дэлхийн түвшний төсөл хэрэгжүүлэх гэж буй нөхцөл байдлын шаардлагыг манай геологийн лабораториудын хүчин чадал үнэндээ хангахгүй ажээ. Ерөнхийд нь авч үзвэл Монголын геологийн лабораториуд хүдрийн биетийн голлох элементийг харьцангуй сайн судлах чадвартай. Гэхдээ энэ нь бид бүх зүйлд бэлэн гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, микро буюу бага агуулгатай эсвэл дагалдах элементүүдийн агууламжийг нарийн сайн судлан тодорхойлох чадамж одоо хэр нь Монголын лабораториудад нэвтрээгүй байна. Саяхны жишээнээс аваад үзэхэд АНУ-ын “GreenTech Solutions” компани Төв аймгийн Баяндэлгэр сум дахь “Авдрант” газрын ховор элементийн төслийн хайгуулын ажлын дээжээ гадаад улсад шинжлүүлэхээр Солонгосын төрийн өмчийн компани “KORES” руу илгээж байсан. Түүнчлэн “Black Ridge” гэх Австралийн биржид бүртгэлтэй компани мөн л Төв аймаг дахь газрын ховор элементийн төслийн хайгуулын дээжийг гадны оронд шинжлүүлэхээр явуулж байсан.   Мэдээж хөндлөнгийн байгууллагаар шинжлүүлэх нь зүйн хэрэг авч, үнэн хэрэгтээ манай лабораториудын хүчин чадал ховор элементийн агуулгыг нарийн сайн судлах боломжгүй байна. Ийм өндөр хүчин чадалтай нарийн лаборатори нь хар ухаанаар хэлбэл эрдсийг саяны нэг хуваасантай тэнцэхүйц хэмжээнд судлах чадамжтай байх ёстой.

Эдүгээ Монголын лабораториуд эрдсийг ppt-ppm буюу саяны нэг хуваасантай тэнцэхүйц нарийн хэмжээнд судална гэж буй ч дэлхийн түвшинд хүртэл судлах чадварыг Монголд нэвтрүүлчихсэн гэхэд эрт байна. Зарим эрдэмтэн мэргэжилтэн манай лабораториуд энэхүү газрын ховор элемент, ховор метал гээч судлахад хэцүү эрдсийг судалж чадна гэж хэлж магадгүй. Гэвч одоогийн байдлаар манай лаборатори тухайн хүдрийн дээжээс тэдгээр хорь шахам элементийг нэг бүрчлэн судалж, агуулгыг нь нарийн тогтоох технологийн боломж хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл, Геологийн төв лабораторид тухайн хүдэрт агуулагдаж буй газрын ховор элементийг нэг бүрчлэн шинжлэн тогтоох технологи нэвтэрсэн ч, агуулга, найрлагыг нь яг таг нарийн тогтоож чаддаг болоогүй байсаар.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад урьд өмнө энэ төрлийн орд газар багтаж байгаагүй бол өнгөрсөн зургадугаар сард нийтдээ дөрвөн орд нэмэх шийдвэрийг эхний шатанд дэмжсэн. Үүнд Хотгор, Мушгиахудаг, Лугийн гол, Халзанбүргэдэй ордууд багтжээ. Алт олборлолтын технологи нь газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтын дэргэд “хүүхдийн тоглоом” шиг гэж үзэхэд болно. Учир нь энэ нь маш нарийн төвөгтэй, маш хортой тул маш нарийн технологи, хариуцлагатай ажиллагаа шаарддаг зүйл болохыг хөгжингүй улс орнуудын туршлагаас харж болно. Бид газрын ховор элемент агуулж буй хүдрийг нарийн сайн шинжилж, агуулга, шинж чанарыг нь тогтоох чадамжтай дэлхийн түвшний лабораторигүй байгаа нь биднийг цаашдын олон зүйлд бэлтгэлгүй болохыг харуулж буй юм.

Одоо харин өнөөдрийн бэлтгэлгүй байдлыг товчхон дурдъя. Оюутолгой зэсийн ордод зөвхөн зэс, алт, мөнгө, молибден агуулагдаж байгаа гэж бид харж буй. Онолын дагуу бол эдгээрийн дараа эндээс кобальт, селен, теллур, рени гэх мэт маш үнэтэй эрдсүүд дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр гарах боломжтой. “Оюутолгой” компанийн дээжийг хөндлөнгийн лаборатори ч, манай дотоодын лаборатори ч судлан шинжилсэн. Гэхдээ бид маш үнэтэй дагалдах тэдгээр элемент Өмнөговийн үлэмж том ордын хүдэрт бий эсэх, хэрэв байвал ямар агуулгатайг нь одоо хэр мэдэхгүй бас ярихгүй, мөн тогтоохгүй “салхи залгин” явна. Ямар ч байсан энэ талаар олон нийтэд мэдээлээгүй байсаар. Эдийн засгийн тооцоонд ч энэ талаар огт дурдаагүй.

