Рио Тинто” “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг солилоо. Ноён Макрейн гэрээний хугацаа дуусч, есдүгээр сарын нэгнээс шинэ Захирал ажилдаа орж байна. Энэ томилгооны өмнөхөн Засгийн газар “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийг найман сарын дараа халж орхилоо. Түүний оронд жил гаруй “ажилгүй” явсан гавьяат эдийн засагч Д.Ганболд томилогдов. “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчид дуу дуугаа авалцан, ийн өөрсдийн хүмүүсээ сольж буй нь олон хүнийг гайхашралд оруулж байна.
К.Макрейн хувьд гэрээт хугацаагаа дуусгаад үүрэгт ажлаа амжилттай биелүүлээд буцаж байгаа хүн. Богино хугацаанд дэлхийд тэргүүлэх баяжуулах үйлдвэрийг барьж, “Оюутолгой” төслийг эхлүүлсэн. Харин Ц.Сэдванчигийн хувьд захианы “хэргээр” халагдаж байна. Долдугаар сарын 19-нд “Рио Тинто”-гийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Жак руу илгээсэн Төслийн санхүүжилтийн талаарх захиа түүнийг албан тушаалаас нь халагдахад хүргэлээ. Захианы агуулгын талаар хойно өгүүлэх болохоор түр орхиё.
Ц.Сэдванчигийг УИХ, Засгийн газрын өмнөөс “том” дуугарсан, Засгийн газарт ирэх галыг өөр дээрээ авч халагдлаа гэх мэтээр мэдээллийн хэрэгслэлүүдээр мэдээлж байна. Өөрөө ч би захидал явуулаагүй бол хэн нэг нь явуулах байсан хэмээн ярьсан байв. Харин яагаад Ерөнхий сайд, эсвэл Уул уурхайн сайд биш “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал “Рио Тинто” руу захидал явуулах болов гэдэг нь сонирхолтой.
Анзаарсан бол өнгөрсөн хоёрдугаар сард “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал эхлэх үед Монголын дөрвөн Сайд хэвлэлийн хурал хийсэн. Түүнээс хойш тэд Оюутолгойн талаар ганц ч үг унагаагүй. Д.Ганхуяг сайдын албаны хэдэн үгийг эс тооцвол шүү дээ. Үүнийг “Оюутолгой” төсөл дээр цаашид Засгийн газрын барих байр суурьтай холбон тайлбарлаж болно. “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчид нь 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” /Рио Тинто/, 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” компани.
Гэтэл Оюутолгойтой холбоотой том жижиг ямар ч асуудал дээр “Эрдэнэс Оюутолгой” бус харин Засгийн газар дуугарч ирсэн нь Засгийн газрыг аар саар хов живд хутгалдаж байдаг чавганц шиг харагдуулах болсон. Оюутолгойтой холбоотой ямар нэг сөрөг мэдээлэл гарах тоолонд Монголын Засгийн газрын нэр холбогдож, гадаад ертөнцөд нэр нүүрээ алдаж байв. Ялангуяа Засгийн газрыг төлөөлж байгаа гол сайдууд нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд шүүмжлэлтэй ханддаг улстөрчид болохоор бүр ч нэрмээс болсон биз. Тиймээс өнгөрсөн зургаан сарын хугацаанд Засгийн газар Оюутолгойгоос зайгаа барьж, төлөөний “Эрдэнэс Оюутолгой” компанидаа итгэж найдсан хэрэг. Нэг ёсондоо өнгөрсөн хугацаанд байгаа эсэх нь мэдэгддэггүй “Эрдэнэс Оюутолгой” галын шугаман дээр гарч ирэв. Ингэснээр “Оюутолгой” төслийг тойрсон маргаан Монголын Засгийн газар, “Рио Тинто”-гийн хооронд биш хувь нийлүүлэгч компаниудын хооронд өрнөх болсон. Товчхондоо бизнесийн зарчмаар компани хоорондын асуудал болж, Засгийн газар нэрээ татаж эхэлсэн хэрэг.
Харин санаачилгыг гартаа авсан Ц.Сэдванчиг хэд хэдэн хийтэй үйлдэл хийсэн бололтой. Өнгөрсөн хавар далд уурхайн санхүүжилтийн 4 тэрбум долларыг зээлүүлэх томоохон банкуудын удирдах албан тушаалтнууд Монголд ээлж дараалан ирж, “Оюутолгой” төсөлтэй танилцсан. Чимээгүйхэн өрнөсөн эдгээр айлчлалын үеэр ямар зүйлс яригдсан нь тодорхойгүй ч энэ үеэс “Рио Тинто”, “Эрдэнэс Оюутолгой” хоёрын харилцаа илт муудаж эхэлжээ. Ц.Сэдванчигийг энэ үед эхний алдаагаа гаргасан болов уу хэмээн таамаглаж байгаа юм.
