Монгол улсын Засгийн газар Төсвийн богино хугацааны орлого, зарлагын зөрүү болон бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх зэрэг хэд хэдэн зорилгоор дотоод зах зээл дээр үнэт цаас гаргадаг.
Он гарсаар Засгийн газар дотоодын зах зээлд нэг их наяд 376 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан байна. Нэгдүгээр сард 145 тэрбум, хоёрдугаар сард 60, гуравдугаар сард 270, дөрөвдүгээр сард 70, тавдугаар сард 165, зургадугаар сард 465, долдугаар сард 161, наймдугаар сард 40 тэрбум төгрөгийн үнэ цаасыг тус тус гаргажээ. Үүний 300 тэрбум нь зургадугаар сард гаргасан гурван жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн бонд юм. Үлдсэн нь 52 долоо хоног хүртэлх хугацаатай богино хугацаатай үнэт цаас ажээ.
Монгол улсын 2013 оны Төсвийн хуульд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас 812.5 тэрбум төгрөгийн үнэт цаас шинээр гаргахыг зөвшөөрсөн байдаг. Үүнээс өмнөх жилүүдэд гаргасан Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 421.8 тэрбум төгрөг төлөх ёстой юм. Мөн шинээр 497.7 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашиглан, өмнөх жилүүдэд авсан гадаад зээлийн үндсэн төлбөрт 84.7 тэрбум төгрөгийг төлөхийг Засгийн газарт зөвшөөрсөн байдаг.
Эхний найман сард Засгийн газрын тавьсан “өр” нь Төсвийн хуульд зааснаас давсан байна. Энэ нь төсвийн орлого тасалдаж байгаатай холбоотой юм.
С.Болд-Эрдэнэ