Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ буурч байна

Монголын экспортын гол бүтээгдэхүүний нэг болсон зэсийн үнэ дэлхийн зах зээлд сүүлийн хоёр сарын турш нэг тонн нь ерөнхийдөө долоон мянган ам.доллараас доогуур үнэлгээтэй байна. Энэ нь 2013 онд зэсийн үнэ найман мянган ам.долларт хэлбэлзэнэ гэсэн олон улсын шинжээчдийн таамгаас хавьгүй доогуур үнэлгээнд тооцогдож буй юм. Өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 6990 ам.доллартай байна. Ийнхүү зэсийн сул үнэ болон бусад шалтгааны улмаас зэсийн баяжмал экспортлогч томоохон компаниуд, тухайлбал “Freeport, Southern Copper гэх мэт компаниудын ашиг хоёрдугаар улиралд 30 гаруй хувиар доошилжээ. Нөгөөтэйгүүр сүүлийн арван жилд зэс үйлдвэрлэлийн өртөг гурав дахин, түүнээс ч илүүгээр өсч дунджаар нэг фунт тутамд (~450 гр) 1.5 ам.доллар болсныг уул уурхайн мэдээллийн байгууллага “SNL Metals мэдээлжээ. Мөн зэсийн уурхайн хүдрийн зэсийн агуулга буурч байгааг ч тус байгууллага дурджээ. Гэхдээ олон улсын шинжээчид зэсийн зах зээлийн таагүй байдал Хятадын импорт, эрэлтийн нөлөөгөөр сайжирна гэж үзэж байна. Хэдийгээр Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд нэгдүгээр улиралтай харьцуулахад бага зэрэг удааширч 7.5 хувьтай гарсан ч, зэсийн баяжмалын эрэлт, импорт өндөр байгааг Хятадын “Minmetals”-ын төлөөлөл мэдэгдэж байна. Хятадын зэсийн баяжмалын импорт оны эхний таван сарын турш 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Дээр нь Хятад улсын катодын зэсийн нөөц зургадугаар сарын сүүлийн байдлаар 400 мянган тонн байсан нь оны эхэн үетэй харьцуулахад нэлээд буурсан дүн ажээ. “Minmetals”-ын салбар компани “MMG одоогийн байдлаар Лаос, Конго, Австрали зэрэг оронд зэс, цайр, хар тугалга, алт, мөнгөний уурхай эзэмшээд буй бөгөөд зэсийн үйлдвэрлэлээ эхний хагас жилийн байдлаар 30 хувиар нэмэгдүүлж 89 мянган тоннд хүргэжээ. “MMG энэ жил нийтдээ 185 мянган тонн зэс үйлдвэрлэхээр зорьж байна.



Б.Төгс