Үүний дараа нөгөө алдарт захидал орно. Уг захианд Монголын тал “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэлийг гаргаж тавьсан байна. Мөн далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх юм бол хувь нийлүүлэгч талуудын байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх нөхцөл бүрдэж байгаа гэдгийг дурджээ. Гэрээнд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг бүтээгдэхүүнээ борлуулсан орлогоос хийнэ хэмээн тусгасан байдаг. Нэгэнт “Рио Тинто” гэрээнд тусгасан санхүүжилтээр явах боломжгүй гэж үзэж байгаа бол Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай болно. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан болохоор өөрчлөх бол мөн л УИХ-аар хэлэлцэнэ гэсэн утга бүхий хоёр хуудас захиаг “Рио Тинто” руу явуулж. Далд уурхайн санхүүжилтийг шийдэхэд “Рио Тинто”-д хэдэн сарын турш тодорхойгүй байсан хувь нийлүүлэгч талын албан ёсны ямар нэг хариу хэрэгтэй байсан нь ойлгомжтой. “Эрдэнэс Оюутолгой” компанийн албан захидлыг хүлээж авангуутаа гурав хоногийн дараа далд уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтын ажлыг түр хойшлуулснаа зарлах нь тэр. Хэдэн сарын турш Монголын талын тодорхойгүй байдлыг хүлээн суухдаа хэдэн зуун сая долларыг далд уурхай руу хийсэн “Рио Тинто”-д үүнээс өөр зам байгаагүй биз. Зөвшөөрөх болоогүй байна аа гээд байхад хөрөнгө оруулалт хийгээд байна гэж юу байхав.
Ц.Сэдванчиг захирлын халагдах болсон шалтгаан нь энэ. Зүгээр нэг захиа явуулснаас болсон бол аль долдугаар сард халах л байсан. Сар орчмын дараа буюу “Рио Тинто” далд уурхайг зогсоож, “Оюутолгой” ХХК 1700 гаруй ажилтныг халах болсноо мэдэгдсэний дараа түүнийг халсан нь “Оюутолгой” төслийг гацаанд оруулсан буруутнаар мань хүнийг тодруулсан гэсэн үг. Хоёрдугаар сард хоёр тал “Оюутолгой” төслийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч “Оюутолгой” төслийг их улс төрийн талбар болгохгүйн тулд бизнесийн зарчмаар нь “Эрдэнэс Оюутолгой”-д даатгаж, сайдуудыг галын шугамаас аль болох холдуулахыг оролдсон гэлтэй. Гэсэн ч одоо уг төслийн ирээдүй хэрхэх нь тодорхойгүй болж, гацаанд ороод байгаа юм. Үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа ч далд уурхайн том бүтээн байгуулалт зогсож, тахир дутуу хүн мэт болоод байна.
Засгийн газар Оюутолгойн маргаанаас өөрийгөө татаж авахыг оролдож, “Эрдэнэс Оюутолгой” компанидаа даатгасан нь нэг талаар зөв байж болох ч эргээд Засгийн газрыг шалбаагт унагаж орхисон. Юу гэхээр “Эрдэнэс Оюутолгой” компани зөвхөн компанийн хэмжээнд Оюутолгой төслийн үйл явцыг харж, харилцаж, Засгийн газрыг компанийн эрх ашгийг хамгаалсан мэдээллээр хангаж байв. Түүний цаана уг төслөөс Монгол улсын эдийн засаг ихээхэн хамааралтай болсон, Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссоноос макро эдийн засгийн олон тоо савлаж байгаа нь Сайд нарын толгойн өвчин болж байгаа.
“Эрдэнэс Оюутолгой”-н хувьд гэрээний заалтуудын хэрэгжилт биелж байвал гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, долларын чангаралт тэдэнд шууд хамааралгүй. Энэ нь эргээд “Эрдэнэс Оюутолгой” компани Засгийн газраа хөмөрч мэдэх том асуудал болон хувирч байгаа юм. Ц.Сэдванчигийн хувьд энэ бүхнийг нарийн тооцоолоогүй зөвхөн гэрээг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулсан нь алдаа гаргах нөхцөл болсон байж магадгүй юм. Цаашид “Рио Тинто”-той үл ойлголцсон ийм байдал удаан үргэлжилбэл Засгийн газар бүр ч хүнд байдалд орж болзошгүй тул Ц.Сэдванчигийг өөрчилсөн биз.