Эдгээр дагалдах эрдсүүд бол тонноор бус килограмаар үнэ ханш нь хэмжигддэг эрдэнэ юм. Тухайлбал, нэг кг рени гэхэд дэлхийн зах зээлд 2600 ам.доллар, селен, теллур кг нь 100 гаруй ам.доллар, кобальт кг нь 20 ам.доллартай байна. Нөгөөтэйгүүр бид бүх төрлийн үйлдвэрийг эх орондоо байгуулж, бүх дагалдах эрдэс бүтээгдэхүүнийг ялган авах эсвэл үйлдвэрлэх боломж санхүүгийн хувьд ч, боловсон хүчний хувьд ч байхгүй. Гагцхүү хүдэр дэх тэдгээрийн агуулгыг үнэн зөвөөр тогтоон түүнийгээ агуулсан баяжмал бүтээгдэхүүнийг зах зээлд өндөр үнээр худалдах тэрхүү тодорхой нөхцөлт орчин л чухал байгааг энд онцлон тэмдэглэе. Харин энэхүү нөхцөлийг манай улсын нарийн лабораторийн байгууламж хангаж өгөх юм. Тэгэхээр өнөөдөр Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс зэс, алт, мөнгөний баяжмал бүтээгдэхүүн гарч болно. Молибденийн баяжмал ч гарч болно. Гэхдээ кобальт, селен, теллур, рени гэх мэт үнэт эрдсийг агуулсан бас нэг баяжмал бүтээгдэхүүн хэрхэн Монголын талд ашигтайгаар зохицуулагдаж буй нь “зэрэглээ” мэт хийсвэр байгаа цаг үе үргэлжилсээр.

Бидний лабораторийн хүчин чадал илүү далайцтай нэмэгдэх шаардлага энэ цагт нэгэнт зүй ёсоор бий болжээ. Үүнд бодисын найрлага, шинж чанар, агуулгыг тогтоодог лабораторийн байгууламжаас гадна, хагас үйлдвэрийн болон үйлдвэрлэлийн туршилтын шинжилгээний лаборатори байгуулах ажил манайд тун хангалтгүй байна. Бид одоогоор бодисын найрлага, шинж чанарыг судлах зөвхөн эхний бүтцийн тухай ярьсаар байна. Харин сүүлийн хоёр нь чухамдаа эхнийхээс дутахгүй олон талын ач холбогдолтой бөгөөд цогц судалгааны үндэс болох юм. Хагас үйлдвэрийн, үйлдвэрлэлийн туршилтын шинжилгээний лабораторийн бүтцийг хөгжүүлснээр манай улс тухайн төсөл, үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц, үр дүн, шинж чанарыг эцэст нь хүртэл  өөрсдийн хяналтын дор нарийн мэдэх боломжтой болох юм. Ийм бүтэц   дэлхийн хөгжингүй улс орнуудад хэдийнэ стандарт болон хөгжжээ. Америк, Англи, Герман, Франц, Хятад, Орос гэх мэт томоохон улс орнууд энэ бүтцийг нэгэнт хөгжүүлжээ. Энэ стандарт бүхий бүтцийг Монголд хөгжүүлснээр үнэхээр тогтвортой хөгжлийн суурь тавигдах нь гарцаагүй юм.

“Хобби” клубын гишүүн монгол залуучууд жинхэнэ автомашиныг үйлдвэрлэж чадна гэж ярьж байна. Учир нь тус клубын гишүүд автомашины мотор, кузов гэх мэтчилэн бүх эд ангийг өөрсдийн гараар бүтээж туршжээ. Гэхдээ тэдний бүтээсэн машин нь ердийн машинаас ялгаатай нь тун жижигрүүлсэн удирдлагатай хувилбар юм. Яг энэ жишээгээр хагас үйлдвэрийн болон үйлдвэрлэлийн туршилтын лабораторийн ач холбогдлыг дүйцүүлэн ойлгож болно. Гэхдээ үйлдвэрлэлийн туршилтын лабораторийг хөгжүүлэх нь бидний бодож байгаагаас хавьгүй илүү чухал, бас шаардлагатай зүйл болох нь энэ цаг үед улам илүү мэдрэгдэж байна. Энэхүү бүтцийг хөгжүүлээгүй байгаагийн улмаас манай улс өнөөдөр өөр бусад чухал үйлдвэр болон төслийг хэрэгжүүлэх жинхэнэ боломжоо ихээр хойшлуулж байж мэдэх юм.

Аливаа аж үйлдвэрийн төсөл хөтөлбөр, эрдсийн боловсруулалт нь үндсэн түүхий эдийн шинж чанараас шалтгаалан технологийн хувьд харилцан адилгүй байх нь дамжиггүй. Энэ бүгдэд яг тохирсон технологи захиалах, даалгавар өгөхөд үйлдвэрлэлийн туршилтын лабораторийн үйл ажиллагаанд үндэслэх нь тодорхой. Түүнчлэн  энэхүү бүтэц нь цогц хяналтын биелэл юм.

