Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.2 хувиар буурчээ. Энэ дундаа улсын нийт импорт 3.68 тэрбум ам.доллар, экспорт 2.35 тэрбум ам.долларт хүрчээ. Тодруулбал импорт өмнөх оны мөн үеийнхээс 7.1, экспорт 7.3 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ.
Улсын экспортын хэмжээ ийнхүү буурахад эрдсийн экспорт 418.3 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.
Нийт экспортод нүүрс 25.3 хувь, зэсийн баяжмал 20 хувь, төмрийн хүдэр 16.2 хувь, газрын тос 10.6 хувь, алт 8.3 хувь, жонш 5.2 хувь, цайр 3.3 хувь, бусад бүтээгдэхүүн 11.1 хувийг эзэлжээ.
Үүнээс харахад сүүлийн жилүүдэд экспортын голлох бүтээгдэхүүн болоод байсан нүүрсний байр суурь зэсийн ард ороход ойрхон байна. Экспортод нүүрсний эзлэх хувь өнгөрсөн жилүүдэд 40 гаруй хувь байсан бол одоо 20 орчим хувиар буураад буй юм. Харин бусад эрдэс бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь төдийлөн буураагүй хэвээр байна.
Оны эхний долоон
сарын байдлаар Монгол улс 8.26 сая тонн нүүрс, 332 мянган тонн зэсийн баяжмал,
3.58 сая тонн төмрийн хүдэр, 2.6 сая баррель газрын тос, 4.7 тонн алт, 80
мянган тонн цайрын хүдэр, баяжмал экспортолжээ. Энэ дундаа газрын тосны экспорт жингийн
хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 гаруй хувь, алтны экспорт
бараг гурав дахин нэмэгджээ.
Б.Төгс