Ирэх 2040 оны
байдлаар Хятадын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс байх болно гэсэн таамгийг
Олон улсын эрчим хүчний агентлаг гаргажээ. Хэдийгээр тус улс сэргээгдэх эрчим
хүчний чадамжаа их хэмжээгээр нэмэгдүүлж буй ч ойрын 30 жилийн хугацаанд
нүүрсний станцуудын хүчин чадал нь бараг хоёр дахин буюу 527 ГВт-аар нэмэгдэх
төлөвтэй байгаа ажээ. Өнгөрсөн 2010 оны байдлаар Хятадын нийт эрчим хүчний
хэрэглээний 77 хувийг нүүрсний эх үүсвэр бүхий эрчим хүч эзэлж байсан бол 2040
онд уг үзүүлэлт 63 хувь болж буурах ажээ. Нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл ийнхүү буурах ч, Хятадын эрчим хүчний салбар нүүрснээс хамаарсан хэвээр байх нь тодорхой байна. Үүнээс гадна усан цахилгаан станцын
чадамж 2040 онд 190 ГВт-аар нэмэгдэхээр байгаа ч нийт эрчим хүчний хэрэглээнд
эзлэх хувь нь 2010 онд 18 хувь байсантайгаа харьцуулахад нэлээд буурч 12 хувь
болохоор байна. Усан цахилгаан станцын дараагаар цөмийн эрчим хүчний салбар орж
байгаа юм. Ойрын 30 жилд Хятад цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээ 149 ГВт-аар
нэмэгдүүлэх төлөвтэй байна. Харин салхин станцын хүчин чадал энэ хугацаанд 246
ГВт-аар нэмэгдэж, улсын эрчим хүчний нийт хэрэглээнд эзлэх хувь нь 5.5 хувь
болж өсөх тооцоо гарчээ. Хятад улс эрчим хүчний салбаруудад үлэмж хэмжээний
тэлэлт хийж буй ч, нүүрснийх энэ дундаа хамгийн их жин дарж байна.
Б.Төгс