Засгийн газар буулт хийж байна
Долдугаар сард гадаад сектор ихээхэн муудсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал нүүрсний экспорт 2012 оноос 35 хувь, 2011 оноос 68 хувиар буурав. Монгол улсын валютын урсгалын голлох эх үүсвэр болох гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодитой орох урсгал өнгөрсөн оны мөн үеэс 31 хувь, 2011 оны оргил үеэс 56 хувиар буурсан бол Оюутолгойгоос бусад компаниудад орох хөрөнгө оруулалтын урсгал өнгөрсөн оноос 43 хувь, 2011 оноос 61 хувиар буураад байна. Ялангуяа Оюутолгойн орлогоос бусад валютын урсгал сарын сүүл рүү бараг зогссоноос ялгаагүй аж. Эхний хагас жилд экспорт, ГШХО тааруухан үзүүлэлттэй гарсан ч долдугаар сард огцом дорджээ. Үүний шалтгааныг эдийн засагчид “Рио Тинто” Оюутолгойн далд уурхайд оруулах хөрөнгө оруулалтыг зогсоосонтой холбон тайлбарлаж байна. Зөвхөн валютын урсгал ч бус гадаадын хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй Монголын компаниудын хувьцаа мэдэгдэхүйц унасан. “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны үнэ 2009 оноос хойш хамгийн доод үнэдээ хүрэв. Оюутолгойн хөрөнгө оруулалт эдийн засаг, валютын урсгалд шууд болоод шууд бусаар ямар хүчтэй нөлөөлж байгааг эндээс харж болно.
“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгч талууд өөрсдийн төлөөний хүнээ солилоо. Шинэ удирдлагууд шинээр эхэлж таарах нь. “Эрдэнэс Оюутолгой” компанийнхан Лондонг зорьж, “Рио”-той хэлэлцээрийн ширээний ард суув. Асуудал хурцдаж, Засгийн газрын хувьд нэлээд хүнд болсон. Гэрээ байгуулаад дөрвөн жил орчим явсан бизнесийн хамтрагчтайгаа хэл амаа ололцож чадаагүй нь ар араасаа олон сөрөг үр дагавар дагуулж буй болохоор Засгийн газар “Эрдэнэс Оюутолгой” компанийн шинэ захиралд “Рио Тинто”-той хэл амаа ололцохыг чиглэл болгож байгаа бололтой. Дөрвөн жил хамтран ажилласан бизнесийн түнштэйгээ учраа ололцох нь өнөөдөр хамгийн гол асуудал. Тиймээс ч Засгийн газар энэ удаад буулт хийж, тулгарсан асуудлаа хэвлэлээр биш, ширээний ард ярилцаж шийдье гэж байгаа бололтой. Ингэх шалтгаан Засгийн газарт хангалттай бий. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд “Рио Тинто”-той хэл амаа ололцох нь чухал.
Үүнээс гадна УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь тодорхой болсон. Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачлан боловсруулсан уг хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал нь хөрөнгө оруулалтын хэмжээ, байгальд ээлтэй технологи ашиглах байдал, ажлын байр шинээр бий болгож байгаа зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэж гадаад, дотоодын гэж ялгахгүй хөрөнгө оруулагчдад хууль эрхзүйн тогтвортой орчныг бий болгох явдал юм. Нэгэнт хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин бий болгох хууль батлах гэж байгаа бол хамгийн том хөрөнгө оруулагчтайгаа муудалцаад байж таарахгүй. “Рио Тинто”-той цаашид хамтран ажиллаж, “Оюутолгой” төслийг үргэлжлүүлэх нь шинээр батлагдах Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх үндсэн суурь нь болох юм. Монголыг сонирхож байгаа, яах бол гэж ажиглаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд шинээр батлагдах хууль бус “Оюутолгой” төслийн үйл явц гарт барих луужин нь болсон гэхэд болно. Тиймээс ч Засгийн газар ийн буулт хийж байгаа болов уу. Гэхдээ буулт хийлээ гээд Хөрөнгө оруулалтын гэрээ, хууль тогтоомжийг зөрчинө гэсэн үг биш. Гэрээ, хуульдаа нийцүүлэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг хэрхэн оновчтой шийдвэрлэх арга замыг хамтдаа олъё гэсэн санаачилга юм. “Рио Тинто” ч үүнийг харгалзаж, асуудлыг шийдвэрлэх гарц хайх биз.
“Рио Тинто”-той маргаантай асуудлаа шийдэж чадахгүй бол бусад хөрөнгө оруулагч Монголд итгэх эсэх нь эргэлзээтэй. Цөөнгүй хөрөнгө оруулагч Монголыг орхиж гараад байгаа. Жишээ хэлэхэд, уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх таван компани бүгд Монголд оффистой байсан. Эдгээрээс өнгөрсөн өвөл Бразилийн “Вале” Монгол дахь төслүүдээ зараад гарч явсан бол орж ирээд удаагүй байгаа “Англо Американ” Ашигт малтмалын хууль ямар агуулгатай батлагдахыг харзнаж байна. Дэлхийн томчуултай Монгол улс хэлэлцээр хийгээд тогтвортой барьж чадахгүй бол жижиг дунд компаниуд, хөрөнгө оруулагчид Монголыг зүглэх талаар мөрөөдөх ч үгүй биз.
С.Болд-Эрдэнэ