Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Нөхөн сэргээлтийн ажлаар хадлангийн талбайтай болгожээ

Монголын уул уурхайн салбарт нөхөн сэргээлтийн үлгэр жишээ гүйцэтгэлтэй гэгдэх Эрээний нүүрсний уурхайтай төр, хувийн хэвшлийн төлөөлөл танилцлаа. Үүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, ногоон ТББ-ууд, АНУ-ын Элчин сайд болон хэвлэл мэдээллийн төлөөлөл багтсан байна. Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Эрээний нүүрсний уурхайн олборлолтоор хөндөгдсөн байсан нийт 18 га талбайд Пибоди компанийн баг 2009-2010 онд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийжээ. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд нөхөн сэргээлтийн мониторингийн ажлыг тогтмол хийж байна. Эрээний уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг Пибодигийн баг, ХААИС, Үр үржүүлэгчдийн төв болон орон нутгийн иргэд гардан хийж гүйцэтгэжээ. Нөхөн сэргээлтийн талбайд Монголд ургадаг унаган ургамал болох ерхөг, согоовор, царгас, хялганат зэрэг дөрвөн зүйлийн ургамал тарьсан нь одоо хадлангийн зориулалтаар ашиглаж болохуйц өтгөн  ургасны зэрэгцээ тухайн талбайд бусад 60 орчим зүйлийн ургамал хэдийнэ нутагшжээ. Энэ тухай тус уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг хариуцсан байгууллагуудын нэг ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Түмэнжаргал ярьж байсан юм.  Түүнчлэн нөхөн сэргээлтийн ажлын хамгийн гол үзүүлэлтийн нэг болох хөрсний тогтворжилт, бат бэх байдал сайн байгааг АНУ-ын Баруун Өмнөд эргийн судалгаа, мэдээллийн төвийн Судалгааны хэлтсийн захирал Паул Робинсон газар дээр нь очоод дурдаж байсан юм. Тэрбээр мөн тодорхой хэмжээний хөрсний эвдрэл гарсан байгаад анхаарал тавьж ажиллахыг зөвлөв. Пибодигийн багийн төлөөлөл тус талбайд биологийн нөхөн сэргээлт яг хийж дуусаад байх үед 2010 оны долдугаар сард хүчтэй аадар, мөндөр буусан нь үүнд нөлөөлснийг тайлбарлаад, хөрсний эвдэрлийг засч ажиллаж буйгаа хэлсэн юм. Судлаач Паултай хамт Оросын байгаль орчны ТББ болон Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Иргэний боловсрол төвийнхөн хамт явж, нөхөн сэргээлтийн ажилтай танилцжээ.

Энэхүү талбай нь цаашдаа урт хугацаандаа Сайхан сумын иргэдэд үр өгөөжөө өгч байх болно гэдгийг нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаж хийсэн Пибоди компанийн ахлах мэргэжилтэн Vern Pfannenstiel хэлж байсан юм. Булган аймгийн Засаг дарга болон ИТХурлын төлөөлөл  Эрээний уурхайн нөхөн сэргээлтийн ажилд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан бөгөөд цаашдаа энэ нутгийг хадлангийн зориулалтаар ашиглах тухайгаа танилцууллаа.

Мөн малчдад зориулсан ундны усны худгийг нөхөн сэргээлтийн талбайд байгуулан ашиглалтад оруулжээ. Худгийн ус нь маш цэвэр байгаа бөгөөд дээжийг нь сар бүр орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар болон Ус сувгийн удирдах газрын лабораторт өгч шинжлүүлж байна.

Эрээний уурхайн нөхөн сэргээлтийн ажлынх шиг чанар стандартыг Монголын уул уурхайд хэвшүүлэх шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байсан юм.  

Монголд нөхөн сэргээлтийн ажлыг хэрхэн гүйцэтгэх тухайд стандарт, журмууд байдаг ч төдийлөн нарийн бус байгаа нь Эрээний уурхайнх шиг чанартай ажлууд ховор байх нэг шалтгаан болж байна.

Биологийн нөхөн сэргээлтийг хийхдээ нутгийн унаган ургамлыг бус гадны орны хурдан ургалттай ургамлыг тарьж ургуулах нь тухайн нутгийн экосистемийг өөрчлөх ч аюултай байдаг.

Монгол улс нөхөн сэргээлтийн ажлын чанартай гүйцэтгэлийг уул уурхайн салбарт хэвшүүлэхүйц стандарт, журмыг боловсруулан, тогтвортой хөгжлийг урагшлуулах суурь нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.  

 


Б.Төгс
  • Зочин (103.26.193.13)
    уурхайн малталтанд орсон газрыг бүгд ингэж нөхөн сэргээдэг бол чч эсэргүүцэх зүйл алгааа
    2014 оны 06 сарын 25 | Хариулах