Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хятадын эдийн засаг тогтворжих хандлагатай байна

Хятадын аж үйлдвэрийн голлох салбарын компаниудын ашиг өнгөрсөн долдугаар сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.6 хувиар өсчээ. Энэхүү өсөлт нь Хятадын үйлдвэрлэлийн явц харьцангуй дээшилснийг гэрчилж байна хэмээн олон улсын хэвлэлүүдэд онцолж байна. Тодруулбал тус улсын аж үйлдвэрийн салбар дахь 3.24 сая доллараас дээш жилийн орлоготой компаниудын ашиг өнгөрсөн долдугаар сард 419.55 тэрбум юаньд хүрснийг Хятадын үндэсний статистикийн газар өнөөдөр мэдээллээ. Хятадын аж үйлдвэрлэлийн компаниудын ашиг өнгөрсөн зургадугаар сард дунджаар 6.3 хувийн өсөлттэй байжээ. Түүнчлэн оны эхний долоон сарын байдлаар аж үйлдвэрийн компаниудын ашиг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.1 хувиар өсч 3 их наяд юаньд хүрчээ.

Хятадын аж үйлдвэр харьцангуй сайжирч буйг харуулсан энэхүү мэдээлэл нь тус улсын удаашралтай байгаа эдийн засгийн байдал харьцангуй тогтворжих төлөвтэй болсныг баталгаажуулж байна.

Тус улсын үйлдвэрлэлийн эрчмийн гол үзүүлэлт болсон Purchasing Manager Index энэ сард 50.1 гарсан нь сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

 


Б.Төгс