Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Дархан Сэлэнгийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник технологи бүхий төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барихаар тусгасан.
Үүнтэй холбоотойгоор “Нанометал” ХХК нь 2011 оноос эхлэн Италийн “Даниели” групптэй байнгын ажил хэргийн холбоотой ажиллан Монгол улсад хамгийн сүүлийн үеийн технологитой Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр болон гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар ажиллаж байгаа билээ.
Өнгөрсөн тавдугаар сард Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Дэд сайд Б.Цогтгэрэл болон Нанометал ХХК – ний төлөөлөгчид “Даниели” группд зочилж, хүдэр боловсруулан шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх “ENERGIRON” технологи, үйлдвэртэй танилцсан юм.
Энэ сарын 18-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Даниели” групп, “Нанометалл” ХХК хамтран “Blue Sky” зочид буудалд “Төмрийн хүдрийг ангижруулах “ENERGIRON” технологи” уулзалт семинар зохион байгууллаа.
Уг уулзалт семинарт Даниели группийн дэд ерөнхийлөгч Томас Нархолз, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Цогтгэрэл, холбогдох албаны болон мэргэжлийн хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Даниели”” групп харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү цогцолбор үйлдвэрийг байгуулснаар төмрийн хүдэр, эрчим хүчний нүүрсийг ашиглан Дэлхийн зах зээл дээр үнэ болоод чанарын хувьд өрсөлдөх чадвартай нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангаад зогсохгүй экспортын бүтээгдэхүүний шинэ нэр төрөл бий болгох, Европ стандартын технологи нэвтрүүлэх зэрэг олон талын холбогдолтой юм.
“Нано металл” ХХК-ийн технологийн ахлах инжинер В.Цэрэннадмид тус технологийн онцлог, ялгааны талаарх илтгэлдээ “Уламжлалт технологиор бол төмрийн хүдрийг заавал коксжих нүүрс шатааж хайлуулан шингэн төлөвт шилжүүлэх замаар ангижруулдаг. Энэ нь арга байгаль орчинд халтай, хүлэмжийн хийн бас нэг эх сурвалж болдгоороо сул талтай. Өнөөдөр дэлхийд байгальд халгүйгээр төмрийн хүдрийг ангижруулах технологи гараад ирчихсэн. Бидний санал болгож байгаа энэ технологиор гэхэд төмрийн хүдрээс гадна ердийн, коксжих гээд бүх төрлийн нүүрсийг хийн төлөвт шилжүүлж, түүнээ төмрийн хүдэртэй хольж, халаах замаар ангижруулдаг юм.Төмрийн хүдрээс гадна нүүрс ч боловсруулах боломжтой” хэмээн танилцууллаа.
Мөн “Даниели” группийн гүйцэтгэх менежер Юрий Мартинов “Төмрийн хүдрийг уг технологиор боловсруулбал Монгол улс төмрийн хүдрээ дэлхийн жишигт нийцсэн үнээр худалдах боломжтой. Монгол улсын нүүрсний экспорт 24 орчим сая тонн, төмрийн хүдрийнх таваас зургаан сая тонн. Энэ баялгаа боловсруулдаггүй учраас дэлхийн зах зээлийн ханшаас бараг нэг дахин бага үнээр худалдаж байна. Жишээ нь 2010 онд төмрийн хүдэр 130 ам.доллар байсан, гэтэл Монгол улс 60-70 ам.доллароор зарж байсан. Манай компанийн танилцуулж буй төмрийн хүдрийг шууд ангижруулах Energiron технолгиор боловсруулсан төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр 450 ам.доллар байгаа. Өнөөдөр худалдаж байгаагаас гурав дахин өндөр үнэ. Баяжуулах үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг Засгийн газарт танилцуулсан. Одоогоор мэргэжлийн байгууллага, эрдэмтдэд танилцуулах ажил хийгдэж байгаа” хэмээн ярилаа.
Одоогийн судалгаагаар Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн ордууд дээр түшиглэж хийсэн, үйлдвэр, уурхай энэ бүс нутагт төлөвлөгдөж байгаа. Ойролцоогоор нэг тэрбум гаруй тоннын нөөц бүхий төмрийн хүдрийн ордууд бий.Эдгээр бүлэг ордоо түшиглэж үйлдвэрээ байгуулна хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Цогтгэрэл уулзалт, семинарын үеэр онцолж байсан.
Тэрээр мөн “Бид төмрийн хүдрээ аль болох түүхийгээр нь гаргах биш, шууд боловсруулж илүү үнэ цэнэтэйгээр борлуулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байгаа. Төмрийн хүдрийг боловсруулж дотоодын хэрэгцээгээ хангах нь нэн чухал” гэсэн юм.
“Даниели” группын дэд Ерөнхийлөгч Томас Нархолз “Дэлхийд тэргүүлэгч Danieli Group, нөгөө нь нүүрс боловсруулах үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Lurgi Group юм. Хөрөнгө оруулж байгаа Danieli Group 1914 оноос металлургийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Салбартаа дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг.
Манай технологи нь том хүчин чадалтай үйлдвэрийн хувьд ч ашиглаж болдог, тухайн орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүчин чадлыг нь тохируулдаг.
Эхний ээлжинд үйлдвэрээ таван зуун мянган тоннын хүчин чадалтайгаар төлөвлөсөн ба 500-600 хүн ажиллана. Төслийн хүрээнд мэргэжилтнүүд бэлтгэхээр төсөвлөөд байгаа бөгөөд төсөл хэрэгжих хугацааг хоёр жил гэж тооцсон. Хөрөнгө оруулалтын хугацаа нь 3.5 жил. Хөрөнгө оруулагчийн зүгээс Засгийн газрын баталгаа шаардаж байгаа” хэмээн танилцуулгадаа дурьдлаа.
Г.Идэр