Гэхдээ яагаад лабораторийн хөгжлийн түвшин өнөө хэр нь уул уурхайн бусад төсөл хөтөлбөрүүд шиг эрчимтэй дээшлээгүйн учир гэвэл энэ ажлыг хариуцах мэргэшсэн удирдах хэсэг хангалттай байхгүйд оршино. Аль ч салбарын хөгжилд сайн удирдлага хэрэгтэй. Уг мэргэжлээр тусгайлан мэргэшсэн боловсон хүчнээс бүрдсэн сайн удирдах хэсэг манайд үгүйлэгдэж байна. Геологийн лабораторитай холбоотой гадна, дотны шинжилгээг хариуцдаг, тэдгээрийн мэдээллийн санг нэгтгэдэг, бүх лабораторийг зангидан зохицуулдаг дээд удирдах байгууллага манай улсад өнөөдөр “агаар ус” шиг хэрэгтэй байна. Одоогоор Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвтэй бүх лабораториуд хамтран ажилладаг ч энэ нь удирдлагыг орлож чадахгүй юм.  Иймд маш сайн боловсон хүчнээс бүрдсэн мэргэжлийн баг Уул уурхайн яамны дэргэд эсвэл бусад холбогдох агентлагийн дэргэд байгуулах зайлшгүй шаардлага байна.

Хөгжлийн үндэс болсон боловсон хүчин салбар бүрт дутагдаж буйг монголчууд бид ярьдаг. Геологийн лабораторийн ажлын голыг дэлхийн түвшний технологид суурилсан лабораторийн баазаас гадна боловсон хүчний туршлага, ур чадвар, мэдрэмжээр нугална. Дотоодын боловсон хүчнээ сургаж мэргэшүүлэх ажил манай геологийн лабораторийн хөгжлийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Багаж тоног төхөөрөмжийг маш сайн мэддэг, тэдэн дээрээ ажиллах чадвартай, нарийн шинжилгээнд мэргэшсэн боловсон хүчнийг гадны шилдэг, том лабораториудад илгээн сургах ажил манайд дутмаг байгаа ажээ.

Бид урьд өмнө өөрсдийн гэсэн сайн лабораторигүйгээс болж маш их зүйл алдсан байж мэднэ. Үүнд Эрдэнэтийг санахад л хангалттай. Лабораторигүй хүн үнэт баялгийнхаа үнэ цэнийг ч мэдэх аргагүй юм. Жишээ татахад, саяхныг болтол Монголын нефть төдийлөн сайн чанартай биш гэсэн ойлголт нийгэмд байсан. Мазутын найрлага нь харьцангуй их учир түлш үйлдвэрлэхэд тохиромжгүй гэсэн ерөнхий ойлголтын хүрээнд Монголын нефтийн нэр хүнд дотооддоо хүртэл муу байв. Гэтэл одоо Монголын нефтиэр чанартай түлш үйлдвэрлэж эхэлснийг бид бэлхнээ мэднэ. Хэрэглэж ч байна. Энэ нь үндсэндээ манайд олигтой лаборатори байгаагүйтэй холбоотой байсан юм. Сүүлийн хэдэн жилд манай газрын тосны лаборатори харьцангуй бэхжсэн. Гэхдээ бидэнд цаашдаа хийх олон зүйл байсаар байна. Шатах ашигт малтмалын хүрээнд бид олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвтэй байгаа билээ. Үүнд газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, шатдаг занараас түлш үйлдвэрлэх зэргийг дурдаж болно. Эдгээр нь үндсэндээ зорилго нэгтэй, түлшний дотоодын эрэлтийг хангах, баталгаажуулах төслүүд юм. Эдгээрийг судлахад мөн л тус бүрт нь төрөлжсөн лабораторийн бааз суурийг бүрдүүлэх хэрэгтэй болно. Тухай бүрт нь судалгаа шинжилгээ хийж, үйлдвэрлэлийн туршилтыг хийх нь мөн л шаардлагатай.

Лабораторийг цогцоор нь хөгжүүлэх энэхүү ажлууд бол манай улсын мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үр дүн, ашгийг тодорхойлох, түншүүддээ ямар даалгавар өгөх, үндэсний хяналтыг чанд тогтоох, ил тод шударга байдлыг нэвтрүүлэх зэрэгтэй холбоотой маш чухал ажил юм. Энэ нь мөн тогтсон стандарт болон хөгжингүй улс орнуудад хэрэгжиж байна. Харин манай улс энэхүү стандартаас хоцрох ёсгүй билээ. Олон ажил урагшилж байна. Харин энэ дунд зарим нэг ажил сулхан байгаагийн тод жишээг геологийн лабораторийн өндөр технологи бүхий цогц бүрдэл, түүний нарийн ажиллагаа гэж хэлж болох юм. Жишээлбэл, нүүрсний лабораторийн өнөөгийн байдал ч гэсэн харьцангуй сулхан түвшинд байгаа. Цаашдаа үүнийг сайжруулах шаардлага буй. Үнэхээр тодорхой зүйл бол улсад нарийн лаборатори байж л энэ салбар цаашаа баталгаатай бөгөөд итгэл төгөлдөр хөгжинө.

Б.Төгс