Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрсний гүрнүүд олборлолтоо танаж байна

Дэлхийн нүүрсний томоохон экспортлогчдын нэг болох Индонез улсын Засгийн газар олборлолтоо бууруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Гэхдээ энэ нь нүүрсний зах зээлтэй төдийлөн холбоогүй бөгөөд нөөц баялгийг арвилан зарцуулах бодлоготой холбоотой ажээ. Тус улсын Засгийн газрын тооцоолж буйгаар энэ хэвээр нүүрсээ экспортлох аваас Индонезийн нүүрсний нөөц 2050 он гэхэд шавхагдаж дуусахаар байгаа ажээ. Иймд Засгийн газар олборлолт, экспорт, дотоодын эрэлтийн хоорондох тэнцвэрийг олох ёстойг онцолжээ. Өнгөрсөн 2011 оны байдлаар Индонез улс нийтдээ 353 сая тонн, 2012 онд 386 сая тонн нүүрс олборложээ. Харин Энэтхэгийн нүүрсний олборлолт энэ онд 400 орчим сая тоннд хүрэх тооцоог тус улсын Нүүрсний холбоо мэдээлжээ. Гэхдээ Энэтхэгийн нүүрс олборлолтын энэхүү төлөвлөгөөний биелэлт зах зээлийн таагүй байдлын улмаас 2.5 хувиар танагдаж магадгүй байна. Индонезийн нүүрсний нөөц нь 28 тэрбум тонн бөгөөд Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд руу бүтээгдэхүүнээ голлон экспортолдог байна. Индонезийн Засгийн газар эдгээр улс орон нь манай орныг бодвол нүүрсний хавьгүй арвин нөөцтэйг тэмдэглэжээ. Түүнчлэн тус улсын Засгийн газар нүүрсний экспортын татварыг ч ногдуулахаар болоод буйгаа зарласан юм. Гэхдээ бодит байдал дээр Индонезийн нүүрсний экспорт өсөлттэй байна. Тодруулбал энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт нь 22 хувиар өсч 132 сая тоннд хүрчээ.


Б.Төгс